Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00938

 

 

 

 

 

 

 

 

 

И.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01279 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б , Э:Э , Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , Я.Б , хариуцагч Б.Б , түүний өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагч Э:Э , Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: И.И ББСБ ХХК нь Э:Э , Б.Б, Б.Б нартай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 19/020004 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар баталгаа болгож, мөн өдөр 19/020004 тоот барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Э:Э , Б.Б нарын дундын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байр 143 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, 29 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Б.Б гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж 799 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү********** дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар зээлдэгч Э:Э , Б.Б нарын хүсэлт, зөвшөөрлийн үндсэн дээр барьцаа болох тэдний өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж зээлээс 29,650,000 төгрөг, хүүнд 42,987,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,500,000 төгрөг, нийт 75,137,000 төгрөг төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээл 30,350,000 төгрөг, зээлийн хүү 11,935,642 төгрөг, нийт 42,285,642 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Б , Э:Э , Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Б гийн өмчлөлийн 150 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Б гийн хариу тайлбарын агуулга: Миний бие 2018-2019 онд Нано лик ойл ХХК-д менежерээр ажилладаг байсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Сурмаагийн өөрсдөө мөнгөө төлнө, үл хөдлөх эд хөрөнгөө л барьцаалуулчих гэсэн хүсэлтийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хувьцаа эзэмшигч Э.Эрдэнэбулгын хамт зээлийн гэрээ, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний барьцаанд Э.Эрдэнэбулгын өмчлөлийн 29 м.кв талбайтай орон сууцыг 40,000,000 төгрөгөөр үнэлж, Б.Б гийн өмчлөлийн, 571 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, 159 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус 10,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. Зээлийн мөнгөн хөрөнгө болох 60,000,000 төгрөгийг Э.Эрдэнэбулгын дансанд шилжүүлсэн, Б.Б огт мөнгө аваагүй. Мөн зээлийн эргэн төлөлтийг Нано лик ойл ХХК-аас төлдөг байсан.

Б.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд И.И ББСБ ХХК-д холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/020004 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, мөн өдрийн 19/020004 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох дээр дурдсан газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02477 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэхүү шийдвэрт зээлдэгч нар 21,694,315.08 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй үлдсэн, барьцааны үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага 21,695,315.08 төгрөг байх ёстой бөгөөд үүнийг Э:Э , Б.Б болон Нано лик ойл ХХК нар төлөх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.Эрдэнэбулгын хариу тайлбарын агуулга: И.И ББСБ ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээл авсан ч барьцаанд байсан 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа худалдан борлуулж, өөрийн барьцааны хэмжээний зээл болох 40,000,000 төгрөгийг хүүгийн хамт нийт 50,700,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр И.И ББСБ ХХК-д өгч өргүй болсон. И.И ББСБ ХХК-аас зээлдэгч Б.Б, Э:Э нарт хамаарах зээлийн өр төлбөрийг барагдуулсан тул зээлийн үүрэг хүлээхгүй тухай 20/88 тоот мэдэгдэх албан бичгийг гаргасан. Уг албан бичигт Б.Б үлдэгдэл зээлийн төлбөрийг хариуцаж барагдуулна гэж заасан. Мөн зээлдэгч Б.Б нь И.И ББСБ ХХК-д гаргаж өгсөн бичигтээ үлдэгдэл төлбөрийг өөрөө хариуцна гэж дурдсан.

Иймд Э:Э , Б.Б нар нэхэмжилж буй зээлийн үлдэгдлийг хариуцахгүй. Нэхэмжлэгчээс зээлсэн 60,000,000 төгрөгийг Нано лик ойл ХХК-ийн захирал Б.Сурмаагийн зээлийн өрөнд зарцуулагдсан, Э:Э , Б.Б нар хувьдаа ашиглаагүй. Б.Сурмаа нь хариуцагч Б.Б гийн үеэл эгч бөгөөд тухайн зээл хөөцөлдөж эхлэхэд Б.Б г ятгаж хашаа байшинг нь барьцаанд тавиулсан байдаг. Б.Сурмаагийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн миний бие орон сууцаа алдаад одоо байр түрээслэн амьдарч байна. Зээлтэй байх хугацаанд И.И ББСБ ХХК-д сар бүр төлөх ёстой хүүг тодорхой хэмжээнд төлж ирсэн.

Иймд Б.Б, Э:Э нар одоо нэмж төлбөр төлөх үүрэггүй, зээлийн хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

4. Хариуцагч Б.Бы хариу тайлбарын агуулга: Э.Эрдэнэбулгын хариу тайлбарыг дэмжиж байна. И.И ББСБ ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан учир одоо нэмж төлбөр төлөх үүрэггүй, зээлийн хариуцагч биш гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б , Э:Э , Б.Б нараас 19,762,315.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,523,326.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Б гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж 799 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү********** дугаартай, 150 м.кв талбайтай хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамж 799 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаартай, 571 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439,578.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , Э:Э , Б.Б нараас 326,962 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хамтран зээлдэгч нарын харилцан тохиролцсон зээлийн өрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж, түүнийгээ хүлээн зөвшөөрөн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Э.Болормаагийн И.И ББСБ ХХК-д бичгээр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар үнэлээгүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч Б.Б гаас гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй учраас үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нарыг хариуцагчаар тодорхойлсон. Анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хувь тэнцүүлсэн байдлаар шаардаж байгаа эсэхийг тодруулсан. Э:Э давж заалдах журмаар гомдол гаргасан, Б.Б давж заалдах журмаар гомдол гаргаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн талаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дүгнэлт гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлд нэмэгдүүлсэн хүү гэсэн асуудал байхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Э.Эрдэнэбулгын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Э:Э нь Нано линк ойл ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм. Зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулах нь зээлдэгч нарын асуудал юм. Б.Б нь тухайн компанид 1 жил орчим ажилласан хугацааны цалингаа аваагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас хувь тэнцүүлсэн байдлаар гаргуулсан нь үндэслэлтэй гэжээ.

8. Хариуцагч Э.Эрдэнэбулгын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч Б.Б, Э:Э бид И.И ББСБ-тай зөвшилцсөний үндсэн дээр зээлийн төлбөрт өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүүгийн хамт нийт 60,700,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн. Үүгээр бидний зээлийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэдгийг нэхэмжпэгч И.И ББСБ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20/88 тоот мэдэгдлийг Төрийн банк ХХК-д хүргүүлсэн. Мөн хариуцагч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр И.И ББСБ-д хандан үлдэх зээлийн төлбөрийг өөрөө хариуцан төлөх талаар гаргасан баталгаа хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Миний бие нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр И.И ББСБ ХХК-аас олгосон зээлийн мөнгөн хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаарх дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг тооцооны задаргааг хэрхэн зарцуулсан талаарх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бидний зүгээс тухайн хуулийн этгээдийн өмнөөс өрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбарын агуулга: Б.Б, Э:Э нар нь хариуцагч биш гэж маргаж байна. Талуудын сайн дурын үндсэн дээр, хуульд заасан шаардлагын дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч талын дотооддоо мөрдөгддөг дүрэм, журмын дагуу зээл олгосон. Компанийн үйл ажиллагаанд зарцуулахаар зээл авсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зээлдэгч нарт та нар өөрсдийнхөө хөрөнгийг барьцаалан зээлийн харилцаанд оролцож байгаа гэдгийг тайлбарлан сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулж, зээл олгосон. Зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаар нэхэмжлэгч талаас хяналт тавиагүй. Б.Б гаас зээлийн төлбөрийг төлөхийг шаардахаар Э:Э , Б.Б нараас ав гэж, Э:Э , Б.Б нараас шаардахаар Б.Б гаас ав гэсэн хариу өгдөг. Э:Э , Б.Б нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийг тэдгээрийн хүсэл зоригийг үндэслэн, зөвшөөрлийг нь үндэслэн худалдан борлуулж, хэсэгчлэн байдлаар барьцааг нь чөлөөлөн зээлийн төлөлт хийгдсэн. Гурван зээлдэгчид тус тусад нь олгосон зээл бус 1 зээл учраас 3 зээлдэгчийг хариуцагчаар татсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг Нано линк ойл ХХК-д өгсөн гэж байгаа бол тухайн компанитай холбогдуулан нэхэмжлэл гаргаад асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Хэн нэгнийг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй. Зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл 3 зээлдэгч нар нь хариуцлагаа хүлээх ёстой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

2. Нэхэмжлэгч И.И ББСБ ХХК нь хариуцагч Б.Б , Э:Э , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,285,642 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна. /хх 1-3 /

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19/020004 дугаартай зээлийн гэрээ, Улаанбаатар хотын банк /хуучин нэрээр/, ХААН банкны мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн И.И ББСБ ХХК, Б.Б , Э:Э , Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд зээлдэгч нар дээрх гэрээнд гарын үсэг зурсан эсэхэд маргаагүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглаагүй, үлдэгдэл төлбөрийг Э:Э , Б.Б, Нано лик ойл ХХК төлөх ёстой гэж, хариуцагч Э:Э , Б.Б нарын хувьд барьцаа хөрөнгөө худалдаж ногдох зээлийн үүргийг гүйцэтгэсэн, үлдэгдэл төлбөрийг Б.Б төлөх талаар нэхэмжлэгч талд бичиж өгсөн учир бид хариуцагч биш гэж тус тус тайлбарлан, маргажээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. /хх-6-9/

Зээлийн гэрээний 2.1.5-д заасны дагуу зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг зээлдэгч Э.Эрдэнэбулгын Хаан банкин дахь 5077216120 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

Зээлдэгч нар хуваарийн дагуу гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлдэгч Э:Э , Б.Б нарын хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар байрны 143 тоот 29 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, зээлийн үүрэгт нийт 75,137,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Хэргийн 89 дэх талд авагдсан 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн И.И ББСБ ХХК-д зээлийн үлдэгдэл төлбөр 30,350,000 төгрөг төлөх тухай Б.Б гийн хүсэлт нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлохгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэхийг шаардаж буй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үүргийг гаргуулахаар шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан зохицуулалтыг зөв хэрэглэн үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Иймээс хариуцагч Э.Эрдэнэбулгын гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг шүүх буруу хэрэглэсэн гэж давж заалдах гомдлын 1 үндэслэлээ тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээл төлөлтийн дансны хуулгыг үндэслэн хариуцагч нарын зээлийн үүргийг тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй. Талууд зээлийн гэрээний 3.3.2 дахь заалтаар үүрэг гүйцэтгэх дарааллыг харилцан тохиролцож тогтоосон нь зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн гүйцэтгэсэн үүргийг тооцоход хамаарна. Шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн гүйцэтгэсэн үүргээс эхлээд үндсэн зээл, дараа нь хүүг суутган тооцсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч нарын зээлийн төлөлтийн дансны хуулгыг нэхэмжлэгч тал шүүхэд гарган өгсөн байна. Анхан шатны шүүх дээрх баримтуудыг харьцуулан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 19,762,315 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Иймээс шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

6.Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх хэргийн 16-18 дахь талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн талуудын хооронд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна. Улмаар хариуцагч нар зээлийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Б гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заасанд нийцсэн, энэ шийдвэрт зохигчид гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Итгэл инвест ББСБ ХХК, хариуцагч Э:Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/01279 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч Э:Э нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 270,567 төгрөгийг, хариуцагч Э.Эрдэнэбулгын төлсөн 256,762 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД