Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/00601

 

 

 

 

 

2022 02 12

101/ШШ2022/00601

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У к ББСБ ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: М.А нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 372,047,051 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У к ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...У к ББСБ ХХК нь иргэн Б.Б, М.Анартай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд хамтран зээлдэгч М.Аийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр, тоот хаягт байрлах 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан  тоот барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хавсралт хуваарийн дагуу зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 38,087,671 төгрөг, нийт 238,087,671 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч удаа төлөөгүй, зээлийн хугацаа хэтрэн муу зээлийн ангилалд шилжсэн. Нэгэнт зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсч байна. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Б.Б, М.А нарын зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Бид зээлдэгч нараас гэрээний хугацаа хэтэрсэн тул гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлэн, удаагүй зээлээ төлнө, түр хүлээж байна уу гэсэн хүсэлтийг тавьж бид хангалттай хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Бидний хувьд энэ хүмүүст итгэж, гэрээ болон хуулийн дагуу их хэмжээний зээл өгсөн боловч гэрээний үүргээ зөрчиж, биднийг ийнхүү хохироож байгаад харамсаж байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 755 байр, 517 тоот орон сууцыг худалдан борлуулах эрхтэй байна. Иймд хариуцагч Б.Б, М.А нараас 372,047,051 төгрөг гаргуулж, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б, М.А нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ... Бид У к ББСБ ХХК-аас үйлчилгээ, шөнийн цэнгээний зориулалт бүхий New Marquee night club-ын объектдоо зарим нэг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  тоот зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай М.Аийн орон сууцыг барьцаалан зээлж авсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн, дэлхийг нөмөрсөн аюулт цар тахлын улмаас манай байгууллага бүтэн 2 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалд орсон. Манайх Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний байгууллага юм. Хэдийгээр 2021 оны 12 дугаар сараас ажиллах цаг шөнийн 00 цаг хүртэл болсон ч гэсэн үйлчлүүлэгчийн тоо бага, орлого хомс байсан учир ийнхүү зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Иймээс 200,000,000 төгрөгийг зээлж авч зарцуулсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 300,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл 200,000,000 төгрөг дээр 100,000,000 төгрөгийн хүү ашиг нэмээд өгье, 50 хувиар өсгөөд өгье, банкны хүүг бодоход 3.5 хувь нь хоёр дахин их байгаа, хариуцагчийн амьдарч байгаа орон сууцаас гаргуулах гэж байгаа, ашиг аваад аль аль талдаа уян хатан хандаж болохоор санагдаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримт: У к ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зохигчдын зээлийн гэрээ, барьцааны гэрээ, У к ББСБ ХХК-ийн зээлийн гүйлгээ хийх шийдвэр, зээл хүсэгч М.А-ийн анкет, Б.Бийн гаргасан зээл олгох, М.А-ийн дансанд зээл шилжүүлэн авах тухай өргөдөл, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, М.А-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт.

  

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У к ББСБ ХХК нь хариуцагч Б.Б, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 372,047,051 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын хамтран гаргасан тайлбараар зээлийн гэрээ байгуулагдсан, мөн нэхэмжлэгчээс зээл авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг 300,000,000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. 

 

Нэхэмжлэгч У к ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байна (хх-5, 29-31).

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2020/02-1701 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн буюу жилийн 42 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар хариуцагч нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хх-7-8).

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба энэ талаар маргаангүй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн буюу зээлдүүлэгчийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Б, М.А нар хамтран үүрэг гүйцэтгэгч байх ба үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэлд зээл 200,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 (бүхэл дүнгээр) төгрөг шаардсан ба зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр тохирсон ч уг үүргээ огт биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохоор заасан ба зохигчид зээлийн гэрээнд сарын 3.5 хувийн буюу жилийн 42 хувийн хүү тохирсон байх тул зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 38,087,671.24 төгрөгийн хүү тооцогдох үндэстэй.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтаар банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний хугацаанд зээл төлөгдөөгүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээнд тухайлан заасан бол шаардах эрхтэй байна.

 

Зээлийн гэрээний 2.2.4 дэх хэсэгт Гэрээний хугацаа дууссан боловч Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсгийн дагуу гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох бөгөөд зээлийн гэрээний дээрх заалтад хэтэрсэн хугацааны хүү төлүүлэх агуулга үгийн шууд утгаар илэрхийлэгдээгүй, зээлийн гэрээний 3, 4 дүгээр зүйлд тусгагдсан зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүрэгтэй харьцуулан үзэхэд ч мөн ийм утга илэрхийлэгдээгүй байна. Нөгөө талаар банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээг стандарт нөхцөлтэй гэж үзэх ба стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг.

 

Дээрх үндэслэлээр талуудыг хэтэрсэн хугацааны хүүний талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү 30,052,531.04 төгрөг тооцсон байх ба зээлийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэжээ.

 

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг 2 хувааж, 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус төлөх үүрэг хүлээсэн ч тохирсон хугацаандаа төлөөгүй тул дор дурдсанаар нэмэгдүүлсэн хүү 20,781,370 төгрөг тооцогдох үндэстэй. Тухайлбал,

 

- 100,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 33 хоног хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 759,452 төгрөг (100,000,000*42%/365*20%*33),

 

- 200,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жил 70 хоног хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 20,021,918 төгрөг (200,000,000*42%*20%=16,800,000; 16,800,000/365*70).

 

Дээрх тооцоог нэгтгэн дүгнэхэд хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 38,087,671.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,781,370 төгрөг, нийт 258,869,041.24 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байх боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг 300,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна.

 

Иймээс шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь ковид-19 цар тахлын улмаас 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалд орсноос шалтгаалан зээлээ төлж чадаагүй гэж тайлбарлаж байгаа нь үүссэн нөхцөл байдлын хувьд нийтэд илэрхий хэдий ч тухайн нөхцөл байдлаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчид хандсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг дэх Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтад талуудын зээлийн гэрээ хамаараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч М.А тэй 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр, 517 тоот хаягт байрлах, 108.92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна (хх-9-10, 16, 17).

  

Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх ба энэ талаар маргаангүй.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр, 517 тоот хаягт байрлах, 108.92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй.

  

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 2,088,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 1,728,150 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч М.А-т шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардан авсан боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх ямар нэгэн баримт, хүсэлт ирүүлээгүй ба нэхэмжлэгч тал хариуцагч М.А-ийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, М.А нараас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У к ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,047,051 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж  байр, 517 тоот хаягт байрлах, 108.92 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,088,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, М.А нараас 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У к ББСБ ХХК-д олгосугай.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА