Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2019/00252

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Х-д холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ж-д холбогдох

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 61.980.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, Ц.Эрдэмбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч Т.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О иргэн Т.Хээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1 сарын хугацаатайгаар 20.000.000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Уг зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг бэлнээр, 5.000.000 төгрөгийг дансаар мөн өдрөө хүлээн авсан бөгөөд барьцааны гэрээ хийгээгүй. Түүнчлэн би Т.Хээс 20.000.000 төгрөгийг зээлсэн боловч гэрээ байгуулах үед Т.Хэд иргэний үнэмлэх нь байхгүй гэсэн тул түүний найз Г.Жтой зээлийн гэрээг байгуулсан.

Т.Хийн хүсэлтийн дагуу зээлийг эргэн төлж дуусах хүртэлх хугацааны баталгаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн 40 дүгээр байрны 11 тоот, 26 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хадгалуулахаар болсон юм. Үүний дагуу өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг эх хувиар нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Хэд өгсөн.

Гэтэл Т.Х зээл төлөх баталгаа болгон хадгалуулахаар өгсөн хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан байна. Тус гэрээний агуулга нь Б.Оюунчимэгээс Т.Хэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж буй мэтээр миний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч гэрээ хийж улмаар  гэрээг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, миний эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнд заасанчлан өөрийн өмчлөлийн Ү-2202004339 дугаартай хөрөнгийг Т.Хэд худалдан борлуулах хүсэл зориг надад байгаагүй, тус гэрээнд би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан.  Мөн гэрээнд хөрөнгийн үнэ 5.000.000 төгрөг гэж заасан ч энэ мөнгийг аваагүй, харин зээлийн 20.000.000 төгрөгнөөс 5 сая төгрөгийг дансаар хүлээн авсан. Түүнчлэн уг 2 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ 80.000.000 төгрөг байхад өөрт илт хохиролтой гэрээ байгуулах ямар ч үндэслэл байхгүй.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Хтэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

Мөн Г.Жтой 2017 оны 3 дугаар сарын 31-нд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг бидний хэн алинд нь байгаагүй. Энэхүү зээлийн гэрээг анх Д.Б, Г.Д, Л.Г гэх гурван хүн Б.Оээр дамжуулан Т.Хээс зээл авахаар тохиролцож хандсан. Б.О Г.Ж-той ямар нэг гэрэ байгуулах хүсэл зориг байгаагүй боловч Т.Хээс зээл авахын тулд түүний хэлсний дагуу гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан. Иймд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэг өдөр Т.Хтэй худалдах худалдан авах гэрээг, Г.Жтой зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан гэдэгт маргахгүй. Анх Д.Б, Г.Д, Л.Г гэдэг гурван хүн Б.Оээр дамжуулан зээл авахаар “Шуурхай Зар” сонины зарын дагуу холбогдон Т.Хтэй тохиролцож, зээлийн баталгаа болгон нэхэмжлэгчийн орон сууцыг барьцаалахаар болсон байдаг. Чингэлтэй дүүрэгт байрлах нотариатч дээр Т.Х, Г.Ж, Б.О нар гурвуулаа очсон. Гэрээ байгуулах үед бичиг баримт байхгүй гэсний улмаас Т.Хтэй хамт ирсэн Г.Жтой зээлийн гэрээг байгуулсан. Гэрээгээ байгуулаад Г.Жоос бус харин Т.Хээс 15.000.000 төгрөгийг бэлнээр, 5.000.000 төгрөгийг дансаар тус тус хүлээн авсан тул гэрээний ард мөнгө хүлээн авсан гэж бичсэн. Харин дараа нь мөн өдрөө орон сууцыг зээлийн баталгаа болгож гэрээг хийхдээ Т.Хтэй худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Уг орон сууцыг нэхэмжлэгч өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Иймд анхнаасаа хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй, харин зээлийн баталгаа болгож хадгалуулсан гэж ойлгож гэрээг байгуулахдаа андуурч хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг  зөвшөөрөн хийсэн байх тул Т.Хтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн энэ шаардлагаа тодруулж байна. Т.Хийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Хариуцагч Г.Жын сөрөг нэхэмжлэлийн тухайд: Зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Г.Жоос ямар нэг мөнгө шилжүүлж аваагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн харилцаа бодитоор үүсээгүй. Харин Т.Хээс 20.000.000 төгрөгийг бэлэн, бэлэн бус хэлбэрээр хүлээн авсан. Уг зээлийн хүүд нийт 6.000.000 төгрөг төлсөн болохыг гэрчүүд нотлож мэдүүлсэн. Хэрэв хариуцагч Т.Хийн зүгээс зээлийг шаардвал түүнд үлдэх зээлийг төлнө. Харин Г.Жын хувьд түүнээс мөнгийг хүлээж аваагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Отэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б.От мөнгөний яаралтай хэрэг гарсан гээд 5.000.000 төгрөгөөр орон сууцаа худалдахаар харилцан тохиролцсон юм. Гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн 292 дугаар бүхий тамгатай нотариатч Д.Солонгоор гэрчлүүлсэн бөгөөд нотариатч гэрээг гэрчлэхээс өмнө Б.От гэрээний нөхцөл, үр дагаврыг тайлбарлан өөрийн хүсэл зориг байгаа эсэхийг тодруулсан. Б.О биечлэн байлцаж, гэрээ болон нотариатчийн тэмдэглэл дээр гарын үсгээ зурсан бөгөөд түүнийг нотариатч гэрчилж мэдүүлсэн. 

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Хийн Хаан банк дахь данснаас Б.Оийн дансанд 5.000.000 төгрөгийг “Байрны үнэ Х” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

Нэхэмжлэгч Б.О хариуцагч Т.Хээс 20.000.000 төгрөг зээлсэн, Т.Хийн иргэний үнэмлэх байхгүй байснаас найз Г.Жтой зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн баталгаа болгож гэрчилгээг түр хадгалуулсан гэжээ. Энэ зээлийн гэрээний талаар манай зүгээс мэдэхгүй, Г.Жыг танихгүй. Зээл өгсөн, авсан асуудлыг мөн мэдэхгүй. Т.Хийн зүгээс 20.000.000 төгрөг зээлдүүлээгүй, уг мөнгө түүнийх биш. Мөн хэрэгт авагдсан хоёр гэрээнүүд бүгд нэг нотариатч нэг өдөр баталсан байгаагаас үзвэл бичиг баримтгүйгээс зээлийн гэрээг Г.Жтой хийсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд төөрөгдсөн гэсэн үндэслэлээр шаардлагаа тодруулж байх боловч нотариат үр дагаврыг тайлбарласны эцэст байгуулсан тул төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д төөрөгдснөө “нэн даруй” нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь ийм үндэслэл хэлж байгаагүй харин гарын үсэг биш гэж маргаж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Х нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.Оээс Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байрны 11 тоотод байрлах 26 мкв талбай бүхий орон сууцыг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан төлбөрийг зохих ёсоор шилжүүлсэн билээ. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, би тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Б.От тухайн үед гэнэт мөнгөний яаралтай хэрэг гарсан тул үл хөдлөх эд хөрөнгөө яаралтай зарах шаардлагатай байна гэж хэлж байсан. Мөн гэнэт орон сууцаа зарах болсон тул түр хугацаанд тухайн орон сууцанд байлгахыг надаас хүссэн. Намайг гараарай гэсэн үед төвөг, саад болохгүй даруй гарна шүү гэхэд Б.О “За тэгнээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр миний хууль ёсны өмч хөрөнгийг надаас авахаар улайран дайрч байна. Одоо тухайн орон сууц хуулийн дагуу миний өмч хөрөнгө болсон. Б.От орон сууцыг минь чөлөөлж өгөх тухай утсаар болон биечлэн уулзаж хэлэхэд удаа дараа чадахгүй, 5.000.000 төгрөгөөр чамд байраа зарна гэж юу байсан юм гэж элдвээр хэлж загнадаг. Энэ маягаар Б.О өдийг хүртэл миний өмчлөлийн орон сууцанд амьдарч байна. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар миний хууль ёсны өмч болох Ү-2202004339 дугаарт  бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр, 11 тоотод байрлах орон сууцыг чөлөөлөхийг Б.От даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Б.О нь иргэн Г.Ж надтай харилцан тохиролцож 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 20.000.000 төгрөгийн зээлийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл төлөхийг удаа дараа шаардсан боловч огт төлөлт хийгээгүй. Иймд Б.Оээс үндсэн зээл 20.000.000 төгрөг, хүү 21.320.000 төгрөг, алданги 20.660.000 төгрөг нийт 61.980.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                                                                                                                                             

                                                                                                                 

Нэхэмжлэгч Б.О нь Т.Хэд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Мөн нэхэмжлэгчээс Г.Жд холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар, харин Г.Жоос нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61.980.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Т.Х, Б.О нар 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруугийн 40 дүгээр байр 11 тоотод байрлах 26 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь хөрөнгийн үнэ 5.000.000 төгрөг төлөхөөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. /1хх 5, 6 /

Улмаар уг гэрээг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Хийг бүртгэж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 000528148 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /1хх 19-21/ 

Талууд гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй ч уг гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргаж байна.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.О, Г.Ж нар харилцан тохиролцож, Зээлдүүлэгч нь 20.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, Зээлдэгч сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатайгаар эргүүлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр “Зээлийн гэрээ”-г байгуулжээ. /1хх 4, 202/

Нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсанд маргаагүй ч уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргав.

 Хэрэгт баримтаар Т.Хээс 2017 оны 3 дугаар сарын 31-нд “байрны үнэ” утгаар 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан гэдэгт маргаагүй ч худалдах худалдан авах гэрээний дагуу бус харин зээлийн гэрээний дагуу  Т.Хээс хүлээн авсан нийт 20.000.000 төгрөгний нэг хэсэг гэж тайлбарлав. /1хх 18/

 

1.Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай үндсэн, Т.Хийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б.О нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг мөн өдөр хариуцагч Т.Хэд  худалдах хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан

-“Шуурхай зар” сонины 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №22 дугаарт “зээл олгоно, зээл чөлөөлнө утас: 90153553” зар нийтлэгдсэн тухай тус сонины газрын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт /1хх 242/,

-нотариатч Д.Солонгын “худалдах худалдан авах гэрээ ... зээлийн гэрээг би баталсан ... Ж байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /1хх 92,93/,

-гэрч Л.Гүрсүрэнгийн “Зарын дагуу байр барьцаалж мөнгө зээлүүлэхээр хандахад 2 хүн ирж байсны нэг нь Ж, нөгөө нь Х ... Байрны эзэн болох О-тэй ярилцан тохирч, Б, Д, Г нар дээрх мөнгийг Х-ээс зээлсэн, хүү төлсөн, Х бид нараас мөнгөө нэхдэг байсан, түүнийг хараад танина” гэсэн мэдүүлэг /2хх 1-3/,

-Т.Х, Л.Г нарыг нүүрэлдүүлэн асуухад “энэ хүнээс 2017 оны 03 дугаар сарын 31-нд 20.000.000 төгрөгийн зээл авахдаа уулзаж байсан, утсаар ярьж зээлээ төлөхдөө хэд хэдэн удаа уулзаж байсан, зарын дагуу ярилцаад байр үзэхээр ирэхдээ нэг хүнтэй хамт ирж байсан, байрыг барьцаанд тавьж мөнгө олох зорилготойгоор бид өөр нэг хүнтэй ярьсан байсан боловч тэр бүтэхгүй болоод зарын дагуу Хтэй холбогдоод тэр даруйдаа ирээд 20.000.000 төгрөгийг өгч байсан” гэсэн мэдүүлэг /2хх 6-7/,

-гэрч Г.Дгийн “... анх Хийг Ж гэж бодож байсан. Сүүлд хүүг дансаар авна гээд дансны дугаар бичиж өгөхөд Х гэсэн байсан. Чи Ж биш юм уу гэхэд үгүй Х гэж хэлсэн” тухай мэдүүлэг /2хх 96-98/,

-хариуцагч Т.Хийн “би тухайн үед 90153553 гэдэг дугаар барьдаг байсан” гэж мэдүүлсэн байдал, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс түүний дээрх мэдүүлгийг үгүйсгээгүй байдал зэргээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр зохигчдын хэн алин нь хэлцлийг байгуулахаас өмнө найз нөхөд хийгээд дотны харилцаагүй байсан, гэрээг байгуулснаас хойш Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хөрөнгөө өнөөг хүртэл хүлээн аваагүй, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө шаардаж байгаагүй байдал нь талууд анхнаасаа хэлцлийг хийхдээ худалдах, худалдан авах хүсэл эрмэлзэл байгаагүй, харин барьцаа болгож хөрөнгийг хариуцагч Т.Х өөр дээрээ хадгалах агуулгатай байсныг илтгэж байна.

Иймд дээрх худалдах худалдан авах гэрээ нь зээлийн гэрээний барьцааг хангуулах зорилгоор хийгдсэн аман тохиролцоог халхавчлах зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зйүлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль ёсны өмчлөгч өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зөрчигчөөс шаардах эрхтэй боловч дээрх шаардах эрх нь зөвхөн эзэмшил хууль бус үед хэрэгжихээр зохицуулжээ.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр бус тул хариуцагч Т.Х тухайн хөрөнгийг шударгаар олж авсан өмчлөгч гэж үзэх боломжгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Г.Жд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Г.Жын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 61.980.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нийт 20.000.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан гэдэгт маргаагүй. Харин уг мөнгийг Г.Жоос бус Т.Хээс хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч уг мөнгө түүнийх биш гэж Т.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул шүүх дээрх 20.000.000 төгрөг Г.Жынх гэж үзэн хэрэгт авагдсан зээлийн гэрээний дагуу тооцон шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр сарын 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай байхаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон, нэхэмжлэгч Б.О энэ хугацаанд зээлийн хүүд 6.000.000 төгрөг төлсөн тухай тайлбараа баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Б.Оээс нийт 33.000.000 /үндсэн 20.000.000 + 1 сарын хүү 2.000.000 + алданги ИХ 232.4≈11.000.000/ төгрөг гаргуулж Г.Жд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Оийн гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Г.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, өмгөөлөгч А.Отгонжаргал нарт өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 01 дүгээр сарын 10-нд шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргэсэн ч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан Т.Х, Б.О нарын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004339 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу, 40 дүгээр байр, 11 тоотод байрлах орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Т.Хийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.Оээс 33.000.000 /гучин гурван сая/ төгрөг гаргуулж Г.Жд олгон, нэхэмжлэлээс үлдэх 28.980.000 төгрөг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Г.Ж, Б.О нарын хоорондох 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Оийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352.900 төгрөг, хариуцагч Т.Хээс төлсөн 94.950 төгрөг, хариуцагч Г.Жоос төлсөн 468.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.От, нэхэмжлэгч Б.Оээс 322.950 төгрөг гаргуулж, харуцагч Г.Жд тус тус олгосугай.  

            4.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2018/11766 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ