Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 362

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 46-р байрны 701А тоотод байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-р гудамжны 1152 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр АИ63120717, Боржигон овогтой Намжилжавын Баянжаргал,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 20-р байрны 189 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УХ92041968, Боржигон овогтой Батсайханы Сэмжидэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 230 408 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баянжаргал, Б.Сэмжид нар нь 2017 оны 02-р сарын 10-ны өдөр манай компанитай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-р гудамж, 1151А тоот хаягт байрлах, 72 метр квадрат талбайтай хувийн сууц, газрын хамт барьцаалж 15.000.000 төгрөг зээлсэн. Хариуцагч нар нь үндсэн зээл 15.000.000 төгрөгөөс 2.403.738 төгрөг төлж, үлдэгдэл 12.596.262 төгрөгийг төлөөгүй. Хүүгийн төлбөрөөс 7.369.797 төгрөгийг төлж, 3.337.588 төгрөгийг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүд 296.558 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 16.230.408 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд 16.230.408 төгрөгийг Н.Баянжаргал, Б.Сэмжид нараас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Баянжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар зээл авсан дээр маргадаггүй. Н.Баянжаргал зээл аваад тодорхой хэмжээний төлбөр төлсөн боловч биеийн эрүүл мэнд нь мудаж хагалгаанд орсон, хүнд өвчтэй байгаа учраас зээлээ төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн байдаг. Зээлээ төлнө гэдэг боловч эмнэлэгт хэвтэрт байна, холбогдох эмнэлгийн магадлагаа зэргийг шүүхэд өгсөн. Хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон. Энэ хугацаанд 1.078.169 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч хариуцагчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдгийг шүүх анхаарч, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан байх ба энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага уу, эсвэл үндсэн шаардлагын хамт шийдвэрлүүлэх асуудал эсэх нь тодорхойгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Сэмжид шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Есөн шижир ББСБ-аас зээл аваагүй. Н.Баянжаргал ахын зээл дээр хамтрагчаар гарын үсэг зурсан нь үнэн. Үүнийг Баянжаргал ах өөрөө мэдэж байгаа. Би Мөнгийг хүлээж аваагүй, хэрэглээгүй тул хариуцлага хүлээх боломжгүй. Шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь Н.Баянжаргал, Б.Сэмжид нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 230 408 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15 152 239 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиролдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангаж, 1 078 169 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Есөн шижир инвест ББСБ ХХК нь Н.Баянжаргал, Б.Сэмжид гартай 2017 оны 02-р сарын 10-ны өдөрЗГ0600170053 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205065106 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-1152А тоот хувийн сууц, Г-2205005968 дугаарт бүртгэгдсэн 593 м.кв газрыг барьцаалан зээлүүлэхээр /хх 18-21/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчид 15 000 000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 10-нө өдөр зарлагын баримтаар шилжүүлсэн нь мөнгө олгосон баримт /хх 22/ байх ба зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 2 403 738 төгрөг, зээлийн хүүнд 7 369 797 төгрөг төлж, бусад зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээгээ цуцалж, хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч нар гэрээ цуцлах шаардлагын талаар маргаагүй бөгөөд харин хариуцагч Н.Баянжаргал нь ходоодны хорт хавдар өвчний улмаас мэс засал хийлгэсэн, өвчний учир хэвтэрт байгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээл төлж чадаагүй гэж тайлбарлажээ. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 1 078 169 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Зээлдүүлэгч гэрээний 5.1.1 дэх хэсэгт заасан Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээгээ цуцалж, хохирол 15 152 239 төгрөгийг төлүүлэхээр 2018 оны 11-р сарын 7-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанаас гэрээ цуцалсан гэж үзнэ. Иймд гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Б.Сэмжид нь мөнгийг аваагүй, хэрэглээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Сэмжид нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул түүний хүсэлтээр хэргийг эзгүйд нь шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХнь:

 

1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Баянжаргал, Б.Сэмжид нараас 15 152 239 /арван таван сая нэг зуун тавин хоёр мянга хоёр зуун гучин ес/ төгрөг гаргуулж Есөн шижир инвест банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 078 169 /нэг сая далан найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Н.Баянжаргал, Б.Сэмжид нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205065106 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 27-1152А тоот хувийн сууц, Г-2205005968 дугаарт бүртгэгдсэн 593 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 342 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Баянжаргал, Б.Сэмжид нараас 303 912 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Р.АЛТАНТУЯА