Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/00012

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/00012 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Хилчин 00-00 тоот хаягт оршин суух, Б овогт Н. Л/РД:ЧД0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 04-р хороо, 0000-р байр 00 тоот хаягт оршин суух, Д. овогт Д. Б /РД:УЖ00000000/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Баянголын гудамж-0 хаягт байрлах Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.А нарт холбогдох,

Газар эзэмших эрх шилжүүлэх, зээл болон барьцааны гэрээнүүдийг тус тус цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв талбай бүхий газраас албадан чөлөөлүүлэх,Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 000000000 дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Б.И ах нас барсан байгаа. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач ах Б.И ахад мөнгө хэрэг болоод байна газраа энэ хүнд барьцаалаад 10 сая төгрөг аваад өгөөч гээд Д.Бийг дагуулан ирээд нотариатын газар очиж зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зураад л бичиг баримтуудаа өгөөд явсан бөгөөд мөнгө төгрөг өгч, авалцахад байгаагүй, ах Б.И Д.Б хоёр л үлдсэн. Д.Б гэх хүнийг би огт харж байгаагүй, танихгүй байсан. Дараа нь манай ах Б.И, Д.Б нар намайг нотариат дээр дуудаад Газрын эрх шилжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зуруулж байсан бөгөөд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Д.Б нь тухайн үед 21,500,000 төгрөг төлж газрын эрхийг шилжүүлэн авахаар тохирсон байгаа боловч энэхүү мөнгийг газрын эзэмшигч надад төлөөгүй тул миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 385 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр иргэн Д.Бтой байгуулсан гэрээнүүдийг цуцалж, Д.Бийг миний эзэмшлийн газраас албадан чөлөөлж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ... Миний бие зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй мөн газар худалдсан мөнгийг аваагүй. Д.Б гэрээний дагуу газрын эзэмшигч Н.Лд мөнгөө шилжүүлээгүй, газрыг шударгаар олж аваагүй , шүүхэд маргаантай байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бусаар олгосон.Иймээс Сонгинохайрхан дүүргийн газрын албаны эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаар бүхий 385 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоож өгнө үү... гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх зээлийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Лтэй 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлдүүлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж Н.Лгийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо төмөр замын хаягт байрлах нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 386 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар газар эзэмших 000000000 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр өгч Н.Л хүлээн авч гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө Н.Л ахдаа өгнө үү хэнд өгч захиран зарцуулах нь надад хамаагүй юм. Ах дүү хамаатан садан гэж хэлээд надтай гэрээ байгуулсан. Гэрээг би бичгээр хийж, нотариатаар орж, гэрээ байгуулсан талууд тухай бүр нь өөрсдөө гарын үсгээ зурж, мөнгийг шилжүүлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэж авсан мөнгө, хүүгийн хамт төлөөгүй жаргал зовлон ярьж байгаад тус оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11,500,000 төгрөг нэмж өгөөд энэ газрыг худалдаж аваач гэхээр нь би зөвшөөрсөн. Маргааш нь буюу 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг эрхээ баталгаажуулан нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 386 м.кв 000000000 дугаар гэрчилгээтэй газрыг газар эзэмших шилжүүлэх гэрээ байгуулж хууль ёсны бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулсан. 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу миний бие хууль ёсны эзэмшигч болсон. Зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй гэж байсан юм тухайн үед нь шүүхэд хандахгүй өнөөдрийг хүртэл зээл болон барьцааны гэрээний дагуу шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Эдгээр гэрээнүүдийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.А нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Н.Лгээс хүсэлт гаргасны дагуу дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/000 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 386 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Л, Д.Б нараас 386 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, албаны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн №000-д бүртгэгдсэн боловч холбогдох баримт, материал албаны архивд хадгалагдаагүй байна. Хүсэлт эцэслэн шийдвэрлээгүй тул 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Лгээс 000000000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авах тухай хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны А/000 дугаар захирамжийг үндэслэн иргэн Н.Лгийн нэр дээр газар эзэмших эрхийн 000048227 дугаартай гэрчилгээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нөхөн бичигдсэн. Энэ хугацаанд иргэн Д.Б өөрийн биеэр ирж тухайн газарт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн, 2016 онд эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байшин барьж, газрын төлбөр тооцоог барагдуулж байсан тухай гомдол гаргасан тул иргэн Н.Лгийн хууль бусаар гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тэмдэг дарж архивд хадгалсан болно. Иргэн Д.Боос Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн газрын шударга эзэмшигчийг тогтоох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 000/ШЗ0000/00000 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэн Д.Боос 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус албанд эрх шилжүүлэх хүсэлтээ дахин гаргаж, дүүргийн Засаг даргын дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хуралд танилцуулж, уг хурлаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд шаардагдах материал бүрдэл хангалтгүй тул хойшлуулах тухай дүгнэлт гарч, энэ тухай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17/6420 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Иргэн Н.Лд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 00/0000 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу мэдэгдсэн. 2021 оны 6 дугаар сарын 16, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд дахин хүсэлт гаргасан, мөн иргэн Н.Лгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.А Н.Лгийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 00000000000 дугаартай 385 м.кв газрын 000000000 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд Хүчингүй гэсэн тэмдэглэгээ хийж хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 000 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэн дүүргийн Засаг даргын дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаар иргэн Д.Бийн хүсэлтийг танилцуулж дэмжигдсэн тул дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/000 дугаар захирамжаар иргэн Д.Бид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн Д.Бид газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.Д.Бийн хариу тайлбарыг дэмжиж байна. Зохигчдоос гаргаж өгсөн гэрээ, холбогдох баримтуудыг үндэслэн газрын алба Л.Б газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Газар эзэмших эрх шилжүүлэх, зээл болон барьцааны гэрээнүүдийг тус тус цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв талбай бүхий газраас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Бид,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.Анд тус тус холбогдуулан нэхэмжлэгч Н.Л нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Л нь ... 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээл болон барьцааны гэрээг хариуцагч Д.Бтой байгуулсан, гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн маргахгүй. Гэхдээ хариуцагч зээлийн гэрээний зүйл болох мөнгө 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б надад өгөөгүй. Ах Б.И мөнгө хэрэг болоод байна гэж надад хэлж би өөрийн газраа зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч гэрээнүүдэд нь гарын үсэг зурж ахдаа тусалсан. Ах Идэш нотариат дээр дуудаж гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Боос аваагүй тул зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.3-т заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болсон.Мөн газар эзэмших эрх худалдсан төлбөр гэх төлбөрийг би аваагүй Б.И ахын данс руу хариуцагч шилжүүлсэн. Иймээс зээлийн гэрээний мөнгө, газар худалдсан мөнгийг би аваагүй бөгөөд хууль бус гэрээг үндэслэн миний газар эзэмших эрхийг хариуцагч Д.Б шилжүүлэн авсан тул газар эзэмших эрх шилжүүлэх, зээл болон барьцааны гэрээг тус тус цуцалж, Д.Бийг маргаан бүхий газраас албадан чөлөөлж өгнө үү. Газрын алба надад шинээр газар эзэмших гэрчилгээ олгосон боловч тус өдрөө хүчингүй болгосон. Гэрээнүүдийн дагуу мөнгийг надад хариуцагч Д.Б шилжүүлээгүй, газар эзэмших эрхийг Д.Б шударгаар олж аваагүй, шүүхэд маргаантай байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон тул газар эзэмшүүлэхэд саад болсон үйлдлийг зогсоож, маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоож, газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Д.Б ... 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгийг нэхэмжлэгч Н.Л авсан. Авсан болох нь мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч надаас зээлсэн 10 сая төгрөгөө хэнд өгөх, яаж захиран зарцуулсан нь надад хамаагүй юм. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөгөө надад төлж чадаагүй бөгөөд мөнгө төлөх боломжгүй байна гэж тайлбарлаад. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 385 м.кв талбай бүхий газрыг худалдаж авах санал тавьж, саналыг би хүлээн авч надаас зээлсэн 10 сая төгрөг өгөх мөнгөн дээр газар худалдаж авсан төлбөрт нэмж 11,500,000 төгрөг нийт 21,500,000 төгрөгөөр газрын худалдаж авахаар тохиролцсон. Газрын төлбөрийг тухайн үед Б.Иийн дансаар авъя гэж нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч данс өгсний дагуу уг данс руу газрын төлбөрийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хуульд нийцсэн, хуулийн дагуу газрыг худалдан авсан, эдгээр гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа болно.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.А нь... хариуцагч Д.Бийн хариу тайлбарыг дэмжиж байна. Зохигчдоос гаргаж өгсөн гэрээ, холбогдох баримтуудыг үндэслэн газрын алба Л.Бямбадоржид газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Н.Л, Д.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцэл, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх бөгөөд зохигчид дээрх гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. /1х.х-ийн 30,31, 188, 229, 231 хуудас/

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Д.Б нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Х.Л-д 10,000,000 төгрөгийг зээлүүлж, Х.Л 10,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр буцаан төлөхөөр, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 385 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг барьцаалжээ. Талууд зээл болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар зохигчид маргаагүй байна. /1х.х 31,188 хуудас /

Харин нэхэмжлэгч Х.Л 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Боос аваагүй гэж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 281.2-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний ар талд 10 сая төгрөгийг Д.Боос авлаа (Арван сая) Н.Л. Хүлээлгэн өгсөн Д.Б гэх бичиглэл авагдсан байх бөгөөд уг мөнгө хүлээн авсан баримтад зурсан гарын үсэг Н.Л миний гарын үсэг мөн, маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө тайлбарлаж байх тул хариуцагч Д.Б нэхэмжлэгч Н.Лд зээлийн гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн нь уг баримтаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр, зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ. /1х.х-ийн 188 хуудас/

Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч Н.Л зээлийн гэрээний зүйлийг аваагүй гэж татгалзаж байгаа боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэх өмгөөлөгчийн тайлбар мөнгө хүлээн авсан баримтаар мөн үгүйсгэгдэж байна.

Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн барьцааны гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 30,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай 385 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг барьцаалжээ./1х.х-ийн 31 хуудас/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд ...үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна, газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6. энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж зааснаар дээрх маргаан бүхий барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус барьцааны гэрээ байна.

Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах шаардлага нь хүчин төгөлдөр гэрээний тухайд шүүх дүгнэж, шийдвэрлэдэг тул хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг цуцлах шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий зээл болон барьцааны гэрээний дагуу хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул зээлийн болон барьцааны гэрээ цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцлээр

...Иргэн Н.Лгийн гэрээгээр хүлээх үүрэг

1. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай 0000/0000 нэгж талбарын дугаартай, 000000000 тоот гэрчилгээтэй, 386 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Бийн нэр дээр шилжүүлж өгнө.

3. Газрын гэрчилгээний нэр шилжүүлэх өөрийн биеэр байлцаж, гэрчилгээг иргэн Д.Бийн нэр дээр шилжүүлж өгнө.

Иргэн Д.Бийн үүрэг

2.    Газрын үнэ болох 21,500,000 төгрөгийг 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 18.10 минутад иргэн Б.Иийн дансанд шилжүүлж өглөө...

3.    Газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг хүлээн авлаа...гэж харилцан тохиролцож Н.Л, Б нар гэрээнд гарын үсэг зурж, байлцсан Б.И, Л-Э гэх иргэд гарын үсэг тус тус зурсан хэлцэл хэрэгт авагджээ. /1х.х-ийн 32, 2.х.х-ийн 61 хуудас/

 

Дээрх хэлцлийн дараагаар

- 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ... эрх шилжүүлэгч Н.Л Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 386 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг эрх шилжүүлэн авагч Д.Бид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр, газрыг эрх шилжүүлэгч тал эрх шилжүүлэн авагч талд өөрийн хүсэлтээр, харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж байгаа болно..., /1х.х-ийн 57 , 231 хуудас/

-2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр

1.Н.Л буюу эрх шилжүүлэгч тал өөрийн эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орших 386 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлнэ,

2.Эрх шилжүүлэгч тал газар эзэмших эрхийн гэрчилгээ болон түүнтэй холбоотой бусад бичиг баримт/кадастрын зураг, засаг даргын захирамж, хянан баталгааны дүгнэлт/-ыг эрх шилжүүлэн авагч Д.Бийн нэр дээр шилжүүлнэ.

6. Гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан эсэх тийм

7.Гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх тийм

8. Бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйл нөлөөлсөн эсэх-үгүй гэх гэрээнүүдийг харилцан тохиролцож байгуулсан байна. /1 х.х-ийн 229 хуудас /

Дээрх 3 хэлцлээс үзвэл нэхэмжлэгч Н.Л өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 386 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг 21,500,000 төгрөгөөр хариуцагч Д.Бид худалдаж, газар эзэмших эрх худалдан авсан төлбөрт 21,500,000 төгрөгийг Д.Б шилжүүлсэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасан эрх худалдах-худалдан авах гэрээтэй нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна, 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан хэлцэл эрх худалдах-худалдан авах гэрээний шинжтэй нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Л газрын эрх худалдсан төлбөрийг би аваагүй, төлбөрийг талийгаач эх Б.И ах авсан. Гэрээний төлбөр төлөх үүргээ хариуцагч Д.Б төлөөгүй үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 12, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус тус байгуулсан 3 хэлцлийг цуцлах гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.

Дээрх гурван хэлцлийн дагуу эрх худалдах-худалдан авах гэрээний үнэ болох төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Лгийн зээлсэн 10,000,000 төгрөг дээр түүний шилжүүлэхийг зөвшөөрсөн Б.И гэх хүний данс руу 11,500,000 төгрөгийг шилжүүлж, нийт 21,500,000 төгрөгийг газрын эрх худалдсан төлбөрт төлсөн гэж хариуцагч Д.Б дээрх 3 хэлцлийг цуцлах шаардлагыг татгалзаж байна.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцлээр ...Газрын үнэ болох 21,500,000 төгрөгийг 2014 оны 12 сарын 12-ны өдрийн 18.10 минутад иргэн Б.Иийн дансанд шилжүүлж өглөө...гэж харилцан тохиролцож Н.Л, Д.Б нар гарын үсэг зурсан, уг баримтад нэхэмжлэгч Н.Л гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн маргахгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. /1х.х-ийн 32, 2.х.х-ийн 61 хуудас/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан байна.

2014 оны 12 угаар сарын 12-ны өдөр Бургастай Идэш гэх иргэний Хаан банк дахь 50078445000 тоот дансанд 11,500,000 төгрөгийг хариуцагч Д.Б шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан байна. /1х.х-ийн 59 хуудас/

Газрын гэрчилгээ шилжүүлэх 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэлцэлд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй Б.Ит хүлээлгэн өгснийг Н.Л хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь уг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгч газрын эрх худалдсан төлбөр буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгөхийг тухайн цаг хугацаанд өөрөө зөвшөөрсөн байна.

Мөн нэхэмжлэгч Н.Л 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д.Боос 10,000,000 төгрөг зээлж, гэрээний зүйлийг авсан нь тогтоогдсон бөгөөд зээлийн гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг буцаан хариуцагч Д.Бид шилжүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч Н.Л шүүхэд ирүүлээгүй, хэрэгт баримт авагдаагүй байна. Эндээс дүгнэвэл 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Лгийн зээлсэн 10,000,000 төгрөг дээр түүний шилжүүлэхийг зөвшөөрсөн Б.И гэх хүний данс руу 11,500,000 төгрөгийг шилжүүлж, нийт 21,500,000 төгрөгийг газрын эрх худалдан авсан төлбөрт төлсөн гэх хариуцагчийн татгалзал, тайлбар баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Д.Боос 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан газрын гэрчилгээ шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцлах шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний зүйл болон газрын эрх худалдан авсан төлбөрийг тус тус хариуцагч Д.Б нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул гэрээг цуцлахаар шаардлага гаргасан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн уг шаардлагын үндэслэл тайлбараас дүгнэвэл хариуцагч Д.Бийг төлбөр төлөөгүй үүргийн зөрчил гаргасан гэж үзэж гэрээг буцааж, газар эзэмших эрхээ хариуцагчаас буцаан авахаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байна.

Иргэний хуулн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзахыг хуулиар хязгаарласан байдаг.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Н.Л нь үүрэг гүйцэтгэгч Д.Б гэрээгээр хүлээсэн үүргээс зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхтэй байна. Тэгвэл үүрэг гүйцэтгэгч Д.Б нь газрын эрх худалдан авсан төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй юм.

Хариуцагч Д.Б Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 386 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг хэлцлийн дагуу шилжүүлэн авсан нь Газрын тухайн хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй, шударгаар эзэмших эрхийг олж авсан байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж заажээ. Хариуцагч Д.Б уг маргаан бүхий газрын эзэмших эрхийг хэлцлийн дагуу хуульд зааснаар шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй байх тул хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан тул хариуцагчийг албадан чөлөөлүүлэх, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Н.Л газар эзэмших эрхээ хариуцагч Д.Бид хэлцлийн дагуу шилжүүлсэн, уг маргаан бүхий газрын эзэмшигч биш байх тул хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 12,13-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, гэрээний дагуу шаардах эрхтэй байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан,... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 12,13-ны, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны тус тус өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7107 дугаар захирамжаар тогтоогдож байна. Иймээс уг гэрээнүүдийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хугацааг дахин шинээр эхлэн тоолоход шаардах эрхийн хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй байна. /1х.х-ийн 78-81 хуудас/

Нэхэмжлэгч үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан гэрээгээр өгсөн авснаа буцаах үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг маргаан нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хамаарах иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан нэхэмжлэл учраас мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Иргэний шүүхийн хянан шийдвэрлэх харьяаллын маргаан тул хариуцагчийн харьяалал зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцэл, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Н.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 260 дугаар дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1, 225.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Б, Сонгинохайрхан дүүргийн Г.З.Б.А.А нарт холбогдох 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ цуцлах, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцэл, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус цуцлах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000000000 дугаартай, 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Н.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч Н.Лийг чөлөөлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласуг

 

 

ШҮҮГЧ                    Ц.ОЮУНБИЛЭГ