Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01418

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01418

 

Э ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/01249 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Анд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зардал 5,082,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э ХХК нь Атай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11ВОТТМ20-0005 дугаар үйлчилгээний гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний үйлчилгээний хүрээнд захиалагчийн дээжийг Э ХХК-ийн ОХУ-ын Ростов-на-Дону хотод байрлах хүнсний лабораторид илгээн, захиалагчийн сонгосон шинжилгээний төрөл, стандартуудад нийцүүлэн лабораторийн сорилтыг гүйцэтгэн, сорилтын үр дүнг хүргүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Эс Жи Эс Монгол дахь салбар дээжийг хилээр нэвтрүүлэх экспортын зөвшөөрөл гаалийн бүрдүүлэлтийг хийн, Ди Эйч Эл Экспресс буухиа шуудангийн 07 дугаар сарын 20-ны өдрийн нислэгээр ОХУ-ын Москва хотын Шереметьево дах гаалийн талбайд 07 дугаар сарын 28-ны өдөр хүргэгдсэн. ОХУ-ын импортын хорио цээрийн хяналтаас буудайн дээжийг нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд үүнд холбогдох арга хэмжээг авсан хэдий ч уг дээжийг нэвтрүүлэх зөвшөөрөл олгоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээж хадгалах хугацаа дуусгавар болсон тул Ди Эйч Эл Экспресс ОХУ-ын салбараас дээжийг буцаан татах шаардлагатайг мэдэгдсэн. Үүссэн нөхцөл байдал, дээжийн импортын бүрдүүлэлттэй холбоотой явц, авч буй арга хэмжээний талаар хариуцагчид 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20/168 болон 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/207 дугаар албан бичгүүдээр мэдэгдэн, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр уулзаж танилцуулсан. Гэрээний зорилго болох 1.1, 4.1, 6.2, 7.1, гэрээний санамж хэсэг, гэрээний хавсралт 2-т заасныг үндэслэж уулзалтаар ярилцаж, тохиролцож дээжийг илгээхтэй холбоотой гарсан зардал болох 5,082,508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тус сан нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Э ХХК-тай шинжилгээ хийлгэх, үйлчилгээ авах, захиалагчийн зүгээс гүйцэтгэгчээр үрийн буудайн дээжийг гадны байгууллагад шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгэх үйлчилгээг ОХУ-ын лабораторийн чанар, стандартын дагуу шинжлүүлэх, зорилгоор уг гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч нь олон улсын чанар, стандартын шаардлага хангасан лабораторид шинжилгээ үйлчилгээ үзүүлэх, захиалагч нь шинжилгээнд дээжээ илгээж, зохих бичиг баримтуудыг гүйцэтгэгч талын шаардсанаар бүрдүүлж өгөх тус тус үүрэгтэй. Хариуцагч нь лаборатори геохимийн шинжилгээ үйлчилгээ явуулахад шаардлагатай бүх мэдээллээр гүйцэтгэгчийг хангах үүргээ биелүүлсэн. Харин гүйцэтгэгч тал нь гэрээний 6.1-д заасан Олон улсын лабораторийн чанар, стандартын дагуу гэрээнд заасан лабораторийн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэнэ гэж заасан гэрээний гол нөхцөлийг биелүүлээгүй. Гүйцэтгэгчийн зүгээс бидэнд лабораторийн шинжилгээний хариу хүлээлгэж өгөөгүй, дээжийг ОХУ-ын хилээр гаргаж, шинжлүүлж чадаагүй, гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэж үзэж байна. Дээжийг лабораторид илгээхтэй холбоотой зардал нэхэмжлэх эрх нь гэрээний зорилго хангагдсан тохиолдолд үүсэх ёстой. Гэтэл дээжийг шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгүүлэх үйлчилгээг гүйцэтгэгч тал биелүүлээгүй атлаа зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гүйцэтгэгч талын хариуцлага алдсанаас болж гарсан зардлыг захиалагч тал хариуцах ёсгүй, гүйцэтгэгч тал хариуцлагаа өөрсдөө үүрэх ёстой. Хэрэв хохирсон гэвэл ОХУ-аас нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 359 дүгээр зүйлийн 359.1-т тус тус зааснаар хариуцагч ХӨгийн Ажлын албанаас дээжийг илгээхтэй холбоотой зардал 4,291,540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 790,968 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 117,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэрээгээр захиалагчийн дээжийг Э ХХК-ийн ОХУ-ын Ростов-на-Дону хотод байрлах хүнсний лабораторид илгээн, захиалагчийн сонгосон шинжилгээний төрөл стандартуудад нийцүүлэн лабораторийн сорилгыг гүйцэтгэн сорилтын үр дүнг хүргүүлэх зорилгоор уг гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч тал уг сорилгыг хилээр нэвтрүүлж дээжийг шинжлүүлэх үүргээ гүйцэтгэж чадаагүй байж тээврийн зардлыг нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Хэвэр нэхэмжлэгч нь манай дээжийг гэрээний дагуу ОХУ-ын лабораторид шинжлүүлж үр дүнг бидэнд хүлээлгэн өгсөн бол бид тээврийн зардлыг нэхэмжлэхэд татгалзахгүйгээр шилжүүлэх үүрэгтэй гэх агуулга бүхий гэрээний хавсралт заалтыг шүүх буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримтлан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гүйцэтгэгч тал нь ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг зохих ёсоор орос хэлээр орчуулж илгээгээгүй хариуцлага алдсанаас Оросын холбооны улсын хил дээжийг нэвтрүүлээгүй нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргээр нотлогддог. Гэтэл манай тал цаг тухайд нь дээжээ гадаадын байгууллагаар шинжлүүлж чадаагүй хохирсон байтал нэхэмжлэгч талын хариуцлагагүй үйлдлээс болж гарсан зардлыг төлөх шийдвэр гарсан нь шударга ёсонд нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Анд холбогдуулан үрийн буудайн дээжийг ОХУ-д шинжилгээнд илгээхтэй холбоотой гарсан зардал 5,082,508 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шаардлагаа хариуцагчаас ирүүлсэн үрийн буудайн шинжилгээтэй холбоотой гарал үүслийн гэрчилгээ 65,000 төгрөг, ургамал эрүүл ахуйн гэрчилгээ 10,000 төгрөг, олон улсын тээвэр хийлгэсэн зардал 4,171,420 төгрөг, экспортын гаалийн бичилт 17,500 төгрөг, нотариатын төлбөр 6,400 төгрөг, ургамлын хорио цээрийн гэрчилгээ 10,000 төгрөг, гэрчилгээ илгээсэн зардал 120,120 төгрөг, захиргааны зардал 220,022 төгрөг, нийт 5,082,508 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

4. Талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний гэрээ-г байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь захиалагч буюу хариуцагчаас ирүүлсэн үрийн буудайн дээжийг шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгэх үйлчилгээг олон улсын лабораторын чанар, стандартын дагуу үзүүлэх, хариуцагч нь үйлчилгээний төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх.8-18/

4.1 Дээрх гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

4.2 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Харин мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний тухайд ажлын үр дүнг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, талууд ажлын үр дүнг гэрээний 1.1-д ...дээжийг шинжилгээнд илгээх, шинжилгээ хийлгэх үйлчилгээг олон улсын лабораторын чанар, стандартын дагуу үзүүлэх, ...захиалагч төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тохирсон байгаа нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.3 Гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн үрийн буудайн дээжийн шинжилгээний үр дүн гараагүй үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

4.4 Гэрээний хавсралт 2-т Дээжийг гадны лабораторид илгээхтэй холбоотой зардал нь дээж шинжилгээний зардлаас тусдаа бөгөөд гарсан зардлыг тусдаа нэхэмжилнэ гэж заасан нь гэрээний үнийн дүн болох 12 847 296 төгрөгөөс тусдаа зардал болохыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамаарч дээрх хөлсийг төлөх үүрэг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид үүснэ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байхаас гадна ажлын үр дүн бий болоогүй байхад түүнтэй холбоотой зардлын зарим хэсгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, үр дүн гараагүй байх тул түүнтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцагч хариуцах нь хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг тус тус буруу хэрэглэсэн байх тул үүнийг зөвтгөн өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/01249 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХӨгийн ажлын албанд холбогдох, 5,082,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН