Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01471

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01471

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/01851 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Э ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 21,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Э ХХК-тай харилцан тохиролцож, МТХ/19-12 дугаартай Хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г байгуулан, КҮ125 маркийн өрөм, LGCY 15/13 маркийн компрессорыг хамтад нь нийт 45,000,000 төгрөгөөр худалдсан.

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс өрөм, компрессорыг хамтад нь худалдан авагч талд шилжүүлсан. Харин хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг төлөх байсан боловч төлөлөөгүй. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1,556,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 14,004,000 төгрөг тус тус төлсөн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл 14,440,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.2. Түүнчлэн, гэрээний 2.3-т худалдан авагч нь үнийг хуваарийн дагуу төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож худалдагчид төлнө гэж заасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 14,440,000 төгрөгийн 50 хувь болох алданги 7,220,000 төгрөг, нийт 21,660,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа учраас үйл ажиллагааныхаа орлогоор төлбөр мөнгийг нь төлөх боломжтой. 2019 онд гэрээ байгуулагдсан эсэхэд маргахгүй. Ажил үйлчилгээ явуулах зорилгоор гэрээ байгуулж, цар тахлын улмаас хөл хорио тогтоон, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болж, төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэгч тал алдангиа багасгавал үндсэн төлбөрийг 6 сарын дотор төлөх боломжтой. Алданги 7,220,000 төгрөгийг 50 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 21,660,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 378,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 14,440,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, хариуцагч нь гэрээний үүргээ санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас зөрчөөгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ зөрчихөд хүрсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 7,220,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Талууд гэрээний төлбөр болох 45,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Хөл хорио буюу ковид-19 цар тахлын улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүйгээ хариуцагч нотолж чадаагүй. Ковид-19 цар тахал нь 2020 оноос эхэлж гарсан. Иймд давж заалдах гомдлыг орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14,440,000 төгрөг, алданги 7,220,000 төгрөг нийт 21,660,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 14,440,000 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хөрөнгө худалдах- худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч С ХХК нь КҮ125 маркийн өрөм, LGCY 15/13 маркийн компрессорыг худалдан авагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь гэрээний үүрэгт нийт 45,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч гэрээний үнэ 45,000,000 төгрөгийн 30,560,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй байна. /хх 8-9, 13/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2. Хариуцагч нь гэрээний зүйл болох КҮ125 маркийн өрөм, LGCY 15/13 маркийн компрессорын үнэ нийт 45,000,000 төгрөгөөс 30,560,000 төгрөгийг төлж, үлдэх 14,440,000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14,440,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ. Гэрээний 2.3-т худалдан авагч нь үнийн дүнгийн хувиарын дагуу төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдагчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хэмжээний дотор байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй /хх 9/

4.4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний үүргийн зарим хэсэг болох 30,560,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн нь ковид-19 цар тахалтай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хариуцагч уг тоног төхөөрөмжийг ашиглаагүй нь худалдан авсан зүйлийн үнийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж болно. Хариуцагч нь гэрээний үүргийн дийлэнх хэсгийг буюу 45,000,000 төгрөгөөс 30,560,000 төгрөгийг төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс хуулиар тогтоосон алдангийн дээд хэмжээ болох 7,220,000 төгрөгийг тал хувиар багасган 3,610,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулав.

6. Анхан шатны шүүх алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн холбогдох хэсгийг баримтлаагүйг зөвтгөнө.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/01851 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 18,050,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 7.1.2, гэснийг хасч, хураамжид 378,750 гэснийг хураамжид 248,200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 130,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН