Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00296

 

З.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2019/00012 дугаар магадлалтай,

З.Бын нэхэмжлэлтэй

ДГ А-ийн З-Ү С-ын ЗДд холбогдох

ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8 034 706 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Б би 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ДГ А-ийн З-Ү С-нднд байрлах орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-нд дулаан хангамжийн инженерээр ажилд орж улмаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хувийн шалтгааны улмаас АНУ руу явах тухайгаа компанийн ТУЗ-ийн дарга О.Үүрцайхад хэлж чөлөө авъя гэхэд чөлөө авах өргөдлөө үлдээгээд яваад ир гэснийх нь дагуу өргөдлөө үлдээгээд явсан. АНУ-аас 2018 оны 10 дугаар сарын 11-нд ирээд ажилдаа орсон. Ингээд ажил үүргээ гүйцэтгээд явж байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ТУЗ-ийн дарга О.Үүрцайх намайг өрөөндөө дуудаж уулзаад чамайг ажлаас чинь чөлөөлөх тухай Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамж гарсан, энэ захирамжтай танилц гээд танилцуулсан, тэр өдрийн 09,00 цагт ТУЗ-ийн дарга О.Үүрцайх, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батцацрал, манай компанийн нягтлан бодогч Э.Ууганбаяр нарыг байлцуулан миний ажлын өрөөг лацадсан. ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны Б/22 тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчиж гарсан. Тухайлбал Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 /Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанид төрийн болон орон нутгийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох, гүйцэтгэх удирдлагыг томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн нарийн бичгийн дарга болон тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна/-т зааснаар орон нутгийн өмчид ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилох чөлөөлөх асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9 /компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох/-т заасны дагуу Компанийн ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарахаар байна. Мөн МУЗЗНДНТУтХ, ТБОНӨтХуульд засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй байна. Иймд ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 058 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Миний бие ажлаас халагдсантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалинг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. “Ч Б”ХХК-ийн цалингийн нягтлан бодогч бодсоны дагуу ажиллаж байсан хугацааны цалин 7 377 480 төгрөг, ээлжийн амралтын хөлс 657226 төгрөг, нийт 8034706 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 77.1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 77.2.4 дэх хэсэгт орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэж тус тус заажээ. Мөн Компанийн тухай хуулийн 2.5 дахь хэсэг Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна, 2.6 дахь хэсэг Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх олгосон этгээд байж болно гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаар тогтоолоор “Ч Б”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр сумын Засаг дарга /Н.Алдарбаяр/ыг томилж, үйл ажиллагаа эрхлэн эрхийг олгосон байна. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.2 дахь хэсэг Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах гэж тус тус заасан байна. Иймд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргаас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А/58 дугаар захирамжаар “Ч Б”ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 1.4 дэх хэсэг Компанийн хөрөнгө нь 100 хувь орон нутгийн өмч байх бөгөөд түүнийг захиран зарцуулах эрх нь Компанийн тухай хууль болон энэ дүрмээр хязгаарлагдах хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллана, 5.3 дахь хэсэг Компани нь өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь 962 590 457,43 төгрөгийн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөтэй байна, 5.4 дэх хэсэг Энэхүү хөрөнгө нэг бүр нь 1000 төгрөг бүхий 96259045 ширхэг хувьцаанд хуваагдана гэж тус тус заасанчлан нийт хөрөнгө нь хувьцаанд хуваагддаг хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Мөн “Ч Б”ХХК-ийн дүрмийн 6.3 дахь хэсэг Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг тогтоож өгнө, 6.7 дахь хэсэгт Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж тус тус заасан нь компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй субьект нь сумын Засаг дарга мөн болохыг баталж байна. Түүнчлэн тус сумын Засаг дарга Н.Алдарбаяр нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар З.Быг “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байжээ. З.Б нь уг томилгооны үндсэн дээр сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл ажиллаж байсан байна. Энэ нь Засаг дарга ажилд томилохдоо бүрэн эрх нь хэрэгждэг, ажлаас чөлөөлөхдөө бүрэн эрх нь хэрэгжихгүй гэж ойлгож бичиж байгаа нь буруу бөгөөд эрхгүй гэж тодорхойлсон нь үүгээр няцаагдаж байна. 2. З.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах үндэслэлүүд байна. Үүнд. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаалд Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоож, холбогдох үүрэг өгчээ. Тушаалын 1 дэх хэсгийн 1.в-д Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хэнтий аймгуудын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр, 3 дахь хэсэгт Дулаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, компаниудын Дарга, Захирал, аймгийн Засаг дарга нь дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажилласугай, 3.б-д Халаалтын үргэлжлэх хугацаанд дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээ болон хэрэглэгчийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангах гэсэн заалтуудаар үүрэг хүлээлгэсэн байна. “Ч Б”ХХК нь орон сууц, байгууллага, ААН-ийг дулааны эрчим хүчээр тогтоосон халаалтын улиралд температурын графикийн дагуу жигд тасралтгүй хангах чиг үүрэг бүхий хүн ам, иргэдийн өмнөөс хүлээсэн онцгой үүрэгтэй байгууллага бөгөөд Эрчим хүчний сайдын тушаалаар өгсөн үүрэг, хүйтний улирлыг угтан дулаан дамжуулах бэлэн байдлыг хангах, далуунжуулалтыг эхлүүлэх онцгой цаг үед захирлын хувьд удирдлага зохион байгуулалтаар хангах үүргээ биелүүлэлгүй, халаалт өгч эхлэх 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа шууд орхиод явж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасанчлан хөдөлмөрийн харилцааг зогсоохоор, тухайлбал түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4 дэх хэсэгт Инженерийн барилга байгууламж, халаалтын зуух, шугам сүлжээний найдвартай хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд нь тогтмол хийж техник технологийн стандартыг хатуу мөрдөж ажиллана гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчил байсан. Үүнээс гадна З.Б нь хүсэлт гаргаж чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч тус сумын Засаг дарга Н.Алдарбаяртай энэ асуудлаар ямар нэгэн харилцаа үүсгээгүй, санал хүсэлт гаргаж байгаагүй байна. Нэмж дурдахад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түүнээс гаргасан гэх АНУ-д очиж нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх болсон тул 7 хоногийн чөлөө олгоно уу гэсэн өргөдөл, үүнтэй уялдуулан нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх түвшинд мэргэжлийн эмч нараас гаргасан шийдвэр, зөвлөмж, эрүүл мэндтэй холбоотой магадлагаа баримтыг тухайн үедээ гаргаж өгөөгүй байх бөгөөд одоогийн байдлаар ч гаргаж өгсөн зүйл байхгүй байна. Мөн “Ч Б”ХХК-аас Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яаманд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2/294 дугаар албан тоотоор виз хүсэх тухай албан тоотыг хүргүүлсэн байна. Албан тоотод 2018 оны 10 дугаар сарын 01-11 ний өдрүүдэд Water smart innovation-2018 /Ухаалаг ус шинэ нээлт-2018/ олон улсын үзэсгэлэн, бага хуралд З.Б нь оролцоно гэж виз хүссэн байх бөгөөд ямар удирдамж, чиглэл, мэдээлэл, ямар хэрэгцээ шаардлагын улмаас оролцох болсон, ажил үүрэгтэй нь хэрхэн уялдаж байгаа талаар зохих баримтыг тухайн үедээ болон одоо хүртэл гаргаж өгөөгүй байна. Эрчим хүчний сайдын тушаал шийдвэр гарсан, Засаг даргаас 2018-08-29 ний өдрийн 2/975 дугаар, 2018-09-06ны өдрийн 1/1015 дугаар албан тоотоор халаалт дулаан, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, нарийвчилсан төлөвлөгөө гарган ирүүлэх талаар удаа дараа үүрэг өгсөөр байтал ажлаа орхин зайлшгүй явах ямар шаардлага байгаа талаар нотолгоог гаргаж өгөөгүй, нотлогдохгүй байна. Иймээс З.Бы гажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл болсон гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 80340706 төгрөг болгосныг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Борлууд овогт Зоригоогийн З.Быг “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 7 320 000 төгрөгийг “Ч Б”ХХК-иас гаргуулан З.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 714 706 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Бын ажилгүй байсан хугацааны цалин 7 320 000 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Ч Б”ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Быг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Ч Б”ХХК-иас 202 270 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2019/00012 дугаар магадлалаар  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ДГ А-ийн З-Ү С-ын засаг даргын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг үл зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Гомдлын шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. З.Б нь 2018.11.19-нд нийтийн аж ахуй үйлчилгээ эрхлэгч “Ч Б”ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Алдарбаяр /Замын-Үүд сумын Засаг дарга/-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасанчлан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага хэсэгт “ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх эрх эрх хэмжээг олгоогүй байна” гэж тус тус, мөн Компанийн тухай хууль, МУЗЗНДНТУТХ болон ТБОНӨТХуулиас холбогдох зүйл заалтуудыг дурдсан байдаг. Монгол Улсын дээд шүүхээс 2016.05.10-ны өдөр “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” гэх 02 дугаар зөвлөмжийг гаргасан байдаг. Уг зөвлөмжид дурдсанаар “...Аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг. Энэ үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлно ”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм” гэж тус тус дурджээ. Ийнхүү дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэлийн маргаантай харилцаа нь сумын Засаг даргад орон нутгийн өмчит ХХК-ийн удирдлагыг чөлөөлөх эрх олгогдсон эсэх, үүнийг МУЗЗНДНТУТХ, ТБОНӨТХ болон Компанийн тухай хуульд хэрхэн зааж, эрх хэмжээний зааг хүрээг тогтоосныг хянан шийдвэрлэх явдал юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны зүйлээс холдож, эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаврыт голчлон тайлбарлах, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй, зөрчлийн улмаас үүссэн үр дагаварт үндэслэн шийдвэрийг гаргасан байна. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс харагддаг бөгөөд нэхэмжлэлийн маргаантай харилцаа, түүнийг зохицуулж буй дээрх гол хуулиудыг баримтлалгүй, дан ганц Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн нь шүүгч хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан явдал юм. Сумын Засаг дарга нь орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-тай холбоотой үйл ажиллагаа, эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ орон нутгийн өмчит компанийн өмчлөгч болох сумын ИТХ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд ажиллаж байсан бөгөөд энэ нь хуулийн дараах үндэслэлтэй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд тус зүйлийн 77.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77.2.4 дэх хэсэгт “орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж тус тус заажээ. Мөн Компанийн тухай хуулийн 2.5 дахь хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна”, 2.6 дахь хэсэг “Энэ хуулийн 2.5-д заасны дагуу үүссэн төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, орон нутгийн өмчит компанийн хувьд тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно” гэж заасны дагуу сумын ИТХ-ын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаар тогтоолоор “Ч Б”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр сумын Засаг дарга /Н.Алдарбаяр/-ыг томилж үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгосон байна. Тус хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэг “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2 дахь хэсэг “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” гэж тус тус заасан байна. Хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргаас 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр А/58 дугаар захирамжаар “Ч Б”ХХК-ийн дүрмийг баталсан бөгөөд дүрмийн 6.3 дахь хэсэг “Компанийн гүйцэтгэх захирлыг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэргийг тогтоож өгнө”, 6.7 дахь хэсэгт “Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь компанийн Гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй субъект нь сумын Засаг дарга мөн болохыг баталж байна. “Ч Б”ХХК нь Замын-Үүд сумын иргэдийг халаалт дулаанаар хангадаг, орон нутгийн өмчит, компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, маргаантай харилцаа болох сумын Засаг даргын тус компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх эрхтэй эсэхийг тухайн эрх зүйн харилцааг зохицуулж буй Компанийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан зохицуулалт, заалтуудыг харгалзан хянан шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.  Иймд шүүх нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасанчлан хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байх тул уг алдааг залруулж, шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч ДГ А-ийн З-Ү С-ын ЗДд холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1 058 000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж /хх-149/ ажилгүй байсан хугацааны олговорт 8 034 706 төгрөгийг  нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч З.Быг “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, олговор 7 320 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн харилцаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээг сонгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, харин гэрээний төрлийг өөр өөрөөр тодорхойлсон байдалд хууль зүйн дүгнэлт хийж, залруулах боломжтой гэж үзэв.

Хариуцагч ДГ А-ийн З-Ү С-ын ЗД 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар З.Быг орон нутгийн өмчит “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас халахдаа “компанийн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг хангалтгүйгээр хэрэгжүүлж ажилласан, шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан” гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, ДГ А-ийн З-Ү С-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04/05 дугаар тогтоолыг баримталжээ.

Засаг дарга өөрийн бүрэн эрхийг тогтоосон хэм хэмжээг баримталсны зэрэгцээ З.Б нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон байна.

Сумын Засаг дарга, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээ, гэрээг цуцлах болсон үндэслэл буюу ажилтан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан зөрчил гаргасан эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон, хоёр шатны шүүх эдгээр эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх контрактын гэрээ байгуулагдсан гэж зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй, гэрээнд хугацаа заагаагүй, ашгаас хүртэх хувь хэмжээ, ажлын эцсийн үр дүнг гэрээнд тодорхойлоогүй байхад давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг контракт гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Компанийн ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэрээний зорилгоос үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байх боломжтой хэдий ч талууд хөдөлмөрийн гэрээний үндсэн шинж болох ажилтан тодорхой ажлыг гүйцэтгэх, ажил олгогч тохирсон цалин хөлс олгохоор тохирсон, туршилтын хугацаагаар ажилд томилсон зэрэг нөхцөл байдлаас үзэхэд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д “...орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна.”, 2.6-д “...орон нутгийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосон этгээд байж болно...” гэж зааснаар Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/05 дугаар тогтоолоор ДГ А-ийн З-Ү С-ын Засаг даргыг “Ч Б”ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр томилж, үйл ажиллагаа явуулах эрхийг олгожээ.

ДГ А-ийн З-Ү С-ын ЗД 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар “Ч Б”ХХК-ийн дүрмийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/66 дугаар захирамжаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, гишүүдийг тус тус баталсан байна. Түүнчлэн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар З.Быг “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 3 сарын хугацаагаар томилсон, 2018 оны 05 сарын 11-ний өдөр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга З.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Туршилтын хугацаа дууссан боловч ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байснаас үзэхэд талуудын хооронд хугацаагүй гэрээ байгуулагдсан байна. Гэвч энэ байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай гэрээ байгуулах талуудын эрхийг хязгаарлахгүй юм.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.8-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй бөгөөд “Ч Б”ХХК-ийн дүрмийн 6.3-д “Компанийн гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигч томилон, гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хязгаар, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл, хөлс урамшуулал зэргийг тогтоож өгнө.” гэж, дүрмийн 6.7-д Гүйцэтгэх захиралд хариуцлага хүлээлгэх асуудлыг ТУЗ-ын хурлаар хэлэлцэж сумын Засаг дарга шийдвэрлэнэ. гэж тус тус заасан нь Компанийн тухай хуулийн зохицуулалтад нийцсэн хэм хэмжээг хариуцагч нь дүрмээрээ тогтоосон байна.

ДГ А-ийн З-Ү С-ын ЗД “Ч Б”ХХК-ийн гүйцэтгэх захирлыг ажилд авах, ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй боловч компанийн дүрмээ зөрчиж, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр З.Быг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, энэ талаар хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн ажилтан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх байдлыг хариуцагч нь нотлоогүй, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтанд чөлөө олгосон байхад /хх-51/ ажил тасалсан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан Засаг даргын захирамж үндэслэл муутай болжээ. Засаг даргын энэ шийдвэр нь захиргааны үйл ажиллагаатай холбоогүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 137/ШШ2019/00091 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2019/00012 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА