Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 586

 

 

Ш.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00453 дугаар шийдвэртэй, Ш.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А-О” ХХК-д холбогдох, 10 322 019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 6 610 489 төгрөг нэхэмжлэгч Ш.Г-гоос гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Г-, түүний өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “А-О” ХХК-тай 2018 оны 7  дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж-52/1-д байрлах “Амури” зочид буудлын В1 давхрын нийт 800 м.кв талбай бүхий байрыг караоке, баарны зориулалтаар 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон.

Тухайн байрны 400 м.кв нь караоке, баарны зориулалтаар ажиллаж байсан 6 өрөөтэй бөгөөд зурагтгүй байсан. Үлдсэн 400 м.кв талбайг нь ашиглаж байгаагүй учраас бохир, хулганатай хөгцөрсөн, төмөр болон моднууд бэхлэгдсэн байр байсан тул цэвэрлэн ариутган чөлөөлж, шинээр өөрийн зардлаар засахаар гэрээгээр харилцан тохирсны дагуу 2 000 000 төгрөгийн зардал гаргаж, ороход бэлэн болгосон. Караоке, бааранд Самсунг 49 инчийн зурагт 1 ширхэг, “БСБ” зурагт 5 ширхэгийг урьдчилгаа 1 000 000 төгрөг төлж, нийт 5 990 000 төгрөгөөр “БСБ финанс ББСБ” ХХК-иас зээлээр худалдан авч суурилуулсан. Хөргөгч 699 900 төгрөгөөр худалдан авч, явган хананы 240*80 хэмжээтэй 66 ширхэг хавтан нэг бүрийг 32 000 төгрөгөөр нийт 1 980 000 төгрөгөөр авч тохижуулсан.

Мөн дуу чимээ 100 хувь багасгах акустик хавтанг караокений шинээр засч буй байрны хананд тааруулж 8 дугаар сарын 20-нд захиалга өгч, урьдчилгаанд 15 000 000 төгрөг төлж, 9 дүгээр сарын 06-нд авах байсан. Түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төл гэсний дагуу 9 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн төлбөр төлөх гэтэл гэрээ цуцалж байна, цаашид түрээслэхгүй гээд цоожлоод түлхүүрээ аваад явсан. Гэрээ цуцлагдсан тул акустик хавтан захиалсан захиалгаа буцаая гэхэд буцаахгүй гэхэд нь учир байдлаа тайлбарлаж урьдчилгаа төлбөрийн 20 хувь болох 3 000 000 төгрөгийг суутгуулан, 12 000 000 төгрөг буцаан авсан. Үүнээс болж 3 000 000 төгрөгөөр хохирсон.

Түрээсийн гэрээ байгуулсны дараа караокений үйл ажиллагааг санхүүжүүлэхээр “Төрийн банк” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд 1 сарын хүүд 491 835 төгрөг төлсөн. Иймд “А-О” ХХК надад ямар ч мэдэгдсэн зүйлгүй, үндэслэлгүйгээр түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул телевизорын 5 990 000 төгрөг, хөргөгчний үнэ 699 000 төгрөг, цэвэрлэгээ, чөлөөлөлтийн зардал 2 000 000 төгрөг, явган хананы хавтангийн үнэ 1 980 000 төгрөг, чимээ багасгах акустик хавтангийн захиалга цуцалсны 3 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийн зээлийн нэг сарын хүү 491 835 төгрөг, нийт 14 160 835 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төрийн банк”-аас авсан зээлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05 хүртэл хугацааны хүү 1 233 650 төгрөг, “БСБ” дэлгүүрээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1/0928 дугаар барьцаат зээлийн гэрээгээр 6 ширхэг зурагт худалдан авсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хүү 618 210 төгрөг, баар ажиллуулахад зориулж 5 170 000 төгрөгт архи, шар айраг, ус ундаа гэх мэт бараа аваад хэрэглэж чадалгүй, цоожлуулсан. Мөн  дарсны хундага, нэг бүрийн үнэ 1 200 төгрөг, 550 ширхэг шилэн эдлэл 661 200 төгрөг, нийт 7 686 060 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 21 846 895 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч зурагт, хөргөгч, архи, шар айраг, ундаа зэргийг хариуцагч талаас авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 11 524 876 төгрөгөөр багасгаад, нийт 10 322 019 төгрөг болох юм. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах караоке ажиллуулах зорилгоор цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийлгэсний ажлын хөлс 2 000 000 төгрөг, 1 ширхэг зурагтны үнэ 998 333 төгрөг, акустик хавтан буцаасны төлбөрт суутгуулсан 3 000 000 төгрөг, явган хананы хавтангийн үнэ 1 980 000 төгрөг, банкны зээл 20 000 000 төгрөгийн хүүд төлсөн 1 725 840 төгрөг, зээлээр зурагт авсны хүү 618 206 төгрөг, нийт 10 322 019 төгрөгийг хариуцагч “А-О” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-О” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ш.Г-той Баянгол дүүрэгт  “Амури” зочид буудлын В1 давхрын хэвийн ажиллаж байсан караоке, баарыг үргэлжлүүлэн зориулалтын дагуу сарын 3 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч гэрээнд зааснаар эхний сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг төлж, түүнээс хойш төлөлгүй 9 дүгээр сарын 01 хүргэсэн. Ш.Г-гоос түрээсийн төлбөр нэхэж утсаар холбогдоход утсаа авдаггүй, караоке ажиллуулж байгаа хүмүүст захиралдаа хэлээч гэж дамжуулж хэлүүлдэг байсан. Ш.Г-д хүргүүлсэн албан бичгийг гардуулж өгөх боломжгүй байсан учраас шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж, түрээсийн гэрээ цуцалсан.

Түрээсийн гэрээ цуцалсан ч Ш.Г- 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байр чөлөөлж өгөөгүй, бараа бүтээгдэхүүнээ аваагүй учраас гэрч нар байлцуулж, бичлэг хийж өөр өрөөнд хураасан. Нэхэмжлэгч гэнэт хөөж гарган хамаг юмыг цоожилж, хохирол учруулсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Г-гийн буруутай ажиллагаанаас түрээсийн гэрээ цуцлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагын зурагтны үнэ 998 333 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Амури зочид буудлын 800 м.кв талбайтай караоке баарны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээ цуцалсны хохиролд 6 689 900 төгрөг нэхэмжилж байна.

Ш.Г-г “Ремакс стандарт” гэх зуучлалын компаниас “А-О” ХХК-д санал болгосон. “Ремакс стандарт ХХК”-иас Ш.Г- бусдад өр төлбөргүй, эдийн засгийн боломжтой, өмнө караоке ажиллуулж байсан туршлагатай гэж танилцуулсан. Гэтэл гэрээ байгуулахдаа эдийн засгийн боломжгүй байдлаа түрээслэгчид хэлэхгүй төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулсан нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Түрээсийн гэрээний 3.2-д түрээслэгч түрээсийн байрны ашиглалтын төлбөр, түрээсийн байрны төлбөрт сарын 3 000 000 төгрөг төлөхөөр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний 3.2, 3.5-д заасныг түрээслэгч зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулж байхдаа иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, хаах ёстой цагтаа караокег хаахгүй байсан зэргээс гэрээ цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Ш.Г-гоос 6 хоногийн түрээсийн төлбөрт 580 645 төгрөг, алданги 90 000 төгрөг, ашиглалтын төлбөр 939 489 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны олох байсан орлого 3 000 000 төгрөг, тоног төхөөрөмжийн ашиглалтын төлбөр 2 000 000 төгрөг, нийт 6 610 489 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн удаа дараа надтай холбогдох гэж оролдсон гэдэг худал. Цаг хэтрүүлж ажилласнаас асуудал үүсгэн ажилладаг байсан бол үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл цуцлагддаг. “А-О” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, нэхэмжлэгчээс болж хохирсон үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн 6 хоногийн төлбөр, алданги 90 000 төгрөг, ус, дулааны төлбөр 939 849 төгрөг, нийт 1 610 489 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А-О” ХХК-иас 1 616 539 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 8 705 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 1 610 489 төгрөгийг гаргуулж хариуцагч “А-О” ХХК-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 690 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 120 717.82 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “А-О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 40 718 төгрөгийг гаргуулж хариуцагч “А-О” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 8 705 480 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний зүйл болох 400 м.кв талбайг цэвэрлүүлж, засвар үйлчилгээний хөлсөд Э.Баатархүүд 2 000 000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэгч Ш.Г- биш “Төгс зүтгэл” ХХК төлсөн баримт байх тул уг компанийг нэхэмжлэгч үүсгэн байгуулсан гэдгээ нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Өөрийн биеэр бэлнээр өгсөн мөнгөө “Төгс зүтгэл” ХХК гэсэн баримтаар гарын үсэг зуруулсан атал 2 000 000 төгрөг өгсөн баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлээс хассаныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч Э.Баатархүү надаас цэвэрлэгээ, ариутгалын зардалд дээрх мөнгийг аваагүй гэж үгүйсгээгүй болно.

Мөн миний бие 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч компанитай 3 жилийн гэрээ байгуулж, караоке, баар ажиллуулахдаа зориулж “Төрийн банк” ХХК-иас 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөг зээлж хариуцагч компани гэрээний үүргээ зөрчсөнөөс болж үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас хохирол учирч банкны хүүд 1 725 480 төгрөг төлсөн. Шүүх уг зээлийг караоке, баарны үйл ажиллагаанд зарцуулсан талаарх баримтгүй гэж хассан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн баар тохижуулах болон үйл ажиллагаанд ашиглах зорилгоор акустик хавтан 15 000 000 төгрөгөөр захиалан авч, шилэн эдлэлийн үнэд 661 200 төгрөг төлсөн. Архи, шар айраг, ундааны үнэ 5 170 000 төгрөг төлсөн баримтууд хэрэгт авагдсан байхад банкны зээлийг юунд зарцуулсан нь баримтгүй гэж нэхэмжлэлээс хассаныг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 725 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийг нотлох баримтгүй гэж хассаныг хүлээн зөвшөөрнө. Анхан шатны шүүх хуралдааны дараа хариуцагчаас 1 980 000 төгрөгийн бараа, материал буцаан хүлээн авсан болохыг дурдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ш.Г- нь хариуцагч “А-О” ХХК-д холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохирол 10 322 019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 6 610 489 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Г-гоос гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “А-О” ХХК-ийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амури” зочид буудлын В1 давхрын 800 м.кв талбай бүхий байрыг караоке, баар үйлчилгээний зориулалтаар, эхний 2 сар буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 26 хүртэл сарын 3 000 000 төгрөг, мөн өдрөөс эхлэн сарын 8 000 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг өмнөх сар бүрийн 25-ны өдрийн дотор бэлнээр буюу дансаар урьдчилан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээсийн талбайн ашиглалтын төлбөрийг төлөх нөхцөлийг харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан байна. /1хх4-5/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч буюу түрээслүүлэгчийг хугацаанаас өмнө гэрээг цуцалснаас учирсан хохирол шаардаж, хариуцагчийн хувьд нэхэмжлэгч буюу түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан зэрэг нь  маргааны зүйл болжээ. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор тухайн байранд цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийлгэсний ажлын хөлсөд иргэн Э.Баатархүүд 2 000 000 төгрөг төлсөн, 1 ширхэг зурагтны үнэ 998 333 төгрөг, дуу чимээ тусгаарлах зориулалттай хавтан захиалж түүнийг буцаасан учир урьдчилж төлсөн төлбөрөөс суутгуулсан 3 000 000 төгрөг, явган хана хийлгэхээр авсан хавтангийн үнэ 1 980 000 төгрөг, “Төрийн банк” ХХК-иас зээлсэн 20 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 1 725 840 төгрөг, 5 ширхэг зурагт зээлээр авсны хүүд төлсөн 618 206 төгрөг, нийт 10 322 019 төгрөг болсон гэж тодорхойлжээ. /1хх6-12,178,183/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зурагтны үнэ 998 333 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин гэрээг цуцалж 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ашигласан хугацааны түрээсийн 6 хоногийн төлбөр 580 645.2 төгрөг, түүний алданги 90 000 төгрөг, ашиглалтын зардал 939 844 төгрөг, олох ётой байсан орлого буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01 хүртэл хугацааны түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг, тоног төхөөрөмж ашигласны төлбөр 2 000 000 төгрөг, нийт 6 610 489 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. /1хх61-63,79,158-164,165/

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу хариуцагч зөвшөөрсөн зурагтны үнэ 998 333 төгрөг, үйл ажиллагаа явуулах зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “БСБ финанс ББСБ” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж худалдан авсан 6 ширхэг зурагт, 1 ширхэг хөргөгчний зээлийн хүүд төлсөн 618 206 төгрөг, нийт 1 616 539 төгрөгийг “А-О” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэнд зохигчид гомдол гаргаагүй.

 

Харин “акустик” хавтан захиалсан захиалгыг буцаахад суутгуулсан гэх 3 000 000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 400 м.кв талбайг цэвэрлүүлж, засвар үйлчилгээ хийлгэсний ажлын хөлсөд 2 000 000 төгрөгийн “Төгс зүтгэл” ХХК-ийн баримт байх бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагч гэдгээ баримтаар нотлоогүй, шүүхээс хийсэн үзлэгээр 50 ширхэг хавтан байсан боловч үнийн дүн 1 980 000 төгрөг болохыг нотлох баримтгүй, “Төрийн банк” ХХК-иас 20 000 000 төгрөгийг караоке, баарны үйл ажиллагаанд ашиглах зорилготой байсан гэх боловч гэрээ цуцлагдсан тул зээлийн хүүд төлсөн 1 725 480 төгрөгийг түрээсийн гэрээний үйл ажиллагаанд зарцуулсан, зарцуулах байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнээд 8 705 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн түрээсийн 6 хоногийн төлбөр 580 645.2 төгрөг, түүний алданги 90 000 төгрөг, ашиглалтын зардал 939 844 төгрөг, нийт 1 610 489 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Г-гоос гаргуулж, үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2хх24,1хх10-11/

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...шүүх Э.Баатархүүгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөд төлсөн 2 000 000 төгрөг, “Төрийн банк” ХХК-иас зээлсэн 20 000 000 төгрөгийн хүүд төлсөн 1 725 480 төгрөг, нийт 3 725 480 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан ажлын хөлс 2 000 000 төгрөгт хамаарах шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор Э.Баатархүүг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг, шүүх хүлээн авч хангаснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан байна. /1хх188-190,2хх16,20-21/ Уг гэрч нь тухайн байр ямар байдалтай байсан, түүнд ямар үйлчилгээ сайжруулалт хийсэн, Ш.Г-гоос ажлын хөлсөд 2 000 000 төгрөг авсан гэж тодорхой мэдүүлжээ. Хэргийн 178 дугаар талд “Кассын зарлагын ордер” гэх баримт авагдсан, энэ нь “Төгс зүтгэл” ХХК-ийн нэр бичигдэж, тухайн байгууллагын тэмдэг дарагдсан байгаа нь гэрч Э.Баатархүүгийн нэхэмжлэгч Ш.Г-гоос мөнгө авсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгчийн хувь хүний нэр дээр бус, компанийн нэр дээр бичигдсэн нь Э.Баатархүүд мөнгө өгч, бодит зардал гаргасан үйл баримтыг няцаахгүй юм.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, гэрчийн өгсөн мэдүүлэг, шүүхээс хийсэн үзлэг зэрэг эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч тал тухайн түрээсийн байрыг цэвэрлэх, засан сайжруулах ажлын хөлсөд нийт 2 000 000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар уг зардлыг хариуцагч буюу хөлслүүлэгчээс шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Харин “Төрийн банк” ХХК-иас зээлсэн 20 000 000 төгрөгийн хүүд төлсөн 1 725 480 төгрөгт хамаарах давж заалдах гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй. Учир нь тухайн банкнаас зээл авсан, уг зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн гэх нөхцөл байдлыг хариуцагч мэдэж, улмаар төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм. Тухайн зээлийн гэрээний хариуцлага нь зөвхөн зээлдэгч талд хамаарах тусдаа гэрээний хариуцлага бөгөөд хариуцагч түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан ажиллагаа дуусч, талуудын хооронд үүссэн маргаан болох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэний буруугаас болж гэрээ цуцлагдсан талаар маргаан байгаагүй.

 

Харин гэрээ цуцлагдсантай холбоотой харилцан бие биенээсээ өглөг, авлага авна гэж маргасан бөгөөд бизнес эрхэлж байгаа этгээд өөрийн авсан зээл, зээлийн хүү төлөх эрсдэлээ тооцоолдог. Иймд түрээсийн гэрээ цуцлагдсанаас болж өөрийн авсан зээл, түүний хүүгийн төлбөр төлсөнд шууд нэг талыг нь буруутгаж, хүүгийн төлбөрийг гаргах үндэслэлгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг буюу эд хөрөнгийн засан сайжруулах цэвэрлэгээ, үйлчилгээнд зориулж, гуравдагч этгээд болох гэрч Э.Баатархүүгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөд төлсөн 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 3 616 539 төгрөгийг хангаж, үлдэх хэсэг буюу 6 705 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан тогтоох хэсгийн 2 дахь заалтад тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/00453 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 705 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.Г-гоос 1 610 489 төгрөгийг гаргуулан хариуцагч “А-О” ХХК-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “....хариуцагч “А-О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д...” гэснийг “...хариуцагч “А-О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 72 815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д...”  гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Г- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА