Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2022/00001/И |
Дугаар | 101/ШШ2022/01370 |
Огноо | 2022-03-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/01370
2022 03 25 | 101/ШШ2022/01370 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ ХХК холбогдох
61,655,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ОЗХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь ХХХХК-иас авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмж худалдаж авахаар 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр 35,140 ам.долларын бараа худалдан авахаар харилцан тохиролцсон билээ. Манай компани дээрх гэрээний төлбөрийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөг буюу 6410 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөг буюу 21,333 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 14,525,489 төгрөг буюу 7397 ам.доллар нийт 35,140 ам.долларыг төлж дуусгасан юм. Энэхүү гэрээтэй төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн алданги нэхэмжилж ХХХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээр гэрээний алданги 21,410,626 төгрөгийг гаргуулахаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр тус тус шийдвэрлэсэн болно. Манай компани ХХХХК-тай байгуулсан Худалдах худалдан авах гэрээ-ний дагуу төлөгдөх 35,140 ам.доллараас гадна нэмэлт бараа бүтээгдэхүүн захиалахаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 61,655,784 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн боловч уг төлбөрт бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй өнөөдрийг хүрээд байна. Энэхүү төлбөр нь шүүхээр шийдвэрлэгдсэн 35,140 ам.доллартай холбоогүй бөгөөд тусад нь шилжүүлсэн төлбөр учир яг энэхүү төлбөртэй холбогдсон ямар нэгэн маргаан шийдвэрлэгдээгүй болно. Мөн энэхүү төлбөрийг гэрээ байгуулалгүй шууд шилжүүлсэн, уг төлбөрт өнөөдрийг хүртэл бараа нийлүүлээгүй мөн буцаан өгөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгийн буцаан шаардахаар зохицуулсан байдаг бөгөөд манай компани 61,655,784 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй, мөн энэхүү төлбөрийн үүрэг үүсээгүй тул хариуцагчаас 61,655,784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХХХК-ийн захирал Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани ОЗХХК-д бараа нийлүүлэхтэй холбоотой гэрээт болон гэрээт бусаар худалдах, худалдан авах ажиллагааг 2014 оноос эхэлж тогтоосон байдаг. Хамгийн эхний худалдааг зээлийн гэрээгээр хийсэн боловч харамсалтай нь худалдан авагч ОЗХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хөсөрдүүлж төлбөрөө хэтэрхий хугацаа алдаж гүйцэтгэсэн байдаг. Энэ гэрээний төлбөрөө барагдуулаагүй байхдаа манайхаас мөн 2014 онд хүнээр зуучлуулан (тэр хүнээр баталгаа болгон) төлбөрөө хугацаандаа барагдуулна гэсэн амлалт авч байж нэмэлт бараануудыг манай компаниас дахин зээлээр (гэрээгүйгээр) авсан байдаг. Гэтэл итгэл эвдэн хэтэрхий удаан хугацаагаар төлбөрөө барагдуулахгүй байсан тул гэрээгээ зөрчиж хугацаа хожимдуулж төлсөний алдангийг төлүүлэхээр манай компаниас 2-3 жил шахам хөөцөлдсөн боловч төлбөрөө төлөх найдвар багагай болсон тул шүүхэд хандаж энэ асуудал сунжирсаар мөн л 2-3 жил шахам хугацааны дараа төлбөрөө өнгөрсөн 2021 оны 9 дүгээр сард барагдуулж дууссан байдаг. Энэ алдангийг манайд төлсөндөө хорсож өмнө манайд төлсөн нэг төлбөрийн баримтаа таслан авч хуурамч нэхэмжлэл гаргаж шүүхээр тоглохоор завдаж байна. Энэ төлбөрийн баримт бол манайд төлөх ёстой байсан барааны үлдэгдэл төлбөр л байсан юм. Бидний хоорондын худалдаа хийж байгаа бараа бүтээгдэхүүн бол тусгай зориулалтын бараа бүгээгдэхүүнүүд бөгөөд зөвхөн зориулалтын дагуу л гэрээгээр ашиглагддаг болно. Иймд Отгонзам ХХК манай компаниас худалдан авахдаа Улаанбаатар хотын холбогдох төрийн байгууллагын захиалгыг биелүүлэхээр л худалдан авдаг бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрвээ үнэхээр л манайд төлбөр төлөөд бараа бүтээгдэхүүн захьсан юм бол энэ олон жилийн хугацаанд үүнийг ядаж нэг удаа манайхаас нэхсэн баталгаа гаргаад ирнэ үү. Манай хаягийг мэдэхгүй хаяг тодруулах хүсэлтийг шүүхэд гаргасан байсан тэгэхээр ядаж мэдэж байгаа холбооны хэрэгсэл утсан холбоогоор холбогдохыг оролдож үзсэн баймаар тэгтэл огтоос холбогдоогүй байдаг. Харин манай талаас утсаар хичнээн ярьсан ч утсаа авдаггүй байсан тул арга буюу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн байдаг. Мөн дээр нь үнэхээр бараа (захиалсан барааны нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүн бүхий) захиалсан юм бол цаашид хаана хэрхэн нийлүүлэх захиалга авсан байсан талаар албан нотолгоо байх ёстой. Учир нь нийлүүлэлт баталгаатай байж л худалдан авалт хийдэг. Мөн манайхаас авах авлагаа татварын тайландаа тусгаж түүнээ татварын албандаа (татварын баталгаажсан тайлан) тайлагнаж байснаа батлах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ОЗХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримт, ОЗХХК-ийн Голомт банкин дахь 1410008237 дугаартай дансны хуулга, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26ё2-3/6364 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/01845 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01252 дугаартай тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаартай магадлал, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, ХХХХК болон ОЗХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай шийдвэр, ХХХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар, ХХХХК-ийн Хаан банкин дахь 5003869493 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, авлагын тооцооллын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны 183/ШШ2018/00321 дугаартай тэмдэглэлийг тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2022/03645 дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, уг захирамжийн дагуу ОЗХХК-ийн 2014, 2015 оны 4 дүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2014 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн тодруулга, Цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан, Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тайлан, ОЗХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн гүйлгээний журнал, ОЗХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/06 дугаартай тайлбар, 2014 оны 4 дүгээр улирлын Санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, 2015 оны 4 дүгээр улирлын Санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан, Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2/209 дугаартай албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 04/182 дугаартай албан бичгийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОЗХХК нь хариуцагч ХХХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 61,655,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нэмэлт бараа бүтээгдэхүүн захиалахаар 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 61,655,784 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн боловч уг төлбөрт бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.
Хариуцагч нь энэхүү төлбөрийн баримт бол манайд төлөх ёстой байсан барааны үлдэгдэл төлбөр л байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай шийдвэрээр ХХХХК-ийн нэхэмжлэлтэй, ОЗХХК-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний алданги, учирсан хохиролд 47,181,700 төгрөг гаргуулах, ОЗХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үнийг доллараар илэрхийлснийг хүчингүй болгож, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан үнийн дүнг гэрээ байгуулагдсан үеийн төгрөгийн ханшаар тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд ОЗХХК-иас алданги 29,346,180 төгрөгийг гаргуулж, ХХХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ОЗХХК-ийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг ОЗХХК нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаартай магадлалаар 183/ШШ2018/00321 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, ОЗХХК-иас алдангид 21,410,626 төгрөгийг гаргуулж, ХХХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2018/01252 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 21/07/492 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр дээрх шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.
ОЗХХК нь ХХХХК руу 61,655,784 төгрөгийг барааны үнэ гэсэн утгаар Голомт банкин дахь 1410008237 тоот данснаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн байх ба ХХХХК-ийн Хаан банкин дахь 5003869493 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шилжиж орсон, улмаар ХХХХК нь уг төлбөрийг 7 дугаар сарын 03-ны өдөр свифт үйлчилгээ хэрэглэж гадаад руу буюу БНСУ-руу нийт 88,199,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, Голомт банкин дахь 1410008237 тоот данс болон Хаан банкин дахь 5003869493 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт уг гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар ... нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан ба ОЗХХК нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийг төлсөн ... шаардах эрх үүссэн үеэс хугацааг тоолоход 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул ХХХХК нь шаардах эрхтэй гэж дүгнэсэн байна.
Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 832 дугаартай магадлалаар ... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг заасан байх ба хариуцагч нь 2015 онд мөнгөн төлбөрийн үүргээс зохих хэсгийг нэхэмжлэгчид төлж байсан тул хариуцагч нь үүргийг зөвшөөрч биелүүлж байсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно... гэж дүгнэжээ.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дугаартай тэмдэглэлээс үзэхэд Даргалагчийн хариуцагчаас гэрээний үүрэгт нийт хэдэн төгрөг авсан бэ гэх асуултад нэхэмжлэгчийн төлөөлөгч /ХХХХК/ 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 40,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 61,655,780 тус тус төлсөн байсан. Гэхдээ сүүлийн шилжүүлсэн 61,655,780 төгрөг нь энэ зээлийн гэрээнээс гадна өөр ажил гүйцэтгэхээр авч байсан зээлийн төлбөртэй нийлж орж ирсэн гэх хариултыг өгсөн байна.
ОЗХХК нь 61,655,780 төгрөгийг барааны үнэ гэсэн утгаар ХХХХК-д шилжүүлсэн байх ба өмнөх хэрэг, маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сүүлийн шилжүүлсэн 61,655,780 төгрөг нь энэ гэрээнээс гадна өөр ажил гүйцэтгэхээр авч байсан зээлийн төлбөртэй нийлж орж ирсэн төлбөр буюу зохигчдын хооронд 61,655,780 төгрөгийн бараа худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч үүргийн харилцаа үүсч, ОЗХХК-ийн хувьд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, улмаар ХХХХК нь барааны төлбөрийг хүлээн авч, цааш нь свифт үйлчилгээ хэрэглэж гадаад руу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэгч нь 61,655,784 төгрөгийг төлөх үүргийг хариуцагчийн өмнө хүлээгээгүй, мөн энэхүү төлбөрийн үүрэг үүсээгүй тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байх боловч дээр дурдсан үйл баримтаас дүгнэвэл хариуцагч ХХХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч ХХХХК нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хаягтай байх ба зохигчид тус шүүхээр хэрэг, маргааныг шийдвэрлүүлэх хүсэл зоригоо хэн хэн нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар зохигч хэргийн харьяаллын талаар харилцан тохирсон гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 61,655,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ОЗХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 171 /нэг зуун далан нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч ОЗХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ