Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01129

 

 

 

 

 

 

 

2022 03 14

101/ШШ2022/01129

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.У-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гэрч Н.Ц, Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр С.У, С.Ц нараас 205,411,610 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгөөгүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгийг 123,971,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдэх бөгөөд хуульд нийцсэн эсэхэд шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага хяналт тавих үүрэгтэй. Хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч НШШГГ дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, үнэлгээний компаниас ирүүлсэн үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёс, хууль ёсонд нийцэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишгийн үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад дээрх шаардлагыг зөрчсөн, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ маш олон аргыг дурдсан байх боловч аль аргыг ашигласан нь тодорхойгүй, үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм журмыг зөрчсөн, эд хөрөнгийг очиж үзээгүй, эд хөрөнгийн хувийн шинж нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Hөrөөтэйгүүр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар  тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой гадагшаа гарсан хаалгатай, хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг ашигтай байрлалтай, гэтэл 123,971,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээтэй нийцэхгүй байна. НШШГГ нь 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн гэх 4-155/18012 тоот үнэлгээний талаарх мэдэгдлийг надад зохих журмын дагуу гардуулаагүй, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очиж гүйцэтгэлийн материалтай танилцах vед эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон талаар мэдэж, гүйцэтгэгчтэй маргалдсан. Ингээд тухайн үнэлгээ тогтоосон гэх мэдэгдлийг авч, хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Миний аав Б.С нь Монголын Улсын төлөө насаараа 27 жил зүтгэсэн, дэд хурандаа цолтой, Дотоод хэргийн их сургуулийн улс төрийн орлогч албан тушаалтай хүн байсан. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 43 насандаа цэргийн онгоцны сүйрлээр нас барсан. Үүнээс хойш миний ээж С.Ц 4 хүүхэдтэй үлдэж өрх толгойлон амьдарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлсэн гэх үл хөдлөх эд хөрөнгийг насаараа хөдөлмөрлөж бий болгосон. Иймээс миний зүгээс уг эд хөрөнгийг бусдад худалдан борлуулья, зарж үрье, бэлэглье гэж бодож байгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүссэн өр төлбөрийг бүрэн төлөх бөгөөд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ. Эд хөрөнгөө ийм бага үнээр тооцож өгөх, дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй. Би Монгол Улсад орчуулагчийн ажлыг гүйцэтгэдэг. Гэтэл дэлхий нийтийг хамарсан ковид-19 буюу коронавирус цар тахал гарсны улмаас ажил үйлчилгээ багассан. Шийдвэр гүйцэтгэгчид энэ нөхцөл байдлыг хэлж байсан боловч харгалзан үзээгүй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  дугаар шийдвэрийг гүйцэтгэх явцад миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 123,971,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.У, С.Цэвээн нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ Хүннү гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгөөгүй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч тус үл хөдлөх эд хөрөнгийг 191,000,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдэх бөгөөд хуульд нийцсэн эсэхэд шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага хяналт тавих үүрэгтэй. Хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч НШШГГ дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, үнэлгээний компаниас ирүүлсэн үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёс, хууль ёсонд нийцэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишгийн үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад дээрх шаардлагыг зөрчсөн, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ маш олон аргыг дурдсан байх боловч аль аргыг ашигласан нь тодорхойгүй, үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм журмыг зөрчсөн, эд хөрөнгийг очиж үзээгүй, эд хөрөнгийн хувийн шинж нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Hөrөөтэйгүүр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Тайм тауэрын орчимд орон сууц нь байршил, орчин нөхцөл зэргээс хамаарч 1 м.кв талбай нь 3-4 сая төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Яг ижил үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр 290,000,000 орчим төгрөгөөр худалдаалагддаг байхад эд хөрөнгөд очиж үзэхгүйгээр зах зээлийн ханшаас 100,000,000 төгрөгөөр бага үнэлсэнд маш их гомдолтой байна. НШШГГ нь 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн гэх 4-155/17135 тоот үнэлгээний талаарх мэдэгдлийг надад зохих журмын дагуу гардуулаагүй, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очиж гүйцэтгэлийн материалтай танилцах vед эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон талаар мэдэж, гүйцэтгэгчтэй маргалдсан. Ингээд тухайн үнэлгээ тогтоосон гэх мэдэгдлийг авч, хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гүйцэтгэх явцад С.У, С.Ц нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ Хүннүгийн гудамж,  дугаар байр, тоот хаяг байрлах, 80 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 191,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  дугаар шийдвэрээр С.У, С.Ц нараас 205,411,610 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр авахаар заасан төлбөр төлөгч С.У, С.Цэвээн нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Угийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 155/0914 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280777/12 дугаар тогтоолоор хураасан. Мөн төлбөр төлөгч С.У, С.Ц нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, дугаар байр,  тоот хаяг байрлах, 80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155/09 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17280777/10 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15678 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч С.У, С.Ц нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Голомт банк ХХК-аас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, орон сууцыг 81,178,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах орон сууцыг 168,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал өгсөн. Талууд үнэлгээнд харилцан тохиролцох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон. Төлбөр төлөгч С.Угийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 3 дугаартай 2 өрөө орон сууцыг 123,971,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгч С.Уд биечлэн танилцуулж тайланг хуулбарлан өгсөн. Төлбөр төлөгч С.У, С.Ц нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай 4 өрөө орон сууцыг 191,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг дээрх хуульд зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-156/17135 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгч С.Уд биечлэн танилцуулж тайланг хуулбарлан өгсөн. Төлбөр төлөгч С.У, С.Ц нарт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19768 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19769 дүгээр албан бичгүүдээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/5, 11/4 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлэн тэмдэглэл хөтөлсөн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар С.У-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц 91,800,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-155/21244 дүгээр мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/02 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч С.У, С.Цэвээн нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцанд үнийн санал ирээгүй болно. Төлбөр төлөгч С.У, С.Цэвээн нарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-155/21619 дүгээр албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/01 дүгээр тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарын хаягт ирэхэд С.Урансүх гэх хүн байсан ба дүү С.У, ээж С.Ц нарт танилцуулахыг даалгаж тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар С.У, С.Ц нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц 162,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.У-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нотлох баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15678, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17135, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 дугаар мэдэгдлүүд, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зэндмэнь хүнсний дэлгүүрийн 03/0471 дүгээр тусгай зөвшөөрөл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 11-29-88/159 дүгээр дүгнэлт.

 

Хариуцагчийн нотлох баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1140 дүгээр магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар захирамж, 1104 дүгээр гүйцэтгэх хуудас, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17280777 дугаар тогтоол, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/22314, 22315 дугаар албан бичгүүд, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 941 дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 8/1473 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155/09 дүгээр тогтоол, тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 155/0914 дүгээр тогтоол, тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15678, 4-155/15679, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4/155/16013 дугаар мэдэгдлүүд, төлбөр авагч Голомт банк ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18/01-56 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/196, 9/197 дугаар тогтоолууд, шинжээчээс мэдээлэл тодруулсан баримт, хууль тайлбарласан тэмдэглэл, шинжээч Файн эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангууд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17135, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 дугаар мэдэгдлүүд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/4, 11/5 дугаар тогтоолууд, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19768, 4-155/19769, 4-155/19770, 4-155/1797, 4-155/19798, 4-155/19802, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-155/21242, 4-155/21243, 4-155/21244 дүгээр мэдэгдлүүд, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/02 дугаар тогтоол, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/01 дүгээр тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-155/21617, 4-155/21618, 4-155/21619 дүгээр мэдэгдлүүд, дуудлага худалдааны зар, тэмдэглэлүүд.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч Г.О, Н.Цнарын мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Угаас хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан

Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн  дугаар захирамжаар,

Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  дүгээр захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар тус иргэний хэргүүдийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

  

Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. 

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1140 дүгээр магадлалаар С.У, С.Ц нараас 204,053,393.99 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,178,217 төгрөг тус тус гаргуулан Голомт банк ХХК-д олгох, С.У, С.Цэвээн нарын өмчлөлийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууц, С.Угийн өмчлөлийн улсын бүртгэлийн  дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс дээрх төлбөрийг гаргуулан Голомт банк ХХК-д олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй (хх-70-83)

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамж гарч, 1104 дүгээр гүйцэтгэх хуудас бичигджээ (хх-69, 84).

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна (хх-85).

  

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155/09 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 155/0914 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилжээ (хх-92-99).  

 

Үүний дараа шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17280777/10, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280777/12 дугаар тогтоолуудаар дээрх 2 орон сууцыг хураасан байна (хх-101-106).

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талууд шүүхэд маргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчнээр тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заасан.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15678 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч С.Уд, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15679 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч С.Ц"д тус тус 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4-155/16013 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч С.У, С.Ц нарт 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор тус тус дээрх 2 орон сууцны үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн байх ба санал ирүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчаас үнийн санал авах тухай албан бичиг ирсэн, санал өгөөгүй болохоо тусгасан байна (хх-108-112)

  

Төлбөр авагч Голомт банк ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18/01-56 дугаар албан бичгээр Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцыг 168,000,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт байрлах орон сууцыг 81,178,000 төгрөгөөр тус тус үнэлснээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгджээ (хх-113).

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулаагүй гэж маргасан ба түүнд хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээс үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохиролцон тогтоон үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн ч төлбөр төлөгчийн зүгээс хариу ирүүлээгүй, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарыг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/197 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцын үнэлгээг Файн эстимэйт ХХК-аар, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/196 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцын үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тус тус тогтоолгохоор шинжээчээр томилсон байх ба эдгээр тогтоол дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ (хх-114, 144).

  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилох, мөн хуулийн 42.2 дахь хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар тус тус заажээ.

  

Хариуцагч байгууллага нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх  дугаар тусгай зөвшөөрөл бүхий Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Ц, дугаар тусгай зөвшөөрөл бүхий Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.О нарыг шинжээчээр томилсон байх ба тэдэнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан байна (хх-115-116, 146-148).

   

Нэхэмжлэгч нь шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлахдаа Эрүүгийн хуулийн зохицуулалтыг тайлбарлаагүй гэж мэтгэлцсэн ба дээрх баримтуудад Эрүүгийн хуулийн талаар нарийвчлан тусгаагүй хэдий ч шинжээч томилох тогтоолын 3 дахь заалтад шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэр бүхий шинжээч нар тэдэнд хуульд заасан хариуцлагыг урьдчилан тайлбарласан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн болно.

 

Шинжээч Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, пдугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлжээ (хх-118-139, 150-179).

  

Шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-155/17135 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт үнэлгээ хийгдсэн талаар, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд худалдан борлуулах саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрхтэйг тус тус мэдэгджээ (хх-180-182).

 

Тус мэдэгдлүүдэд төлбөр төлөгч нарын хаягийг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр, тоот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан дүгээр гудамж,  тоот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,  дугаар байр, тоот гэж тусгасан, мөн шуудангийн дардастай байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч дээрх хаягууд нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  дугаар шийдвэрт бичигдсэн хаяг, түүнчлэн төлбөр төлөгч С.У-гаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад баримт бичиг хүлээн авах баталгаа гаргахдаа өгсөн хаяг гэж тайлбарласан (хх-107).

  

Дээрх 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдэлд төлбөр төлөгч С.У-гийн хүлээн авсан тэмдэглэгээ бүхий гарын үсэгтэй, төлбөр төлөгч С.Ц-ий 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан тэмдэглэгээ бүхий гарын үсэгтэй байна.  

 

Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгч нарт үнэлгээний мэдэгдэл, үнэлгээний тайланг биечлэн танилцуулж нэг хувийг гардуулж өгсөн тухай тусгагдсан, төлбөр төлөгч С.У, С.Ц нар гарын үсгээ зурсан байх ба нэхэмжлэгчийн зүгээс эдгээр баримтыг шүүхэд баримтаар үгүйсгэж маргаагүй (хх-183).

  

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу хийгджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцах үед эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон талаар мэдсэн гэж дурдсан байх боловч дээрх мэдэгдлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Иймд хариуцагч байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцуудын үнэлгээний талаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлд 2 орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээний аль аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй, эд хөрөнгийг очиж үзээгүй, эд хөрөнгийн хувийн шинж байдлыг харгалзаагүй гэх зэргээр дурдсан.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

Шинжээч Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргыг, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд өртгийн болон жишиг үнийн аргуудыг тус тус хэрэглэх болсон үндэслэлээ тодорхой зааж, орон сууцуудын шинж байдал, үнэлгээний явц, эх сурвалжуудыг тодорхой тусгасан, өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлээ тусгасан байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Ц, Г.О нар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн орон сууцуудад очиж үзсэн, мөн үнэлгээг хэрхэн гаргасан талаараа дэлгэрэнгүй тайлбарласан.

  

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд баримтаар нотлоогүй ба хариуцагч байгууллагын зүгээс орон сууцны зориулалттай 2 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоохдоо төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж,  дугаар байр, тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлэхдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Шүүхэд хариуцагчаас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримтаар дээр дурдсан 2 орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус асуудлаар энэ шүүхийн ажиллагаанд гомдол гаргахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг дэх ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, улмаар шүүхэд гомдол гаргах зохицуулалтын дагуу гомдлоо гаргана гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй (хх-184-215).

  

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.У-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА