Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00508

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00508

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/05033 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: М-т холбогдох,

Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвийн хөрөнгөөс ногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: А- нь 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач С-гийн 3 дахь охин болж мэндэлсэн. А-гийн хүү Б- нь 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Эцэг С- нь 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, ** тоот, 2 өрөө орон сууцыг өмч хувьчлалаар авах эрхтэй болж эрхийн бичгийн дагуу хүлээн авсан бөгөөд түүнээс хойш гэр бүлийн хамт амьдарч байсан. С- нь 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан байсан ба тухайн үед холбоогүй, мэдээгүй байж байгаад 2006 оны 08 дугаар сард мэдсэн.

Талийгч эцэг С-г нас барах хүртэл миний хүү Б- цуг амьдарч байсан. Гэтэл М- нь эцгийг өнгөрөөд 10 хоногийн дараа манай гэрийнхнийг байрнаас хөөж гаргаад тус орон сууцанд амьдарч эхэлсэн. Хариуцагч М- нь эцэгтэй тохиролцсон гэх хашаа байшинг бидэнд өгсөн зүйл огт байхгүй, ямар ч төлбөр мөнгө төлөөгүй. Түүнээс хойш хариуцагчаас орон сууцаа нэхэхэд эцэгтэй чинь гэрээ хийсэн, хийсэн гэрээгээ чамд үзүүлэхгүй, миний орон сууц гэж орон сууцнаас хөөдөг.

Бидний зүгээс орон сууцны гэрчилгээг хариуцагч М- аль хэдийн өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, талийгаач эцэг болон М- нар хоорондоо гэрээ байгуулсан гэж ойлгож өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 06 дугаар сард банканд ажилладаг миний найзаас М- тус орон сууцыг барьцаалан зээл авахаар ирснээр талийгаач болон хариуцагч нарийн хооронд ямар ч гэрээ байхгүй, одоог хүртэл орон сууц талийгаач эцгийн нэр дээр байгаа талаар болон биднийг хуурч байсныг анх мэдсэн. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад тус орон сууц нь талийгаач эцэг С- болон хариуцагч М- нарын нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн ба анх орон сууцны бүртгэлийг яаж хийлгэсэн талаар улсын бүртгэлийн хувийн хэрэгтэй танилцахад эцгийг минь нас барсны гэрчилгээг гэр бүлийн ямар ч хамааралгүй этгээд олж авсан, өнгөрөөд 49 хоног ч өнгөрөөгүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар улсын бүртгэлд өргөдөл гаргасан зэрэг зүй бус үйлдлүүд гаргасан байгааг олж мэдсэн.

Иймд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018700 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр А-, Б- нарыг тогтоож, уг орон сууцыг зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгөөр үнэлж, үүний ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нөхөр н.Т- бид хоёр 1997 онд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 дугаар гудамжны ** тоот хашаа байшинг 1,200,000 төгрөгөөр худалдан авч, 2006 он хүртэл амьдарч байсан. 2006 оны эхэн үед миний найз Х.Жаргал надад хэлэхдээ А-гийн аавынх нь байр хувьчлалд орох гэсэн цахилгаан болон хэрэглээний олон жилийн хураагдсан өртэй болохоор хураагдах гээд байна. Чи С-, А- нарт тус болооч гэсэн. Ингээд би гэрт нь очиж А-, С- гуай хоёртой уулзсан. Тухайн үед найз нөхдийн харилцаатай байсан ба хараагүй, өндөр настай аавыг нь өрөвдөж, ямар ч бичиг баримтгүй байрны хэрэглээний төлбөр болох 3,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан ба өр төлбөргүй гэсэн тодорхойлолт авснаар өмч хувьчлалд оруулж байсан.

С- гуай зээ хүү Б-тэй хоёулаа амьдардаг, харж хандах хүнгүй байсан тул би бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд Цагдаагийн Академийн арын албаны дарга н.Цэдэн-Иш гэдэг хүнд хүлээлгэж өгөхөд ... нэг хүний нэр дээр байр хувьчилдаггүй чи нээрээ оруул ... гэж байж миний нэрийг оруулсан. Орон сууцны гэрчилгээ авч амжаагүй байтал 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С- гуай нас барсан.

А- нь 2006 онд надаас 1,000,000 төгрөг авч, хашаа байшинд аавыгаа оруулахаар тохиролцсон байсан бөгөөд С- гуайг нас барсны дараа дүү Э-д өгөөрэй гэж хэлсэн. Иймд би өөрийн эзэмшилд байсан Шархадны хашаа байшинг өгч, 1,000,000 төгрөгийг А-д өгсөн атлаа бичиг баримт байхгүй байртай үлдсэн.

Э- нь тухайн хашаа байшинд орсон ч хөрш айлтай таарамжгүй байсан тул мөнгө аваад нүүсэн байсан. Гэтэл одоо тухайн хашаа байшинг аваагүй гэж хэлж байна. Тухайн хашаа байшин бичиг баримтгүй байсан нь үнэн, гэхдээ би тухайн үед Э-д эгч нь ажлынхаа завсар зайгаар газрын алба орж хөөцөлдөж өгнө гэж хэлж байсан.

Би 2021 онд А-тай уулзаж ярилцсан ба түүнд байрны гэрчилгээ байхгүй, нөхөр өвчтэй байгаа талаар хэлэхэд тэрээр орох орон гэргүй асуудалтай байгаа талаар хэлж байсан. Би байрыг хууль бусаар аваагүй., тухайн үед тусламж гуйж байсан хүмүүс одоо луйвардаж авсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд болсон үйл явдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан баримтаар хариуцагч М- нь маргаан бүхий орон сууцын хууль ёсны өмчлөгч хэрхэн болсон талаар мөн шударга өмчлөгч болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-гийн өв хүлээн авах хугацааг сунгаж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 айлын гудамж, 1-48 байр, ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204018700 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцны С-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч А-г тогтоож, хариуцагч М-ээс уг орон сууцнаас А-д ногдох хэсэгт 20,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс 29,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Б-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ээс 260,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч А-г талийгаач С-гийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэх үндэслэлтэй талаар дурдаж, Иргэний хуулийн 528 дүгээр зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар сунгагдсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч А- нь 2021 оны 06 дугаар сард банкинд ажилладаг найзаасаа маргаан бүхий орон сууц С- болон М- нарын нэр дээр байгааг сонсоод 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны лавлагаа авахад орон сууцны гэрчилгээ талийгаач С- болон М- нарын нэр дээр бүртгэлтэй байгааг мэдсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Харин нэхэмжлэгч А- нь орон сууц талийгаач С- болон М- нарын нэр дээр бүртгэлтэй болохыг өмнө нь буюу 2012 онд мэдэж байсан. Үүнийг түүний хүү Б-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар буюу 2013 онд надад сургалтын төлбөр хэрэг болоод ээж бид 2 таниас зээлэх гээд очиж уулзаж. ярилцаж байсан гэх мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн нэхэмжлэгч А- нь Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн овог, нэр өөрчлөлтийн 1110000116 дугаарт өөрийн овгийг өөрчилж, Самбаа овогтой Алтантуяа болж өөрчилсөн үйлдэл зэргээс тэрээр асуудлыг мэдэж байсан нь тогтоогдох ба шүүхэд хандахын тулд бэлдэж байсан гэдэг нь ойлгомжтой байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А- нь уг орон сууцыг М-т худалдсан талаар маргаагүй ба нэгэнт хийсэн наймаа дууссан гэдгийг мэдэж байсан 2021 оны 08 дугаар сар хүртэл 15 жилийн хугацаа өнгөрсөн, зөвхөн нэхэмжлэгч С.Аптантуяагийн 2021 оны 06 сард орон сууцны өмчлөгчөөр талийгаач аав С-г бүртгэлтэй болохыг мэдсэн гэх тайлбар нь нотлогдохгүй, үүнийг нотлох баримт байхгүй байхад шүүх өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэж сунгасан нь буруу юм.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй, гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүд бүгд нэхэмжлэгчтэй төрөл садангийн холбоотой этгээдүүдийн мэдүүлгийг ач холбогдолтой мэтээр үнэлэх нь хэт нэг талын барьсан гэж үзэхэд хүргэж байна.

Мөн шүүх өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж дүгнэж байгаа бол цаг хугацааны хувьд хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн хугацааг сунгаж байгаа талаар дурдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдолтой, нөхцөл байдлыг мэдэж буй хэн ч гэрч байж болох бөгөөд гэрчүүдэд анхан шатны шүүх хууль сануулж мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй байдаг. Мөн 2021 онд тухайн орон сууц нь 2 хүний нэр дээр бүртгэлтэй болохыг мэдсэн талаар хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгснийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлсэн.

А- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь талийгаач С-, М- нарын нэр дээр бүртгэлтэй байсан нь Б-гийн мэдэгдлээр нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэтэл Б- нь уг асуудлын талаар тайлбар өгөөгүй. Мөн хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлын үндэслэл болж байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учраас гомдол үндэслэлгүй.

Хариуцагч М- нь нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шударга өмчлөгч гэж маргасан. Захиран зарцуулах эрхгүй орон сууцыг эзэмшиж байгаа талаар 2006 оноос хойш, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаагүй. Тухайн нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар нь хариуцагч М-т холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвийн хөрөнгөөс ногдох хэсэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. С-гийн төрсөн охин А- нь 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн овгийг өөрчилж Самбаа овогтой Алтантуяа болсон, нэхэмжлэгч Б- нь А-гийн хүү. Мөн С- нь 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан /хх-13-14, 16/.

 

3.2. С- нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 дугаар байрны ** тоот, 2 өрөө орон сууцыг эзэмших эрхийг 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан. Уг орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны тогтоолоор 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн С- болон М- нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эрхийн бүртгэлийн Ү-2204018700 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон ба үүнээс хойш одоог хүртэл орон сууцны өмчлөгчөөр С-, М- нар бүртгэлтэй байгаа /хх 6, 8-9, 12/.

 

4. Анхан шатны шүүх С-гийн төрсөн охин А-г түүний хууль ёсны өвлөгч, харин зээ хүү Б-г хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Мөн албан ёсны улсын бүртгэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 дугаар байрны ** тоот, 2 өрөө орон сууцны С-д ногдох хэсэг нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар түүнээс өвлөгдөх эд хөрөнгө гэж анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4.1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзэх тул хариуцагч М-ийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Цагдаагийн академийн 48 дугаар байрны ** тоот, 2 өрөө орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй гэж дүгнэх үндэслэлгүй.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн С- болон М- нарын хооронд орон сууц, хашаа байшинг арилжааны гэрээгээр арилжаалсан, орон сууцыг М- үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан болох нь тус тус баримтаар тогтоогдохгүй гэх дүгнэлтийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд тухайн орон сууцыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар С-, М- нар дундаа хэсгээр буюу тэнцүү хэмжээгээр өмчилж байсан гэж үзнэ.

 

4.2. Түүнчлэн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр С-, М- нар бүртгэлтэй болохыг өмчлөгч бус этгээдүүд буюу С-гийн хүүхдүүд мэдэх боломжгүй, хамтран өмчлөгч М- талийгаач С-г нас барснаас хойш С-гийн төрсөн хүүхдүүд байгааг мэдсээр байж орон сууцыг хамтарч өмчилж байгаа талаараа А-д мэдэгдээгүй зэргээс шалтгаалж талийгаач С-гийн төрсөн хүүхдүүд орон сууцыг М-тэй тохиролцож, худалдсан гэж ойлгож, маргаан үүсгээгүйгээс өв нээлгэх хүсэлтээ гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнээд А-гийн эцэг С-гийн өвийг хүлээн авах хугацааг сунгасан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.

Уг дүгнэлтийг өгөхдөө анхан шатны шүүх зохих ёсоор хийгдсэн улсын бүртгэл болон түүнийг олж танилцах боломж, мөн хариуцагч М-ийн зүгээс Т.Алтантуяад түүний эцэг С-гийн хамт маргаан бүхий орон сууцыг хамтран өмчилдөг тухай мэдэгдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй зэргийг харгалзан үзсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК нь маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 41,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх-208-228/.

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн С-д ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр А-г тогтоож, уг орон сууцны үнийн 50 хувь буюу С-д ногдох хэсэг болох 20,500,000 төгрөгийг хариуцагч М-ээс гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/05033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ