Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/00944

 

 

 

 

 

 

2022 03 02

101/ШШ2022/00944

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Л холбогдох

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Хариуцагч Л.Л,

Гэрч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Д би Л.Лтэй 2018 оны 3 дугаар сард уулзаж танилцсан бөгөөд Л.Л нь Солонгос улс руу хүн гаргадаг чамайг гаргаж өгч болно гэсэн. Л.Лтэй 2018 оны 4 дүгээр сард аман гэрээгээр Солонгос улс руу гаргахад 5,000,000 төгрөг байдаг, хэрвээ би гаргаж чадахгүй бол 5,000,000 төгрөгийг чинь буцаан өгнө гэж амласан юм. Ингээд би Л.Лгийн Хаан банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би мөнгө өгснөөсөө хойш Солонгос улс руу гаргаж өгөхийг удаа дараа уулзаж, утсаар ярьж шаардсан боловч удахгүй гаргаж өгнө эхлээд эрэгтэй хүмүүсээ гаргачихаад гэж хэлсэн боловч дараа нь 2019 он гарахаас өмнө гэсэн ба дахин ярьсан боловч удахгүй бүтнэ гэж ярьсаар өдийг хүргэсэн. Би 2021 оны 7 дугаар сард дахин ярьсан боловч завгүй байна, өвчтэй байна, ажил эхлээгүй байна гээд бүр сүүлдээ утсаа авахгүй болсон. Ингээд фейсбүүк рүү нь чат бичсэн боловч урдаас доромжлон, харааж сүрдүүлдэг болсон.

Иймд Л.Лгээс Солонгос улс руу явуулж өгнө гэж авсан 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.Л нь Цаглашгүй Оюун сургалтын төвийг 18 жил удирдан ажиллуулж байна. Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр явах хүмүүсээс авдаг төвшин тогтоох шалгалтанд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Уг шалгалтын материал нь ТОПИК-ийн 2 зэрэглэлтэй тэнцэхүйц шалгалт байдаг учир монголоос бүртгэгдсэн хүн болгон тэнцэх боломж дутмаг байдаг. Учир нь Солонгос хэл Монголын нөхцөлд түгээмэл биш юм. Иймээс манай сургалтын төв 2 түвшин буюу 2000 тест /уншиж ойлгох, сонсож ойлгох/ хэлбэрээр бэлтгэдэг. Уг нэхэмжлэл гаргасан А.Д нь Завхан аймгийн харьяат байсан ба бүртгэлд харьяалалтай бүртгэгдэх байсан. Тэр жил манай төв Сүхбаатар дүүргийн сонсогчидод сургалт явуулж байсан. Ингээд 2 жилийн сургалтын төлбөрөө төлж (вакум түргэвчилсэн ганцаарчилсан) давтлага маягаар сургалтанд сууж Сүхбаатар дүүргийн харьяаллаар бүртгэгдэж 50410844 кодоор 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өглөө /1ээлж/ 9цаг 30 минут шалгалтанд орж 140 оноогор тэнцсэн. Энэхүү шалгалтанд тэнцсэн хүмүүс хөдөлмөрийн бирж дээр 2 жил байршиж хүлээх үүрэгтэй. Гэтэл корона вирусийн улмаас 2,5 жилээр дахин нэрийг байршуулан хүлээлгэж байгаа юм. Иймээс энэ хүний явах хүчинтэй хугацаа дуусаагүй эрх нь нээлттэй байгаа. Миний хувьд энэ сонсогчид 2 багшаар хангалттай Солонгос хэлийг нь заалгаж 200 оноо авахаас 140 оноо авхуулж ажилаа 75 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Гэтэл энэ хүн 2 удаа намайг цагдаад өгсөн боловч хэрэгсэхгүй болсон. Одоогоор дахин шүүхэд хандаж миний ажил алба хувь хүн талаас минь үл хүндэтгэж худал гүтгэж мөнгө нэхэж байна. Мөн хүлээж буй хугацаандаа жирэмсэн, хүүхэд төрүүлсэн явдал нь энэ хүн БНСУ-д гэрээний хөдөлмөр эрхлэх боломжгүй болох гол шалтгаан нь байсан. Миний хувьд БНСУ-д явуулж өгөх талаас ярьж байсан удаагүй. Харин шалгалтанд тэнцээгүй бол гэрээний ажилчин болохгүй гэдэг тал дээр сургалтын төлбөрийн хүрээнд сургаж тэнцүүлж ажлын санал ирэхэд бэлэн болсон байгаа. Нэхэмжлэгчээс авсан 5,000,000 төгрөг бол шалгалтад тэнцэх хүртэлх хугацааны төлбөр юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтын хувьд: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, А.Дын иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны 5518063376 тоот А.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2078 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хариуцагчийн хариу тайлбар,

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/22531 дугаартай захирамжаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 рны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр нийт 7 хуудас баримт ирсэн ба БНСУ-ын гадаад ажил хайгчийг бүртгэх программд Алтангэрэлийн Долгоржавын тухай мэдээлэл, 14 дэх удаагийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн нэрс, Passers List of EPS-TOPIK, Scoring list of EPS-TOPIK, ХЭЗТ-ны гадаад ажилчин сонгож авах онооны систем хэрэгжих тухай зарлал, 2018 оны энгийн СХТТ шалгалтад тэнцсэн иргэдийн нэрс, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримтууд, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрч Ч.Болормаагаас авсан мэдүүлэг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрч С.Баас авсан мэдүүлэг зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Л.Лд холбогдуулан Солонгос улс руу явуулж өгөх зорилгоор өгсөн 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь миний хувьд хийх ёстой зүйлээ хийсэн буюу А.Даас авсан 5,000,000 төгрөг нь Солонгос хэлний шалгалтанд тэнцэх хүртэлх хугацааны төлбөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

А.Д нь БНСУ руу хөдөлмөрийн гэрээний дагуу явах зорилгоор Л.Лтэй 2018 оны 3 дугаар сард холбогдож, улмаар Л.Лгийн зохион байгуулсан сургалтанд А.Д нь хамрагдсан ба 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр А.Д нь 5,000,000 төгрөгийг Л.Лгийн өөрийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, А.Дын Хаан банкны 5518063376 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Улмаар Л.Л нь өөрийн зохион байгуулсан сургалтын цагийн багшаар Ч.Болормааг ажиллуулж, А.Д нь хариуцагч Л.Л болон гэрч Ч.Болормаа нараас тодорхой хэмжээний дэмжлэг /шифи/ авсаны үндсэн дээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд 50410844 кодтой орж, тэрээр 140 оноо авч тэнцсэн ба Ч.Болормаагийн сургалтанд хамрагдсанаар А.Д нь Ч.Болормаад 200,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, гэрч Ч.Болормаагийн мэдүүлэг, Scoring list of EPS-TOPIK-ийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

 

А.Д нь БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн шалгалтад тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 1174 дугаарт бичигдсэн, СХТТШ-д тэнцсэн иргэдийн шалгалтын хүчинтэй хугацаа 2 жил байх ба БНСУ-ын Хөдөлмөрийн биржид 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд нэр нь байршсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/10 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.Л нь нэхэмжлэгч А.Даас 5,000,000 төгрөгийг авсаны хувьд маргадаггүй бөгөөд тэрээр Солонгос хэлний шалгалтанд тэнцэх хүртэлх хугацааны төлбөр гэж тайлбарлаж байгаа боловч уг төлбөрийн задаргаа болон юунд зарцуулсан нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд хариуцагч нь 3,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил хийсэн, 1,500,000 төгрөгийг нь би өгье гэх зэрэг тайлбарыг гаргаж байх боловч энэхүү өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч нь Цаглашгүй Оюун сургалтын төвийг 18 жил удирдан ажиллуулж, Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр явах хүмүүсээс авдаг төвшин тогтоох шалгалтанд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн уг сургалтын төвтэй А.Д нь ямар нэгэн сургалтын гэрээ, эсхүл өөр харилцаанд орсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2078 дугаартай тогтоолоор Л.Л нь А.Дыг залилсан асуудал байхгүй гэж энэ талаарх мэдүүлгийг өгсөн боловч тус асуудал нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байх боловч тус гэмт хэргийн шинжтэй үйлдлээс хойш 3 жил өнгөрч, гомдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж А.Дын гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүсээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Харин гэрч С.Бын ... 5,000,000 төгрөгийг манай эгч н.Эрдэнэбилэг нь Л.Лд өгсөн. Тэр мөнгийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын санал ирүүлнэ, Солонгос руу гаргаж өгнө, шалгалтад тэнцүүлж өгнө гээд авсан, ... 4,500,000 төгрөгийг нь шалгалтад орохоос өмнө нь буцаагаад авсан, ... үлдэх 500,000 төгрөгийг нь ажлын хөлсөнд суутгасан гэж хэлсэн, ... Солонгос явуулна гэж 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл зууралдсан гэж хэлээд авсан ... гэх мэдүүлэг, мөн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.Дыг шалгалтанд тэнцүүлэхтэй холбоотойгоор Л.Л нь тодорхой ажил гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж зааснаар хариуцагч Л.Л нь 4,500,000 төгрөгийг А.Даас авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Эрдэнэбилэгийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээсээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны явцад татгалзсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Лгээс 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 /наян зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Дт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ