Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 132/ШШ2022/00304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М******* Э******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн ******* *******ын хэлтэс,

Хариуцагч: Булган аймгийн ******* *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 5,476,965.82 /таван сая дөрвөн зуун далан зургаан мянга есөн зуун жаран таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/2022/00137/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Отгонжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н*******

Иргэдийн төлөөлөгч: И.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч Булган аймгийн ******* даатгалын хэлтэс болон Булган аймгийн ******* *******т холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 5,476,965.82 /таван сая дөрвөн зуун далан зургаан мянга есөн зуун жаран таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Би Булган аймгийн ******* *******т нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс онлайнаар ******* даатгалын хэлтэс рүү листийг явуулсан. Гэтэл ******* даатгалын хэлтсээс таны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн аль аль ч эрх нь үүсэхгүй гэсэн. Яагаад гэж асуухад танай байгууллага манай байгууллагад өртэй учраас гэж хариулсан. Хоёр байгууллагын хоорондох асуудлаас болж иргэн хүн хохирч байна. ******* даатгалын тухай хуульд даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Гэтэл байгууллагын дотоод журмын дагуу гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Жирэмсний тэтгэмж 2,677,269 төгрөг. Би 3 дугаар сарын 10-ны өдөр хүүхдээ төрүүлсэн учир  амаржсаны тэтгэмж 2,791,196,82 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг нийт 5,476,965,82 төгрөгийг аль нэг байгууллагаас гаргуулж, өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Булган аймгийн ******* даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Даатгуулагч М.Э******* нь 2022 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст “Миний бие нь Машин овогтой Э******* нь Булган аймгийн ******* *******т ажиллаж байгаад жирэмсэн амралтаа авч байгаа тул тэтгэмжийг минь хуулийн дагуу олгож өгнө үү” гэсэн өргөдлийг ирүүлсэн болно. Тус өргөдлийн дагуу ******* даатгалын тухай хуулийн 191 дүгээр зүлийн 191.1-д заасны дагуу тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байна. Даатгуулагч М.Э*******гийн ажил олгогч болох Булган аймгийн ******* ******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болно. ******* даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1594 тоот чиглэлийн дагуу 60 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байхаар чиглэлийг ирүүлсэн бөгөөд даатгуулагч М.Э*******гийн ажилладаг Булган аймгийн нөөцийн ******* нь 2021 оны 05 сараас хойш буюу ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй.

...Даатгуулагч М.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Булган аймгийн ******* даатгалын хэлтсийг татсан байна. ******* даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1-т “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, 17.1.1-т “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ” гэж заажээ.

Иймд Булган аймгийн ******* ******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ зөрчсөн учраас ******* даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

Тийм учраас тухайн нэхэмжлэгчид учирсан 2.685.769 төгрөг, төрсний дараах буюу амаржсан эхийн тэтгэмж болох 2,791,196.82 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэс хариуцах бус даатгуулагч М.Э*******гийн ажил олгогч Булган аймгийн нөөцийн ******* хариуцах хууль эрх зүйн зохицуулалттай байна гэв.

 

3.Хариуцагч Булган аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ******* ******* нь М.Э*******гийн нэхэмжлэлтэй хэрэгт хамтран хариуцагчаар татагдан оролцож байгаагийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч М.Э******* нь өөрөө тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд ажиллаж байх хугацаандаа ажилтнуудын болон ажил олгогчийн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлж байх ёстой бөгөөд энэ нь хуулиар хүлээсэн үүрэг нь мөн болох нь хуулиас харагдаж байна. ******* даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч .... гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд энэ хэсэгт заасан ******* даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж заасан байна. Үүнээс үзэхэд нягтлан бодогчийн өөрийнх нь санаатай үйлдлээс болж нийгмийн даатгалын байгууллагад өр авлага үүссэн гэж үзэж байгаа тул уг М.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж байна.

2. Нэхэмжпэгч М.Э******* нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу 2021 оны 05 дугаар сард тус *******т нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажилтнуудад цалин олгож, ажил олгогчийн төлвөл зохих шимтгэл, ажилтны цалингаас суутгасан шимтгэлийг тус тус суутган авч үлдсэн болох нь нярав Бгийн мэдүүлгээр болон анхан шатны баримтаар тогтоогдоно гэв.

4.Иргэдийн төлөөлөгч “нэхэмжлэгч Э*******д нэхэмжилсэн мөнгийг олгох нь зөв гэж үзэж байна. ******* даатгалын шимтгэл төлөөгүй нөөцийн газраас олгох ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

5.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч өөрөө бодсон жирэмсний тэтгэмжийн бодолт, Булган аймгийн ******* *******т ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 2 дугаар сараас 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, Булган аймгийн ******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, НХМаягт ЦХ5б маягтын хуулбар, Булган аймгийн ******* *******т ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 1 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Цалингийн шатлал нэмэх тухай”, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаартай “Нэмэгдэл олгох тухай” тушаалуудын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.Хариуцагч талуудаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

7.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******ийн хүсэлтээр С.Бгаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч С.Б нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: М.Э******* нь 2021 оны 05 дугаар сард Аймгийн нөөцийн *******т нягтлан бодогчоор ажиллаж байсан байх, миний бие 2021 оны 09 сард ажилд орсон учраас 2021 оны 05 сард ажиллаж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед тус газрын даргаар 2021 оны 05 сараас 08 сарыг хүртэл М гэх хүн дарга байсан байх. 2021 оны 09 сараас 2022 оны 01 сар хүртэл цалингаа авсан. 2022 оны 01 сараас хойш одоог хүртэл цалингаа аваагүй байгаа. Нягтлан 2022 оны 01 сард цалингаа тарааж өгөөд өөрөө декритээ авсан. ... Нягтлангаар ажиллаж байсан М.Э******* 2022 оны 02 сарын эхээр надаар НДХ-т бичиг баримт өгүүлсэн. Тэгтэл НДХ-ээс танай байгууллага өртэй тул ажилтанд тэтгэмж олгохгүй, харин өрөө төлсний дараа олгогдоно гэж хэлж байсан гэжээ.

8.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Э*******гаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ******* даатгалын лавлагаа, Булган аймгийн ******* газраас М.Э*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн карт, 2021 оны 07 сараас 2022 оны 02 сарыг хүртэл хугацааны ******* даатгалын шимтгэлийн өр авлагын үлдэгдлийн баталгаа, Булган аймгийн ******* даатгалын хэлтсээс Булган аймгийн ******* газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны санхүүгийн тайлан, Булган аймгийн ******* газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагын үлдэгдлийн баталгааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Булган аймгийн ******* *******т нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж Булган аймгийн ******* даатгалын хэлтсээс авах гэтэл танай байгууллага, манай байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учраас таны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн эрх нь үүсэхгүй гэсэн. ******* даатгалын тухай хуульд даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байдаг тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ******* даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Булган аймгийн ******* ******* нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ зөрчсөн учраас ******* даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар /Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө/  Булган аймгийн нөөцийн ******* хариуцах ёстой гэв.

 

4.Хариуцагч Булган аймгийн ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж байна. Нэхэмжлэгч М.Э******* нь өөрөө тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд ажиллаж байх хугацаандаа ажилтнуудын болон ажил олгогчийн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлж байх ёстой, нягтлан бодогчийн өөрийнх нь санаатай үйлдлээс болж нийгмийн даатгалын байгууллагад өр авлага үүссэн гэв.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М.Э******* нь Булган аймгийн ******* *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар тогтоогдож байна. 

 

6.Нэхэмжлэгч 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр жирэмсний амралтаа авсан байх тул ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д /Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэжээ./ зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байна.

Тэтгэмж гэж хөдөлмөрийн чадвар түр алдах, жирэмслэх, амаржих ... тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох нэг удаагийн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

******* даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэртэй. Нэхэмжлэгч М.Э******* нь ******* даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар албан журмын даатгалд даатгуулсан албан тушаалтан юм. 

Даатгуулагч болон ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, шимтгэлийг төрөл тус бүрээр нь тухайн сард багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байдаг.

Гэвч Булган аймгийн ******* ******* нь 2021 оны 5 дугаар сараас хойш ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төрөл тус бүрээр төлөөгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болох нь зохигчийн тайлбар, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтаар гарсан нэхэмжлэгчийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 99-р хуудас/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хэргийн 122-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.

******* даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцон заавал олгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч М.Э*******гийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4,705,430 /дөрвөн сая долоон зуун таван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг Булган аймгийн нөөцийн газраас гаргуулах нь зүйтэй байна.

/Жирэмсний тэтгэмж бодсон бодолт: 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийт 60 хоног. Энэ хугацаанд ажлын 43 өдөр байна. Нэхэмжлэгчийн 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сарын нийт цалин 14,083,135 төгрөг байна. 14,083,135:12=1,173,594 төгрөг нь нэг сарын дундаж цалин. 1,173,594:21,2=55.358 төгрөг нь нэг өдрийн цалин. 55,358*43=2,380,394 төгрөг. Амаржсан тэтгэмжийн бодолт: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нийт 60 хоног. Энэ хугацаанд ажлын 42 өдөр байна. 42*55,358=2,325,036 төгрөг. Жирэмсний болон амаржсан тэтгэмж нийт 2,380,394+2325,036=4,705,430 төгрөг/

7.Ажил олгогч буюу Булган аймгийн нөөцийн ******* нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлөөгүй байх тул нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Булган аймгийн ******* даатгалын хэлтэс хариуцан төлөх үүрэггүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү бодсон 771,536 /долоон зуун далан нэг мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийн тэтгэмж, ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчид  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Булган аймгийн ******* даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

8.Иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч Э*******д нэхэмжилсэн мөнгийг олгох нь зөв, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй нөөцийн газраас олгох ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117531 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Булган аймгийн нөөцийн газраас 90237 төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.******* даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Булган аймгийн ******* газраас 4,705,430 /дөрвөн сая долоон зуун таван мянга дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 771,536 /долоон зуун далан нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөг, ******* даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,531 /нэг зуун арван долоон мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 90,237 /ерэн мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг Булган аймгийн ******* газраас гаргуулж, Төрийн санд оруулсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН

                                                                 ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ