Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/00659

 

 

 

 

2022 02 16

101/ШШ2022/00659

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.А-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Б-д холбогдох,

 

3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.А, хариуцагч Ч.Б, өмгөөлөгч Э.М, гэрч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкин дахь өөрийн хугацаатай хадгаламжаа барьцаалан 3,500,000 төгрөг зээлэн авч 3,200,000 төгрөгийг Ч.Бы 5018179312 тоот данс руу шилжүүлсэн. Ч.Б нь хонь, мал аваад үржүүлж өгнө гэсэн учир миний бие түүнд итгэж мөнгө зээлдүүлсэн. Би сургалтын төлбөрөө төлөх гээд 5,000, 10,000, 50,000 төгрөг цуглуулсаар дансандаа 3,500,000 төгрөгтэй болсон. Би хий дэмий дансанд мөнгө байхаар илүү мөнгө болчих байх гэж бодоод өгчихсөн. Сүүлд нь Г.Дондовсамбуу бид хоёр муудалцаад салсан. Гэвч Ч.Б нь өнөөг хүртэл зээлсэн мөнгөө өгөөгүй, чиний мөнгө гэж юу байдаг юм, тэр чинь манай хүүхдийн мөнгө, чи манайд 10 төгрөгийн орлогогүй байсан гэж намайг үл тоосон байдлаар харьцаж өгөхгүй гэдэг. Г.Дондовсамбуугаас мөнгөө авъя гэхэд чи аав, ээжээс авахгүй юу, надад ямар хамаатай юм гэж хэлсэн. Тийм учраас Ч.Б-д зээлдүүлсэн 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ч.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Э.А нь манай хүү Г.Дондовсамбуутай 2017 оны 06 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд хүү Г.Дондовсамбуу бидний ажилд туслан мал мах худалдан борлуулах ажил хийдэг байсан. Харин Э.А нь оюутан, нялх хүүхэдтэй болохоор ямар ч орлогогүй байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Дондовсамбууд мал авна гээд миний данс руу 3,000,000 төгрөг хийгээтэх гэж хэлсэн. Гэтэл Дондовоос гэсэн гүйлгээний утгатай 3,200,000 төгрөг дансанд орсон. Би Э.Аээс мөнгө авна гэж юу ч яриагvй бөгөөд харин Э.А нь бидний бизнесийн орлогоос нөхөр болох Г.Дондовсамбуугаар дамжуулан 13,815,000 төгрөгийг өөрийн дансанд авч байсан байна. Бидний гэр бүлийн бизнесийн орлого болох Г.Дондовсамбуугийн дансанд байсан мөнгөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Э.А-ийн Голомт банкны  тоот дансанд 1,035,000 төгрөг, Хаан банкны  тоот дансанд 11,960,000 төгрөг, мөн Хаан банкны тоот дансанд 820,000 төгрөг авсан байна. Миний данснаас Г.Дондовсамбуугийн данс руу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 7,439,000 төгрөг орсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй харин ч бидний мөнгийг хүүхдээр минь дамжуулан залилан авч байсан үнэн учрыг олж тогтоож өгөхийг хүсч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримт: Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/20761 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1094 дүгээр тогтоол, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн зээлийн дансны болон депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, хадгаламжийн дэвтэр, Хангай дээд сургуулийн тодорхойлолт, Сондор жигүүр ХХК-ийн сертификат.

 

Хариуцагчийн нотлох баримт: Хаан банкин дахь Г.Дондовсамбуугийн депозит дансны хуулга.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч Г.Дондовсамбуугийн мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч мал мах худалдаж авахаар түүнээс 3,200,000 төгрөг зээлж авсан гэж тайлбарлан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкин дахь хариуцагчийн 5018179312 тоот дансанд 3,200,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь дээрх цаг хугацаанд түүний дансанд нэхэмжлэгчээс мөнгө шилжиж орсныг үгүйсгээгүй боловч уг мөнгийг хүү Г.Дондовсамбуутай ярьж, түүнээс авсан бөгөөд буцаан төлсөн, нэхэмжлэгчтэй мөнгө авах, өгөх талаар огт яриагүй, зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигч талуудын тайлбар, гэрч Г.Дондовсамбуугийн мэдүүлэг, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн зээлийн дансны хуулга, тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г.Дондовсамбуугийн 5022887874 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дор дурдсан гүйлгээ хийгдсэн болох нь нотлогдож байна. Тухайлбал,

 

Нэхэмжлэгчид 2,399,000 төгрөгийн зээл олгогдож, гэрч Г.Дондовсамбуугийн дансанд 2,400,000 төгрөг шилжүүлснийг гэрч Г.Дондовсамбуу 2,500,000 төгрөг болгон хариуцагчид (тоот дансанд) шилжүүлсэн байх ба хариуцагч буцаан 2,700,000 төгрөг болгон шилжүүлснийг гэрч Г.Дондовсамбуу нэхэмжлэгчийн дансанд шилжүүлжээ. Нэхэмжлэгч уг 2,700,000 төгрөгөөр өмнө авсан 2,399,000 төгрөгийн зээл болон бусад зээлийн төлбөр гүйцэтгэн дахин 3,500,000 төгрөгийн зээл авч, үүнээс 3,200,000 төгрөгийг Дондовоос гэсэн гүйлгээний утгатай хариуцагчид шилжүүлжээ (хх-10, 130)

 

Мөн нэхэмжлэгчийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкин дахь тоот хадгаламжийн данс бүхий тоот хадгаламжийн дэвтрээс үзэхэд нэхэмжлэгч нь хадгаламж барьцаалан 3,500,000 төгрөгийн зээл авч, улмаар хадгаламжаас 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн хүү гэсэн утгаар 1,522.13 төгрөг, 185,381.98 төгрөг, зээл хаах гэсэн утгаар 3,500,000 төгрөг тус тус төлсөн байна (хх-9, хавсралт хадгаламжийн дэвтэр).

 

Гэрч Г.Дондовсамбуу хариуцагчийн хүү байх ба тэрээр нэхэмжлэгчтэй хамт амьдарч байх үед дээр дурдсан төлбөр тооцооны асуудал үүсчээ.

 

Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Гэрч Г.Дондовсамбуу нь ... би Э.Ат 3,000,000 төгрөг шилжүүлээтэх гэхэд над руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн ... 2,700,000 төгрөг болгоод буцаагаад хийгээтэх гэхээр нь би ээж рүү шилжүүлсэн байсан учраас 2,700,000 төгрөг болгоод буцаагаад хий гэж хэлээд ээжийг хийхээр нь би ... түүний данс руу хийсэн ... би аав, ээжийн бизнест туслаад мөнгө авдаг байсан, тэр мөнгөө Э.Ат хадгалуулах зорилгоор өгч байсан. Би Э.Ат нөгөө мөнгөөсөө ээж рүү мөнгө хийгээтэх гэж хэлэхэд Э.А мөнгө хийсэн ... Аав, ээж мал авах гэсэн юм гэсэн ... гэж мэдүүлснийг хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч оюутан, нялх хүүхэдтэй болохоор ямар ч орлогогүй байсан, манай гэр бүлийн бизнесийн орлогоос өөрийн дансандаа мөнгө авсан байна гэх тайлбар гаргасан.

 

Харин нэхэмжлэгч нь дээрх мэдүүлгээс төлбөр тооцоо анх хэрхэн яригдаж хийгдсэн талаар мэдүүлснийг маргаагүй боловч түүнд хадгалуулахаар өгсөн мөнгөөс ээждээ шилжүүлүүлэхээр ярьсан гэснийг хүлээн зөвшөөрөөгүй, сургалтын төлбөрөө төлөхөөр мөнгө цуглуулж байсан хувь хүн миний нэр дээр байдаг хадгаламжийн данс гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгчийн нэр дээрх Хаан банкин дахь тоот хадгаламжийн дансан дахь мөнгийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан мөнгө хадгалуулагчийн мөнгөн хөрөнгө гэж үзэх тул уг дансан дахь мөнгө гэрч Г.Дондовсамбуугийн шилжүүлсэн мөнгө гэж маргаж буй хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй, мөн гэрчийн данснаас нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн асуудал тус иргэний хэрэгт хамааралгүй учир энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь 3,200,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн хэдий ч тэрээр тухайн мөнгөн шилжүүлгийг гэрч Г.Дондовсамбуугийн хүсэлтээр гүйцэтгэсэн байх ба зохигч талууд хоорондоо мөнгө авах, өгөх талаар тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, аливаа хэлцэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг бөгөөд нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй, талуудад эрх, үүрэг үүсээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 3,200,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,584 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан буцаан олгох нь зүйтэй.

 

И0ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Баас 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Аээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,584 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА