Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 534

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00252 дугаар шийдвэртэй, Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Х-эд холбогдох Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Т.Х-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Ж-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 61 980 000 төгрөг гаргуулах тухай Г.Ж-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагч Т.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагч Т.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, түүний өмгөөлөгч Г.Чинбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О- би Т.Х-ээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатай 20 000 000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг бэлнээр, 5 000 000 төгрөгийг дансаар мөн өдрөө хүлээн авсан бөгөөд барьцааны гэрээ хийгээгүй, гэрээ байгуулах үед Т.Х-эд иргэний үнэмлэх нь байхгүй гэсэн тул түүний найз Г.Ж-той зээлийн гэрээг байгуулсан.

Т.Х-ийн хүсэлтийн дагуу зээлийг эргэн төлж дуусах хүртэлх хугацааны баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2202004339 дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 40 дүгээр байрны 11 тоот, 26 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хадгалуулах болж эх хувиар нь мөн өдрөө Т.Х-эд өгсөн.

Гэтэл Т.Х- зээл төлөх баталгаа болгон хадгалуулахаар өгсөн хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байна. Уг гэрээний агуулга нь Б.Оюунчимэгээс Т.Х-эд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж буй мэтээр миний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч гэрээ хийж улмаар гэрээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, миний эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнд заасанчлан өөрийн өмчлөлийн хөрөнгийг Т.Х-эд худалдан борлуулах хүсэл зориг надад байгаагүй, гэрээнд би гарын үсэг зураагүй. Мөн гэрээнд хөрөнгийн үнэ 5 000 000 төгрөг гэж заасан ч энэ мөнгийг аваагүй, харин зээлийн 20 000 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Түүнчлэн уг 2 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ 80 000 000 төгрөг байхад өөрт илт хохиролтой гэрээ байгуулах ямар ч үндэслэл байхгүй тул 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Х-тэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Мөн Г.Ж-той 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг бидний хэн алинд байгаагүй. Энэхүү зээлийн гэрээг анх Д.Баяржаргал, Г.Должин, Л.Гүрсүрэн гэх гурван хүн Б.О-ээр дамжуулан Т.Х-ээс зээл авахаар тохиролцож хандсан. Г.Ж-той ямар нэг гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй боловч Т.Х-ээс зээл авахын тулд түүний хэлсний дагуу гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан. Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Г.Ж-той байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Т.Х-тэй худалдах худалдан авах гэрээг, Г.Ж-той зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан гэдэгт маргахгүй. Анх Д.Баяржаргал, Г.Должин, Л.Гүрсүрэн гэдэг гурван хүн Б.О-ээр дамжуулан зээл авахаар “Шуурхай Зар” сонины зарын дагуу Т.Х-тэй холбогдон тохиролцож, зээлийн баталгаа болгон нэхэмжлэгчийн орон сууцыг барьцаалахаар болсон. Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатч руу Т.Х-, Г.Ж-, Б.О- нар очсон. Гэрээ байгуулах үед бичиг баримт байхгүй гэсний улмаас Т.Х-тэй хамт ирсэн Г.Ж-той зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулаад Г.Ж-оос бус Т.Х-ээс 15 000 000 төгрөгийг бэлнээр, 5 000 000 төгрөгийг дансаар тус тус хүлээн авсан тул гэрээний ард мөнгө хүлээн авсан гэж бичсэн. Харин дараа нь мөн өдрөө орон сууцыг зээлийн баталгаа болгож гэрээ хийхдээ Т.Х-тэй худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Уг орон сууцыг нэхэмжлэгч өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд анхнаасаа хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй, харин зээлийн баталгаа болгож хадгалуулсан гэж ойлгож гэрээг байгуулахдаа андуурч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн байх тул худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Т.Х-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Х- шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.О-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тэрээр мөнгөний яаралтай хэрэг гарсан гээд 5 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн 292 дугаар бүхий тамгатай нотариатч Д.Солонгоор гэрчлүүлсэн бөгөөд нотариатч гэрээг гэрчлэхээс өмнө Б.О-т гэрээний нөхцөл, үр дагаврыг тайлбарлан өөрийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулсан бөгөөд гэрээ болон нотариатчийн тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан, үүнийг нотариатч гэрчилж мэдүүлсэн.

Мөн өдөр Т.Х-ийн “Хаан банк” ХХК дахь данснаас Б.О-ийн дансанд 5 000 000 төгрөгийг “Байрны үнэ Хүрэлсүх” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Х-ээс 20 000 000 төгрөг зээлсэн, түүний иргэний үнэмлэх байхгүй байсан учир найз Г.Ж-той зээлийн гэрээг байгуулж, зээлийн баталгаа болгож гэрчилгээг түр хадгалуулсан гэдэг боловч уг зээлийн гэрээний талаар манай зүгээс мэдэхгүй, Г.Ж-ыг танихгүй. Зээл өгсөн, авсан асуудлыг ч мөн мэдэхгүй. Т.Х-ийн хувьд 20 000 000 төгрөг зээлүүлээгүй, уг мөнгө түүнийх биш.

Хэрэгт авагдсан хоёр гэрээг нэг нотариатч, нэг өдөр баталсан байгаагаас үзвэл бичиг баримтгүйн улсаас зээлийн гэрээг Г.Ж-той хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Шүүх хуралдааны явцад төөрөгдсөн гэх үндэслэлээр шаардлагаа тодруулах боловч нотариат үр дагаврыг тайлбарласны эцэст байгуулсан тул төөрөгдсөн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт төөрөгдсөн гэдгээ нэн даруй нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь ийм үндэслэл хэлж байгаагүй харин гарын үсэг биш гэж маргаж тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Х- сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.О-ээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах 26 мкв талбайтай орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан төлбөрийг зохих ёсоор шилжүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, би тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Б.О- тухайн үед гэнэт мөнгөний хэрэг гарсан, үл хөдлөх эд хөрөнгөө яаралтай зарах шаардлагатай байна гэж байсан. Мөн орон сууцаа гэнэт зарах болсон тул түр хугацаанд байлгахыг хүссэн бөгөөд “гараарай гэсэн үед төвөг, саад болохгүй даруй гарна шүү” гэхэд “за тэгнээ” гэж хэлж байсан.

Гэтэл өнөөдөр миний хууль ёсны өмч хөрөнгийг надаас авахаар улайран дайрч байна. Б.О-т орон сууцыг минь чөлөөлж өгөх тухай утсаар болон биечлэн уулзаж хэлэхэд удаа дараа чадахгүй, 5 000 000 төгрөгөөр чамд байраа зарна гэж юу байсан юм гэж элдвээр хэлж загнан өдийг хүртэл амьдарч байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар миний хууль ёсны өмч болох дээрх орон сууцыг чөлөөлөхийг Б.О-т даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ж- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.О- нь надтай харилцан тохиролцож 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардсан ч огт төлөлт хийгээгүй тул үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 21 320 000 төгрөг, алданги 20 660 000 төгрөг, нийт 61 980 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Г.Ж-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Г.Ж-оос ямар нэг мөнгө шилжүүлж аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн харилцаа бодитоор үүсээгүй. Харин Т.Х-ээс 20 000 000 төгрөгийг бэлэн, бэлэн бус хэлбэрээр хүлээн авсан. Уг зээлийн хүүд нийт 6 000 000 төгрөг төлсөн болохыг гэрчүүд нотолж мэдүүлсэн. Хэрэв хариуцагч Т.Х-ийн зүгээс зээлийг шаардвал түүнд үлдэх зээлийг төлнө. Харин Г.Ж-ын хувьд мөнгийг түүнээс хүлээж аваагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Т.Х-, Б.О- нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр, 11 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Т.Х-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.О-ээс 33 000 000 төгрөг гаргуулж Г.Ж-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 28 980 000 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Г.Ж-, Б.О- нарын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352 900 төгрөг, хариуцагч Т.Х-ээс төлсөн 94 950 төгрөг, хариуцагч Г.Ж-оос төлсөн 468 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-ээс 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т, нэхэмжлэгч Б.О-ээс 322 950 төгрөг гаргуулж харуцагч Г.Ж-д тус тус олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/11766 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.О-, Т.Х- нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь Т.Х-эд өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй нь “Шуурхай зар” сонины 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаарт нийтлэгдсэн “зээл олгоно, зээл чөлөөлнө утас:90153553” гэх зар /1хх242/, гэрч Д.Солонгын “...худалдах, худалдан авах гэрээ...зээлийн гэрээг би баталсан...Г.Ж- байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /1хх92,93 тал/, гэрч Л.Гүрсүрэнгийн “зарын дагуу байр барьцаалж мөнгө зээлэхээр хандахад 2 хүн ирж байсны нэг нь Г.Ж-, нөгөө нь Т.Х-. Т.Х-ээс мөнгө зээлсэн, хүүг мөн түүнд төлдөг байсан, мөнгөө Т.Х- нэхдэг байсан” гэх мэдүүлэг /2хх1-3/, гэрч Г.Должингийн “...анх н.Хүрэлсүхийг Г.Ж- гэж бодож байсан, чи Г.Ж- биш юм уу гэхэд үгүй н.Хүрэлсүх...” гэх мэдүүлэг /2хх96-98/, хариуцагч Т.Х-ийн “...би тухайн үед 90153553 гэдэг дугаарыг барьдаг байсан...” гэх мэдүүлэг, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.О-ийн эзэмшил, ашиглалтад байгаа зэрэг нөхцөл байдлаас талууд анхнаасаа хэлцлийг хийхдээ худалдах, худалдан авах хүсэл эрмэлзэл байгаагүй, харин барьцаалах санаа зорилготой байсныг илтгэж байх тул худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний барьцааг хангуулах зорилгоор хийсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж зөв дүгнэсэн.

Харин Б.О-, Г.Ж- нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй нь шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв тодорхойлоогүй байна.

Б.О- нь Т.Х-ээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэг сарын хугацаатай 20 000 000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ байгуулж нотариат баталсан. Уг гэрээний дагуу 20 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг бэлнээр, 5 000 000 төгрөгийг дансаар Т.Х-ээс хүлээн авсан. Т.Х-ээс 20 000 000 төгрөгийг зээлсэн боловч гэрээ байгуулах үед түүнд иргэний үнэмлэх нь байхгүй гэснээр найз Г.Ж-той зээлийн гэрээ байгуулсан байдаг. Б.О- зээлийн гэрээг Г.Ж-той бичгээр байгуулсан боловч түүнээс ямар нэгэн мөнгө хүлээж аваагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн харилцаа бодитоор үүсээгүй байна.

Харин Б.О- нь Т.Х-ээс 20 000 000 төгрөгийг хүлээн авч гэрээ байгуулсан нь гэрчүүдийн мэдүүлэг, Т.Х-ээс Б.О-т дансаар 5 000 000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээс тодорхой байхад шүүх Б.О-, Г.Ж- нарын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзэн үндсэн нэхэмжлэлийн Т.Х-эд холбогдох хэсгийг хангаж, түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсгийг дуурайлган хуурамч гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу шийдвэрлүүлнэ гэж байсан бол хожим нь гарын үсэг зурсан боловч ноцтой байдлаар төөрөгдсөн гэж өөрчилсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ биш барьцааны гэрээ гэж ойлгон гарын үсэг зурсан боловч худалдах, худалдан авах гэрээ байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Харин шүүх халхавчалсан хэлцэл гэж дүгнэсэн. Амаар байгуулсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ халхалсан гэж үзжээ. Гэтэл амаар барьцааны гэрээ байгуулж байгаагүй, уг тохиролцоог анхнаасаа хийгээгүй. Нэхэмжлэгч л барьцааны гэрээ гэж тайлбарлан, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түр хугацаагаар өгсөн гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон иргэд ямар гэрээ байгуулах гэж байсан, хүсэл зоригийн агуулгын талаар гэрчлээгүй, гэрчлэх ч боломжгүй юм. Барьцааны гэрээний асуудал яригдаж байвал үндсэн үүргийг бий болгож буй гэрээний асуудлыг шүүх заавал дүгнэх ёстой боловч энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй байна.

Хэрэв халхавчлах зорилгоор хийсэн бол нэхэмжлэгч яагаад ноцтой төөрөгдөл байсан гэж тайлбарлав. Барьцааны гэрээг халхавчилж, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол анхнаасаа нуун далдалсан, халхавчилсан гэх асуудлыг гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч тухайн үед болж буй үйл явдлыг өөрөөр тусган авч ноцтой төөрөгдсөн гэж байна. Нотариатчийн зүгээс гэрээний үр дагавар, талуудын эрх, үүргийг тайлбарласан гэдгээ гэрчийн хувьд мэдүүлсэн. Түүний мэдүүлгээс тухайн үед ойлгомжгүй ямар нэг асуудал гараагүй нь илэрхий байна.

Ямар нэг зээлийн гэрээг Т.Х-тэй байгуулаагүй атал барьцааны гэрээг халхавчилж, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэл муутай байна. Хэрэв шүүх барьцаа бүхий ямар нэг зээлийн гэрээ байсан гэж үзэж байгаа бол ямар зээлийн гэрээ гэдгийг шүүхийн шийдвэртээ огт тусгаагүй. Б.О-, Т.Х- нарын хооронд ямар ч үндэслэлгүйгээр, аман хэлбэрээр шууд барьцааны гэрээ байгуулагдах учиргүйг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс болж өнгөрсөн үйл баримтыг хэд хэдэн удаа өөрөөр тайлбарлаж байгаа нь үл хөдлөх хөрөнгө худалдсан үйл баримтыг хэрхэн үгүйсгэхээ төлөвлөж, нөхцөл байдалд тохируулан өөрчилж байгаа хэрэг юм.

Хэрэв хэн нэгэн этгээд төөрөгдсөн бол тэрийгээ хэлдэг, үнэн хэрэгтээ өөр гэрээ байсан, ийм гэрээ биш гэж байгаа бол тэрийгээ хэлж, тайлбарласаар байх нь тодорхой. Шүүх гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэж дүгнэлт хийсэн боловч гэрчүүд тухайн үйл явдал болоход хамт байгаагүй. Нэхэмжлэгч болон Т.Х- нарын хүсэл зоригийн асуудлыг, мөн нотариатын өрөөнд юу болсон талаар гэрчилж чадахгүй. Тухайн газар юу болсныг Б.О-, Т.Х-, нотариатч нар л мэднэ.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг хэрэглэсэн тул Б.О-ийн гаргасан нэхэмжлэлээс Т.Х-эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Т.Х-эд холбогдуулан, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр түүнтэй байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,

хариуцагч Г.Ж-д холбогдуулан, түүнтэй байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч татгалзжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х- нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр, 11 тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл,

хариуцагч Г.Ж- нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.О-тэй байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 61 980 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд харилцан маргасан байна. /1хх1-2,37-38,199,2хх25/

 

Хэргийн баримтаас үзвэл уг хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 181/ШШ2017/03280 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 735 дугаар Магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэжээ. /1хх136-144,165-171/ Уг магадлалд “... нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй. ... үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн эсхүл уг гэрээгээр өөр хэлцлийг халхавчилж хийсэн эсэх, хэлцэл хийгч нэг тал нь нөгөө талыг төөрөгдүүлсний улмаас хэлцэл хийгдсэн эсэхтэй холбоотой шаардлага, түүний үр дагаврыг хэрхэхээр шүүхэд хандсан нь тодорхой бус. Эдгээрийг тодруулаагүй тохиолдолд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ч шийдвэрлэх боломжгүй ...” гэх үндэслэл заасан байна. /1хх170-171/

 

Дээрх магадлалыг Улсын Дээд Шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2018/01233 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, “нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардсан гэх боловч гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх, хэлцэл хийгч нэг тал нь нөгөө талыг төөрөгдүүлсний улмаас хэлцэл хийгдсэн эсэхтэй холбоотой тайлбарласан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай” гэж дүгнэжээ. /1хх186-190/

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгыг тодруулах ажиллагааг дээрх магадлал, тогтоолд заасны дагуу хийгээгүйн улмаас хэргийн үйл баримт бодитойгоор тогтоогдсон гэж үзэж, маргааны талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Т.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай талаар Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой тусгасан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр дахин тодруулж хавтаст хэрэгт авч өгнө үү” гэжээ. /1хх195/ Шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн болон нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр тодруулсан талаарх баримт хэрэгт огт авагдаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн аль зүйл, заалтын дагуу шаардаж буй талаар шүүгч нэхэмжлэгч талаас тодруулахад Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар шаардаж байгаа гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “анх бичгээр гаргасан шаардлагын хүрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар гэрээнд гарын үсэг зураагүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн тухайд талууд мэтгэлцэж байсан атал өмнөхөөс өөр үндэслэл зааж байна” гэх агуулгаар тайлбар гаргасан байна. /2хх114-115/

 

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаарх талуудын тайлбар, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолын заалтыг  анхаарч, шүүхээс хийвэл зохих ажиллагааг хийгээгүйн улмаас нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Т.Х- нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэнтэй холбоотой хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Дээрх тохиолдолд шүүх, тухайн хэлцлийг хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх эсхүл ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн аль нь болохыг тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэгч талын тайлбарласан Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хэлцэл хийгч тал хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу төөрөгдсөн хэлцэл гэж үзэх юм бол талуудын нотлох, мэтгэлцэх зүйл нь өөр байна. Харин шүүхийн дүгнэж буй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг буюу аман тохиролцоо болох барьцааны гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлүүдийг шүүх дахин тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдоггүй учраас маргаан бүхий хэлцлийн дагуу ямар үр дагавар арилгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шаардлага гараагүй байна. Талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаж буй тохиолдолд тухайн хэлцлийн үр дагаврыг шүүх нэг мөр шийдвэрлэх учиртай.

 

Хариуцагч Т.Х-ийн хувьд “...орон сууц худалдан авах гэрээний төлбөрт нийт 5 000 000 төгрөг төлсөн...” гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Г.Ж-ын зээлийн гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар гаргахдаа “...Т.Х-ээс 20 000 000 төгрөгийг зээлж авсан, түүнтэй зээлийн гэрээ байгуулсан...” гэж  маргадаг. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй 20 000 000 төгрөгийг Т.Х-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан уу, эсхүл Т.Х-ийн даалгаснаар Г.Ж-той байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан уу гэдэг нөхцөл байдал тодорхой байх шаардлагатай. Үүнийг тодруулаагүй тохиолдолд хууль хэрэглээний хувьд болон зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг хүлээх эсхүл тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэхэд маргааны үйл баримт тодорхой байх нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр оролцсон гэрчүүд “Т.Х-ийг зээл өгсөн гэж бодтол Г.Ж- байсан...” гэж мэдүүлсэн байна. Иймээс хариуцагч Т.Х-, Г.Ж- нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-тэй холбоотой ямар харилцаа байгаа талаарх нөхцөл байдал ч тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй. /2хх1-3,6-7,97-99/

 

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдалах гомдол тус бүрт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Б.О-ийн 322 950 төгрөг, хариуцагч Т.Х-ийн 95 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА