Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 214/МА2022/00021

 

М.Э*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн 132/ШШ2022/00304 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Э*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч: Булган аймгийн Нөөцийн газарт холбогдох,

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 5 476 965.82 /таван сая дөрвөн зуун далан зургаан мянга есөн зуун жаран таван төгрөг наян хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг эс зөвшөөрч, хариуцагч Булган аймгийн Нөөцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. М.Э*******гийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Булган аймгийн Нөөцийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс онлайнаар Нийгмийн даатгалын хэлтэс рүү листийг явуулсан. Гэтэл Нийгмийн даатгалын хэлтсээс таны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн аль аль ч эрх нь үүсэхгүй гэсэн. Яагаад гэж асуухад танай байгууллага манай байгууллагад өртэй учраас гэж хариулсан. Хоёр байгууллагын хоорондох асуудлаас болж иргэн хүн хохирч байна. Нийгмийн даатгалын тухай хуульд даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Гэтэл байгууллагын дотоод журмын дагуу гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Жирэмсний тэтгэмж 2 677 269 төгрөг. Би 3 дугаар сарын 10-ны өдөр хүүхдээ төрүүлсэн учир амаржсаны тэтгэмж 2 791 196,82 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг нийт 5 476 965.82 төгрөгийг аль нэг байгууллагаас гаргуулж, өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Даатгуулагч М.Э******* нь 2022 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “Миний бие Машин овогтой Э******* нь Булган аймгийн Нөөцийн газарт ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байгаа тул тэтгэмжийг минь хуулийн дагуу олгож өгнө үү” гэсэн өргөдлийг ирүүлсэн болно. Тус өргөдлийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 191 дүгээр зүлийн 191.1-д заасны дагуу тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж хуульчилсан байна. Даатгуулагч М.Э*******гийн ажил олгогч болох Булган аймгийн Нөөцийн газар нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болно. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/1594 тоот чиглэлийн дагуу 60 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн хуримтлагдсан өр үүсгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байхаар чиглэлийг ирүүлсэн бөгөөд даатгуулагч М.Э*******гийн ажилладаг Булган аймгийн нөөцийн газар нь 2021 оны 05 сараас хойш буюу ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй.

а. Даатгуулагч М.Э******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг татсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1-т “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, 17.1.1-т “Хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ” гэж заажээ.

б. Иймд Булган аймгийн Нөөцийн газар нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ зөрчсөн учраас Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.

в. Тийм учраас тухайн нэхэмжлэгчид учирсан 2 685 769 төгрөг, төрсний дараах буюу амаржсан эхийн тэтгэмж болох 2 791 196.82 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэс хариуцах бус даатгуулагч М.Э*******гийн ажил олгогч Булган аймгийн нөөцийн газар хариуцах хууль эрх зүйн зохицуулалттай байна.” гэжээ.

3. Хариуцагч Булган аймгийн Нөөцийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Булган аймгийн Нөөцийн газар нь М.Э*******гийн нэхэмжлэлтэй хэрэгт хамтран хариуцагчаар татагдан оролцож байгаагийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

а. Нэхэмжлэгч М.Э******* нь өөрөө тус газрын нягтлан бодогчоор ажиллаж байсны хувьд ажиллаж байх хугацаандаа ажилтнуудын болон ажил олгогчийн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлж байх ёстой бөгөөд энэ нь хуулиар хүлээсэн үүрэг мөн болох нь хуулиас харагдаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч ....гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд энэ хэсэгт заасан Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт нь өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж заасан байна. Үүнээс үзэхэд нягтлан бодогчийн өөрийнх нь санаатай үйлдлээс болж нийгмийн даатгалын байгууллагад өр авлага үүссэн гэж үзэж байгаа тул  М.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь татгалзаж байна.

б. Нэхэмжпэгч М.Э******* нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу 2021 оны 05 дугаар сард тус газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажилтнуудад цалин олгож, ажил олгогчийн төлвөл зохих шимтгэл, ажилтны цалингаас суутгасан шимтгэлийг тус тус суутган авч үлдсэн болох нь нярав Бадралмаагийн мэдүүлгээр болон анхан шатны баримтаар тогтоогдоно.” гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Булган аймгийн Нөөцийн газраас 4 705 430 /дөрвөн сая долоон зуун таван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 771 536 /долоон зуун далан нэгэн мянга таван зуун гучин зургаа/ төгрөг, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 531 /нэг зуун арван долоон мянга таван зуун гучин нэг/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 90 237 /ерэн мянга хоёр зуун гучин долоо/ төгрөгийг Булган аймгийн Нөөцийн газраас гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Булган аймгийн Нөөцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* давж заалдсан гомдолдоо:Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч М.Э******* нь 2021 оны 5 дугаар сараас эхлэн буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 9 сар аймгийн Нөөцийн газрын нягтлан бодогчоор орж ажиллаж байсан бөгөөд өмнө нь өөр газар ажиллаж байсан эсэхийг шүүх нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан байна. Энэ зүйл нь жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар маргаж байгаа гэж ойлгож байна. Хоёр өөр ойлголтыг 2 өөр хуулиар зохицуулсан байгаа бөгөөд аймгийн Нөөцийн газар нь нэхэмжлэгчид жирэмсний амралтыг олгосон байна. Харин энэ асуудал дээр манай байгууллага нэхэмжлэгчийг жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд дээр дурдсан 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн; хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн гэж зааснаас үзэхэд нягтлан бодогч М.Э******* нь өөрөө даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог хийх үүрэгтэй болохыг хуулиар тогтоож өгсөн байна. Харин энэ хуулийг зөрчсөн буюу шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой юм. Аймгийн Нөөцийн газар 2021 оны 5 дугаар сараас хойш цалин хөлс олгож байсан бөгөөд түүнээсээ шимтгэл тооцож авсан болох нь холбогдох баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байна. Харин ажилтнуудын цалин хөлснөөс тооцож авсан нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлээгүй нь нягтлан бодогчийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Өөрөө хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгч М.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үндэслэлийг хянан үзэж, аймгийн Нөөцийн газарт холбогдох М.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгч М.Э******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анх Булган аймгийн Нөөцийн газарт ажилд ороод хоёр жил гаран ажилласан. Энэ үед Нийгмийн даатгалын хэлтэст 42 сая төгрөгийн өртэй байсан. Энэ өрийг цалин тавихгүйгээр цалинг нь бодоод хүмүүст өр, авлага үүсгээд Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн бүх өрийг төлсөн. Манай байгууллагын тухайд сар бүр ийм хэмжээний цалин авах ёстой гэж батлагдсан зүйл байхгүй. Яг өөрийнхөө орлогоор санхүүжиж ажилтнуудынхаа цалинг өгдөг журамтай” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Булган аймгийн Нөөцийн газарт холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 5 476 965.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргадаг.

2а. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилго нь нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3. Нэхэмжлэгч М.Э******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дугаар зүйлийн 1-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй этгээд мөн болох нь зохигчдын тайлбар, Булган аймгийн Нийгмийн даатгалын газарт 2021 оны 2 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийт 12 сар 040034606 бүртгэлийн дугаартайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан гаргаж байсан баримтаар, мөн Булган аймгийн Нөөцийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Цалингийн шатлал нэмэх тухай тушаалаар тус тус нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******ийн “…М.Э******* 9 сар ажилласан гэсэн гомдол үндэслэлгүй. /хх 6-16, 19-20/

4. Нэхэмжлэгч М.Э******* нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар албан журмын даатгалд даатгуулах ажилтан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т зааснаар хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй этгээд мөн болно.

5. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын санд шилжүүлэх үүрэгтэй.

5а. Гэтэл хариуцагч Булган аймгийн Нөөцийн газар 2021 оны 5 дугаар сараас хойш ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу хуульд зааснаар нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй өр үүсгэсэн байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар даатгуулагчид учирсан хохиролыг хариуцан төлөх үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул хариуцагч Булган аймгийн Нөөцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******ийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Булган аймгийн Нөөцийн газраас 4 705 430 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ /дөрвөн сая долоон зуун таван мянга дөрвөн зуун гуч/ гэж бичихийг /дөрвөн сая долоон зуун таван мянга дөрвөн зуун гучин мянга/ гэж бичсэн байгаа нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх гэсэн шаардлагыг хангаагүй, алдаатай байгааг хойшид анхаарах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 132/ШШ2022/00304 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Нөөцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.ХҮРЭЛБААТАР  

              

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                       

                                            ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ