Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 585

 

 “Е Ш И ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00362 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Е Ш И ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-, Б.С-нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16 230 408 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б-, Б.С-нар нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-р гудамж, 1151А тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай хувийн сууц, газрын хамт барьцаалж 15 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагч нар үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 2 403 738 төгрөг төлж, үлдэгдэл 12 596 262 төгрөгийг төлөөгүй. Хүүгийн төлбөрөөс 7 369 797 төгрөгийг төлж, 3 337 588 төгрөгийг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүд 296 558 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нийт 16.230.408 төгрөгийг Н.Б-, Б.С-нараас гаргуулна. Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас зээл авсанд маргахгүй. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хавсралт зээл эргэн төлөх хуваарийн дагуу миний бие гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүд 7 526 702.36 төгрөг төлөхөөр тохирсон атал 9 756 254 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд дээрх өндөр хүүг төлөх боломжгүй.

Хариуцагч Н.Б- зээл аваад тодорхой хэмжээний төлбөр төлсөн боловч биеийн эрүүл мэнд нь муудаж хагалгаанд орсон, хүнд өвчтэй байгаа учраас хэвтэрт орж зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч 1 078 169 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Хэдийгээр ийм эрхтэй боловч хариуцагчид хүндэтгэн үзэх шалтгаан байгааг шүүх анхаарч, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан ба энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага, эсвэл үндсэн шаардлагын хамт шийдвэрлүүлэх эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.С-шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Е Ш И ББСБ”  ХХК-иас зээл аваагүйг Н.Б- ах мэдэж байгаа. Харин зээлийн гэрээнд хамтрагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Мөнгийг хүлээж аваагүй, хэрэглээгүй тул хариуцлага хүлээх боломжгүй. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Б-, Б.С-нараас 15 152 239 төгрөг гаргуулж “Е Ш И ББСБ” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 078 169 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-, Б.С-нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205065106 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1152А тоот хувийн сууц, Г-2205005968 дугаарт бүртгэгдсэн 593 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-, Б.С-нараас 303 912 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Баяржаргал нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хавсралт- 1 зээл төлөх хуваарийг баталсан байдаг. Уг хуваариас үзэхэд 15 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт нийт 7 526 702.36 төгрөгийг төлөхөөр харагдаж байгаа. Хариуцагчийн хувьд гэрээний хугацаанд 7 369 797 төгрөгийн хүүг нэхэмжлэгч талд төлсөн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн хүү 9 765 254 төгрөг төлөхөөс хүүгийн төлбөр 2 395 458 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээний хавсралт 1-д заасан хүүгийн төлбөрөөс 2 395 458 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж үзэж байгаа тул 2 395 458 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Е Ш И ББСБ” ХХК- хариуцагч Н.Б-, Б.С-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16 230 408 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Н.Б- зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч Б.С-бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ0600170053 дугаар “Зээлийн гэрээ”, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр “Барьцааны гэрээ” байгуулсан болон гэрээний нөхцлийн талаар маргаагүй болно./хх18-21/

 

Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ бөгөөд дээрх гэрээний баталгаа болгож барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь зөв.

 

Нэхэмжлэгч тал нь хариуцагч нараас дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, түүнийхээ үндэслэлийг зээлдэгч нар нь зээл төлөх хугацааг 249 хоног, хүү төлөх хугацааг 159 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээлийн үлдэгдэл 12 596 262 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 698 хоногт 10 707 385 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхөөс нийт 7 369 797 төгрөг төлснийг хасч 3 337 588 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл зээлээ төлөх хугацааг 482 хоног хэтрүүлсэн тул 343 593 төгрөг төлөхөөс 183 073 төгрөг төлсөн, үлдэгдэл 296 558 төгрөг, нийт 16 230 408 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулана гэжээ.

 

Хариуцагч Н.Б- тайлбар, татгалзал, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдолдоо зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийн хүүгийн төлбөрт 7 526 702.36 төгрөг төлөх үүрэгтэй байснаас 7 369 797 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 200 000 гаруй төгрөг байна. Нэмэгдүүлсэн шаардлага болох 1 078 169 төгрөгийг эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн үндэслэл заасан байна.

 

Анхан шатны шүүх зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэж, гэрээний үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүйг буруутгахгүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс хангах талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин шүүх нэхэмжлэгч тал гэрээний улмаас хохирол учирсан талаар нэхэмжлэл гаргаагүй байхад хариуцагч нараас зээлийн гэрээний нийт үүрэгт 15 152 239 төгрөг гаргуулан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу болжээ.

Хэрэгт авагдсан зээл, хүү төлсөн график, зохигчдын тайлбарыг харьцуулан үзвэл зээлдэгч нар нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийг 2018 оны 8 дугаар сарын 20, 9 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус төлөх байснаас үзвэл үндсэн зээлд бодогдох нэмэгдүүлсэн хүүг тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан 160 520 төгрөгөөс илүү дүнтэй байна. Гэвч талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээнд нэмэгдүүлсэн хүүг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцнэ. /хх77-80,18,21/

 

Үндсэн зээлийн үлдэгдэл 12 596 262 төгрөг байгаа талаар талууд маргаагүй, харин хүүгийн тооцооллын хувьд тухайн сар, сард нь байсан хоногт хуваагаад тооцоход нэхэмжлэлийн шаардлагад заасан хүүгийн үлдэгдэл буруу байна. Тодруулбал, зээлийн хүүгийн талаарх тооцооллыг хийхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээл, хүү төлсөн графикаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 хоногт хүүгийн төлбөр 86 966 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл 30 хоногт 434 830 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 31 хоногт 449 324 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 31 хоногт 450 072 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 4 хоногт хүүгийн төлбөр 57 977 төгрөг,  нийт төлбөр төлөөгүй 102 хоногийн хүүгийн төлбөр нь 1 479 199 төгрөг болж байна.

 

Дээрхээс дүгнэвэл, үндсэн зээлийн үлдэгдэлд 12 596 262 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 479 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 160 520 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14 235 981 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 16 230 408 төгрөгөөс 14 235 981 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдэх хэсэг буюу 1 994 427 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх дээрх маргаанд хамаарах хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зээлдэгч нар тогтоосон хугацаанд биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Ийнхүү зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг зээлдэгч биет байдлаар буюу мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас зээлийн төлбөрт нийт 14 235 981 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1 994 427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 3 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнд өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Б-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг “Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн” гэж буруу бичигдсэн болохыг “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн” гэж залруулан ойлговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00362 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-, Б.С-нараас зээлийн төлбөрт нийт 14 235 981 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Есөн шижир инвест банк бус санхүүгийн байгууллага” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 994 427 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагч Н.Б-, Б.С-нараас 303 912 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Н.Б-, Б.С-нараас 299 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Е Ш И ББСБ” ХХК--д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Б- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                              ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА