Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2022/00669

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/00012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох

Газар эзэмших эрх шилжүүлэх, зээл болон барьцааны гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаартай, 385 м.кв талбай бүхий газраас албадан чөлөөлүүлэх, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаартай 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээ гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Л, түүний өмгөөлөгч Ж.Дорж, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах +++ дугаартай гэрчилгээтэй, нэгж талбарын ** дугаартай, 385 м.кв газрыг гэр орон сууцны хашааны зориулалтаар Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаартай захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшдэг. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Б.И ахад мөнгө хэрэг болоод байна газраа энэ хүнд барьцаалаад 10 сая төгрөг аваад өгөөч гээд Д.Бийг дагуулан ирээд нотариатын газар очиж зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зураад, бичиг баримтуудаа өгөөд явсан бөгөөд мөнгө хүлээлцэхэд байгаагүй. Дараа нь манай ах Б.И, Д.Б нар намайг нотариат дээр дуудаад газрын эрх шилжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зуруулж байсан бөгөөд надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Д.Б нь тухайн үед 21,500,000 төгрөг төлж газрын эрхийг шилжүүлэн авахаар тохирсон байгаа боловч надад өгөөгүй. Мөн зээлийн гэрээний дагуу мөнгийг аваагүй. Д.Б гэрээний дагуу газрын эзэмшигч Н.Лд мөнгөө шилжүүлээгүй, газрыг шударгаар олж аваагүй, шүүхэд маргаантай байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль бусаар олгосон. Иймээс Сонгинохайрхан дүүргийн газрын албаны эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж өгнө үү. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаар бүхий 385 м.кв газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Лтэй 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан ...нэгж талбарын **** дугаар бүхий 386 м.кв талбайтай гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших ++++дугаар гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу мөнгийг бэлнээр өгч Н.Л хүлээн авч гарын үсэг зурсан. Гэрээг бичгээр байгуулан, нотариатаар батлуулж, талууд гарын үсгээ зурж, мөнгийг шилжүүлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэж авсан мөнгө, хүүгийн хамт төлөөгүй бөгөөд мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11,500,000 төгрөг нэмж өгөөд энэ газрыг худалдаж аваач гэхээр нь зөвшөөрсөн. 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг эрхээ баталгаажуулан нэгж талбарын **** дугаар бүхий 386 м.кв ++++дугаар гэрчилгээтэй газрыг газар эзэмших шилжүүлэх гэрээ байгуулж хууль ёсны бичиг баримтуудыг нотариатаар баталгаажуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний дагуу миний бие хууль ёсны эзэмшигч болсон. Өнөөдрийг хүртэл зээл болон барьцааны гэрээний дагуу шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбар, татгалзлын агуулга: Н.Лгээс хүсэлт гаргасны дагуу дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/250 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 386 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Н.Л, Д.Б нараас 386 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх тухай хүсэлт гаргаж, албаны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн №276-д бүртгэгдсэн боловч холбогдох баримт, материал албаны архивд хадгалагдаагүй байна. Хүсэлт эцэслэн шийдвэрлээгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Н.Лгээс ++++дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн авах тухай хүсэлт гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны А/250 дугаар захирамжийг үндэслэн Н.Лгийн нэр дээр газар эзэмших эрхийн 000048227 дугаартай гэрчилгээ 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нөхөн бичигдсэн. Энэ хугацаанд Д.Б өөрийн биеэр ирж тухайн газарт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн, 2016 онд эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар тухайн газарт үл хөдлөх хөрөнгө байшин барьж, газрын төлбөр тооцоог барагдуулж байсан тухай гомдол гаргасан тул иргэн Н.Лгийн хууль бусаар гаргуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй тэмдэг дарж архивт хадгалсан.

Д.Боос шүүхэд тухайн газрын шударга эзэмшигчийг тогтоох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2020/07/101 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Д.Боос 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус албанд эрх шилжүүлэх хүсэлтээ дахин гаргаж, дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хуралд танилцуулж, уг хурлаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд шаардагдах материал бүрдэл хангалтгүй тул хойшлуулах тухай дүгнэлт гарч, энэ тухай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17/6420 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байна. Н.Лд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17/5363 тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60.2-т заасны дагуу мэдэгдсэн. 2021 оны 6 дугаар сарын 16, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд дахин хүсэлт гаргасан, мөн Н.Лгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ...+++ дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд хүчингүй гэсэн тэмдэглэгээ хийж хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 279 дүгээр захирамжаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүнийг үндэслэн дүүргийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/622 дугаар захирамжаар иргэн Д.Бид газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 260 дугаар дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1, 225.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Д.Б, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба нарт холбогдох 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ цуцлах, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцэл, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус цуцлах, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаартай, 385 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээг гаргуулах, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч Н.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч Н.Лг чөлөөлж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Д.Б нь ...386 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг хэлцлийн дагуу шилжүүлж авсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй, шударгаар эзэмших эрхийг олж авсан гэжээ. Гэвч уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй бөгөөд анхнаасаа Д.Бийг эзэмшилд шилжүүлэх бус зээлийн гэрээний барьцааг хангах зорилгоор гэрээ байгуулсан. Миний өмчлөх эрхийг тогтоолгүйгээр дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Мөн уг маргаан үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын шүүхээр шийдвэрлэгдэх ёстой байтал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, өөрийн зөрчигдсөн эрхийг шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр 10,000,000 төгрөг хүлээж авлаа гэсэн баримтад зурсан гарын үсгийг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэхийг асуухад маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд маргаж байна. Н.Лгийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ авсан ба тус гэрчилгээнд хүчингүй дардас дарсан тэмдэглэгээтэй холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг Д.Б нь Н.Лгийн өгсөн газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, эрх шилжүүлэх тухай гэрээ, Н.Лгийн хүсэлтийн хамт газрын албанд өгсөн. Үүнээс хойш Н.Л маргаан үүсгэсэн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан ба 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Бийн хүсэлтийг хүлээж аваад шийдвэр гаргаагүй, эцэст нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбарт газар хэрхэн шилжсэн талаар тодорхой дурдсан. Зээлийн болон барьцааны гэрээг бүртгүүлээгүй нь хууль зөрчсөн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн гэжээ.

 

7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, тухайн маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Д.Бид холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх, зээл болон барьцааны гэрээг тус тус цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаартай, 385 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан дээрх газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох, газар эзэмшихэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрын гэрчилгээ гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2а. Нэхэмжлэгч Н.Л нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Д.Бтой 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан нь үнэн боловч гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг аваагүй тул зээлийн гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Мөн газар эзэмших эрх худалдсаны төлбөрийг аваагүй, хууль бус гэрээг үндэслэн миний газар эзэмших эрхийг Д.Б шилжүүлэн авсан, шүүхэд маргаантай байх хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон гэсэн агуулгаар тайлбарласан байна. /хх1-2, 207/

2б. Хариуцагч Д.Б нь татгалзлын үндэслэлээ Зээлийн гэрээний дагуу мөнгийг Н.Л авсан бөгөөд буцаан төлөх боломжгүй гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ** дугаартай 385 м.кв талбай бүхий газрыг худалдаж авах санал тавьж, зээлсэн 10 сая төгрөг дээр 11,500,000 төгрөг нэмж, нийт 21,500,000 төгрөгөөр газрыг худалдаж авахаар тохиролцсон, газрын төлбөрийг тухайн үед Б.Иийн дансаар авъя гэж нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч данс өгсний дагуу мөнгийг шилжүүлсэн, зээл болон барьцааны гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хуульд нийцсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба нь ...зохигчдоос гаргаж өгсөн гэрээ, холбогдох баримтуудыг үндэслэн газрын алба Л.Бямбадоржид газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон гэж тус тус тайлбарлан маргажээ. /хх 76-77, 169-171, 2хх 67-69, 2 хх 70-71/

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тухайлбал,

3а. Н.Л, Д.Б нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ бичгээр хийгдэж, зээлдүүлэгч Д.Б нь 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Н.Л нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцож, улмаар зээлийн барьцаанд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн ++++дугаартай 386 м.кв газрын барьцаалсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгч Н.Л хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх 30, 188 ар тал/

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн, энэ талаар баримт үйлдсэн тул нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Д.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3б. Зохигчдын хооронд бичгээр барьцааны гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээг мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч талууд зээлийн гэрээний үүргийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрт тооцохоор гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул дээрх барьцааны гэрээ үр дагавар үүсгэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Л, хариуцагч Д.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газрын гэрчилгээ шилжүүлэх хэлцэл болон 2014 оны 12 дугаар сарын 13, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. /хх32, 33, 34/

Дээрх гэрээ, хэлцлүүдийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Н.Л нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 386 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг 21,500,000 төгрөгөөр хариуцагч Д.Бид шилжүүлэхээр харилцан тохиролцон, гэрээний үнэ буюу газрын төлбөрт 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.Лгийн зээлсэн 10,000,000 төгрөгийг тооцохоос гадна хариуцагч Д.Б нь нэмж 11,500,000 төгрөг төлөх буюу Б.И гэх хүний данс руу шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. /хх32, 188/

Хариуцагч Д.Боос дээрх гэрээний үүрэгт нэмж 11,500,000 төгрөг төлөхдөө уг мөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Н.Лгийн заасан этгээд болох Б.Иийн дансанд шилжүүлсэн нь /хх59/ тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

3в. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Н.Л, Д.Б нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах, улсын бүртгэлийн ++++дугаартай 386 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлсэн байна. /хх 223-232/

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 279 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Н.Лгийн ...нэгж талбарын ** дугаартай газрын +++ дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд хүчингүй гэсэн тэмдэглэгээ дарж гэрчилгээг хүчингүй болгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх12-16/

Иймд маргаан бүхий газрын эзэмших эрхийг хариуцагч Д.Б хэлцлийн дагуу шилжүүлэн авсан нь Газрын тухайн хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй, эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэсэн, шүүх хэрэгт авагдсан бичмэл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Лгийн гаргасан нэхэмжлэлээр Д.Бид холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Д.Б нь Хан-Уул дүүргийн 4 хорооны 1102-46 тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор /хх65/ нотлогдож байна. Иймд хэргийг хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харъяалах Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

  Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах буюу гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН