Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01047

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 09

101/ШШ2022/01047

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Д.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Б,

 

Хариуцагч: МХОМК ХХК холбогдох

 

160,600,000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, байрлах нэгж талбарын  тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс,

Хариуцагч МХОМК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнэ,

Хариуцагч О.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Т нь МХОТК ХХК болон О.Б нартай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01/08 тоот дугаартай Амины орон сууц захиалгаар барих тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан эхнэр Ё.Г Сонгинохайрхан дүүргийн  байрлах нэгж талбарын  тоот дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газарт 148+36м2 талбайтай орон сууцыг гараж болон түүний дээр байрлах террасын хамтаар 130,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, захиалагчийн хувьд гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж О.Бд гэрээ байгуулсан өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, О.Бы  тоот дансанд 2016 оны 8 дугаар сарын 05-нд 40,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-нд 18,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-нд 28,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч тал орон сууцандаа 3 жилийн баталгаат хугацаа гаргасан боловч гүйцэтгэгч талын орон сууц нь нуралт, цууралт өгч байрны дотор, гадна талгүй ан цав үүссэн учир гүйцэтгэгч О.Бд энэ талаар хэлэхэд очиж үзнэ янзалж өгнө гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больж өнөөдрийг хүрч байна. 2017 оны 5 дугаар сараас уг орон сууцанд Д.Т нь өөрөө болон үр хүүхдүүдээ амьдруулахаа больсон. Учир нь мэргэжлийн хүмүүсээр уг орон сууцыг үзүүлэхэд нурах магадлалтай амьдрах шаардлагагүй болохыг зөвлөсөн байдаг. Одоогоор уг орон сууцыг ашиглах боломжгүй, үзүүлэн байдалтай байгаа ба цаашид ашиглах боломжгүй байгаа болно. Нэхэмжлэгч Д.Т болоод эхнэр Ё.Г нар нь өдгөө 74 настай ба тэдний хувьд агаар салхи, тайван амгалан байдал нь асар чухал учир өвлийн болоод зуны улиралд хотоос аль болох зайтай зусланд байхыг эрхэмлэж хариуцагч байгууллагыг хараад хүлээж чадахгүйгээр уг орон сууцанд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хувьсах ирээдүй ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 30,600,000 төгрөгөөр нэмэлт ажил гүйцэтгүүлж суурийг барилгын 4 талаас 2 метр орчим ухуулж нэмэлт хүчитгэл хийлгүүлж цуурсан, нурсан хэсгийг дахин засварлуулсан боловч мөн л өмнөх барилгын адил дахин цууралт, суулт өгч барилгын үндсэн суурь цууралт өгсөний улмаас хана хаалга гажиж цаашид ямар нэгэн байдлаар амьдрах ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс таггалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэмээн заасан ба нэгэнт үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул дээрх орон сууцны засварын ажилд зарцуулсан 30,600,000 төгрөгийг шаардаж байна. Мөн хариуцагч нарын барьж гүйцэтгэсэн гэх орон сууц нь барилгын болоод холбогдох хууль тогтоомж дүрэм журамд заасан стандартад нийцээгүй цаашид орон сууц буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тул гэрээнээс татгалзаж ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 130,000,000 төгрөгийг буцаан гаргуулж Сонгинохайрхан дүүрэг, байрлах нэгж талбарын гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Иймд МХОТК ХХК болон О.Б нараас 159,600,000 төгрөгийг гаргуулж, Д.Тд олгож, Сонгинохайрхан дүүрэг,  байрлах нэгж талбарын  тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч МХОТК ХХК болон О.Б нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч МХОТК ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны 7 дугаар сард манай компанид захиалга өгч талууд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг  148+36 метр квадрат талбайтай амины орон сууцыг, түүний дээр байрлах террасын хамт хүлээлгэж өгөхөөр тохиролцож гэрээний дагуу амины орон сууцыг террасын хамт 2017 оны хавар хүлээлгэж өгсөн. Манай талаас гэрээний дагуу амины орон сууцыг барихдаа барилгын хууль дүрэм журам, БНбД-д заасны дагуу чанартай бараа материалаар, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Ажил гүйцэтгэж байх хугацаанд нэхэмжлэгч гэрээний 3.2-т заасан төлбөрийн графикийн дагуу төлбөрөө төлөхгүй удаа дараа хойшлуулж байсны улмаас барилгын материалын саатал үүсч, ажлыг удаашруулж хүйтний нөхцөлд ажил гүйцэтгүүлж байсан. Бидний зүгээс барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэн гүйцэтгэхийн тулд ББСБ-аас зээл авч ажлыг гүйцэтгэж байсан. Түүнчлэн амины орон сууцын 1 давхарыг модоор бүрж, цэвэр болон бохир усны холболт, цутгалт, хар цаасан хамгаалалт, 2 давхрын тагт зэрэг ажлуудыг хөлс авалгүй үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж өгсөн. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авснаас хойш нэг ч удаа ямар нэгэн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлд дурдсан шиг манай компанийн захирал О.Бтай чанарын доголдолтой холбоотой мэдэгдэл өгөөгүй. Харин манай компанийн зүгээс амины орон сууцны гадна талд гаргасан гүний худгийн зардал 2,000,000 төгрөгийг авахаар Д.Тгийн хүргэн гэх н.Буянжаргалд удаа дараа мэдэгдэхэд төлөөгүй бөгөөд сүүлдээ утас нь орох ярианы эрхгүй болсон байсан. Манай компанийн зүгээс гэрээнд заасан амины орон сууцыг чанарын шаардлага хангасан материалаар, доголдолгүй хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч 2017 оноос хойш уг амины орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа учир гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ШУТИС-ийн БАС-ийн оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн барилгын экспертизийн тайлан, мөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хувьсах ирээдүй ХХК-тай байгуулсан 30,600,000 төгрөгийн унийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг, ажил хүлээлгэн өгсөн акт, баримтын хамт нотлох баримгаар ирүүлсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байрлах 148м*36м хэмжээтэй амины орон сууц нь хүн амьдрах боломжгүй байгаа тул 2017 оны 5 дугаар сараас эхлэн тус амины орон сууцанд амьдраагүй, амьдрах боломжгүй болсон нь шинжээчийн дүтнэлтээр нотлогдож байгаа гэсэн боловч 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хувьсах ирээдүй ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус амины орон сууцанд 30,600,000 төгрөгийн засвар хийсэн байна. Нотлох баримтад хавсаргасан Ажил хүлээлгэн өгч тооцоо нийлэх тухай актад 50м*60м харьцаатай 42 метр урт суурь арматурчлаж цутгасан нь нэхэмжлэгч Д.Т нь тус амины орон сууцны гадна шинэ террас хийсэн, ханын /ханын цууралтын шалтгааныг хариуцагчийн зүгээс өмнө нь хариу тайлбартаа дурдсан бөгөөд өвлийн улиралд шаврын ажил гүйцэтгүүлсэн тул элс, цемент барьцалдах чадвараа алдан хөлдөж, улмаар дулааны улиралд хагарах үйл явц болдог билээ/-ыг обойдож, рек модоор өнгөлөх гэх мэт дотор заслын ажил гүйцэтгүүлсэн нь тус орон сууцанд одоо хүртэл амьдарч байгааг харуулж байна Түүнчлэн маргаан бүхий амины орон сууцанд очиж үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хүн амьдарч байгаа байдалтай байна. Энэ нь анх нэхэмжлэлд дурдсан хүн амьдрах боломжгүй гэсэн тайлбартай зөрчилдөж байгаа бөгөөд улмаар 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ШУТИС-ийн БАС-ийн оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн барилгын экспертизийн тайлагийн үнэн зөвд эргэлзээ төрүүлж байгна. Манай компанийн зүгээс талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт нийцүүлэн хамгийн чанартай бараа материалаар амины орон сууцыг барьж ажлыг гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д 353.2-т гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан байдаг. Амины орон сууцыг цаг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгөхийн тулд О.Б өөрийн хувийн зардлаараа ажлыг гүйцэтгэж ББСБ-аас эээл авах арга хэмжээг хүртэл авсан байдаг. Түүнчлэн гэрээнд нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсэн хөлсийг ч нэхэмжлэгч талаас аваагүй. Газрын тухайд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшсэн зүйл байхгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаарллагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б миний бие МХОТК ХХК-ийн захирлаар ажилдаг. Нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны 7 дугаар сард манай компанид захиалга өгч талууд 2016 оны 7 дугаар сарын 25-ны одөр 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г МХОТК ХХК-тай байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Баянгол зусланд 148+36 метр квадрат талбайтай амины орон сууцыг, түүний дээр байрлах террасын хамт хүлээлгэж өгөхөөр тохиролцож гэрээний дагуу амины орон сууцыг террасын хамт 2017 оны хавар хүлээлгэж өгсөн. Манай компани гэрээний дагуу амины орон сууцыг барихдаа барилгын хууль дүрэм журам, БНбаД-д заасны дагуу чанартай бараа материалаар, доголдолгүй гүйцэтгэж хулээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Д.Т нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн өгөөгүй, хуваарьт төлөлтийг хийгээгүйн улмаас барилгын материал авах мөнгөгүй болоход би Вишнфанд ББСБ ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг зээлэн авч ажлыг гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хулээж авснаас хойш нэг ч удаа ямар нэгэн шаардлага гаргаагуй, нэхэмжлэлд дурдсан шиг надтай чанарын доголдолтой холбоотой мэдэгдэл өгөөгүй. Харин манай компанийн зүгээс амины орон сууцны гадна талд гаргасан гүний худгийн зардал 2,000,000 төгрөгийг авахаар Д.Тгийн хүргэн гэх н.Буянжаргалд удаа дараа мэдэгдэхэд төлөөгүй бөгөөд сүүлдээ утас нь орох ярианы эрхгуй болсон байсан.

О.Б миний бие нэхэмжлэгч Д.Ттэй гэрээ байгуулж иргэний эрх зуйн харилцаа үүсгээгүй, харин МХОТК ХХК нь Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж иргэний эрх зүйн харилцаанд орсон учир миний бие энэхүү маргаанд хариуцагчаар оролцох үндэслэлгуй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 183/ дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн  дугаартай албан бичиг, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Иргэн Ё.Ггийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, Ё.Ггийн иргэний үнэмлэх, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ, Хаан банкны 2016 оны 8 дугаар сарын 05, 8 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 05, 10 дугаар сарын 07, 11 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын мэдүүлэгүүд, Байшингийн гадна тал, гаражийн гадна тал /ар тал/, гаражийн дотор тал, байшингийн дотор тал /1 дүгээр давхрын угаалгын өрөө, шатны доод, дээд тал, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 2 дугаар давхрын шатны дээд/ гэсэн тайлбартай фото зургууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Барилгын экспертизийн тайлан, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ажил хүлээлгэн өгч тооцоо нийлэх тухай, Товгор сайр ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18, 22-ны өдрийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, Ремикон ХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, Сэцэн нарангийн 2020 оны 6 дугаар сарын 04, 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 24-ний өдрийн зарлагын баримт, 7 дугаар сарын 24-ний өдрийн ибаримт, Оюу БМД-ийн 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2020 оны 5 дугаар сарын 24, 6 дугаар сарын 15,16, 7 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримт, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, Росторг ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 29, 7 дугаар сарын 01,06,25-ны өдрийн зарлагын баримтууд, Хангай захын 2020 оны 6 дугаар сарын 10,11,26,28-ны өдрийн зарлагын баримт, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримт, Оптималын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримт, Шүняада ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримт, Атласын 6 дугаар сарын 16-ны зарлагын баримт, Түмэн тулгуур ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримт, угаалгын өрөө дотор тал, дотор хаалганы харагдах байдал, гадна харагдах байдал, дотор талын хаалга, унтлагын өрөөний хана, гадна хана, дотор тал харагдах байдал, дотор өрөөний хана, цууралт гадна дотор, хаалганы дээд талын цууралт, цонхны дээд талын цууралт гэсэн тайлбартай зургууд, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагуудыг тус тус баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчаас: МХОТК ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компанийн дүрэм, О.Бы иргэний үнэмлэх, хариуцагч нарын хариу тайлбарууд, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар ард тал гэсэн тайлбартай зургууд, О.Бы Хаан банкин дахь  тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Вишнфанд ББСБ-тай О.Бы 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 02/03 дугаартай, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 02/01 дугаартай Амины орон сууц захилгаар барих гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн БГ-08 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Росторг ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 26,27,29,30, 9 дүгээр сарын 06, 16, 10 дугаар сарын 08,11-ний өдрийн зарлагын баримт, 8 дугаар сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Монгол материал экспогийн 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримтууд, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын баримт, Улаан-Эрэг трейд ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зарлагын баримт, БМД-ийн 2016 оны 8 дугаар сарын 27, 9 дүгээр сарын 07, 17-ны өдрийн зарлагын баримт, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт, Ай эй ди ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн баримт, Карьер ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 19, 29, 8 дугаар сарын 15-ны өдрийн кассын орлогын ордер, Цагаансувдын 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зарлагын баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Бэсгэ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21/15 дугаартай шинжээчдийн дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралтууд, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн талаар тавьсан асуулгын хариу-г шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч МХОТК ХХК, О.Б нарт холбогдуулан анх 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 159,600,000 төгрөг гаргуулах-аар нэмэгдүүлж, нийт шаардлагын хэмжээ 160,600,000 төгрөг болсон ба нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 159,600,000 төгрөгийг гаргуулж, Д.Тд олгож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын  тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч МХОТК ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийсэн, доголдлын талаар нэхэмжлэгч нь мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О.Б нь миний бие нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч биш гэж тус тус маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.Т /захиалагч/ нь МХОТК ХХК /гүйцэтгэгч/-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, захиалагчийн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүрэг,  байрлах 148+36 мкв талбайтай амины орон сууцыг гараж болон түүний дээр байрлах террасын хамт гүйцэтгэгч нь барьж хүлээлгэн өгөхөөр, ажлыг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, актаар хүлээлгэн өгөхөөр, гэрээ батлагдмагц урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч талын хүсэлтийг үндэслэн гэрээ батлагдаж, ажил эхлэх үед эхний санхүүжилт болох 24 хувь буюу 30,000,000 төгрөг, суурийн ажил дуусахад дараачийн санхүүжилт болох 40 хувь буюу 52,931,200 төгрөг, гэрээт ажлын гүйцэтгэл 64 хувьд хүрэхэд дараачийн санхүүжилт болох 26 хувь буюу 33,690,800 төгрөг, ажил дуусгаж актаар хүлээлгэн өгөх үед 10 хувь буюу 12,958,000 төгрөг, нийт 129,580,000 төгрөгийг буюу ажлын хөлсийг захиалагч төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Д.Т болон МХОТК ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

Сонгинохайрхан дүүрэг,  байрлах зуслангийн зориулалттай 700 мкв талбайтай, нэгж талбарын  дугаартай газрын эзэмшигч нь Ё.Г болох нь Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000416444 дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд Ё.Г нь Д.Тгийн эхнэр нь ба зохигчид газрын эзэмшигчтэй гэрээ байгуулах байсан эсэх талаар хэн алин нь маргаагүй байна.

 

МХОТК ХХК нь 1 гишүүнтэй ба үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчээр О.Б бүртгэлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т нь МХОТК ХХК-ийн захирал О.Бы Хаан банкин дахь  тоот дансаар 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба, гэрээ байгуулагдсан өдөр бэлнээр 30,000,000 төгрөгийг өгч, нийт 130,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэгүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

МХОТК ХХК нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн боловч ажлын үр дүнг Д.Тд хүлээлгэн өгч, акт үйлдээгүй, улмаар Д.Т нь 2017 оны 5 дугаар сараас амины орон сууцанд амьдрахаа больсон ба энэхүү больсон шалтгаан нь гүйцэтгэгчийн барьсан барилгад нуралт, цууралт өгч байрны дотно, гадна талд ан цав үүссэн, үүнийг МХОТК ХХК-ийн захирал О.Бд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон баталгаат 3 жилийн хугацааны дотор мэдэгдсэн ба, гүйцэтгэгч нь ажлын доголдлын талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Улмаар Д.Т нь зуслангийн барилгад үзлэг хийх, гэмтлийн төрөл, цар хүрээ, төлөв байдлын судалгаа хийх, шалтгааныг тодруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандсан байх бөгөөд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Барилгын экспертизийн тайлан-гаар барилгын өнөөгийн төлөв байдлыг хүснэгтээр үзүүлж, Барилгын зураг болон угсралтын үед бүрдүүлсэн далд ажлын акт болон бусад баримт бичиг байхгүй, барилгыг захиалагчид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, барилгыг хүйтний улиралд ашиглаагүй, барилгын гадна болон дотор нийт ханын 70 хувьд ан цав үүссэн ба ан цавын өргөн 2-10 мм хүртэл, зарим хэсэгт нэвт ан цавтай, барилгын зарим бүтээцийг нээж үзэхэд ханын бүтээцлэл нь гараашийн хэсэгт хөнгөн блокон өрлөгтэй, сууцны зориулалттай хэсэгт тоосгон өрлөгтэй байна. Төмөр бетон ялуутай, 1 дүгээр давхар нь хучилтын нүхтэй хавтан, 2 дугаар давхар нь модон хучилттай байна. Уг барилга нь цутгамал бетон шугаман суурьтай бөгөөд суурийн өндөр 0,55 м, ул бетоны зузаан 10 см. Барилгын сууринаас 10 см гүнээс хөрсний дээж авч шинжлэв. Хөрс нь ахуйн хог хаягдалтай, хайргархаг шавранцар, сул овойлттой хөрс байна. Хөрсний шинжилгээний үр дүн болон овойлтын зэрэг тодорхойлох тооцоог хавсаргав. Хөрсний шинжилгээгээр сул овойлттой хайргархаг хөрс болох нь тогтоогдсон. Тооцоогоор хөрсний хөлдөлтийн тооцооны гүн 1,42 м. Иймд суурь суулгах гүнийг хөлдөлтийн гүнээс доош хийгээгүйгээс барилга өвлийн улиралд овойх, дулааны улиралд суух зэргээс шалтгаалан эвдрэлд орж байна. Зэргэлдээх барилгуудад хийгдсэн инженер-геологийн судалгаа олдоогүй. Барилгад гарсан эвдрэлүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрмийн заалтуудаар ослын байдал-д байгаа бөгөөд цаашид энэ байдал нь ашиглах боломжгүй байна гэсэн гэмтлийн шалтгаан ба дүгнэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр барилгын эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилсон бөгөөд Бэсгэ ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр дээрх Барилгын экспертизийн тайлан нь эвдрэл гэмтлийн шалтгааныг бодитой үнэлсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, ... шинжээчдийн бүрэлдэхүүн газар дээр нь үзлэг хийхэд барилгад үүссэн хагарлууд багасаагүй, харин ч нэмэгдсэн, тухайлбал, орон сууцны барилгын нэгдүгээр давхрын цутгамал төмөр бетон бүсэнд олон тооны босоо чиглэлийн хагарал гарсан, баруун хойд булангийн хэсгийн тоосгон хананд үүссэн нэвт хагарал нийт өндрийн дагууд үргэлжлэн ихэсчээ. Эдгээр хагарал цаашид үргэлжлэн сүүлд хийсэн сайтинг өнгөлгөө суурь хөрсний хөдөлгөөний улмаас барилгын баруун хойд буланд хананаасаа хөндийрсөн, гэхдээ одоогийн байдлаар орон сууц болон гаражийн барилгад ямар нэг нуралт үүсээгүй болно. ... орон сууцны барилгыг төсөллөх, барилгын суурийг төсөллөх зэрэгт зайлшгүй мөрдвөл зохих барилгын норм дүрмүүдийг баримтлаагүй байна...барилга хийц бүтээцийн хувьд ослын байдалтай байгаа учир цаашид хэвийн байдлаар ашиглах боломжгүй,... даацын хийц бүтээцийг хүйтний улиралд хийсэн, үүнээс болж эвдрэл гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэл бага байна, ... тагтыг буулгаснаар нэгдүгээр давхрын хана сууринд дээрээс ирэх ачаалал болон хүчлэл /усиление/-ийн төвлөрлийг багасгасан учир барилгад ан цав үүсэхэд нөлөөлөхгүй болно ... гэжээ.

 

Эдгээрээс үзвэл хариуцагч МХОТК ХХК-ийн гэрээний дагуу захиалагч Д.Тгийн өөрийн санхүүжилтээр бариулсан амины орон сууц нь хүн амьдрах боломжгүй, барилгын гадна болон дотор нийт ханын 70 хувьд ан цав үүссэн, ан цавын өргөн 2-10 мм хүртэл, зарим хэсэгт нэвт ан цавтай болсон буюу хэвийн нөхцлөөр нэхэмжлэгч нь хувийн сууцыг ашиглах боломжгүй болсон байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч МХОТК ХХК болон О.Б нарт холбогдуулан амины орон сууц захиалгаар барих тухай ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн доголдлоос үүдэн гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай захирамжаар хариуцагч нар нь оршин суух хаягтаа байхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн  дугаартай албан бичгээр захирал О.Бы оршин суух хаягийг тогтоож өгснөөр Д.Т нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төв нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Барилгын экспертизийн тайлан-г гаргаж өгсөн байна.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т нь МХОТК ХХК-ийн захирал О.Бд барилга, байшингийн дутагдлын талаар ажил хүлээн авсан гэх 2017 оны хавраас хойш утсаар мэдэгдэж байсан, мөн дээрх Барилгын экспертизийн тайлан гарсан хугацаа зэргээр тооцоход хуулийн хугацаандаа гомдлын шаардлага гаргасан байна.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхийн дагуу МХОТК ХХК нь нэхэмжлэгчийн барилгад гарсан барилгын дутагдлын талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, харин нэхэмжлэгч нь Хувьсах-Ирээдүй ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгүүлсэн гэх боловч уг компанитай байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар дээр баригдсан барилгад нэмэлт ажил хийсэн гэж үзэхээргүй байх ба доголдолтой холбоотой гарсан зардлаа нэхэмжлэгч нь нөхөн төлүүлэх эрхтэй боловч нийт ажлын хөлс нь 30,600,000 төгрөг болсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хувьсах-Ирээдүй ХХК болон Д.Т нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Ажил хүлээлгэн өгч тооцоо нийлэх тухай гэх баримтыг үндэслэн Д.Т нь 30,600,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.3Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж зааснаар нэхэмжлэгч Д.Т нь МХОТК ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ-г цуцалж, өөрт учирсан хохирол болох гэрээний дагуу гүйцэтгэгчид шилжүүлсэн 130,000,000 төгрөгөө шаардах эрхтэй гэж үзэв.

 

Дээр дурдсанчилан гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлын хувьд ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй ба, харин Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628319171200, 000416444 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлаар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах шаардлагын хувьд ирээдүйд гарах зардалтай холбоотой байх тул хариуцагчид даалган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч О.Бы дансаар гэрээний дагуу төлөх төлбөрийг шилжүүлсэн тул хариуцагчаар татсан байх боловч О.Б нь МХОТК ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувиар төлбөрийг өөрийн хувийн дансаар авч байсныг хариуцагч О.Быг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл иргэн Д.Т болон иргэн О.Б нарын хооронд амины орон сууцны барилга бариулахтай холбоотой болон өөр иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч О.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

 

Хариуцагч МХОТК ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийсэн, доголдлын талаар нэхэмжлэгч нь мэдэгдээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1заасныг баримтлан хариуцагч МХОТК ХХК-иас 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 30,600,000 төгрөгт холбогдох шаардлага болон Сонгинохайрхан дүүрэг, байрлах нэгж талбарын  тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700м2 газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай шаардлага, хариуцагч О.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 984,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХОТК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 807,950 /найман зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ