Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00557

 

Д.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 969 дүгээр магадлалтай,

Д.Лгийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээг, мөн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нар гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГаас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгч нарт болон орон сууц өмчлөгч нарт мэдэгдэлгүй дуудлага худалдааг явуулсан. Энэ нь төлбөр төлөгч, өмчлөгч нарын эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа явагдсан гэж үзэх тул 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар Ү-0000000000дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байр, 20 тоотод байрлах 85.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах эхний шаардлагыг гаргасан. Уг орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-иас үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бөгөөд тухайн үед орон сууцны нэг м.кв нь 2 200 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад 1 600 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч нар энэ талаар шийдвэр гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн бөгөөд мөн үнэлгээ хийлгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд зах зээлийн ханшаар тогтоолгоно гэсэн байхад шинжээч нь хөрөнгийн хандлагаар буюу элэгдэл хорогдлыг хасч үнэлгээ хийсэн. Иймд үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар захирамжаар Ч.Уранбилэг, Д.Л нараас нийт 99 390 400 төгрөгийг гаргуулж, Алтан давалгаа ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д.Лгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/905 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.Уранбилэг, Д.Л нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тухайн хөрөнгийн үнийн саналыг авахад эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг бичгээр НШШГГт гаргаж өгсөн. Тус хүсэлтийг үндэслээд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор Мөнх-Оргил трэйд ХХК-иар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр болсон. Шинжээч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус эд хөрөнгийг 136 700 000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг мөн сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Д.Лгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад Л.Нэргүй гэдэг хүн тус орон сууцыг 97 420 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Алтан давалгаа ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, мөн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01071 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 969 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчдилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлаж бодит дүгнэлт өгөөгүй мөн цаг хугацаа буюу төлбөр төлөгчийн эрх хаана зөрчигдсөн байна гэдгийг олж тогтоогоогүй хийсвэр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Д.Лхагва миний бие нь НШШГГт 2018 сарын 11 сарын 16-ны өдөр төлбөрийн барьцаанд байх Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол 61-р байрны 20 тоот орон сууцны үнэлгээг дахин үнэлж өгөөч учир нь уг байрыг 2017 онд үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хүсэлт өгсөн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан зах зээлийн ханшинд өөрчлөлт орсон тул дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Гэтэл уг хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр хариу гарсан. 2. 2018 оны 11 сарын 22-ны өдөр байрыг анхан болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан байсан бөгөөд дуудлага худалдаанд оруулах болсноо надад болон төлбөр төлөгч нарт мэдэгдээгүй бөгөөд дуудлага худалдааг явуулсан байдаг. /1 өдөр явагдсан бөгөөд мэдэгдэх боломжгүй бөгөөд мэдэгдээгүй/. Миний бие нь үнэлгээг дахин хийлгэх тухай гомдлоо эцэслэн шийдвэрлүүлээгүй байхад надад болон төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өргөдөл гаргасан боловч гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дуудлага худалдаа явуулсан нь төлбөр төлөгч нарын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн. Ийм хууль бус ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нар явуулаад байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь төлбөр төлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж миний хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаж ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Л нь НШШГГт холбогдуулан дуудлага худалдаанд оруулах орон сууцны үнэлгээ, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар орон сууцны үнэ ханшид өөрчлөлт орсон тул дахин үнэлүүлэх шаардлагатай байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөн, дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй...” гэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Хоёр шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. Харин шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эвлэрүүлэн зуучлалын журмаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар захирамжаар Д.Л, Ч.Уранбилэг нар Алтан давалгаа ХЗХ-д 99 430 000 төгрөгийг төлөх, үүргээ биелүүлэхгүй бол Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоотод байрлах, 85,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталсан байх ба уг захирамжид шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

1.Д.Л нь албадан дуудлага худалдаанд оруулах Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот, 85.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байсан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1079 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлээ “орон сууцны үнэ ханшид илт өөрчлөлт орсон тул дахин үнэлүүлэх” гэж тодорхойлсноос үзвэл үнэлгээг бус дахин үнэлгээ хийлгэх агуулгатай, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.” гэж заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

2. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаж, орон сууц 97 420 000 төгрөгөөр борлогджээ.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/09 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж, орон сууцны анхны албадан дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон 136 700 000 төгрөгийн 70 хувь буюу 95 690 000 төгрөгөөр тогтоон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаа явуулахаар товлосон, энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Л, төлбөр авагч Алтан давалгаа ХЗХ-д оршин суух, үйл ажиллагаа явуулж буй хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд “Д.Лд тогтоол, мэдэгдлийг танилцуулж, тус газар биечлэн ирж хүлээн авахыг сануулав.” гэж тусгагдсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Иргэний хуулийн 117 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, 14.7-д заасныг зөрчөөгүй байх тул /хх 118, 120,121, 126 дэх тал/ “анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

3.Анхан шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ. Шүүх дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж, талуудад мэдэгдэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, үнэлгээ хийлгэх, шинжээч томилох тухай Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байна.

Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэлээр дахин үнэлгээг хийлгэх агуулгатай, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад байх тул хэрэглэвэл зохих уг хэм хэмжээг шийдвэрт зааж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 969 дүгээр магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...55.1..гэснийг 55.5 гэж, 177 дугаар зүйлийн 177.1 гэснийг 175 дугаар зүйлийн 175.1 гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                  П.ЗОЛЗАЯА