Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00741

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00659 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.А -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Б-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А -, хариуцагч Ч.Б-, нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ч.Б- нь миний хамтран амьдрагч байсан Г.Д-гийн ээж бөгөөд хонь, мал аваад үржүүлж өгнө гэсэн учир түүнд итгэж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ХААН банкин дахь өөрийн хугацаатай хадгаламжаа барьцаалан зээл авч түүний 5********* тоот данс руу 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ч.Б- нь зээлсэн мөнгөө өгөөгүй тул 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Э.А - нь манай хүү Г.Д-тай 2017 оны 06 дугаар сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд хүү Г.Д- бидний ажилд туслан мал, мах худалдан борлуулах ажил хийдэг байсан. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Д-д мал авна 3,000,000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл Дондовоос гэсэн гүйлгээний утгатай 3,200,000 төгрөг дансанд орсон. Э.А -ээс мөнгө авна гэж яриагvй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас 3,200,000 грөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.А -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А -ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,584 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн банк дахь хадгаламжийг барьцаалан 3,200,000 төгрөгийн зээл авч хадам ээж болох Ч.Б-ы данс руу шилжүүлсэн. Тухайн үедээ мал авч үржүүлээд буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Э.А -, Ч.Б- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогддог. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулах шаардлагатай.

2. Нэхэмжлэгч Э.А - нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Ч.Б- нь мал, мах худалдаж аваад үржүүлж өгнө гэсэн учир итгэж 3,200,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх агуулгаар тайлбарлажээ. /хх 1/

3. Хариуцагч Ч.Б- эс зөвшөөрч, ...Э.А -ээс мөнгө зээлээгүй, өөрийн хүү Г.Д-д 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хандаж мал авна 3,000,000 төгрөг хэрэгтэй гэхэд Дондовоос гэсэн гүйлгээний утгатай 3,200,000 төгрөг миний дансанд орсон. Миний данснаас Г.Д-гийн данс руу 7,439,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд уг үйл баримтын талаар маргасан байна. /хх 19/

4.а. Хэрэгт авагдсан Хаан банк ХХК дахь Э.А -ийн 5925235801 тоот дансны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчийн 5********** тоот данс руу 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 10/ Хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг төрсөн хүү Г.Д-д нь буцаан өгсөн гэж тайлбарлан, түүний дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх 83-113/ Уг бичмэл нотлох баримтад нэхэмжлэгч Э.А -ээс шилжүүлсэн 3,200,000 төгрөгийг буцаан өгсөн агуулга тусгагдаагүй байна.

4.б.Түүнчлэн, энэхүү мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Э.А -ээс авах эрхтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.А - нь хууль болон ямар хэлцлийн дагуу Ч.Б-д дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байсан гэдгээ хариуцагч өөрөө баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч Ч.Б-ыг 3,200,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

4.в.Мөн Э.А - нь Ч.Б-ы хүү Г.Д-тай хамт амьдарч байх хугацаандаа Г.Д-гаас Э.А - рүү 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд шилжүүлж байсан мөнгийг Э.А -ээс Ч.Б-д шилжүүлсэн төлбөр гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Г.Д- болон Э.А - нар нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч юм.

4.г.Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө төлөх өр төлбөрийг өөр этгээдэд шилжүүлэх бол уг төлбөрийг шаардах эрхтэй этгээдээс зөвшөөрөл авна. Хэрэгт Э.А -ээс авсан 3,200,000 төгрөгийг Г.Д- төлөхийг зөвшөөрсөн гэх баримт байхгүй байна.

4.д.Нэхэмжлэгч Э.А - нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдад үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөө шаардах эрхтэй тул хариуцагчаас 3,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь дээрх хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/00659 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Б-аас 3,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А -т олгосугай. гэж, 2 дахь заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч Ч.Б-аас 66,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А -т олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар Э.А -ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД