Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/01279

 

 

 

 

 

2022 03 21

101/ШШ2022/01279

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: Э.Э,

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И и ББСБ ХХК, түүний төлөөлөгч А.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... И и ББСБ ХХК нь иргэн Э.Э, Б.Б, Б.Б нартай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/020004 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах баталгаа болгож, мөн өдрийн 19/020004 тоот барьцааны гэрээгээр зээлдэгч Э.Э, Б.Б нарын дундын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, дугаар байр  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх  дугаар гудамж  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар зээлдэгч Э.Э, Б.Б нарын хүсэлт, зөвшөөрлийн үндсэн дээр барьцаа болох тэдний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж зээлээс 29,650,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нар зээлд 29,650,000 төгрөг, хүүнд 42,987,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,500,000 төгрөг, нийт 75,137,000 төгрөг төлж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл 30,350,000 төгрөг, зээлийн хүү 11,935,642 төгрөг, нийт 42,285,642 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Б.Б, Э.Э, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа болох хариуцагч Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх дугаар гудамж  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Ж нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Би 2018-2019 онд Нано лик ойл ХХК-д менежерээр ажилладаг байсан ба гүйцэтгэх захирал Б.С намайг өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн барьцаанд тавиад өгчих, зээл, хүүг манай компани хариуцна гэхэд нь итгэж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч Э.Э-н хамт зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн барьцаанд Э.Э-н өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо,  дугаар байр  тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 40,000,000 төгрөгөөр үнэлж, миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх  дугаар гудамж тоот хаягт байрлах, 571 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай газар, мөн хаягт байрлах, 159 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай хувийн сууцыг тус тус 10,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг Э.Э-н дансанд шилжүүлсэн бөгөөд миний бие уг зээлээс авч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Мөн зээлийн эргэн төлөлтийг компаниас төлдөг байсан. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд И и ББСБ ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/020004 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, мөн өдрийн 19/020004 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох дээр дурдсан газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02477 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрт зээлдэгч нар хариуцагчид 21,694,315.08 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй үлдсэн, барьцааны үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага 21,695,315.08 төгрөг байх ёстой бөгөөд үүнийг Э.Э, Б.Б болон Нано лик ойл ХХК нар төлөх ёстой. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... И и ББСБ ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээл авсан ч барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байр 143 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаа зарж, өөрийн барьцааны хэмжээний зээл болох 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 50,700,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр И и ББСБ ХХК-д өгч зээлийн өргүй болсон. И и ББСБ ХХК-аас зээлдэгч Б.Б, Э.Э нарт хамаарах зээлийн өр төлбөрийг барагдуулсан тул зээлийн үүрэг хүлээхгүй тухай 20/88 тоот мэдэгдэх албан бичгийг гаргасан. Уг албан бичигт Б.Бүлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцаж барагдуулна гэж заасан. Мөн зээлдэгч Б.Бнь И и ББСБ ХХК-д гаргаж өгсөн бичигтээ үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцна гэж дурдсан. Тиймээс Э.Э, Б.Б нар нэхэмжилж буй зээлийн үлдэгдлийг хариуцахгүй гэж үзэж байна. И и ББСБ ХХК-аас зээлсэн 60,000,000 төгрөгийг Нано лик ойл ХХК-ийн захирал Б.С-н зээлийн өрөнд зарцуулагдсан, Э.Э, Б.Б нар хувьдаа ашиглаагүй. Б.С нь хариуцагч Б.Б-н үеэл эгч бөгөөд тухайн зээл хөөцөлдөж эхлэхэд Б.Б-г ятгаж хашаа байшинг нь барьцаанд тавиулсан байдаг. Б.С-н буруутай үйл ажиллагаанаас үүдэн миний бие орон сууцаа алдаад одоо байр түрээслэн амьдарч байна. Зээлтэй байх хугацаанд миний бие И и ББСБ ХХК-д сар бүр төлөх ёстой хүүг тодорхой хэмжээнд төлж ирсэн. Б.Б, Э.Э нар зээлийн өрөнд байсан орон сууцаа зарж борлуулан И и ББСБ ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан учир одоо нэмж төлбөр төлөх үүрэггүй, зээлийн хариуцагч биш гэж үзэж байна гэв.

 

4.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ... И и ББСБ ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээл авсан ч барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байр 143 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцаа зарж, өөрийн барьцааны хэмжээний зээл болох 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 50,700,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр И и ББСБ ХХК-д өгч зээлийн өргүй болсон. И и ББСБ ХХК-аас зээлдэгч Б.Б, Э.Э нарт хамаарах зээлийн өр төлбөрийг барагдуулсан тул зээлийн үүрэг хүлээхгүй гэсэн 20/88 тоот мэдэгдэх албан бичгийг гаргасан. Уг албан бичигт Б.Бүлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцаж барагдуулна гэж заасан. Зээлдэгч Б.Бнь И и ББСБ ХХК-д гаргаж өгсөн бичигтээ үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцна гэж дурдсан. Энэ зээлээс болж миний бие орон сууцаа заран өр төлбөрөө барагдуулж үл хөдлөх хөрөнгөгүй болсноор одоо байр түрээслэн амьдарч байна. Б.Б, Э.Э нар нь зээлийн өрөнд байсан 2 өрөө орон сууцаа зарж борлуулан И и ББСБ ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан учир одоо нэмж төлбөр төлөх үүрэггүй, зээлийн хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

  

5.Нэхэмжлэгчийн нотлох баримт: И и ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зохигчдын зээлийн гэрээ 2019.01.23 №19/020004, барьцааны гэрээ 2019.01.23 №19/020004, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000405349, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ №00012431, зээл төлөлтийн дансны хуулга, Улаанбаатар хотын банкны болон Хаан банкны төлбөрийн баримтууд. 

Хариуцагч Б.Б-н нотлох баримт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаар шийдвэр.

Хариуцагч Э.Э-н нотлох баримт: И и ББСБ ХХК-ийн албан бичиг 2020.08.27 №20/88, Хаан банкны депозит дансны хуулга. 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хариуцагч Б.Б-н 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Нано лик ойл" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/2019 дүгээр тогтоол, зээл төлөлтийн дансны хуулгад үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл.

  

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч И и ББСБ ХХК нь хариуцагч Б.Б, Э.Э, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар зээлийг хувьдаа хэрэглээгүй, хариуцагч Б.Бнь Нано лик ойл ХХК-д менежерээр ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын гуйлтаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, хариуцагч Э.Э, Б.Б нар нь өөрийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлсөн тул үлдэх хэсгийг хариуцагч Б.Б хариуцах үндэстэй гэж тус тус маргаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19/020004 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн буюу жилийн 42 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зээлийн зориулалтаар хариуцагч нарт зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ (хэргийн 6-9 дэх тал).

 

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдсон (хэргийн 11, 12-14 дэх тал).

 

Мөн нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Э.Э-н Хаан банкин дахь  тоот дансанд 11,000,000 төгрөг, 49,000,000 төгрөг тус тус шилжүүлэн зээл олгогдсон байна (хэргийн 21, 23 дахь тал).

 

Талууд дээрх байдлаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулсан, мөн зээл олгогдсон үйл баримтын талаар шүүхэд маргаагүй.

 

Харин хариуцагч нар дээрх зээлийг Нано лик ойл ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой авсан гэж тайлбарлаж байх боловч дээрх зээлийн гэрээнд энэ талаар ямар нэгэн нөхцөл тусгагдаагүй, мөн уг зээл хариуцагч Э.Э-н дансанд олгогдсоныг шүүхэд баримтаар үгүйсгээгүй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн Б.Б-н 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Нано лик ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/2019 дүгээр тогтоолыг хариуцагч нарын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч нар нь Нано лик ойл ХХК-ийн хамаарал бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигч, менежер байх ба зээлийг компанийн хүсэлтээр авсан байдал нь тэдгээрийн хоорондын тохиролцоог илэрхийлж байна (хэргийн 87-90 дэх тал).

 

Үүнээс гадна хариуцагч Э.Э-н дансны хуулгаар зээлийг Нано лик ойл" ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх үндэслэл тодорхойлогдохгүй байна (хэргийн 100 дахь тал).

 

Иймээс хариуцагч талын тайлбарт дурдагдаж буй зээлийг Нано лик ойл" ХХК-ийн хүсэлтээр авсан гэх байдал талуудын байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

Зээлийн гэрээнд Э.Э зээлдэгчээр, Б.Б, Б.Б нар хамтран зээлдэгчээр тусгагдсан байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

  

Хариуцагч Э.Э, Б.Б нар барьцаа хөрөнгөө худалдан борлуулж зээлийн төлбөр төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж буй зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байх боловч дээрх хуулийн зохицуулалтаар нэр бүхий 3 хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгчид учир нэхэмжлэгчээс тэдгээрт холбогдуулан шаардлагаа гаргасан нь хуулийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасантай нийцэж байна.

  

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  

Дээр дурдсанаар нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь 60,000,000 төгрөгийг хариуцагч Э.Э-н дансанд шилжүүлж зээл олгох үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэстэй.

 

4.Нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцсон зээлийн үлдэгдэл 30,350,000 төгрөг, зээлийн хүү 11,935,642 төгрөг, нийт 42,285,642 төгрөг нэхэмжилсэн.

  

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээний хавсралт болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарьт 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны өдөр зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр тусгасан байх ба гэрээний 2.1.1-д зээлийн хүү: 3.5% (сарын), 42% (жилийн), 2.2-т зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө гэж тус тус заасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

 

Хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаас үзэхэд зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 700,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 60,700,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 537,000 төгрөг, нийт 75,137,000 төгрөг төлжээ (хэргийн 20 дахь тал). Энэхүү тооцоог хариуцагч талаас маргаагүй.

 

Дээрх төлбөрийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд төлсөн 2,500,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд төлсөн 42,987,000 төгрөгийг зээлийн хүүнд, 29,650,000 төгрөгийг зээлд тус тус тооцжээ.

 

5.Шүүх дээрх тооцоог хууль болон гэрээнд нийцүүлэн хянан үзэхэд Иргэний хуульд нийцээгүй байх тул зээлдэгч нарын үүргийг дараахь байдлаар тодорхойлох үндэстэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох, мөн талуудын зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч хавсралт №1-д дурдсан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус заасны дагуу зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцож болох боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг дээрх хуулийн зохицуулалтын дагуу тооцоогүй, тодруулбал төлбөрийн хуваарьт тусгасан зээлийн хэсэгчилсэн дүнд бус, нийт зээлийн дүн 60,000,000 төгрөгт тооцсон нь үндэслэлгүй байна. Иймээс зээлийн гэрээний 3.3.2-т заасан төлбөрийн дарааллын дагуу нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 2,500,000 төгрөгийг дор дурдсанаар зээлийн хүүнд тооцох нь зүйтэй. Үүнд:

 

- 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг төлөх хүртэл 188 хоногийн хугацаанд 12,979,726.03 төгрөгийн хүү (60,000,000*42%/365*188) хуримтлагдсанаас 500,000 төгрөгийг хасч хүүний үлдэгдэл 12,479,726.03 төгрөг;

- 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг төлөх хүртэл 103 хоногийн хугацаанд 7,111,232.88 төгрөгийн хүү (60,000,000*42%/365*103) хуримтлагдан өмнөх үлдэгдлийн хамт нийт 19,590,958.91 төгрөг болсноос 300,000 төгрөгийг хасч хүүний үлдэгдэл 19,290,958.91 төгрөг;

- 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 700,000 төгрөг төлөх хүртэл 10 хоногийн хугацаанд 690,410.96 төгрөгийн хүү (60,000,000*42%/365*10) хуримтлагдан өмнөх үлдэгдлийн хамт нийт 19,981,369.87 төгрөг болсноос 700,000 төгрөгийг хасч хүүний үлдэгдэл 19,281,369.87 төгрөг;

- 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг төлөх хүртэл 23 хоногийн хугацаанд 1,587,945.21 төгрөгийн хүү (60,000,000*42%/365*23) хуримтлагдан өмнөх үлдэгдлийн хамт нийт 20,869,315.08 төгрөг болсноос 1,000,000 төгрөгийг хасч хүүний үлдэгдэл 19,869,315.08 төгрөг;

- Зээлийн гэрээний хугацаа дуусах 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 40 хоногийн хугацаанд нэмж 2,761,643.84 төгрөгийн хүү (60,000,000*42%/365*40) хуримтлагдан төлөгдөөгүй нийт хүү 22,739,315.08 төгрөг болсон байна.

 

Үүнээс гадна зээлийн гэрээ дуусахад зээл 60,000,000 төгрөг төлөгдөөгүй байжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг тэргүүн ээлжинд зээлд тооцохоор байхад хүүнд тооцсон нь мөн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5,000,000 төгрөгийг, мөн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 60,700,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг тус тус зээлд тооцно. Харин үлдэх 5,700,000 төгрөг, мөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 400,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 537,000 төгрөг, нийт 12,637,000 төгрөгийг тус тус хүүнд тооцно.

  

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээл 5,000,000 төгрөг төлөгдөх хүртэл 7 хоногийн хугацаанд хүү 483,287.67 төгрөг (60,000,000*42%/365*7), үүнээс хойш 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлийн үлдэгдэл 55,000,000 төгрөг төлөгдөх хүртэл 145  хоногийн хугацаанд хүү 9,176,712.33  төгрөг (55,000,000*42%/365*145) тус тус бодогдох ба өмнөх үлдэгдэл 22,739,315.08 төгрөгийг нэмж тооцоход нийт төлбөл зохих хүү 32,399,315.08 төгрөг болж байна.

 

Үүнээс дээрх 12,637,000 төгрөгийг хасч тооцоход зээлдэгчийн төлөөгүй нийт хүү 19,762,315.08 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь нэг хоногийн хүүг тооцохдоо жилийн хүүг 360 хоногт хуваасан байх ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэж заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын мэдээллийн журам дахь жилийн хүүг 365 хоногт хувааж ашигласан хоногоор тооцох зохицуулалтад нийцээгүй байна.

  

Дээр дурдсан тооцоог нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 19,762,315.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

6.Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Б.Бтай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19/020004 тоот барьцааны гэрээг бичгээр байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх дугаар гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууц, дээрх хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан байна (хэргийн 10, 15, 16-19 дэх тал)

 

Хариуцагч Б.Бгаас шүүхэд гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02477 дугаар шийдвэрээр дээрх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэсэн байх ба талууд энэ талаар шүүхэд маргаагүй (хэргийн 42-45 дахь тал).

 

7.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн хүүнд 19,762,315.08 төгрөг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх дугаар гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууц, дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй.

  

8.Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 439,578.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 326,962 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

9.Шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх ямар нэгэн баримт, хүсэлт ирүүлээгүй ба нэхэмжлэгч болон бусад хариуцагч нь хариуцагч Б.Б-ы эзгүйд шүүх хуралдааныг явуулах санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Э.Э, Б.Б нараас 19,762,315.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И и ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,523,326.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж 799 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх  дугаар гудамж тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,578.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Э.Э, Б.Б нараас 326,962 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И и ББСБ ХХК-д олгосугай.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА