Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00899

 

 

 

 

Ю- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю- ХХК-ийн хариуцагч Х- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 147,796,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани Х- ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 014/021 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 100,370 литр дизель түлш худалдсан. Худалдан авагч нь төлбөрийг 14 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч зохих ёсоор биелүүлээгүй. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 50,000 литр дизель түлш буцаан өгсөн ба үлдэх 50,370 литр дизель түлшний үнэ 94,695,600 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас дизель түлшний үнэ 94,695,600 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 6,391,953 төгрөг, алданги 47,347,800 төгрөг, нийт 148,435,353 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хугацаа хэтрүүлсний хүүг 13.5 долоо хоногоор тооцон 5,752,755 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компанийн захирал Х.Бака нь Ю- ХХК-ийн захирал Ж.С-тэй уулзахдаа дизель түлшийг энэ хүн авна гэж А.О-ийг дагуулан орсон. А.О- нь уул уурхайн компанид түлш хэрэгтэй талаар, мөн барьцаа өгнө гэж хэлсэн ба захирал Ж.С- барьцаа өгөх хүртэл таныг таньдаг учир гэрээ хийнэ гэсний дагуу түлшний гэрээ хийсэн. Түлшийг авсан өдөр нь А.О-т хүлээлгэн өгсөн. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан түлш авсан падаан бөгөөд уг баримтад А.О- хүлээж авч гарын үсэг зурсан болно. 2021 оны 07 дугаар сард А.О-, Д.Гөлгөө нарын унаж явсан автомашинуудыг түлшний барьцаанд авч өөрийн хашаанд тавьсан байхад Ж.С- захирал утсаар яриад машинуудыг нь өгөөд явуулчих, наад 2 хүн чинь мөнгөө өгнө гэж хэлсний дагуу автомашинуудыг нь буцаан өгсөн. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А.О-ээс 50,000 литр дизель түлш, захирал Ж.С- 5,000,000 төгрөг авсан байсан. Гэрээнд үнэ тусгаагүй учир хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй, зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй. Иймд манай компани нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х- ХХК-аас 137,043,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,752,755 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 900,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х- ХХК-аас 843,167 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Хариуцагч газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээгээр нийлүүлсэн түлшийг хэрхэн хүлээж авсан талаар гэрч А.О- шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн, сүүлийн 50 тн түлшний төлбөрийг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй ярилцаж байсан, мөн уг төлбөрийг төлөх талаар шүүх хүсэлт гаргасан бөгөөд уг баримт хэрэгт авагдсан байгаа.

4.б.Дээрх 50 тн түлштэй холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, холбогдох баримтыг шүүхэд өгсөн, өөрөөр хэлбэл эрүүгийн журмаар шалгагдаж байгаа бол иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байхад уг хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд үнийн дүн бичигдээгүй, шүүхээс алдангийг тооцохдоо татварын байгууллагаас ирүүлсэн НӨАТ-ын баримтыг үндэслэсэн, уг баримттай холбогдох төлбөр тооцоо хариуцагчийн санхүүгийн тайланд огт тусгагдаагүй.

4.в.Нэхэмжлэгч хуулийн этгээд өмнөх 50 тн түлшний төлөлтийг түлшээр бартер хийж, А.О-ээс 5,000,000 төгрөг авсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог, үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч үлдэгдэл түлшний төлбөрийг төлнө гэсэн гэрчтэй төлбөр тооцооны харилцаа үүсгэж байсан болох нь нотлогддог. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Татварын баримтыг талуудын санаачилгаар бус шүүх өөрийн санаачилгаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс уг баримтыг гаргуулж авсан. Ю- ХХК-аас Хармаг хулан ХХК нь 100,000 литр шатахуун зээлээр худалдан авсантай холбоотой нөат-ын баримт байдаг. 188,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан гэдэг нь тухайн баримтаар тогтоогдсон. Ямар учраас тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа талаараа тайлбар хэлсэнгүй. Төрийн байгууллагаас зохих журмын дагуу гаргуулсан баримт юм. А.О-, Д.Гөлгөө нар шатахууныг авсан гэдгийг Ю- ХХК мэдэж байсан гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтууд, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, шатахуун хүлээн авсан баримтуудаар Хармаг хулан ХХК шатахуун хүлээн авсан гэдэг нь тогтоогддог. Харин Хармаг хулан ХХК-аас гаргаж өгсөн баримтад гараар А.О-т хүлээлгэж өгөв гэж бичсэн байдаг. Ю- ХХК-аас худалдан авсан шатахууныг цааш нь дамжуулан хэн нэгэн этгээдэд худалдсан. Хармаг хулан ХХК нь Ю- ХХК-аас худалдан авсан шатахуун өөр этгээдэд худалдан борлуулахдаа залилуусан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Энэ хэрэгт Ю- ХХК хэргийн оролцогчоор оролцсон зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ю- ХХК нь хариуцагч Х- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 94,695,600 төгрөг, хүү 5,752,755 төгрөг, алданги 47,347,800 төгрөг нийт 147,796,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ю- ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, хариуцагч Х- ХХК нь төлбөрийг 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь нийт 100,370 литр, 188,695,600 төгрөгийн дизель түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зарлагын падаан, тооцоо нийлсэн баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 9-12, 15, 64, 121-123-р тал/

4.а.Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.б.Хариуцагч Х- ХХК нь нэхэмжлэгч Ю- ХХК-д 2021 оны 08 дугаар сард 50,000 литр дизель түлш болон 5,000,000 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю- ХХК нь үлдэгдэл 50,370 литр дизель түлшний үнэ 94,695,600 төгрөгийг хариуцагч Х- ХХК-аас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг бөгөөд хариуцагч Х- ХХК нь худалдан авсан дизелийн түлшний үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч Ю- ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн байх тул дизелийн түлшний үнийг гэрч А.О- хариуцах ёстой, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.Хүү 5,752,755 төгрөг гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх хүүгийн тохиролцоог зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

6.Алданги 47,347,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талууд гэрээний 3.5-д алданги тооцох нөхцөлийг тохиролцсон байх тул нэхэмжлэгч Ю- ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги шаардсан нь үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хариуцагч Х- ХХК-аас нийт 137,043,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,157 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ