Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/00615

 

 

 

 

 

 

2022 02 14

101/ШШ2022/00615

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.А

 

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.М холбогдох

 

Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.Сд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А, Б.Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд /№2352/,

Хариуцагч Г.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Галхүү /№2131/, С.Цацралтуяа /№0490/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.А нь 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач Н.Сгийн 3 дахь охин болж мэндэлсэн бөгөөд тэрээр 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хүү Б.Бг төрүүлсэн. С.А нь холбоочин мэргэжилтэй, 2003-2018 оны хооронд Овоотын хилийн цэргийн ангид холбоочин, тогооч хийж байсан. Миний эцэг Н.С нь автын инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0153 дугаар ангид автын инженер ажил эрхэлж байсан ба 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоот, 2 өрөө орон сууцыг өмч хувьчлалаар авах эрхтэй болж 34 дугаар эрхийн бичгийн дагуу хүлээн авсан бөгөөд түүнээс хойш гэр бүлийн хамт амьдарч байсан. Талийгч эцэг Н.С нь 1993 оноос хойш хараа муудаж, болор суулгаад тааралгүй эвэрлэг бүрхүүл нь цайрч 1994 онд эцэг маань хараагүй болж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Намайг Овоотын хилийн цэргийн ангид ажиллаж байх үед 2006 оны 7 дугаар сарын 05 ны өдөр эцэг Н.С маань өвчний улмаас нас барсан байсан ба тухайн үед холбоогүй, мэдээгүй байж байгаад 2006 оны 8 дугаар сард мэдсэн. Талийгч эцэг Н.Сг нас барах хүртэл миний хүү Б.Б цуг амьдарч, миний дүү н.Ж ирж, очин, хоол хийж өгч асардаг байсан. Гэтэл Н.М нь эцгийг өнгөрөөд 10 хоногийн дараа эцэгтэй чинь гэрээ байгуулсан, өгдөг юмаа өгсөн гээд манай гэрийнхнийг байрнаас хөөж гаргаад тус орон сууцанд амьдарч эхэлсэн байсан. Хариуцагч Н.М нь эцэгтэй тохиролцсон гэх хашаа байшинг бидэнд өгсөн зүйл огт байхгүй, ямар ч төлбөр мөнгө төлөөгүй. Түүнээс хойш хариуцагчаас орон сууцаа нэхэхэд эцэгтэй чинь гэрээ хийсэн, хийсэн гэрээгээ чамд үзүүлэхгүй, миний орон сууц гэж орон сууцнаас хөөдөг. Бидний зүгээс орон сууцны гэрчилгээг хариуцагч Н.М аль хэдийн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, талийгаач эцэг болон Н.М нар хоорондоо гэрээ байгуулсан гэж ойлгож өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 6 дугаар сард банканд ажилладаг миний найзаас Н.М тус орон сууцыг барьцаалан зээл авахаар ирснээр талийгаач болон хариуцагч нарийн хооронд ямар ч гэрээ байхгүй, одоог хүртэл орон сууц талийгаач эцгийн нэр дээр байгаа талаар болон биднийг хуурч байсныг анх мэдсэн. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад тус орон сууц нь талийгаач эцэг Н.С болон хариуцагч Г.М нарын нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн ба анх орон сууцны бүртгэлийг яаж хийлгэсэн талаар улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй танилцахад хариуцагч нь эцгийн минь нас барсны гэрчилгээг гэр бүлийн ямар ч хамааралгүй этгээд мөртлөө олж авсан, эцгийн маань өнгөрөөд 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар улсын бүртгэлд өргөдөл гаргасан зэрэг зүй бус үйлдлүүд гаргасан байгааг олж мэдсэн. Эцгийн минь байрыг нас барсны дараа бидэнд худал хэлж төөрөгдүүлж, намайг гэртээ байхгүй ажлаар хол газар байх үед орон сууцыг хууль бусаар авч, талийгаач эцэг Н.Стай гэрээ байгуулсан, гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэн авсан гэж биднийг олон жил хуурч мэхлэн орон сууцыг ямар ч үнэ хөлс төлөлгүйгээгээр одоог хүртэл хууль бусаар өмчилж, эзэмшиж биднийг хохироож байгаад гомдолтой байна. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн  дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц нь талийгаач Н.С болон Г.М нарын 2 хүний нэр дээр бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч нар нь талийгаач Н.Сгийн хууль ёсны өвлөгч тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар тойргийн нотариат, Нотариатчдын Холбоонд хандахад хүсэлтийг огт хүлээн аваагүй, хүсэлтийг бүртгээгүй, Маргаантай бөгөөд Г.Мийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүхэд ханд гэсэн.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.Сд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А, Б.Б биднийг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгөөр үнэлж, үүний ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.М нь нөхөр н.Тн хамт 1997 онд Баянзүрх дүүргийн тоот хашаа байшинг 1,200,000 төгрөгөөр худалдан авч, 2006 он хүртэл амьдарч байсан. 2006 оны эхэн үед миний найз Х.Ж надад хэлэхдээ С.Агийн аавынх нь байр хувьчлалд орох гэсэн цахилгаан болон хэрэглээний олон жилийн хураагдсан өртэй болохоор хэцүү, хураагдах гээд байна. Чи Н.С, С.А нарт тус болоо ч гэсэн. Ингээд би гэрт нь очиж С.А, Н.С гуай хоёртой уулзсан. Тэр үед С.А манай аавын байр хураагдаж аав маань орох оронгүй болох гээд байна чи надад тус болооч гэж Х.Жын ярьсан зүйлийг хэлсэн. Би тэр үед нөхөртэйгээ ярилцаж байгаад ...За найз нөхөд хүмүүс байна бас хоёр нүд нь юм хардаггүй настай аавыг нь ... өрөвдөөд ямар ч бичиг баримтгүй байрны хэрэглээний төлбөр болох гурван сая гаран төгрөгийг төлж барагдуулсан. Цагдаагийн Академийн санхүүд халаалт, хэрэглээний төлбөрийг төлсөн. Цахилгааны төлбөрийг УБЦТС газарт төлж өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авч байж, өмч хувьчлалд оруулж байсан. Н.С гуайн зээ хүү Б.Бтэй хоёулаа амьдардаг байсан. Тэр үед харж хандах хүнгүй хэцүү л байсан. Би бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд Цагдаагийн Академийн арын албаны дарга н.Ц гэдэг хүнд хүлээлгэж өгөхөд ...нэг хүний нэр дээр байр хувьчилдаггүй чи нээрээ оруул гэж байж миний нэрийг оруулсан байгаа Н.С гуай гарч хөөцөлдөж чадахгүй намайг манай бэр ... гэж тухайн үедээ тайлбарлаж байсан. Би С.Ад тэр үед их л тус болж байсан. 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байрны бичиг баримт гараад бид хүлээж авч амжаагүй байтал 2006 оны 7 дугаар сарын 05-нд Н.С гуай гэртээ ганцаараа байж байгаад бурхан болсон. Би Н.С гуайтай ярилцаж тохирсон ёсоор өөрийн амьдарч байсан хашаа байшингаа С.Агийн хэлснээр С.Эд хүлээлгэж өгсөн. С.Эын гэр бүлтэй Б.Б ч амьдарч байсан. Миний хариуцлагагүй хандсан юм бол хашаа байшингийн бичиг баримтгүй л байсан. С.А ийм юм ярьж байгаад харамсаж байна. С.А өөрийн төрсөн дүүдээ хашаа байшингаа алдахгүй байх боломж байсан. С.Ад аавыгаа өнгөрсөний дараа үлдсэн 1,000,000 төгрөгийг би өгсөн. Би анхнаасаа гэрээ хэлцэлгүй баримтгүй юманд над шиг хандах ингэж хандах хүн байхгүй байсан тэр үед чи л тусал гэж байх үедээ өөрөө ийм муухай юм бодож төлөвлөж байждээ. Би хүний юмыг луйвардаж гэрээс нь хөөх байсан бол яаж гэрчилгээнд нэрээ оруулж чадах юм бэ? Орон сууцны контор дээр ороод төлбөр тооцоог хийхэд нь бүр гайхаж байсандаа, хэрэв би тэр үед тус болоогүй бол аав нь хэнтэй хаана амьдарч байгаад бурхан болох байсан бол. Би С.Атай саяхан уулзаад ярилцсан надад хүнд асуудал тулгарчихлаа чи түр байж байгаарай манай нөхөр Д.Т маань улаан хоолойн хавдар тусаад эмчилгээгүй хөнгөвчлөх эмчилгээнд байгаа эмчилгээ сахиур, эмнэлэг гээд ямар ч завгүй их асуудалтай байгааг ойлгох сэтгэл алгадаа. Намайг харлуулж, гүтгэх, доромжилж, юмаа аваагүй гэж яаж хэлж чадаж байна. Уг нь энэ орон сууц хот төлөвлөлтөнд орох асуудал яригдаж байгаа. Хот төлөвлөлтөнд орчихвол үнэ цэнэ нь өснө. Намайг анх энэ байшинд ороход ямар хэцүү байсныг хүмүүс мэднэ. Халаалтын паарыг хүртэл Н.С гуайтай хамт архи уусан хүмүүс салгаад зарчихсан гээд паарчгүй хүн амьдрахад хэцүү л юм байсан. Би амьдрах хугацаандаа 2-3 удаа засвар үйлчилгээ хийсэн 4 давхар байрны 4 давхарт учраас дээрээс ус алдах, цантах гээд асуудал ихтэй. Яг ямар орчинтой байр байсныг мэдэх хүмүүс ч байгаа. Төрсөн эцгийгээ тоохгүй ажил явдалд нь оролцоогүй хүн намайг ингэж гүтгэх ч юу ч биш байлгүй... Энэ бүх байдлыг Я.Жаргал болон гэрчлэх хүн олон бий. Би энэ орон сууцыг барьцаанд тавьж зээл авах гэж явсан удаа байхгүй, болохгүй гэдгийг ч сайн мэднэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 893 тоот Монголын Нотриатчдын Танхимын албан бичигт 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барсан Н.С  эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн болон гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэсэн байна. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд болсон үйл явдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Г.М нь маргаан бүхий орон сууцын хууль ёсны өмчлөгч хэрхэн болсон талаар мөн шударга өмчлөгч болох нь нотлогдож байна.

Иймд Иргэний хэргийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн тоот сууцны талбайн үнэлгээ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл, 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34 тоот Орон сууц эзэмших эрхийн бичиг, Нийслэлийн өмчит Улаанбаатар буян ХХК-ийн 2006 оны 7 дугар сарын 18-ны өдрийн  дугаартай Нас баралтын бүртгэлийн лавлагаа, Г.Мийн иргэний үнэмлэхний хуулбар, 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан Г.Мийн өргөдөл, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн  гэрчилгээний дугаартай Н.С болон Г.Мийн нарын 2 иргэний өмчлөлийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,  дугаартай Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,  дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, С.Агийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн тойргийн нотариатчдад гаргасан хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн иргэн С.Ад өгсөн хариу албан бичиг, Нийслэлийн Ерөнхий боловсролын Баянзүрх цогцолбор сургуулийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаартай тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн С.Ү, С.Э, С.Э, С.А нарын хүсэлт зэргийг шүүхэд ирүүлж, харин хариуцагчаас шүүхэд бичгийн баримтыг ирүүлээгүй байна.

 

Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримтууд: 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Л.Жаас авсан мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрч С.Эаас авсан мэдүүлэг, Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 50/9617 дугаартай хариу, Төрийн банкны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21/154 дугаартай хариу, Үндэсний төв архивын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 03/1162 дугаартай хариу, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 007 дугаартай хариу зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн нь хариуцагч Г.Мт холбогдуулан Н.Сгаас өвлөгдсөн эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б болон нэхэмжлэгч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.Сд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А, Б.Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай гэж өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь С.А болон түүний аав Н.С гуайтай тохирч, миний өмчлөх эрх үүссэн, нэхэмжлэгч нарын хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаандаа гаргаагүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн ОСГ-ны 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтанд орсон  тоот, 2 өрөө орон сууцыг 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н овогтой Сд эзэмшүүлж, орон сууцны гэрээ байгуулж, сууц эзэмшихийг Академийн захиргаа, ААС хэлтэс зөвшөөрсөн 34 тоот Орон сууц эзэмших эрхийн бичиг-ийг Н.Сд олгожээ. /хх-9/

 

Улмаар 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд дээрх эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байсан орон сууцыг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэлэлцэн тохирсоноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авах болсон тул уг орон сууцыг Г.Мийг хамтран эзэмших эрхтэй гишүүнээр оруулах өргөдлийг Н.С нь гаргасан байна. /хх-8/

 

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн тоот, 33,4 ам метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг дундын эзэмшлийн ногдох хэсгийн хамт хувьчлан 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн уг сууцыг Н.С болон Г.М нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2006 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэж, 0107770 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-12/

 

Ийнхүү Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоол гарснаас хойш, 0107770 дугаартай гэрчилгээ олгогдохоос өмнө буюу 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өмчлөгч Н.С нас барсан ба Г.М нь өмчлөгчийн хувиар 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хувьчлагдсан орон сууцыг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан байна. /хх-10,11/

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар талийгаач Н.С нь 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барсан ба ийнхүү нас барахаасаа өмнө Г.Мийн хамт орон сууцыг хамтран хувьчилж авахаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн, улмаар 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Н.С болон Г.М нарын өмчлөх эрх үүссэн байна.

 

Баянзүрх дүүрэг,  тоот, 33,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, орон сууцны өмчлөгчөөр Н.С, Г.М нар бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-6/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ийнхүү талийгаач Н.Сг нас барахаас өмнө болон нас барсны дараа нэхэмжлэгч С.А нь хариуцагч Г.Мтэй харилцан тохирч, маргаан бүхий орон сууцыг Г.Мт бодитоор шилжүүлж, улмаар Г.М нь өөрийн амьдарч байсан Шархаданд байрлах үл хөдлөх эд хөрөнгөнд С.Агийн хэлсний дагуу түүний дүү С.Эыг амьдруулахаар тохирсон болох нь гэрч С.Эын ...Аав маань 2006 онд нас барсан, 49 хоног нь гүйцээгүй байсан, Г.М нь энэ байрыг суллаад өгөөч гэсэн, тэгээд Шархадны хашаа байшинд очиж бай гэж хэлсэн. С.А эгч хилийн цэрэгт застав руу явсан байсан болохоор ярилцах юм байхгүй, аав, эгч хоёр энэ хүнтэй юу ярьсан тохиролцсоныг мэдэхгүй, байр суллаж өг гэхээр нь сулласан... гэх мэдүүлэг, гэрч Л.Жын ... Би он сарыг сайн санахгүй байна. Тэр үед байр нь хувьчлагдаагүй байсан. Хувьчлах гэхээр тог, байрны өртэй байсан. Байрны өр төлбөр хэд байсныг мэдэхгүй байна. С.А нь өрийг төлөөд худалдаад авах хүн байна уу, олоод өгөөч гэж надад хэлж байсан. Тухайн үед би хоёр ч хүнтэй холбогдсон. Нэг нь суу байр байна гээд больсон, харин Г.Мт хэлээд С.А энэ хоёрыг холбож өгсөн, би яг наймаанд нь оролцоогүй. Би зүгээр уулзуулаад үлдээсэн, учраа өөрсдөө олоорой гэж хэлсэн... надтай ярихдаа хашаа байшинг өгсөн гэж ярьсан. Би тэр үед хашааны бичиг баримт бүрэн юм уу гэж асууж байсан... Шар хад, техникийн захын тэр хавьцаа хашаа байшин байсан. Тухайн үед хашаа байшиндаа Г.М нь байсан, хэсэг хугацааны дараа байрандаа нүүгээд ирсэн байсан. С.А Өмнөговь аймаг руу явахаар болж хашаа байшинд дүү С.Эыг үлдээсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Оюун овогтой А нь 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрснийг 1974 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн  дугаарт бүртгүүлэн төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба тэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын а/68 дугаар захирамжаар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ОНӨ-ийн  дугаарт өөрийн овгийг өөрчилж, С овогтой А болсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн  дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-13/,  дугаартай Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-14/ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь С.Агийн хүү болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байна. /хх-16/

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч С.А нь талийгаач Н.Сгийн хууль ёсны өвлөгч мөн байна.

 

Мөн хуулийн 520.1.2энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нь хууль ёсны өвлөгч байхаар зохицуулсан ба талийгаач Н.Сгийн төрсөн охин С.А болон Н.Сгийн бусад төрсөн хүүхдүүд байгаа тохиолдолд зээ хүү болох Б.Б нь талийгаач Н.Сгийн хууль ёсны өвлөгч болох үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасан ба нэхэмжлэгч Н.Батхүүгийн хувьд талийгаач Н.Сгийн асрамжид түүнийг нас барахаас өмнө байсан гэх үндэслэл болон баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А нь хүү Б.Бг өөрөө асран хамгалаах боломжгүйгээс өөрийн эцэг Н.Сгийн асран хамгаалалтад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч С.А нь талийгаач Н.Сгийн хууль ёсны өвлөгч мөн байх боловч Баянзүрх дүүрэг,  тоот, 33,4 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, орон сууцны өмчлөгчөөр Н.С нь бүртгэлтэй байсан талаар 2021 оны 6, 7, 8 дугаар сард өөрийн банкинд ажилладаг найз Л.Жаас мэдсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Л.Жаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг авахад нэхэмжлэгч тал гэрчээс Н.С орон сууцны өмчлөгөөр бүртгэлтэй байсныг 2021 оны 6, 7, 8 дугаар сард мэдсэн талаар тодруулаагүй, харин гэрч мэдүүлэхдээ шүүгчийн асуусан ... 2018, 2019 оны үед С.А нь өөрийнхөө эрхийг зөрчигдсөн талаар танд хэлж байсан юм уу? гэсэн асуултад гэрч Л.Ж хариулахдаа ...Тэр үед нь би хэлж л байсан... гэх мэдүүлэгээр нэхэмжлэгч нарын 2021 оны 6, 7, 8 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар мэдсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Талийгаач Н.С нь хэрэгт авагдсан баримтаар С.Ү, С.Э, С.Э, С.А, С.А гэх 5 хүүхэдтэй байсан байх ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж зааснаар Н.Сгийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эрх бүхий байгууллагад өвлөгч нар тухайн цаг хугацаанд хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж зааснаар зохих журмын дагуу хүсэлтээ гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр өв залгамжлалын эрхийн маргаанд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар нэхэмжлэгч нарын хувьд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Учир нь Н.С нь 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байх бөгөөд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өвлөх эрхийн талаарх нэхэмжлэлийг нэхэмжлэгч нар нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан буюу 15 жил 1 сар 11 хоногийн хугацаа өнгөрсөн, өв хүлээн авах боломжгүй болон өөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хууль ёсны өвлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.Сд ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг орон сууцыг 100,000,000 төгрөгөөр үнэлж байх боловч энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 100,000,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Мт холбогдох Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны Н.Сд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр С.А, Б.Б нарыг тогтоолгох, уг орон сууцны ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.А, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ