Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01028

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01028

 

 

 

У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01129 дугаар шийдвэртэй,

У-гийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00770 дугаар шийдвэрээр У-, Ц- нараас 205,411,610 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, миний өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн.

Мөн У-, Ц- нарын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ Хүннү гудамж, 216 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгөөгүй.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч 2 өрөө орон сууцыг 123,971,000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг 191,000,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах ёстой. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдэх бөгөөд хуульд нийцсэн эсэхэд шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага хяналт тавих үүрэгтэй. Хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, үнэлгээний компаниас ирүүлсэн үнэлгээний тайланг нягталж үзэлгүйгээр шууд тухайн үнэлгээгээр эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж буй нь шударга ёс, хууль ёсонд нийцэхгүй байна.

Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ маш олон аргыг дурдсан байх боловч аль аргыг ашигласан нь тодорхойгүй, үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм журмыг зөрчсөн, эд хөрөнгийг очиж үзээгүй, эд хөрөнгийн хувийн шинж нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 4-155/17135 тоот, 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 4-155/18012 тоот үнэлгээний талаарх мэдэгдлийг надад зохих журмын дагуу гардуулаагүй, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очиж гүйцэтгэлийн материалтай танилцах vед эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон талаар мэдэж, гүйцэтгэгчтэй маргалдсан.

Би Монгол Улсад орчуулагчийн ажлыг гүйцэтгэдэг. Гэтэл дэлхий нийтийг хамарсан Ковид-19 буюу коронавирус цар тахал гарсны улмаас ажил үйлчилгээ багассан. Шийдвэр гүйцэтгэгчид энэ нөхцөл байдлыг хэлж байсан боловч харгалзан үзээгүй.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00770 дугаар шийдвэрээр У-, Ц- нараас 205,411,610 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр авахаар заасан төлбөр төлөгч У-, Ц- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан У-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 155/0914 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17280777/12 дугаар тогтоолоор хураасан. Мөн төлбөр төлөгч У-, Ц- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 дугаар байр, *** тоот хаяг байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 155/09 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 17280777/10 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/15678 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч У-, Ц- нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Голомт банк ХХК-аас 2 өрөө орон сууцыг 81,178,000 төгрөгөөр, 4 өрөө орон сууцыг 168,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал өгсөн. Талууд үнэлгээнд харилцан тохиролцох боломжгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Төлбөр төлөгч У-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 123,971,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгч У-д биечлэн танилцуулж тайланг хуулбарлан өгсөн. Төлбөр төлөгч У-, Ц- нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг 191,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг дээрх хуульд зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-156/17135 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгч У-д биечлэн танилцуулж тайланг хуулбарлан өгсөн.

Төлбөр төлөгч У-, Ц- нарт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19768 дугаар албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4-155/19769 дүгээр албан бичгүүдээр 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/5, 11/4 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарын баталгаа гарган өгсөн хаягт баталгаат шуудангаар хүргүүлэн тэмдэглэл хөтөлсөн.

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар У-гийн өмчлөлийн 2 өрөө орон сууц 91,800,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-155/21244 дүгээр мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/02 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч У-, Ц- нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцанд үнийн санал ирээгүй болно. Төлбөр төлөгч У-, Ц- нарт 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-155/21619 дүгээр албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/01 дүгээр тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг төлбөр төлөгч нарын хаягт хүргүүлэхэд С.Урансүх гэх хүн байсан ба дүү У-, ээж Ц- нарт танилцуулахыг даалгаж тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар У-, Ц- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 216 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц 162,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч У-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 216 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016983 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцох боломжтой эсэхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллага тодруулах, тохиролцох боломж олгох учиртай. Гэтэл хариуцагч нь энэ талаар ажиллагаа хийгээгүй.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тусгай мэдлэг бүхий этгээдийг ...хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажиллагааг хийгээгүй. Шинжээчээр ажиллаж буй этгээд нь тухайн асуудалд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж гарын үсэг зурж, худал дүгнэлт гаргавал хууль зүйн хариуцлага хүлээхээ илэрхийлсэн нь тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн байгууллага хэрэглэх боломжтой. Гэтэл шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг сануулаагүй тул хуульд заасны дагуу шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа явагдсан гэж үзэх боломжгүй байна.

Шинжээчээр томилогдсон гэх этгээд нь тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь тодорхойгүй, шинжээчээр томилогдсон гэх хуулийн этгээд байдаг эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийг үнэлгээ тогтоох, шинжээч томилох зэрэг ажиллагаа хийгдээгүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Төлбөр төлөгч нарт тухай бүрт нь мэдэгдлийг хүргүүлж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч У- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/00770 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1140 дүгээр магадлалаар У-, Ц- нараас 204,053,393.99 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд У-, Ц- нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204075152 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 216 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, У-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202016983 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ./хх 70-83/.

 

3.б. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэж, ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох 4 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан, 2 өрөө орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25‑ны өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.в. Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас эд хөрөнгийн зах зээлийн үнийн санал авахад нэхэмжлэгч У-, хамтран өмчлөгч Ц- нар нь үнийн санал ирүүлээгүй, харин төлбөр авагч Голомт банк ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18/01-56 дугаар албан бичгээр 4 өрөө орон сууцыг 168,000,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 81,178,000 төгрөгөөр тус тус үнэлснээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн байна. (хх-113).

 

3.г. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/197 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Хүннү гудамж, 216 дугаар байр, *** тоот хаягт байрлах, 80 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээг Файн эстимэйт ХХК-аар, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/196 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, /15140/ Г.Бумцэндийн гудамж, 58 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 50.8 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тус тус тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-д заасантай нийцсэн. (хх-114, 144).

 

3.д. Хариуцагч байгууллага нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх 091100172 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэл, 11120205 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нарыг шинжээчээр томилсон байх ба тэдэнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан байхаас гадна шинжээч томилох тогтоолын 3 дахь заалтад шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан байна. Иймд уг ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. (хх 114-116, 144, 146-148).

 

3.е. Шинжээч Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд 4 өрөө орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний 2 өрөө орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлжээ (хх-118-139, 150-179).

 

3.ж. Шийдвэр гүйцэтгэгчээс 2 өрөө орон сууцыг 123,971,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд худалдан борлуулах саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрхтэй талаарх 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 4-155/18012 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч У- болон хамтран өмчлөгч Ц- нарт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгч, гарын үсэг зуруулснаас гадна баталгаат шуудангаар хүргүүлсэн байх ба энэ талаарх шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа тэмдэглэл үйлдсэн байна. /хх 180-181, 183/

Иймд нэхэмжлэгчийн ...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн материалтай танилцах үед эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон талаар мэдсэн... гэж гэх тайлбар үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцуудын үнэлгээний талаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь зөв болно.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА