Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 969

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэртэй, Д.Лгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг, мөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгч нарт болон орон сууц өмчлөгч нарт мэдэгдэлгүй дуудлага худалдааг явуулсан. Энэ нь төлбөр төлөгч, өмчлөгч нарын эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэх тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар Ү-2204039408 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байр, 20 тоотод байрлах 85.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах эхний шаардлагыг гаргасан.

Уг орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-иас үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бөгөөд тухайн үед орон сууцны нэг м.кв нь 2 200 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 1 600 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч нар энэ талаар шийдвэр гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн бөгөөд мөн үнэлгээ хийлгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд “зах зээлийн ханшаар тогтоолгоно” гэсэн байхад шинжээч нь хөрөнгийн хандлагаар буюу элэгдэл хорогдлыг хасч үнэлгээ хийсэн. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар захирамжаар Ч.Уранбилэг, Д.Л нараас нийт 99 390 400 төгрөгийг гаргуулж, “Алтан давалгаа” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д.Лгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/905 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан.

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.Уранбилэг, Д.Л нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тухайн хөрөнгийн үнийн саналыг авахад эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгсөн. Тус хүсэлтийг үндэслээд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор “Мөнх-Оргил трэйд” ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр болсон. Шинжээч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус эд хөрөнгийг 136 700 000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг мөн сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Д.Лгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байдаг.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад Л.Нэргүй гэдэг хүн тус орон сууцыг 97 420 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмыэ дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “Алтан давалгаа” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01071 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Л, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 онд шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэлт гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хангаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцыг анхан болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсныг төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй.

Үнэлгээг дахин хийлгэх тухай гомдлоо эцэслэн шийдвэрлээгүй байхад надад болон төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүйгээр дуудлага худалдаа явуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүх гомдол гаргах хугацаа дууссан гэж дүгнэсэн нь төлбөр төлөгч нарын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Л нь шүүхэд хандан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн орон сууцны үнэлгээг, мөн анхны болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

Үнэлгээ хүчингүй болгуулах гомдлын тухайд

Төлбөр төлөгч Д.Л нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоотод байрлах 85.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд  шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үнэлгээг эс зөвшөөрч, гомдлоо 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Шүүх гомдлыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 467 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1079 дүгээр магадлалаар хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 111-117 дахь тал/ Иймээс уг асуудлаар дахин гомдол гаргаж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт нийцэхгүй тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

Анхны болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдлын тухайд

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/09 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, төлбөрт хураагдсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 136 700 000 төгрөгийн 70 хувь буюу 95 690 000 төгрөгөөр тогтоон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаа явуулахаар товлосон байна. /хх 118, 120 дахь тал/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Л, төлбөр авагч “Алтан давалгаа” ХЗХ нарт тогтоол, мэдэгдэл зэргийг түүний оршин суух хаягт шуудангаар хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсанаас гадна шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ. /хх 118, 121, 126 дэх тал/ Иймд нэхэмжлэгчийн дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Улмаар, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч Д.Лгийн бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоотод байрлах 85.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оролцогч Л.Нэргүй нь 97 400 000 төгрөг буюу хамгийн өндөр үнийн саналаар ялж өмчлөх эрх үүссэн нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/1 тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоол, дэнчин, “Төрийн банк” ХХК-ийн орлогын мэдүүлэг, Л.Нэргүйн өргөдөл зэргээр тогтоогдож байна. /хх 133-136 дахь тал/

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйл, 68 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 70 дугаар зүйл, 71 дүгээр зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж зөв дүгнэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                                 Ч.ЦЭНД