Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/01851

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б дүүрэг, .. дугаар хороо, У плаза .. тоотод байрлах, М ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, .. дугаар хороо, .. хороолол, .... гудамж .. байрны ... тоотод байрлах Н ХХК /РД:........./-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 21,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын хуулийн этгээд болох М ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Н ХХК-тай харилцан тохиролцож, МТХ/00-00 тоот Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан, KY000 маркийн Ө, LGCY 00/00маркийн Кыг хамтад нь нийт 45,000,000 төгрөгөөр худалдсан. Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Ө, Кыг хамтад нь Худалдан авагч талд шилжүүлэн өгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Харин худалдан авагч тал гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан хугацаанд төлөлт хийх байсан боловч тохирсон хугацаандаа төлөлтөө хийгээгүй бөгөөд дор дурдсан дүн, хугацаанд төлөлт хийсэн. Үүнд, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,556,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 14,004,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 3 удаагийн үйлдлээр 30,560,000 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл 14,440,000 төгрөгийг төлөөгүй байна. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр МТХ/00-00 тоот Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т худалдан авагч нь үнийг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагчид төлнө гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,440,000 төгрөгийн 50 хувь болох алданги 7,220,000 төгрөгийн тооцоолол гарч байна. Иймд хариуцагч Н ХХК-аас хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 14,440,000 төгрөг, алданги 7,220,000 төгрөг, нийт 21,660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл манай компани үйл ажиллагаа явуулаагүй. Одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа учраас үйл ажиллагааныхаа орлогоор төлбөр мөнгийг нь төлөх боломжтой. 2019 онд гэрээ байгуулагдсан. Ажил үйлчилгээ явуулах зорилгоор гэрээ байгуулж, цар тахлын улмаас хөл хорио тогтоон, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болж, төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс нэхэмжлэгч тал алдангиа багасвал үндсэн төлбөр дээр нь хугацаа тогтоон эвлэрэх боломжтой. Алданги 7,220,000 төгрөгийг 50 хувиар багасгаж өгнө үү. Бид 6 сарын дотор төлөх боломжтой гэжээ.

3. Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, итгэмжлэл /хх-7/, хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-8-9/, хөрөнгө хүлээлцэх акт /хх-10/, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-12/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-13/, нэхэмжлэгчийн тайлбар /хх-27/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

4. Хариуцагч байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-15,20/, итгэмжлэл /хх-19/, хариу тайлбар /хх-24/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-25,26/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 44,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 22,500,000 төгрөгөөр багасгаж, 21,660,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Н ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр МТХ/00-00 тоот Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, KY000 маркийн Ө, LGCY 00/00маркийн Кыг хамтад нь нийт 45,000,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч нь гэрээний үнээс 30,560,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл төлбөр болох 14,440,000 төгрөгийг, алданги 7,500,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ: ...Худалдах, худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр болох 14,440,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ковид-19 цар тахлын үед худалдан авсан тоног төхөӨжөө ашиглан үйл ажиллагаа явуулж, ашиг олж чадаагүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн баримт болох талуудын хооронд байгуулагдсан МТХ/00-00 тоот Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон хөрөнгө хүлээлцсэн акт, хариуцагч компанийн захирал Б.Аын 0000000000 дугаартай дансны хуулга болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх ба уг үйл баримтын талаар зохигч маргаагүй. Үүнд:

 

4.1 Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр МТХ/00-00 тоот Хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс KY000 маркийн Ө, LGCY 00/00маркийн Кыг хамтад нь нийт 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

 

4.2 Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс KY000 маркийн Ө, LGCY 00/00маркийн К-ыг хүлээн авч, түүний үнээс 30,560,000 төгрөгийг төгрөгийг төлж, 14,440,000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

5. Зохигч дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан байдлаар тогтоогдоогүй бөгөөд гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 14,440,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 2.1-д зааснаар хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан өдөр 15,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээснээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 3 удаагийн үйлдлээр 30,560,000 төгрөгийг төлсөн байна.

 

Гэрээний 2.3-д Худалдан авагч нь үнийг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 7,500,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлж дуусгах үүрэгтэй байсан боловч 14,440,000 төгрөгийг төлөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 928 хоногийн алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт үнэ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 14,440,000 төгрөгт 7,220,000 төгрөгийг алданги нэхэмжилсэн нь дээрх хуульд нийцэж байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Н ХХК-аас 21,660,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас 21,660,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 378,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                               Х.ЭНХЗАЯА