Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00992

 

 

 

 

 

 

 

 

 

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00601 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б , М.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 372,047,051 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч К.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М , хариуцагч Б.Б , М.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: У ХХК нь иргэн Б.Б , М.А нартай 2020 оны 02 сарын 17-ны өдөр 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-гээр 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн барьцаанд хамтран зээлдэгч М.А ийн өмчлөлийн 0000 хаягт байршилтай 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалан 000000/00-0000 тоот Барьцааны гэрээ-г байгуулсан. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болно. Тодруулбал, гэрээний хавсралт графикийн дагуу зээлдэгч нар 2020 оны 08 сарын 17-ны өдрөөр үндсэн төлбөрт 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38,087,671 төгрөг, нийт 238,087,671 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар нэг ч төлбөр төлөөгүй, зээлийн хугацаа хэтрэн муу зээлийн ангилалд шилжсэн. 2021 оны 10 сарын 26-ны өдрийн байдлаар Б.Б , М.А нарын үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүүгийн өр 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Бид зээлдэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлэн, удахгүй зээлээ төлнө, түр хүлээж байна уу гэсэн хүсэлтийг тавьж бид хангалттай хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд зээлдэгч Б.Б , М.А нараас үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүгийн өр 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга: Иргэн Б.Б , М.А бид У ХХК-аас үйлчилгээ, шөнийн цэнгээний зориулалт бүхий объектдоо зарим нэг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэх зорилгоор 2020 оны 02 сарын 17-ны өдөр 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-гээр сарын 3.5 хувийн хүүтэй 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авсан болно. Гэвч 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс эхэлсэн дэлхийг нөмөрсөн аюулт цар тахлын улмаас манай байгууллага бүтэн 2 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулсангүй зогсонги байдалд орсон билээ. Хэдийгээр 2021 оны 12 сараас ажиллах цагийг шөнийн 00:00 цаг хүртэл болгосон ч гэлээ үйлчлүүлэгчдийн тоо бага, орлого хомс байсан учир энэхүү зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм.

Иймд 200,000,000 төгрөгийг зээлж авч зарцуулсан нь үнэн тул 100,000,000 төгрөгийн хүүг нэмээд 300,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Аль аль талдаа уян хатан хандаж болохоор санагдаж байна.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б , М.А нараас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,047,051 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч М.А ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0-0000000000 дугаарт бүртгэлтэй0000 тоот хаягт байрлах 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,088,385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , М.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,728,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгосон.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

4.а. Нэгэнт зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсч байна. Зээлдэгч нар Зээлийн гэрээ-ний 2.1.5, 3.2.1 болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд тусгайлан заасан хугацаа, хуваарийн дагуу биелүүлэх гэрээний үүргээ биелүүлж үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

4.б. 2021 оны 06 сарын 26-ны өдрийн байдлаар Б.Б , М.А нарын үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүүгийн өр 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Бид зээлдэгч нараас гэрээний хугацаа хэтэрсэн тул гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг хэлэн удахгүй зээлээ төлнө, түр хүлээж байна уу гэсэн хүсэлтийг тавьж би хангалттай хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна.

4.в. Анхан шатны шүүх банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн гэрээний хугацаанд зээл төлөгдөөгүй нөхцөлд хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээнд тусгайлан заасан бол шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн дүгнэлт хийсэн. Талууд Зээлийн гэрээ-ний 2.2.4-т зээлийн хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж маш тодорхой зааж, зээлдэгч үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж зээл авсан. Энэхүү заалт нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй, талуудын хоорондын тохиролцооны үндсэн дээр хийсэн заалт болно. 6 сарын үндсэн хугацаа хэтэрвэл зээлдэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж ойлгомжтой, тодорхой заасан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасныг үндэслэж гэрээний утга нь ойлгомжгүй, хэтэрсэн хугацааны хүү төлүүлэх агуулга үгийн шууд утгаар илэрхийлэгдээгүй гэж буруугаар тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд зээлдэгч Б.Б , М.А нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 372,047,051 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт шийдвэрт оруулж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: Манайх 200,000,000 төгрөгийг барьцаалбар нь хангалттай гэж зээлж авсан. Зээлийг цаг хугацаанд төлөөгүй нь хариуцагчийн асуудал болоод байна. Манайх Нийслэлийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс онц байдал зарласантай холбоотойгоор төлбөр төлөх боломжгүй болсон. Хэвийн үйл ажиллагаа явагдсан бол төлөх боломжтой байсан. Тэгэхээр өөрсдөөс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Одоогийн боломжит байдал нь 300,000,000 төгрөг төлөх боломжтой.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Б.Б , М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 141,994,520.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,052,531.04 төгрөг, нийт 372,047,051 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох М.А ийн өмчлөлийн 0000 хаягт байршилтай 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б , М.А нар дээрх шаардлагаас 300,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 72,047,051 төгрөгийг эс зөвшөөрч, үндэслэлээ ...шөнийн цэнгээний газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор зээл авсан, Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 01 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүйн улмаас зээлээ төлж чадаагүй, 2021 оны 12 сараас шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг 00:00 хүртэл болгосон ч үйлчлүүлэгч цөөтэй байгаа, үндсэн зээл 200,000,000 төгрөг, түүний 50%-тай тэнцэх хүү 100,000,000 төгрөг, нийт 300,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрнө... гэж тайлбарласан байна.

 

3.   Хэрэгт авагдсан 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ болон 000000/00-0000 тоот Барьцааны гэрээ-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зохигчдын тайлбартай харьцуулан үнэлбэл, Б.Б , М.А нар 2020 оны 02 сарын 17-ны өдөр У ХХК-аас 200,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20%-иар тооцон нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд М.А ийн өмчлөлийн 0000 хаягт байршилтай 108.92 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 7-8, 9-10/

Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Түүнчлэн, талууд зээлийн гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул У ХХК нь хариуцагч Б.Б , М.А нараас 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгө болох 200,000,000 төгрөгийг 2020 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Зээлийн гэрээ-ний хугацаанд буюу 2020 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 38,087,671.24 төгрөгийн хүү төлөх үүргийг хүлээсэн болох нь талуудын харилцан тохиролцож баталсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-иар тогтоогдсон. /хх 8-арын нүүр/

Иймд хариуцагч Б.Б , М.А нарын 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-ний хугацаанд хүлээх төлбөрийн үүрэг нийт 238,087,671.24 төгрөг болж байна.

 

4.   Харин зээлдүүлэгч У ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь:

4.а. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан 000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-нд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ хэд байх талаар тодорхой тусгаагүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч уг зохицуулалт нь эрх олгосон шинжтэй зохицуулалт бөгөөд талууд банк, эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг гэрээнд тусгасан тохиолдолд дээрх зохицуулалтын дагуу хэтэрсэн хугацааны хүү-г шаардах эрх нээгдэх юм.

4.б. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч тал нь зээлдэгч талд санал болгож байгаа, хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон шинжтэй учир Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарна.

Талууд Зээлийн гэрээ-ний 2.2.4-т Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ... гэж заасан боловч уг тохиролцоо нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Учир нь гэрээний хугацаа дууссан байхад гэрээний хугацаа цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх агуулгатай тохиролцоо нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-т заасан ...үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус ... хугацаа тогтоосон гэдэгт хамаарч байна.

Түүнчлэн, Зээлийн гэрээ-ний 2.2.4-т тусгасан ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх тохиролцоо нь нэхэмжлэгч талд хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхийг олгохгүй. Учир нь уг заалтын зээлийн төлбөр төлөх үүрэг гэдэгт үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, хэтэрсэн хугацааны төлбөр-ийн чухам алийг нь хамааруулан ойлгох нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заажээ. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгч талын гаргасан холбогдох давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.   000000/00-0000 тоот Зээлийн гэрээ-ний дагуу хариуцагч нарын төлбөл зохих төлбөрийн үүргийг үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 38,087,671.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,781,370 төгрөг, нийт 258,869,041.24 төгрөг гэж анхан шатны шүүхээс тооцоолсон нь үндэслэлтэй боловч хариуцагч Б.Б , М.А нар 300,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

 

6.   Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 000000/00-0000 тоот Барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ учир Зээлийн гэрээ-ний үүргийг барьцаа хөрөнгийг албадан худалдах замаар хангуулахаар шүүхээс шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

 

7.   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 519,000 төгрөгийг улсыг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР