Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/01035

 

 

 

 

 

 

 

 

2022 03 09

101/ШШ2022/01035

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ю б о ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

 

147,796,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч Ю б о ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Г.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани Х ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 100,370 литр дизель түлш худалдсан. Худалдан авагч нь төлбөрийг 14 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 50,000 литр дизель түлш буцаан өгсөн ба үлдэх 50,370 литр дизель түлшний үнэ 94,695,600 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас дизель түлшний үнэ 94,695,600 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 6,391,953 төгрөг, алданги 47,347,800 төгрөг, нийт 148,435,353 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хугацаа хэтрүүлсний хүүг 13.5 долоо хоногоор тооцон 5,752,755 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

Хариуцагч Х ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компанийн захирал Х.Б нь Ю б о ХХК-ийн захирал Ж.С-тэй уулзахдаа дизель түлшийг энэ хүн авна гэж А.О-г дагуулан орсон. А.О нь уул уурхайн компанид түлш хэрэгтэй талаар, мөн барьцаа өгнө гэж хэлсэн ба захирал Ж.С барьцаа өгөх хүртэл таныг таньдаг учир гэрээ хийнэ гэсний дагуу түлшний гэрээ хийсэн. Түлшийг авсан өдөр нь А.О-т хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан түлш авсан падаан бөгөөд уг баримтад А.О хүлээж авч гарын үсэг зурсан болно. 2021 оны 07 дугаар сард А.О Д.Г нарын унаж явсан автомашинуудыг түлшний барьцаанд авч өөрийн хашаанд тавьсан байхад Ж.С захирал утсаар яриад машинуудыг нь өгөөд явуулчих, наад 2 хүн чинь мөнгөө өгнө гэж хэлсний дагуу автомашинуудыг нь буцаан өгсөн. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А.О-с 50,000 литр дизель түлш, захирал Ж.С 5,000,000 төгрөг авсан байсан. Гэрээнд үнэ тусгаагүй учир хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй. Иймд манай компани нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн баримт, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0000918 тоот ШТМ-ын зарлагын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын нэхэмжлэх.

Хариуцагчийн нотлох баримт: ШТМ-ын зарлагын падаан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13-6/4163 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  дүгээр тогтоол.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч А.О, Д.Г нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримт.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю б о ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 50,370 литр дизель түлшний үнэ 94,695,600 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 6,391,953 төгрөг, алданги 47,347,800 төгрөг, нийт 148,435,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хугацаа хэтрүүлсний хүү 6,391,953 төгрөгийг 5,752,755 төгрөг болгон багасгасан ба нэхэмжлэлийн нийт үнийн дүн 147,796,155 төгрөг болсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулсан үйл баримтыг маргаагүй ч нэхэмжлэгчээс дизель түлшийг иргэн А.О-т хүлээлгэн өгч, түүнтэй төлбөр тооцоо хийсэн, гэрээнд үнэ тусгаагүй учир хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй гэж маргасан.

  

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 014/021 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, хариуцагч нь гэрээгээр тохирсон үнэ, хэмжээ, хуваарийн дагуу барааг худалдан авах, талууд барааны хэмжээ, үнийг бараа материалын зарлагын падаан болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад тусган баталгаажуулах, барааны төлбөрийг 14 хоногийн дотор төлөх, эхний 1-14 хоногт хүү тооцохгүй, 15 дахь өдрөөс эхлэн 7 хоногт 0.45 хувийн хүү тооцох, гэрээ 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай байхаар тус тус тохирчээ (хх-9-12).

 

Талууд дээрх байдлаар хүсэл зоригоо харилцан илэрхийлэн бичгээр гэрээ байгуулсан талаар шүүхэд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0000918 тоот ШТМ-ын зарлагын 2 падаанаар 52,650 литр дизель түлш, 47,720 литр дизель түлш тус тус ачуулсан байх ба падаануудад хүлээн авсан байгууллагын нэр Хармагхулан гэж бичигджээ (хх-64). Мөн нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн баримтад хариуцагч компанийн захирал Х.Бака гарын үсэг зурж баталгаажуулсан байна (хх-15).

 

Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  регистрийн дугаартай худалдан авагчийн 188,695,600 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтыг тусгасан байх (хх-121-122) ба 5356253 регистрийн дугаар нь хариуцагчийнх байна. 

 

Хариуцагч нь А.О, Д.Г нараас гэрчийн мэдүүлэг авахуулсан ба гэрчүүд хариуцагч компанийн захирал Х.Бакаг гуйж компаниар нь гэрээ байгуулуулан нэхэмжлэгчээс дизель түлш авсан талаар мэдүүлсэн (хх-83-92).

  

Түүнчлэн захирал Х.Б нь ... 2 иргэнд өөрийн Х ХХК-ийн нэр дээр Ю б о ХХК-аас 100 тонн түлшийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч өгсөн боловч залилуулсан гэх агуулга бүхий гомдлыг цагдаагийн байгууллагад гарган шалгуулж байгаа болох нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  дүгээр тогтоолоор нотлогдож байна (хх-124).

  

Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч болон гэрч А.О нар нэхэмжлэгчээс дизель түлш авах талаар хоорондоо ярьж тохирсон нь зохигчдын хооронд гэрээ хийгдэх үндэслэл болсон байх хэдий ч хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдан авагчийн хүсэл зоригийг нэхэмжлэгчид тодорхой илэрхийлэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан, уг гэрээнд гэрч А.О-тэй холбоотой ямар нэгэн нөхцөл тусгагдаагүй байна. 

  

Мөн нэхэмжлэгчээс 100,370 литр дизель түлшийг хариуцагчид шилжүүлсэн талаарх зарлагын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт, тооцоо нийлсэн баримтыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс талуудын гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарласныг хариуцагч маргаж, гэрээний үнэ тодорхойгүй, хүүний талаарх нөхцөл тухайн гэрээний шинжийг агуулаагүй гэж мэтгэлцсэн.

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.2 дахь заалтад ... барааны хэмжээ, үнийг бараа материалын зарлагын падаан болон нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад тусган баталгаажуулна. Энэхүү баримтууд нь гэрээний салшгүй хэсэг болно, 3.1 дэх заалтад талууд ... барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнийг харгалзан тухай бүр тохиролцож НӨАТ-тэй нийлүүлэх ...-ээр тус тус заасан байх ба зарлагын 2 падаанд дизель түлш 52,650 литр, 47,720 литр, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтад худалдан авалтын дүн 188,695,600 төгрөг гэж тусгагджээ. Үүнээс үзэхэд талууд гэрээний үнийг харилцан тохирсон байна.

 

Харин гэрээний 2.1 дэх заалтад гэрээг ... 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байгуулав, 3.2 дахь заалтад ... барааны төлбөрийг 14 хоногийн дотор ... төлнө, 3.3 дахь заалтад гэрээний 3.2-т заасан төлбөрийг эхний 1-14 хоногт хүү тооцохгүй, 15 дахь өдрөөс эхлэн 7 хоногт 0.45 хувийн хүү тооцож худалдагч талд төлнө гэж тус тус зааснаас үзвэл хүү төлөх нөхцөл нь барааны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн хариуцлагын шинжийг агуулсан байх ба зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол шинж болох барааны үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх, үүнтэй холбоотой хүү төлөх агуулгад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн үнэ төлөхөөс өмнө хөрөнгө шилжүүлэхээр тохирсон гэрээ бүр зээлээр худалдах, худалдан авах гэрээ болдоггүй.

 

Иймээс шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын тайлбар, гэрч А.О, Д.Г нарын мэдүүлгээр нэхэмжлэгчид 2021 оны 08 дугаар сард 50,000 литр дизель түлш шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба одоо нэхэмжлэгч нь үлдэх 50,370 литр дизель түлшийн үнэ 94,695,600 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардаж байна.

 

Худалдан авалтын дүн 188,695,600 төгрөгийг 100,370 литр дизель түлшид харьцуулахад нэг литр дизель түлшний үнэ 1,880 төгрөг болох ба талууд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 200,772,118.40 төгрөгийн тооцоотой байгааг баталгаажуулахдаа нэгжийн үнийг 1,880 төгрөгөөр тооцжээ.

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 50,370 литр дизель түлшний үнэд 94,695,600 (50,370*1,880) төгрөг шаардсан нь худалдах, худалдан авах гэрээнд нийцсэн байна.

 

Нэхэмжлэлд хугацаа хэтрүүлсний хүү 5,752,755 төгрөг, алданги 47,347,800 төгрөг нэхэмжилсэн ба дээр дурдсанчлан талуудын гэрээ нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд хамаарахгүй тул хүү 5,752,755 төгрөг шаардсаныг хангах үндэслэлгүй.

 

Харин гэрээний 3.5 дахь заалтад худалдан авагч нь 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь дизель түлшний үнийг 14 хоногийн дотор буюу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлөх үүрэг гэрээгээр хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй байх тул хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн алданги тооцогдох үндэстэй. Нэхэмжлэлд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар 47,347,800 төгрөг тооцсон байх ба мөн хуулийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Гэрч А.О, Д.Г нар нэхэмжлэгч компанийн захирал Ж.С-д 2021 оны 08 дугаар сард 50,000 литр дизель түлшний хамт 5,000,000 төгрөг шилжүүлсэн талаар мэдүүлснийг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж маргаагүй тул уг дүнг хариуцагчийн төлбөл зохих дүнгээс хасч тооцох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагчаас 50,370 литр дизель түлшний үнэ 94,695,600 төгрөг, алданги 47,347,800 төгрөг, нийт 142,043,400 төгрөгөөс төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасч тооцон 137,043,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 900,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 843,167 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 137,043,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю б о ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,752,755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 900,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 843,167 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю б о ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА