Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00854

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Д ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Д ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Л д холбогдох, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Л.Л нь Солонгос улс руу гаргадаг чамайг гаргаж өгч болно гэж Л.Л тэй 2018 оны 04 сард аман гэрээ байгуулсан. Солонгос улс руу гаргахад 5,000,000 төгрөг байдаг, хэрэв гаргаж өгч чадахгүй бол 5,000,000 төгрөгийг чинь буцааж өгнө гэж амласан. Ингээд Л.Л гийн Хаан банкны данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Солонгос улс руу гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй бүтнэ гэсээр өдийг хүрсэн. Иймд Л.Л гээс Солонгос улс руу явуулж өгнө гэж авсан 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Л.Л нь Цаглашгүй оюун сургалтын төвийг 18 жил удирдаж ажиллуулж байна. Уг компани Монгол улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр явах хүмүүсээс авдаг түвшин тогтоох шалгалтад бэлтгэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэл гаргасан А.Д нь Завхан аймгийн харьяат байсан. Ингээд 2 жилийн сургалтын төлбөрөө төлж, вакум түргэвчилсэн ганцаарчилсан давтлага маягаар сургалтад сууж Сүхбаатар дүүргийн харьяаллаар бүртгэгдэн 0 кодоор 2018 оны 04 сарын 10-ны өглөө 09:30 цагт шалгалтад орж, 140 оноогоор тэнцсэн. Энэхүү шалгалтад тэнцсэн хүмүүс хөдөлмөрийн бирж дээр 2 жил байршиж хүлээх үүрэгтэй. Гэтэл Коронавирус халдварын улмаас 2,5 жилээр дахин нэрийг байршуулан хүлээлгэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн явах хүчинтэй хугацаа дуусаагүй, эрх нь нээлттэй байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид Солонгос хэлийг 2 багшаар хангалттай заалгаж, 200 оноо авахаас 140 оноо авахуулж, 75%-ийн гүйцэтгэлтэй хийсэн. Мөн хүлээж байх хугацаандаа жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн явдал нь БНСУ-д хөдөлмөр эрхлэх боломжгүй болох гол шалтгаан нь байсан. Хариуцагчийн хувьд БНСУ руу явуулж өгнө гэж ярьж байсан удаагүй. Харин шалгалтад тэнцэхгүй бол гэрээт ажилчин болохгүй гэдэг тал дээр сургалтын төлбөрийн хүрээнд сургаж тэнцүүлж, ажлын санал ирэхэд бэлэн болсон байгаа. Нэхэмжлэгчээс авсан 5,000,000 төгрөг нь шалгалтад тэнцэх хүртэлх хугацааны төлбөр юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Л гээс 4,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д т олгож, үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л гээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Д д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн зүгээс БНСУ руу гэрээгээр ажиллах зорилготой хүмүүсээс ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг авч, уг төлбөрт Солонгос хэлний сургалтад хамруулах, шалгалтад хамруулж тэнцүүлэх, улсын БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрийг байршуулж гэрээт ажилчны шаардлагыг хангах ажлыг гүйцэтгэдэг бөгөөд иргэдээс уг үйлчилгээний хариуд 5,000,000 төгрөгийн хөлс төлдөг болно. Анхан шатны шүүхээс Л.Л нь өөрийн зохион байгуулсан сургалтын цагийн багшаар Ч.Б г ажиллуулж, 2018 оны 04 сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 0 кодтой орж, 140 оноо авч тэнцсэн, Scoring list of EPC TOPIK-ийн жагсаалт зэргээр тогтоогдож байна хэмээн талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн болохыг тогтоосон атлаа А.Д аас 5,000,000 төгрөг авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэнээр шүүхийн шийдвэр зөрчилдөж байна.

4.б. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс А.Д аас авсан хөлсний хариуд зохих үйлчилгээ үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан СХТТ шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл, Scoring list of EPS TOPIK-ийн тэнцсэн иргэдийн жагсаалтад А.Д орсон байдаг. Ч.Б , С.Б нарын гэрчийн мэдүүлгийг өөр өөрөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.

4.в. Нэхэмжлэгч А.Д ын зүгээс өөрийн буруутай үйлдлийн улмаас БНСУ руу явж чадаагүй буюу жирэмсэн болж ажилчны гэрээ байгуулах боломжгүй болсон болно. Түүнтэй нэг ангид сурч байсан бусад хүүхдүүд бүгд ажлын гэрээ байгуулан БНСУ руу явсан болно. Миний хувьд Цаглашгүй оюун ТББ-ын тэргүүн бөгөөд уг хуулийн этгээдээр дамжуулан иргэдийг БНСУ руу шалгалтад бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг болно. Гэвч анхан шатны шүүхээс гагцхүү мөнгийг өөрийн хувийн дансаар хүлээн авсан хоёр иргэний хооронд үүссэн харилцаа хэмээн буруу дүгнэсэн болно.

4.г. Мөн А.Д болон гэрч С.Б нарт үзүүлсэн үйлчилгээг адилтган үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. С.Б ын зүгээс мөн адил үйлчилгээг авахаар 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч эрүүл мэндийн шалтгаанаар гэрээт ажилчны шаардлагыг хангахгүй болон нь тогтоогдсон тул сургалтад хамруулалгүй 500,000 төгрөгийг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан өгсөн болно. Гэвч А.Д ыг түүнтэй адилтган үзсэн нь учир дутагдалтай байна. Тэрээр С.Б аас ялгаатай бөгөөд сургалтад бүрэн хамрагдаж, шалгалтад тэнцэж, манай байгууллагаас авах бүхий л үйлчилгээг авсан болно. Мөн талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, ямар үүргийн харилцаа үүссэн эсэхэд анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү.

 

5.   Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Л.Л д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч БНСУ руу гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгч чадаагүй тул түүнд шилжүүлэн өгсөн 5,000,000 төгрөгөө буцааж авна... гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч Л.Л бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр /хх 91/, 1,500,000 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гаргасан /хх 209/ ба татгалзлын үндэслэлээ ...БНСУ руу явахад шаардлагатай Солонгос хэлний шалгалтад 140 оноогоор тэнцүүлж, Хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулсан, нэхэмжлэгч жирэмсэлж, хүүхэд төрүүлсний улмаас Солонгос улс руу явж чадаагүй... гэж тайлбарлан маргажээ.

 

4.   Анхан шатны шүүхээс хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн түүнээс 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь:

4.а. хариуцагч нь Солонгос улс руу гаргана гэж 5,000,000 төгрөг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй.

Өөрөөр хэлбэл ...Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэх хэлний дамжааны төлбөр 5,000,000 төгрөг болсон... гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй.

4.б. Нэхэмжлэгчээс авсан 5,000,000 төгрөг нь 2 жилийн вакумжуулсан сургалтын төлбөр гэх хариуцагчийн тайлбар нь Солонгос хэлний хичээлийг заасан багш Ч.Б гийн өгсөн ...Тэрэнд 1 сар байна уу, ойролцоогоор 2 сар, 2 сар ч хүрээгүй, дараа нь миний өөрийн хувийн сургалтын төвийн байранд үргэлжлүүлээд 2 сар суусан, тэгэхээр ерөнхийдөө миний гараар 3 сар гарантай хугацаанд л явсан..., ...надад сургалтын төлбөрөө төлсөн..., ...Ер нь бол нэг сарын төлбөр 100,000 төгрөг..., ...Сарын төлбөр нь 100,000 төгрөг. Л.Л гээс мөнгө авахгүй шүү дээ, яалаа гэж тухайн хүүхдээсээ л авна... гэх гэрчийн мэдүүлэг /хх 196-199/, А.Д аас багш Ч.Б д сургалтын төлбөр шилжүүлж байсан талаарх Хаан банк дахь Депозит дансны хуулга /хх 183/ зэрэг баримтаар няцаагдаж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2 жил бус харин 3 сарын хугацаанд хэлний дамжаанд хамрагдсан, мөн уг дамжааны төлбөрийг тусдаа төлж байсан үйл баримт тогтоогдсон тул дээрх 5,000,000 төгрөгийг хэлний дамжааны төлбөр гэж үзэх боломжгүй.

4.в. Хариуцагч Л.Л нь Гадаадад ажиллах хүч зуучлах эрх бүхий этгээд биш, БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт зохион байгуулах, авах эрх бүхий этгээд биш атлаа ...БНСУ руу явуулна, Хөдөлмөрийн биржид нэрийг нь байршуулна... хэмээн бусдаас мөнгөн хөрөнгө авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч А.Д нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орж 140 оноогоор тэнцсэн гэх үйл баримт нь Л.Л гээс үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахгүй байх үндэслэл болохгүй.

 

5.   Нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Л гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.НЯМБАЗАР