Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01050

 

 

 

..........-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01047 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........., ХХК, ........, нарт холбогдох ажлын хөлс 130,000,000 төгрөгийг, хохирол 30,600,000 төгрөгийн хамт нийт 160,600,000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 700 м.кв газар дээр баригдсан орон сууцыг өөрийн зардлаар буулгуулж, эзэмшигчийг өөрийн эзэмшлийн газрыг захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч .........., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч .........., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Номин-Эрдэнэ, хариуцагч ........,ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бадмаанямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..........- нь .........., ХХК болон ........, нартай 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах Ё.Гажидмаагийн эзэмшлийн газарт 148+36 м.кв талбайтай орон сууцыг гарааш болон түүний дээр байрлах террасын хамтаар 130,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, ........,д гэрээ байгуулсан өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, ........,ы 5006515134 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т гүйцэтгэгч тал орон сууцанд 3 жилийн баталгаат хугацаа гаргасан боловч гүйцэтгэгч талын орон сууц нь нуралт, цууралт өгч байрны дотор, гадна талгүй ан цав үүссэн учир гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүй. Уг орон сууц нурах магадлалтай гэсэн тул ..........- болон түүний гэр бүлийнхэн 2017 оны 05 дугаар сараас уг орон сууцанд амьдрахаа больсон. Хувьсах ирээдүй ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 30,600,000 төгрөгөөр нэмэлт ажил гүйцэтгүүлж суурийг барилгад 4 талаас 2 метр орчим ухуулж цуурсан, нурсан хэсгийг дахин засварлуулсан боловч дахин цууралт, суулт өгч барилгын үндсэн суурь цууралт өгсөний улмаас хана, хаалга гажиж цаашид ашиглах боломжгүй болсон. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул орон сууцны засварын ажилд зарцуулсан 30,600,000 төгрөгийг гаргуулна. Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 130,000,000 төгрөг төлсөн. Иймд .........., ХХК болон ........, нараас 160,600,000 төгрөгийг гаргуулж, ..........-д олгож, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628319171200, 000416444 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар дээр баригдсан орон сууцыг /зуслангийн зориулалттай амины/ өөрийн зардлааар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч .........., ХХК болон ........, нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч .........., ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани ..........-тэй 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаартай Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Баянгол зусланд 148+36 м.кв талбайтай амины орон сууцыг барилгын хууль дүрэм журам, БНбД-д заасны дагуу чанартай бараа материалаар, доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй удаа дараа хойшлуулж байсны улмаас барилгын материалын саатал үүсч, ажлыг удаашруулж хүйтний улиралд ажил гүйцэтгүүлж байсан. Бидний зүгээс барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхийн тулд ББСБ-аас зээл авч байсан. Түүнчлэн, амины орон сууцын 1 давхрыг модоор бүрж, цэвэр болон бохир усны холболт, цутгалт, хар цаасан хамгаалалт, 2 давхрын тагт зэрэг ажлуудыг хөлс авахгүй гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж авснаас хойш ямар нэгэн шаардлага гаргаагүй. Харин манай компанийн зүгээс амины орон сууцны гадна талд гаргасан гүний худгийн зардал 2,000,000 төгрөгийг авахаар ..........-гийн хүргэн гэх н.Буянжаргалд удаа дараа мэдэгдэхэд төлөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байрлах 148м*36м хэмжээтэй амины орон сууц нь хүн амьдрах боломжгүй байгаа тул 2017 оны 05 дугаар сараас эхлэн тус амины орон сууцанд амьдраагүй, амьдрах боломжгүй болсон нь шинжээчийн дүтнэлтээр нотлогдож байгаа гэсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хувьсах ирээдүй ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус амины орон сууцанд 30,600,000 төгрөгийн засвар хийсэн байна. Нотлох баримтад хавсаргасан ажил хүлээлгэн өгч тооцоо нийлэх тухай актад 50м*60м харьцаатай 42 метр урт суурь арматурчлаж цутгасан нь нэхэмжлэгч ..........- нь тус амины орон сууцны гадна шинэ террас хийсэн, ханын цууралтын шалтгааныг хариуцагчийн зүгээс өмнө нь тайлбартаа дурдсан бөгөөд өвлийн улиралд шаврын ажил гүйцэтгүүлсэн тул элс, цемент барьцалдах чадвараа алдан хөлдөж, улмаар дулааны улиралд хагарах үйл явц болдог. Обой наах, рек модоор өнгөлөх гэх мэт дотор заслын ажил гүйцэтгүүлсэн. Тус орон сууцанд одоог хүртэл амьдарч байгааг харуулж байна. Түүнчлэн, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар уг орон сууцанд хүн амьдарч байсан тул амьдрах боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ........, тайлбар, татгалзлын агуулга:

........, миний бие .........., ХХК-ийн захирлаар ажилдаг. .........., ХХК нь ..........-тэй 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаар амины орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, Баянгол зусланд 148+36 м.кв талбайтай амины орон сууцыг, түүний дээр байрлах террасын хамт хүлээлгэж өгөхөөр тохиролцож, орон сууцыг террасын хамт 2017 оны хавар хүлээлгэж өгсөн. Манай компани гэрээний дагуу амины орон сууцыг барихдаа Барилгын хууль дүрэм журамд заасны дагуу чанартай бараа материалаар, доголдолгүй гүйцэтгэж хулээлгэн өгсөн. ..........- нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн өгөөгүй, хуваарьт төлөлтийг хийгээгүйн улмаас барилгын материал авах мөнгөгүй болоход Вишнфанд ББСБ ХХК-аас 3,000,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авснаас хойш ямар нэгэн шаардлага гаргаагүй. Харин манай компанийн зүгээс амины орон сууцны гадна талд гаргасан гүний худгийн зардал 2,000,000 төгрөгийг авахаар ..........-гийн хүргэн гэх н.Буянжаргалд удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй. ........, нь ..........-тэй гэрээ байгуулаагүй тул ажил гүйцэтгэх гэрээний маргаанд хариуцагчаар оролцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........., ХХК-аас 130,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..........-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 30,600,000 төгрөгт холбогдох шаардлага болон Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628319171200, 000416444 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар дээр баригдсан орон сууцыг өөрийн зардлаар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай шаардлага, хариуцагч ........,д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 984,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........., ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 807,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..........-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нотлох баримтаар өгсөн ШУТИС-ийн БАС-ийн оношлогоо, зураг төсөл судалгааны Реконстракшн төвийн барилгын экспертизийн тайланг эс зөвшөөрч Бэсгэ ХХК-ийг шүүхээс дахин шинжээчээр томилсон. Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд геодизийн шинжилгээ хийгээгүй, зураг төсөл батлуулаагүй улмаас сууринд суулт өгч доголдол үүссэн тухай дурдсан. Барилгын тухай хуульд захиалагч нь геодизийн шинжилгээ хийлгэх, зураг төслийг баталгаажуулах үүрэгтэй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.5-д захиалагч талаас ажлын зураг төсөл болон бусад холбогдох баримт бичгийг гаргаж өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн. Гэтэл шүүхээс шийдвэр гаргахдаа ажил гүйцэтгэхэд шаардлагатай геодизийн шинжилгээ болон зураг төслийг аль тал нь гаргаж өгөх үүрэгтэйг, барилгад үүссэн байдал ямар учир шалтгааны улмаас үүссэн зэрэгт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн гол нотлох баримт болж буй шинжээчийн дүгнэлтийг дутуу үнэлсэн. Мөн шүүх Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл болон амины орон сууц захиалгаар барих гэрээний 4.1.5-д заасныг үнэлээгүй.

Шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01/08 дугаар амины орон сууц захиалгаар барих гэрээг цуцалж, гэрээг цуцалсантай холбогдуулан 130,000,000 төгрөгийг хохиролд тооцуулан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч тус орон сууцанд амьдрах боломжгүй тул гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, хохирол 30,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс гэрээний төлбөр болох 130,000,000 төгрөгийг гэрээ цуцалсантай холбогдуулан гарсан хохирол гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол биелэгдэх боломжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой гарах үр дүнг хэргийг шийдвэрлэхэд анхаарах ёстой. Гэрээний нийт үнэ 130,000,000 төгрөгийг хохирол гэж үзэж байгаа бол 2 давхар амины орон сууц буюу үл хөдлөх хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, хэний өмчлөл эзэмшил ашиглалтад байх нь эргэлзээтэй байна. Шүүх шинжээчийн дүгнэлт, амины орон сууц захиалгаар барих тухай ажил гүйцэтгэх гэрээг бүрэн судлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч .........., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ..........- нь хариуцагч .........., ХХК болон ........, нарт холбогдуулан амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу шилжүүлсэн 130,000,000 төгрөг, хохирол 30,600,000 төгрөг, нийт 160,600,000 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 700 м.кв талбай бүхий газар дээр баригдсан хувийн сууцыг өөрийн зардлаар буулган авч, эзэмшигчийг өөрийн эзэмшлийн газрыг захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

..........- болон .........., ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01/08 дугаар амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, энэ гэрээгээр гүйцэтгэгч .........., ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зусланд нийт 148+36 м.кв талбайтай амины орон сууцыг гарааш болон түүний дээр байрлах террасын хамт барьж өгөхөөр, захиалагч ..........- нь 129,580,000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжилтээс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

 

1.б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, ........,ы 5006515134 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 28,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөгийг тус тус нийт 130,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч .........., ХХК Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол зусланд нийт 148+36 м.кв талбайтай амины орон сууцыг гарааш болон түүний дээр байрлах террасын хамт барьж гүйцэтгэсэн боловч гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.в. ШУТИС-ийн Барилга, архитектур сургуулийн Барилгын экспертизийн тайланд хариуцагчийн барьж гүйцэтгэсэн ... барилгын төлөв байдлыг хүснэгтээр үзүүлж, Барилгын зураг болон угсралтын үед бүрдүүлсэн далд ажлын акт болон бусад баримт бичиг байхгүй, барилгыг захиалагчид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, барилгыг хүйтний улиралд ашиглаагүй, барилгын гадна болон дотор нийт ханын 70 хувьд ан цав үүссэн ба ан цавын өргөн 2-10 мм хүртэл, зарим хэсэгт нэвт ан цавтай, барилгын зарим бүтээцийг нээж үзэхэд ханын бүтээцлэл нь гараашийн хэсэгт хөнгөн блокон өрлөгтэй, сууцны зориулалттай хэсэгт тоосгон өрлөгтэй байна. Төмөр бетон ялуутай, 1 дүгээр давхар нь хучилтын нүхтэй хавтан, 2 дугаар давхар нь модон хучилттай байна. Уг барилга нь цутгамал бетон шугаман суурьтай бөгөөд суурийн өндөр 0,55 м, ул бетоны зузаан 10 см. Барилгын сууринаас 10 см гүнээс хөрсний дээж авч шинжлэхэд хөрс нь ахуйн хог хаягдалтай, хайргархаг шавранцар, сул овойлттой, хайргархаг хөрс болох нь тогтоогдсон. Тооцоогоор хөрсний хөлдөлтийн тооцооны гүн 1,42 м. Иймд суурь суулгах гүнийг хөлдөлтийн гүнээс доош хийгээгүйгээс барилга өвлийн улиралд овойх, дулааны улиралд суух зэргээс шалтгаалан эвдрэлд орж байна. Зэргэлдээх барилгуудад хийгдсэн инженер-геологийн судалгаа олдоогүй. Барилгад гарсан эвдрэлүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрмийн заалтуудаар ослын байдалд байгаа бөгөөд цаашид энэ байдалд нь ашиглах боломжгүй байна... гэж дүгнэсэн байна. (1хх-ийн 67-84)

 

Хариуцагч дээрх дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/03029 дугаари захирамжаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо-г шинжээчээр томилсон боловч тус холбоо нь шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргахаас татгалзсан тул Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилжээ. (1хх-ийн 153-155, 162, 174-176)

 

Шинжээч Бэсгэ ХХК-ийн дүгнэлтээр дээрх Барилгын экспертизийн тайлан нь эвдрэл гэмтлийн шалтгааныг бодитой үнэлсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжээчдийн бүрэлдэхүүн газар дээр нь үзлэг хийхэд барилгад үүссэн хагарлууд багасаагүй, харин ч нэмэгдсэн, тухайлбал, орон сууцны барилгын нэгдүгээр давхрын цутгамал төмөр бетон бүсэнд олон тооны босоо чиглэлийн хагарал гарсан, баруун хойд булангийн хэсгийн тоосгон хананд үүссэн нэвт хагарал нийт өндрийн дагууд үргэлжлэн ихэсчээ. Эдгээр хагарал цаашид үргэлжлэн сүүлд хийсэн сайтинг өнгөлгөө суурь хөрсний хөдөлгөөний улмаас барилгын баруун хойд буланд хананаасаа хөндийрсөн, гэхдээ одоогийн байдлаар орон сууц болон гараашийн барилгад ямар нэг нуралт үүсээгүй болно. ... хувийн сууцны барилгыг төсөвлөх, барилгын суурийг төсөвлөх зэрэгт зайлшгүй мөрдвөл зохих барилгын норм дүрмүүдийг баримтлаагүй, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчмын 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэсэн заалттай харшилж байна. Даацын хийц бүтээцийг хүйтний улиралд хийсэн, үүнээс болж эвдрэл гэмтэл үүссэн гэж үзэх үндэслэл бага байна... тагтыг буулгаснаар нэгдүгээр давхрын хана сууринд дээрээс ирэх ачаалал болон хүчлэл /усиление/-ийн төвлөрлийг багасгасан учир барилгад ан цав үүсэхэд нөлөөлөхгүй ... Барилгын суурь суулт өгч дээрх хийцүүдээр цууралт, хагаралт үүссэнээс хүн амьдрах боломжгүй болсон шалтгаан нь хөрсний инженер геологийн дүгнэлт гарган тухайн хөрсөнд тохирсон суурийн ажлын зураг гаргаагүйгээс шалтгаалсан ... Барилгыг буулгаж шинээр /гэхдээ заавал зураг төсөл гаргуулсны үндсэн дээр/ барьж болно гэж дүгнэсэн байна. (1хх-ийн 182-217)

 

Иймд хариуцагч .........., ХХК-ийн гүйцэтгэсэн ажил буюу хувийн сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь ШУТИС-ийн Барилга, архитектур сургуулийн Барилгын экспертизийн тайлан, шинжээч Бэсгэ ХХК-ийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч нь мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

1.г. Талууд амины орон сууц захиалгаар барих гэрээний 1.3-т Гүйцэтгэгч тал 3 жилийн баталгаат хугацаа гаргаж өгнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ...барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно... гэж заасантай нийцсэн ба нэхэмжлэгч нь ...2017 оны 05 дугаар сараас хойш барилгын дутагдлын талаар утсаар мэдэгдэж байсан, сүүлдээ утсаа авахаа больсон... гэж тайлбарладаг ба 2019 онд хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/06488 дугаар захирамжаар хариуцагч нь хаягтай байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан зэргээс үзэхэд хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.д. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэгт Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан нөхцөл хамаарах бөгөөд барилгын ихэнх хэсэг чанар, стандартын шаардлага хангахгүй байдлаар хийгдсэн тул нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй юм.

 

Ажил гүйцэтгэгч .........., ХХК нь дээрх байдлаар хувийн сууцыг биет байдлын доголдолгүй гүйцэтгэх үүргээ ноцтой зөрчсөн гэж захиалагч ..........- нь гэрээнээс татгалзаж, амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу ажлын хөлсөнд шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.е. Анхан шатны шүүх ... ..........- нь Хувьсах-Ирээдүй ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгүүлсэн гэх боловч уг компанитай байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна... гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 30,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Түүнчлэн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 700 м.кв газар дээр баригдсан орон сууцыг өөрийн зардлаар буулган авч эзэмшигч /өмчлөгч/-ийг өөрийн эзэмшлийн газраа захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх ирээдүйд гарах зардалтай холбоотой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

2.    Давж заалдах гомдлын талаар

2.а. Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 700 м.кв талбай бүхий газар дээр баригдсан хувийн сууцыг хэрхэх талаар шийдвэрлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь цаашид энэ талаар нэхэмжлэл гаргах эрх тухайн газрын эзэмшигч Ё.Гажидмаагийн хувьд нээлттэй үлдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

2.б. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглохоор заасан ба гүйцэтгэгч ямар нэгэн санал тавьж, санал хүсэлт гаргалгүйгээр ажлын зураггүй барилга барьсан болохыг шинжээч хариулсан тул захиалагч барилгын зураг төслийг баталгаажуулж өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй. /2хх-ийн 98/

 

Нөгөө талаар, гэрээний 4.2 дах хэсгийн 3-т зааснаар гүйцэтгэгч тал нь ерөнхий зураг төслийг Барилгын тухай хуулийн 9.1.1-д заасныг дагуу зургийн даалгавар, норм, дүрэм, эзэлхүүний цомог, тоног төхөөрөмжийн паспорт, инженерийн шугам сүлжээний холбосон байдал, техникийн нөхцөл, стандартын дагуу боловсруулах үүрэгтэй байна. /хх-ийн 13/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч .........., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч .........., ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ