Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 202/МА2019/00012

 

 2019         05           28                                       202/МА2019/00012

 

З.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ........ тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Борлуут овогт З-гийн Б /РД:ОО82042........./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох,

“Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 034 706 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б би 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах орон нутгийн өмчит “ЧБ” ХХК-нд дулаан хангамжийн инженерээр ажилд орж улмаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хувийн шалтгааны улмаас АНУ руу явах тухайгаа компанийн ТУЗ-ийн дарга О.Үад хэлж чөлөө авъя гэхэд чөлөө авах өргөдлөө үлдээгээд яваад ир гэснийх нь дагуу өргөдлөө үлдээгээд явсан. АНУ-аас 2018 оны 10 дугаар сарын 11-нд ирээд ажилдаа орсон. Ингээд ажил үүргээ гүйцэтгээд явж байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ТУЗ-ийн дарга О.Ү намайг өрөөндөө дуудаж уулзаад чамайг ажлаас чинь чөлөөлөх тухай Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамж гарсан, энэ захирамжтай танилц гээд танилцуулсан, тэр өдрийн 09,00 цагт ТУЗ-ийн дарга О.Ү, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Б, манай компанийн нягтлан бодогч Э.У нарыг байлцуулан миний ажлын өрөөг лацадсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны Б/22 тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчиж гарсан.

Тухайлбал Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 /Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна/-т зааснаар орон нутгийн өмчид ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилох чөлөөлөх асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9 /компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох/-т заасны дагуу Компанийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаар байна. Мөн МУЗЗНДНТУтХ, ТБОНӨтХуульд засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 058 000 төгрөг гаргуулах, эрүүл  мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ажлын чөлөө хүсэх үедээ эрүүл мэндийн шалтгаанаар гэж бичсэн нь үнэн бөгөөд уг “Water smart innovation” үзэсгэлэн хуралд оролцох зардлаа ажиллаж байгаа компанийн, цаг үеэс хамаарсан санхүүгийн хүндрэлтэй байгааг тооцож үзэн өөрийн зардлаар явсан учраас өөрийн хоёр дахь АНУ явах болсон шалтгаан болох эрүүл мэндээ нарийвчлан шинжилгээ  өгөх гэж өргөдөл бичсэн болно. Харин үзэсгэлэн хурал дуусаад АНУ-ын Сан-франциско хотод амьдрах найз дээрээ очиж эмнэлэгт үзүүлсэн боловч нарийн шинжилгээг өгөхийн тулд дахиад 7-8 хоног болох шаардлага гарсан учир Компанийн ажлаа 10 хоног эзгүй байхаар төлөвлөсөн улмаас зайлшгүй буцах шаардлага гарч шинжилгээ өгч чадалгүй буцаж ирсэн болно. Иймд АНУ-ын эмнэлэгт үзүүлсэн ямар нэг бичиг байхгүй болно. Манай компанийн дүрмийн дагуу гүйцэтгэх захирал байхгүй үед санхүү хариуцсан дэд захирал компанийг төлөөлдөг ба дэд захиралд АНУ явах тухайгаа танилцуулж эзгүй үед компанийн ажилд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон бөгөөд өмнөх тайлбарт дурдсанаар бүх инженер техникийн ажилтнуудад өөрийн биеэр хариуцсан ажлыг даалгаж үлдээсэн билээ. Ийм тайлбар өгөөд байхад ажил хаясан гэж үзээд байгааг би ойлгохгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Миний бие ажлаас халагдсантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалинг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. ЧБ ХХК-ийн цалингийн нягтлан бодогч бодсоны дагуу ажиллаж байсан хугацааны цалин 7 377 480 төгрөг, ээлжийн амралтын хөлс 657226 төгрөг, нийт 8034706 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 77.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2.4 дэх хэсэгт “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ. Мөн Компанийн тухай хуулийн 2.5 дахь хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна”, 2.6 дахь хэсэг “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаар тогтоолоор “ЧБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр сумын Засаг дарга /Н.А/ыг томилж, үйл ажиллагаа эрхлэн эрхийг олгосон байна.

Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2 дахь хэсэг “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж тус тус заасан байна.

Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А/58 дугаар захирамжаар “ЧБ” ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 1.4 дэх хэсэг “Компанийн хөрөнгө нь 100 хувь орон нутгийн өмч байх бөгөөд түүнийг захиран зарцуулах эрх нь Компанийн тухай хууль болон энэ дүрмээр хязгаарлагдах хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллана”, 5.3 дахь хэсэг “Компани нь өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 962 590 457,43 төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөтэй байна”, 5.4 дэх хэсэг “Энэхүү хөрөнгө нэг бүр нь 1000 төгрөг бүхий 96259045 ширхэг хувьцаанд хуваагдана” гэж тус тус заасанчлан нийт хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Мөн ЧБ ХХК-ийн дүрмийн 6.3 дахь хэсэг “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас члөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг тогтоож өгнө”, 6.7 дахь хэсэгт “Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заасан нь компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй субьект нь сумын Засаг дарга мөн болохыг баталж байна.

Түүнчлэн тус сумын Засаг дарга Н.А нь 2018 оны 08 дугаарсарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар З.Быг ЧБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байжээ. З.Б нь уг томилгооны үндсэн дээр сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл ажиллаж байсан байна. Энэ нь Засаг дарга ажилд томилохдоо бүрэн эрх нь хэрэгждэг, ажлаас чөлөөлөхдөө бүрэн эрх нь хэрэгжихгүй гэж ойлгож бичиж байгаа нь буруу бөгөөд эрхгүй гэж тодорхойлсон нь үүгээр няцаагдаж байна.

2. З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах үндэслэлүүд байна. Үүнд. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаалд Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож, холбогдох үүрэг өгчээ. Тушаалын 1 дэх хэсгийн 1.в-д “Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгуудын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр, 3 дахь хэсэгт “Дулаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, компаниудын Дарга, Захирал, аймгийн Засаг дарга нь дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажилласугай”, 3.б-д “Халаалтын үргэлжлэх хугацаанд дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээ болон хэрэглэгчийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах” гэсэн заалтуудаар үүрэг хүлээлгэсэн байна.

ЧБ ХХК нь орон сууц, байгууллага, ААН-ийг дулааны эрчим хүчээр тогтоосон халаалтын улиралд температурын графикийн дагуу жигд тасралтгүй хангах чиг үүрэг бүхий хүн ам, иргэдийн өмнөөс хүлээсэн онцгой үүрэгтэй байгууллага бөгөөд Эрчим хүчний сайдын тушаалаар өгсөн үүрэг, хүйтний улирлыг угтан дулаан дамжуулах бэлэн байдлыг хангах, далуунжуулалтыг эхлүүлэх онцгой цаг үед захирлын хувьд удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ биелүүлэлгүй, халаалт өгч эхлэх 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа шууд орхиод явж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасанчлан хөдөлмөрийн харилцааг зогсоохоор, тухайлбал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэгт “Инженерийн барилга байгууламж, халаалтын зуух, шугам сүлжээний найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд нь тогтмол хийж техник технологийн стандартыг хатуу мөрдөж ажиллана” гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчил байсан.

Үүнээс гадна З.Б нь хүсэлт гаргаж чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч тус сумын Засаг дарга Н.Атай энэ асуудлаар ямар нэгэн харилцаа үүсгээгүй, санал хүсэлт гаргаж байгаагүй байна. Нэмж дурдахад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүнээс гаргасан гэх АНУ-д очиж нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх болсон тул 7 хоногийн чөлөө олгоно уу гэсэн өргөдөл, үүнтэй уялдуулан нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх түвшинд мэргэжлийн эмч нараас гаргасан шийдвэр, зөвлөмж, эрүүл мэндтэй холбоотой магадлагаа баримтыг тухайн үедээ гаргаж өгөөгүй байх бөгөөд одоогийн байдлаар ч гаргаж өгсөн зүйл байхгүй байна. Мөн ЧБ ХХК-аас Америакийн нэгдсэн улсын Элчин сайдын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/294 дугаар албан тоотоор виз хүсэх тухай албан тоотыг хүргүүлсэн байна. Албан тоотод 2018 оны 10 дугаар сарын 01-11 ний өдрүүдэд “Water smart innovation-2018” /Ухаалаг ус шинэ нээлт-2018/ олон улсын үзэсгэлэн, бага хуралд З.Б нь оролцоно гэж виз хүссэн байх бөгөөд ямар удирдамж, чиглэл, мэдээлэл, ямар хэрэгцээ шаардлагын улмаас оролцох болсон, ажил үүрэгтэй нь хэрхэн уялдаж байгаа талаар зохих баримтыг тухайн үедээ болон одоо хүртэл гаргаж өгөөгүй байна.

Эрчим хүчний сайдын тушаал шийдвэр гарсан, Засаг даргаас 2018-08-29 ний өдрийн 2/975 дугаар, 2018-09-06ны өдрийн 1/1015 дугаар албан тоотоор халаалт дулаан, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, нарийвчилсан төлөвлөгөө гарган ирүүлэх талаар удаа дараа үүрэг өгсөөр байтал ажлаа орхин зайлшгүй явах ямар шаардлага байгаа талаар нотолгоог гаргаж өгөөгүй, нотлогдохгүй байна. Иймээс З.Бы гажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл болсон гэж үзэж байх тул нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 80340706 төгрөг болгосныг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Борлууд овогт Зоригоогийн Быг “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 320 000 төгрөгийг “ЧБ” ХХК-иас гаргуулан З.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 714 706 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хулуийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Бын ажилгүй байсан хугацааны цалин 7 320 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “ЧБ” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Быг улсын тэмдэгтийн хураамжөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “ЧБ” ХХК-иас 202 270 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  137/ШШ2019/00091 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна. З.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, МУЗЗНДНТУтХ, ТБОНӨтХ-д засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй байна гэж тус тус дурдсан байдаг боловч дээр дурдсан хуульд Засаг даргын эрх хэмжээг хязгаарласан, хориглосон заалт үгүй билээ.

Сумын Засаг дарга нь орон нутгийн өмчит ЧБ ХХК-тай холбоотой үйл ажиллагаа, эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ орон нутгийн өмчит компанийн өмчлөгч болох сумын ИТХ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллаж байсан бөгөөд энэ нь хуулийн дараах үндэслэлтэй юм.

ТБОНӨтХуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 77.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлийг хүн амаа төлөөлөнч өмчлөгч нь байна”, 77.2.4 дэх хэсэгт “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ. Мөн Компанийн тухай хуулийн 2.5 дахь хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна”, 2.6 дахь хэсэг “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаар тогтоолоор “ЧБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр сумын Засаг дарга /Н.А/ыг томилж, үйл ажиллагаа эрхлэн эрхийг олгосон байна.

Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2 дахь хэсэг “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж тус тус заасан байна.

Хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А/58 дугаар захирамжаар “ЧБ” ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 6.3 дахь хэсэг “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг тогтоож өгнө", 6.7 дахь хэсэг "Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй субьект нь сумын Засаг дарга мөн болохыг баталж байна.

Компанийн тухай хуулиар компани үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг нь компанийн дүрэм байдаг. Сумын Засаг дарга буюу цорын ганц хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд компанийн дүрмийг баталж, мөрдүүлсэн байдаг. Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрхтэй этгээд нь сумын Засаг дарга байна. Эцсийн шийдвэрийг сумын Засаг дарга гаргана гэдгийг дүрэмдээ заагаад өгчихсөн байдаг.

Анхан шатны шүүхийн шүүгч Бад ашигтай өгүүлбэрийг нь оруулсан байдаг. Энэ нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа. Эрчим хүчний сайдын тушаалаар 10 дугаар сарын 01-ний өдөр улс даяар халаалтыг өгдөг онцгой цаг үе байдаг. Ийм ч үүднээс Эрчим хүчний сайдын тушаалын дагуу Засаг дарга, сумын Засаг дарга, нийтийн аж ахуй үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын удирдлагууд үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Энэ цаг үеэр Б нь Америкийн нэгдсэн улс руу явсан байдаг. АНУ-руу явахдаа “би нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байна” гэсэн өргөдөл үлдээгээд явсан байдаг. Ирэхэд нь Засаг даргаас “онцгой цаг үед ажлаа сайн хэрэгжүүлээгүй,  энэ үеэр халаалт хангалтгүй байсан ба сумын хэмжээнд халаалт доголдлоо, чиний энэ үйлдэлд хүндэтгэн үзэх ямар шалтгаан байна вэ, өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаантай гэсэн байна энэ талаараа нотлооч” гэхэд Б нь ямар ч нотлох баримтыг хүргүүлж байгаагүй. Анхан шатны шүүхэд ч хүргүүлж байгаагүй. Быг эзгүйд халаалтын асуудал маш их гарсан байдаг. Энэ хүн орлогч захиралдаа эрх хэмжээгээ олгож, үлдээгээгүй явсан байдаг. Өргөдөл гаргасан шалтгаанаа бид нарт нотолж ирүүлээгүй. Б нь ажлаа цаасаар хариуцуулж үлдээх байсан, гэтэл ярьж байгаа нь дандаа аман шинжтэй байдаг. Америк явахаасаа өмнө Монголдоо үзүүлээд нарийн мэргэжлийн эмчид хандах ямар шаардлагатай байгааг нотолсон баримт байх ёстой, түүнийгээ авчирч үзүүлдэггүй. Бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Засаг даргын эрх хэмжээтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгч байсан болохоос биш Бын эзгүйд халаалтын доголдол гарсан талаар маш олон нотлох баримт байсан, үүнийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй байсан учраас бид нар гаргаж өгөөгүй юм.

Сум дундын шүүхийн шийдвэр болон шүүх хуралдаан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд явагдаагүй, нэхэмжлэлээс давсан шийдвэрийг гаргасан байна. Учир нь тус нэхэмжлэлийн шаардлага нь Засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй гэж тодорхойлсонд байгаа юм. Гэтэл тус шүүх нь нэхэмжлэлд дурдсан Засаг даргын эрх хэмжээ, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг томилж чөлөөлөх эрхтэй субьект нь хэн болох, дээр дурдсан Засаг даргын 2018 оны Б/22 дугаар захирамж нь түүнд олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан эсэхийг огт хянан шийдвэрлээгүй юм. Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол үндэслэлгүй юм. Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй. Уг нэхэмжлэлдээ Засаг даргын Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулаад, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ шаардлагын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн байгаа. Иймээс шүүхийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гол маргаж байгаа зүйл нь Засаг даргын Б/22 дугаар захирамж байгаа. Захирамжийн үндэслэл дээр ямар асуудал байгаа вэ гэхээр Бын хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг барьсан байдаг. Мөн тушаалынхаа нэг дэх хэсэгт ЧБ ХХК-ийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлж ажилласан. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлүүдийг тодорхой дурдсан байгаа. Яг энэ үндэслэлийн талаар нэхэмжлэлээ тодорхойлж уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд талууд анхан шатны шүүх хуралдаан дээр энэ захирамж үндэслэлтэй, үндэслэлгүй эсэх талаар мэтгэлцэж, энэ хүрээнд шүүх шийдвэрээ гаргасан байгаа. Шүүх нэг талыг барьсан ийм шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа юм байна. Түүнийхээ үндэслэлийг дурдахдаа манай талд ашигтай заалтыг дурдсангүй. Тийм учраас нэг талыг барьлаа гэсэн нь үндэслэлгүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр тулгуурлаад хэргийн үйл баримтанд үнэн зөв дүгнэлт өгөөд, шаардлагатай хуулийн хэм хэмжээг иш татаад шийдвэрээ гаргаж байгаа нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эсхүл нэг заалтыг дурдахдаа нөгөө талд нь ашигтай байдлыг нь дурдах ёстой байсан ч гэдэг юм уу, ийм байдлаар шүүхийг буруутгах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгтэй холбоотойгоор анхан шатны шүүх маш тодорхой дүгнэлтийг хийсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа Засаг даргын захирамж дээр дурдагдаж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг дурдах гэж байгаа бол хууль юу шаардаж байгаа вэ гэхээр ноцтой зөрчил гэдэг асуудлыг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож байгаа хөдөлмөрийн гэрээндээ тухайлан заана гэж заасан байгаа. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ тодруулж асуусан, мөн хөдөлмөрийн гэрээг шинжлэн судалсан, асуулт хариулт явагдсан. Хөдөлмөрийн гэрээн дээр нь энэ зөрчлийг ноцтой зөрчил гэнэ гэж тухайлан заасан зүйл байхгүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлан ажил олгогч өөрийн дур зоргоор захирамж гаргаж байгаа нь ажилтан хөдөлмөрлөх эрхээ хангуулах баталгаа алдагдах, дур зоргоороо тушаал гаргах асуудлыг бүрдүүлэх учраас тусгайлан заана гэсэн хуулийн заалт байгаа тул шүүх үүнийг барьж шийдвэрээ гаргасан байх. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бид нар нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хангалттай нотлох баримт байсан, гэрч асуулгах байсан, өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэмэлт нотлох баримт гаргаж өгөх талаар ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуулиар хүлээсэн нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийнхөө үүргийг биелүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Мөн бичгээр гаргаж байгаа гомдолд дурдагдаад байгаа Компанийн тухай хуулийн холбогдох заалтууд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн компанийн өмчлөгч,  хувьцаа эзэмшигч нь Засаг дарга байх юм байна гэсэн заалтуудыг гомдолд дурдаад байгаа байдлаар нь шүүх үнэн зөвөөр нь дүгнэлт хийсэн байгаа. Энэ бүхнийг харгалзан үзэх юм бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаад байгаа давж заалдсан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн шаардлага маань ажилдаа эгүүлэн томилуулах асуудал байгаа. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Давж заалдах шатны шүүх дээр ирчихээд ийм, ийм баримтууд байсан гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гээд заагаад өгчихсөн байгаа. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дээр компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, өөрчлөх гэж заасан байгаа. Мөн түүнчлэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байж байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дээр зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол заавал нотлох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг дээр юу гэж заасан байдаг вэ гэхээр хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчлийг гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь гарч ирж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Үтай байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр ийм, ийм зөрчлийг ноцтой зөрчил гэнэ гэж заагаагүй. Шүүх хуульд заасан шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа гомдолдоо дурдаагүй байгаа. Давж заалдах шатны шүүхээс яг юу хүсээд байгаа юм, шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаа юм уу, өөрчлөлт оруулъя гээд байгаа юм уу эсхүл хэвээр үлдээе гээд байгаа юм уу. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.2.5 дэх хэсгүүд дээрээ Засаг даргад буюу хувьцаа эзэмшигчид гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрх олгогдоогүй байдаг. Гэтэл үүнийг Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ гэж шүүхэд өөр ойлголт төрүүлэхээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Быг маш олон зөрчлийг гаргаж байсан гэж байгаа мөртлөө баримт байхгүй. Гэтэл баримтууд байсан боловч гаргаж өгөөгүй мэтээр ярьж байгаа нь ойлгомжгүй. Засаг дарга болон ЧБ ХХК-иас энэ хүний ажилгүй байсан хугацаа болон хэзээ ажилдаа орох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэгдсэн. Иймд гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгох буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах” тухай захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1058000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл /гомдол/ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-149/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 8034706 төгрөг нэхэмжилжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С нь “Сумын Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй, нэхэмжлэгч нь ... хүйтний улирлыг угтан дулаан дамжуулах бэлэн байдлыг хангах, дулаанжуулалтыг эхлүүлэх онцгой цаг үед захирлын хувьд удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ биелүүлэлгүй халаалт өгч эхлэх 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа орхиж явсан нь Хөдөлмөрийн гэрээний 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан” гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хэрэглэж нэхэмжлэгчийг “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас буруу халсан үеийн олговорт  7 320 000 төгрөгийг “ЧБ” ХХК-иас гаргуулан З.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 714706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С эс зөвшөөрч “... шүүх хуралдаан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд явагдаагүй, ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хариуцагч буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар Орон нутгийн өмчит “Чандманьбадрал” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнийг компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04/05 дугаартай тогтоолыг тус тус үндэслэжээ. 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч З.Б нь нэхэмжлэлдээ “... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хувийн шалтгааны улмаас АНУ-руу явах тухайгаа компанийн ТУЗ-ийн дарга О.Үад хэлж чөлөө авъя гэхэд чөлөө авах өргөдлөө үлдээгээд яваад ир гэсний дагуу өргөдлөө үлдээгээд явсан. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай захирамж нь ... Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. ... Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах...” гэж нэхэмжилсэн, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа /хх-57/ “...АНУ яваад ирэх 10 хоногт Чандманьбадрал ХХК-д хийгдэх ажлыг өөрийн биеэр ерөнхий инженер болон бусад мэргэжлийн инженерт хуваарилж зааж зааварлаад явсан, АНУ-д байх хугацаанд өдөр бүр ерөнхий инженер болон бусад инженерүүдтэй онлайнаар холбогдож ажлын явцтай танилцаж байсан, ... Чөлөө хүссэн өргөдлөө өөрийн удирдлагад ажилладаг Чандманьбадрал ХХК-ийн нарийн бичиг Г.Ганжаргалаар бичүүлэн гарын үсгээ өөрөө зурсан.” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан байна.

            Эндээс үзвэл нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан тухай гомдолдоо буюу энэ тухай нэхэмжлэлийн үндэслэлээ зөвхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргыг орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эсэх асуудлын хүрээнд тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй.

Харин зохигчид 1. Хариуцагчийг нэхэмжлэгч буюу “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа энэ талаарх хуульд заасан журмыг баримтлаагүй буюу хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргад орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх хэмжээ олгогдоогүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрхэд хамаарах асуудлыг хэрэгжүүлсэн,

            2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай захирамжид заасан ... компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан, шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчил гаргасан эсэх асуудлаар тус тус маргаж холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцжээ.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна”, 2.6-д “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэж заажээ.

            Энэ утгаараа дээрх хуульд зааснаар Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаартай тогтоолоор /хх-112/ “ЧБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргыг томилж, үйл ажиллагаа явуулах эрхийг олгосноос гадна Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/66 дугаартай захирамжаар /хх-113/ тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, гишүүдийг баталсан байна.

            Энэ нь “ЧБ” ХХК-ийг Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5, 12.5.2 –т зааснаар нэг үүсгэн байгуулагч болон нэг хувьцаа эзэмшигчтэй, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2-т зааснаар  Төлөөлөн удирдах зөвлөлтэй компани гэж үзэх үндэслэл болох бөгөөд орон нутгийн өмчит ЧБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх асуудлыг Компанийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгээр тодорхойлно гэж үзнэ.

            Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.8-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрхтэй байх бөгөөд харин компани төлөөлөн удирдах зөвлөлгүй бол Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.2.3-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар буюу хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хувьцаа эзэмшигч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга компанийн гүйцэтгэх захирлыг сонгох, ... бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрхтэй байна.

            Мөн хэргийн 32 дугаар талд авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар батлагдсан “ЧБ” ХХК-ийн дүрмийн 6.3-д “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, хөлс урамшуулал зэргийг тогтоож өгнө.” гэж, 6.7-д “Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

            Дээрх хууль болон дүрэмд зааснаас үзэхэд “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг үндэслэн хувьцаа эзэмшигч буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга шийдвэрлэхээр ойлгогдож байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ийнхүү гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, өөрчлөх талаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гараагүй байхад “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг цуцалсан нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд нийцээгүй, энэ талаарх журмыг зөрчсөн байна.

            Түүнчлэн хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаартай нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэртээ ... компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан, шалтгаангүйгээр ажил тасалсан гэж дурдсан байх бөгөөд энэхүү зөрчлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд үндэслэж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасан “Инженерийн барилга байгууламж, халаалтын зуух, шугам сүлжээний найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд тогтмол хийж техник технологийн стандартыг хатуу мөрдөж ажиллана” гэснийг зөрчсөн гэж үзжээ.

            Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9, 83 дугаар зүйлийн 83.6, 83.7-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэрээнд гарын үсэг зурж, гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгах буюу гэрээний нөхцлийг төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор заасан байна.

Энэ талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/66 дугаартай захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “ЧБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын /хх-115/ 3.4-т “Зөвлөлийн дарга зөвлөлийг төлөөлөн гүйцэтгэх удирдлагатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих” гэж, “ЧБ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.5-д “Компанийн тухай хууль, компанийн дүрэмд нийцүүлэн “Хөлсөөр ажиллах гэрээ”-г ТУЗ-тэй Гүйцэтгэх захирал жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор ... байгуулна.” гэж тус тус зааснаас үзэхэд ажил олгогчийн зүгээс компанийн гүйцэтгэх удирдлагатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаар тусгагджээ.

            Гэвч “ЧБ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Ү болон нэхэмжлэгч З.Б нар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан  гэрээгээ /хх-12/ “Хөдөлмөрийн гэрээ” гэж нэрлэсэн байх боловч уг гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан агуулга буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөл журам болон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 3591-д заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулга тусгагдаагүй ба харин гэрээнд талуудын хүлээх эрх, үүрэг, цалин хөлс, урамшуулал, хариуцлагын асуудлыг тусгаснаас үзэхэд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлд заасан “Контракт” –ын агуулгад илүү нийцсэн гэрээ гэж үзэхээр байна.  

            Тодруулбал талууд гэрээний зорилгыг “Орон нутгийн өмчит ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж чиглүүлэх үндсэн дээр үйлчилгээний чанарыг сайжруулах, компанийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг өргөтгөх замаар санхүү эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх...” гэж тодорхойлж, гэрээний 6.2-т “Гэрээний хоёр тал энэхүү гэрээний биелэлтийн тайлан, аудитын дүгнэлт, санхүүгийн тайлан, санхүүгийн төлөвлөөний биелэлтийг үндэслэн тухайн жилийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч хариуцлагыг тооцож ажиллана.” гэж, мөн Компанийн дүрмийн 6.6-д “Компанийн үйл ажиллагааны үр дүн, гэрээний биелэлтийг жилд нэгээс доошгүй удаа ТУЗ-д дүгнүүлж байна.” гэж зааснаас тус тус үзэхэд компанийн гүйцэтгэх удирдлагын хариуцлагын асуудлыг гэрээг дүгнэсний эцэст тооцохоор агуулга тусгагдсан  байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.4, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т нийцжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд контрактыг цуцлах үндэслэл журмыг зохицуулсан байх бөгөөд зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гэрээг цуцалсан шалтгаан нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.1-т заасан “контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн” тохиолдолд конрактыг цуцлах нөхцөлд илүү хамааралтай гэж үзэхээр байна.

Гэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ийнхүү дээрх хууль болон гэрээнд заасан хугацаа журмын дагуу гэрээг дүгнэсэн эсэх нь тодорхойгүйн гадна нэхэмжлэгчийг “... компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан, шалтгаангүйгээр ажил тасалсан ...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч З.Б нь чөлөө хүссэн өргөдлийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргад гаргаж, улмаар төлөөлөн удирдах зөвлөлийн дарга “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ны хугацаанд цалингүй чөлөө олгохоор” шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн чөлөө хүссэн өргөдөл /хх-51/ бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, уг хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр гарын үсгээ өөрөө зурсан, түүний хүсэл зоригийн илэрхийлэл мөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр /хх-90-94,123-127/ тогтоогджээ.

            Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаас үзэхэд “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд түүнд чөлөө олгох асуудлыг Компанийн дүрэм болон түүнтэй байгуулсан гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журамд нарийвчлан зохицуулаагүй ба компанийн гүйцэтгэх захиралд ТУЗ-ын дарга чөлөө олгосон нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2-т нийцсэн гэж үзнэ.

            Харин ийнхүү чөлөөтэй байх цаг хугацаанд халаалтын улирал эхэлсэн байх боловч нэгэнт эрх бүхий этгээд тухайн цаг үед нэхэмжлэгчид чөлөө олгосны гадна компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д зааснаар “... Гүйцэтгэх захирлын эзгүйд  санхүү хариуцсан дэд захирал орлож ажиллана. Орлож буй дэд захирал үүргийг гүйцэтгэхдээ батлан олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллана.” гэж зохицуулжээ.

            Хариуцагч тал нэхэмжлэгчийг ийнхүү эзгүй үедээ дэд захиралдаа орлон гүйцэтгэх ажил үүргийг бичгээр өгөөгүй, нэхэмжлэгчийг  эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө хүссэн атлаа өөр зорилгоор АНУ-д зорчсон гэж буруутгаж, үүнийгээ нэхэмжлэгчийг компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан гэж үзэх үндэслэл болгосон талаараа тайлбар гаргаж мэтгэлцсэн байх боловч энэ нь талуудын байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болгох сахилгын зөрчил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2/975 дугаар, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/1015 дугаар албан бичгээр өгсөн халаалт дулаан, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, нарийвчилсан төлөвлөгөө гарган ирүүлэх талаарх удаа дараагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх боловч 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг гаргаж хүргүүлсэн /хх-95-97/ болох нь тогтоогдсон байх ба энэ нь хариуцагчаас төлөвлөгөөний биелэлтийг дүгнээгүй /энэ тухай баримт хэрэгт авагдаагүй/ атлаа нэхэмжлэгчийг компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан гэж үзэх үндэслэл болгосон нь ойлгомжгүй болжээ.

            Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т контрактыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад үндэслэлээр ажил олгогч санаачлан гэрээг цуцлах буюу мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ... ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр гэрээг цуцалж болох боловч энэ тохиолдолд мөн л энэхүү хуульд заасан гэрээг цуцлах нөхцөл журамд нийцсэн байх ёстой болно.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний 4.4-д заасныг үндэслэсэн байх боловч уг заалтыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор нэрлэн заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй, тийм агуулга уг заалтад тусгагдаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн “... гэрээнд ноцтой зөрчил гэж ямар үйлдэл, эс үйлдэл байх талаар тусгаж заагаагүй, ... нэхэмжлэгчийг гэрээний 4.4-т заасныг хэрхэн зөрчсөн талаар хариуцагч нотлоогүй, ... хариуцагч нь “ЧБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлөх талаарх компанийн дүрмийг зөрчсөн...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй хэдий ч хариуцагч нь төсвийн байгууллага тул түүний гаргасан давж заалдсан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцааж олгох нь дээрх хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг даргын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ