Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11-р хороо, 33-р байрны 125 тоотод оршин суух, Цагаадай овогт Шинэбаярын Ганцолмон /РД:ХЕ80072868/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж-52/1, Амур зочид буудалд байрлах, Амури-Оргил ХХК /РД:53781250/-д холбогдох,

 

21,846,895 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,610,489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэйиргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ганцолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, гэрч Э.Баатархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Амури-Оргил ХХК-тай 2018 оны 7-р сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж Амури-Оргил ХХК-ийн Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж-52, 1-д байрлах Амур зочид буудлын В1 давхрын нийт 800 м.кв талбай бүхий байрыг караоке, баарны зориулалтаар 2021 оны 7-р сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэн авсан. Түрээслэн авсан байрны 400 м.кв нь караоке баарны зориулалттай өмнө нь ажиллаж байсан 6 өрөөтэй бөгөөд телевизоргүй байсан. 400 м.кв талбай нь өмнө нь ашиглаж байгаагүй бохир, хулганатай хөгцөрсөн, төмөр болон моднууд бэхлэгдсэн байр байсан тул манай тал цэвэрлэн ариутган чөлөөлж, шинээр өөрийн зардлаар засахаар гэрээгээр харилцан тохирсны дагуу миний бие нийт 2,000,000 төгрөгийн зардал гарган ороход бэлэн болгосон. Манай талаас түрээслэн авсан караоке бааранд Samsung-49 телевизор 1 ширхэг, BSB телевизор 5 ширхэгийг урьдчилгаа 1,000,000 төгрөг төлж, нийт 5,990,000 төгрөгөөр BSB финанс ББСБ-гээс зээлээр худалдан авч суурьлуулсан. Хөргөгч 699,900 төгрөгөөр бэлнээр BSB дэлгүүрээс авч тавьсан. Мөн явган хананы 240*80 хэмжээтэй 66 ширхэг хавтанг нэг бүр 32,000 төгрөгөөр нийт 1,980,000 төгрөгөөр авч тохижуулсан байрандаа бэлтгэн тавьсан байсан. Мөн дуу чимээ 100 хувь багасгах зориулалттай акустик хавтан тус караокены шинээр засч буй байрны хананд хэмжээг нь тааруулж 8-р сарын 20-ны өдөр захиалга өгч урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн. 9-р сарын 06-ны өдөр захиалга авах байсан. Түрээслэгч тал түрээсийн төлбөрөө сар бүрийн 01-ний өдөр төлж бай гэсний дагуу 9-р сарын 01-ний өдөр түрээсийн төлбөрөө төлөх гэтэл гэрээгээ цуцалж байна, цаашид чамд түрээслэхгүй гээд цоожлоод түлхүүрээ аваад явсан.

Гэтэл 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ цуцлагдсан тул захиалгаа буцаая гэхэд захиалга буцаахгүй гэсэн боловч миний бие гуйж учир байдлаа хэлсний улмаас урьдчилгаа төлбөрийн 20 хувь болох 3,000,000 төгрөгийг суутган 12,000,000 төгрөгийг буцаан авч би 3,000,000 төгрөгөөр хохирсон. Мөн би уг түрээсийн гэрээ байгуулсныхаа дараа караокений үйл ажиллагааг санхүүжүүлэхээртөрийн банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 1 сарын хүүнд 491,835 төгрөгийг төлсөн.

Иймд Амури-Оргил ХХК нь надад ямар ч мэдэгдсэн зүйлгүй, үндэслэлгүйгээр түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул тус байгууллагаас телевизорын үнэ 5,990,000 төгрөг, хөргөгчний үнэ 699,000 төгрөг, цэвэрлэгээ чөлөөлөлтийн зардал 2,000,000 төгрөг, явган хананы хавтангийн үнэ 1,980,000 төгрөг, дуу чимээ багасгах акустик хавтангийн захиалгаа цуцалж суутгасан 3,000,000 төгрөг, банкны 20,000,000 төгрөгийн нэг сарын хүү 491,835 төгрөг нийт 14,160,835 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжилсэн байснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, төрийн банкнаас авсан зээлний 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох хугацааны хүүнд 1,233,650 төгрөг, BSB дэлгүүрээс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1/0928 дугаар барьцаат зээлийн гэрээгээр 6 ширхэг зурагт худалдан авсны 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хүү 618,210 төгрөг, караоке баар ажиллуулахад зориулж 5,170,000 төгрөгөнд архи, пиво, ус ундаа гэх мэт бараа аваад хэрэглэж чадалгүй, тэндээ цоожлуулсан. Мөн баар, караоке ажиллуулахад зориулж виноны хундага, нэг бүрийн үнэ 1,200 төгрөг, 550 ширхэг шилэн эдлэл 661,200 төгрөг, нийт 7,686,060 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 21,846,895 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим эд зүйл болох зурагт, хөргөгч болон архи, пиво, ундаа зэргийг хариуцагч талаас авсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 11,524,876 төгрөгөөр багасгаж, одоо 10,322,019 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад юу юу багтсан бэ гэхээр уг караокег ажиллуулах зорилгоор цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийлгэсний ажлын хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг, 1 ширхэг зурагтны үнэ 998,333 төгрөг, акустик хавтан буцаасны төлбөрт суутгуулсан 3,000,000 төгрөг, явган хана хийлгэх зориулалттайгаар авсан хавтангийн үнэ 1,980,000 төгрөг, Төрийн банкны 20,000,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 1,725,840 төгрөг, зээлээр авсан зурагтны хүүнд төлсөн 618,206 төгрөг, нийт 10,322,019 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Амури-Оргил ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Амури-Оргил ХХК 2018 оны 7 сарын 25-ны өдөр иргэн Ш.Ганцолмонтой Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 22/1 тоотод байрлалтай Амури зочид буудлын В1 давхрын хэвийн ажиллаж байсан караоке баарыг үргэлжлүүлэн зориулалтын дагуу сарын 3,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч гэрээнд зааснаар эхний сарын түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг төлж, түүнээс хойш түрээсийн төлбөр төлөлгүй 9 сарын 01-ний өдөр хүргэсэн. Ш.Ганцолмонгоос түрээсийн төлбөр нэхэж утсаар холбогдоход утсаа авдаггүй, караоке ажиллуулж байгаа хүмүүст захиралдаа хэлээч гэж дамжуулж хэлүүлдэг байсан. Ш.Ганцолмонд хүргүүлсэн албан бичгийг гардуулж өгөх боломжгүй байсан учраас шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2018 оны 9 сарын 01-ний өдөр Ш.Ганцолмонд албан ёсоор мэдэгдэж, түрээсийн гэрээ цуцалсан. Түрээсийн гэрээ цуцалсан ч Ш.Ганцолмон 2018 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл байр чөлөөлж өгөөгүй. 2018 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд Ш.Ганцолмон караокегаас бараа бүтээгдэхүүнээ аваагүй учраас гэрч нар байлцуулж, бичлэг хийж өөр өрөөнд хураасан. Ш.Ганцолмон гэнэт намайг хөөж гарган хамаг юмыг минь цоожилж, хохирол учруулсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Ганцолмонгийн буруутай үйл ажиллагаанаас түрээсийн гэрээ цуцлагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагаас зурагтны үнэ болох 998,333 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Амури-Оргил ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2018 оны 7 сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 22/1 байранд байрлах Амури зочид буудлын 800 м.кв талбайтай караоке баарны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээ цуцалсны хохиролд 6,689,900 төгрөг нэхэмжилж байна. Ш.Ганцолмонг Ремакс стандарт гэх зуучлалын компаниас Амури-Оргил ХХК-д санал болгосон. Ремакс стандарт ХХК-иас Ш.Ганцолмон бусдад өр төлбөргүй, эдийн засгийн боломжтой, өмнө караоке ажиллуулж байсан туршлагатай гэж танилцуулсан. Гэтэл Ш.Ганцолмон түрээсийн гэрээ байгуулахдаа эдийн засгийн боломжгүй байдлаа түрээслэгчид хэлэхгүйгээр төөрөгдөлд оруулж, гэрээ байгуулсан нь түрээсийн гэрээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Түрээсийн гэрээний 3.2-д түрээслэгч ашиглалтын төлбөр төлж, түрээсийн төлбөрт сарын 3,000,000 төгрөг төлөхөөр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 3.2, 3.5-д заасныг түрээслэгч тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй.

Мөн үйл ажиллагаа явуулж байхдаа иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, хаах ёстой цагтаа караоке хаахгүй байсан зэргээс гэрээ цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Ш.Ганцолмонгоос 6 хоногийн түрээсийн төлбөрт 580,645 төгрөг, 6 хоногийн алданги 90,000 төгрөг, ашиглалтын төлбөр 939,489 төгрөг, 2018 оны 9 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олох байсан орлого 3,000,000 төгрөг, тоног төхөөрөмжийн ашиглалтын төлбөр 2,000,000 төгрөг нийт 6,610,489 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын удаа дараа надтай холбогдох гэж оролдсон гэдэг нь худлаа. Хариуцагч тал манайхыг цаг хэтрүүлж ажилласнаас асуудал үүсгэдэг байсан гэлээ. Хэрэв цаг хэтрүүлж асуудал үүсгэж ажилладаг байсан бол тусгай зөвшөөрөл цуцлагддаг. Амури-Оргил ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, манайхаас болж хохирч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зүйл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн 6 хоногийн түрээсийн төлбөр, алданги 90,000 төгрөг, ус, дулааны төлбөр 939,849 төгрөг нийт 1,610,489 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь хариуцагч Амури-Оргил ХХК-д холбогдуулан 21,846,895 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Амури-Оргил ХХК нь нэхэмжлэгч Ш.Ганцолмонд холбогдуулан 6,610,489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь нэхэмжлэлийн шаардлагаа 11,524,876 төгрөгөөр багасгаж, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийлгэсний ажлын хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг, 1 ширхэг зурагтны үнэ 998,333 төгрөг, акустик хавтан буцаасны төлбөрт суутгуулсан 3,000,000 төгрөг, явган хана хийлгэх зориулалттайгаар авсан хавтангийн үнэ 1,980,000 төгрөг, Төрийн банкны 20,000,000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 1,725,840 төгрөг, зээлээр авсан зурагтны хүүнд төлсөн 618,206 төгрөг, нийт 10,322,019 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч тал нь түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсны улмаас учирсан хохирол...гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Амури-Оргил ХХК нь Ш.Ганцолмонгийн нэхэмжлэлийн шаардлагаас зурагтны үнэ болох 998,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 9,323,686 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь түрээсийн гэрээний 3.2, 3.5 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, нэхэмжлэгчээс 6,610,489 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь 6 хоногийн түрээсийн төлбөр, алданги, ашиглалтын зардал нийт 1,610,489 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 5,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талууд 2018 он 07 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, Амури-Оргил ХХК-ийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 52/1-д байрлах Амур зочид буудлын B1 давхрын 800 м.кв талбайг караоке баарны зориулалтаар түрээслэн ашиглахаар гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318.3, 318.4-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг бичгээр байгуулсан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь хариуцагчийн өмчлөлийн 800 м.кв талбайг 3 жилийн хугацаанд сар бүр 3,000,000 төгрөгийн төлбөр төлж, караоке баарны зориулалтаар ашиглахаар тохиролцсон байх ба талуудын энэхүү тохиролцоо болон гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээр дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээний зүйл болох 800 м.кв талбай нь Амури-Оргил ХХК-ийн өмчлөлийн зүйл мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй боловч уг талбайг хариуцагчийн өмчлөлийн зүйл гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх ба уг гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй.

 

Хариуцагч Амури Оргил ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг гэрээг цуцалсан байх ба нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь гэрээний 3.2-т заасан 800 м.кв талбайд ногдох ус, цахилгаан, дулааны төлбөрийн төлөх, мөн гэрээний 3.5-д заасны дагуу түрээсийн төлбөрийг сарын 25-ны өдөр төлнө гэснийг зөрчиж, 6 хоног хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачлагаар талууд гэрээг цуцалж болохоор заасан байх боловч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт үүргээ ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь хэдийгээр гэрээний 3.5 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийн 8 дугаар сарын 25-ны дотор төлөх ёстой байсан ч төлөлгүйгээр 6 хоног хэтрүүлсэн байх боловч хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхийг шаардаагүй, гэрээг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцлахаа урьдчилж мэдэгдээгүй, гэрээний 7.4 дэх хэсэгт зааснаар тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй байх ба 3 жилийн хугацаатай гэрээний 1 сарын төлбөрийг 6 хоног хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийг гэрээний 3.5 дахь хэсэгт заасан үүргээ ялимгүй зөрсөн гэх үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 225.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ ялимгүй зөрчсөний улмаас нөгөө тал гэрээг цуцлах эрхгүй байх тул хариуцагч Амури Оргил ХХК нь нэхэмжлэгч Ш.Ганцолмонтой байгуулсан гэрээг цуцалсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн гэрээг цуцлагдсан явдалд нэхэмжлэгч Ш.Ганцолмон буруугүй байна гэж үзлээ

 

Иргэний хуулийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.2-т нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэжээ.

 

Иймээс нэхэмжлэгч нь уг гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Ш.Ганцолмонгийн хариуцагч Амури-Оргил ХХК-аас гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зурагтны үнэ болох 998,333 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Нэхэмжлэгч нь түрээслэн авсан караокед ашиглах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр БCБ финанс ББСБ ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 ширхэг зурагт, 1 ширхэг хөргөгчийг зээлээр худалдан авч, түүний хүүнд нийт 618,206 төгрөгийг төлсөн болох нь тус байгууллагатай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, баталгаат үйлчилгээний карт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин түрээсийн гэрээний зүйл болох 800 м.кв талбайн 400 м.кв-ыг цэвэрлүүлж, засвар үйлчилгээ хийлгэсний ажлын хөлсөнд н.Баатархүү гэх хүнд 2,000,000 төгрөг өгсөн гэх баримт байх боловч уг 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Ганцолмонгоос биш Төгс зүтгэл ХХК-иас н.Баатархүүд өгсөн байна. Нэхэмжлэгч нь уг баримт дээр дурдагдсан Төгс зүтгэл ХХК нь миний үүсгэн байгуулсан компани гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбарыг нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна /хх-178 тал/.

 

Мөн түрээсэлсэн караоке бааранд ашиглахаар 15,000,000 төгрөгөөр акустик хавтан захиалсан боловч гэрээ цуцлагдсантай холбоотойгоор уг захиалгыг буцаахад 3,000,000 төгрөгийг суутгуулан 12,000,000 төгрөгийг буцаан авсан тул суутгуулсан 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээ цуцлагдсаны улмаас энэхүү 3,000,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь явган хана хийлгэх зорилгоор 1,980,000 төгрөгийн хавтанг авч тавьсан. Тухайн хавтанг түрээсэлсэн караоке бааранд ашиглах зориулалтаар авсан. Түүнийг өөр зүйлд ашиглах боломжгүй тул хавтангийн үнэ 1980,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээслүүлсэн гэх хариуцагч талын 800 м.кв талбайд шүүхийн журмаар үзлэг хийхэд Ш.Ганцолмонгийн гэх 1 боодолдоо 5 ширхэгтэй нийт 10 боодол /нийт 50 ширхэг/ хавтан байсан боловч тус хавтанг 1,980,000 төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь караоке баарны үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор Төрийн банк ХХК-иас 20,000,000 төгрөгийн зээл авсан байсан боловч гэрээ цуцлагдсан тул 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүнд төлсөн 1,725,480 төгрөгийг нэхэмжилсэн.

Ш.Ганцолмон нь Төрийн банк ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 103800503531 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, хэрэглээний зээл зориулалтаар авсан байх ба энэхүү зээлийг уг караоке баарны үйл ажиллагаанд зарцуулсан, зарцуулах байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг зээлийн хүүнд төлсөн гэх 1,725,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ганцолмонгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 ширхэг зурагтны үнэ болон 6 ширхэг зурагтны зээлийн хүүнд төлсөн 1,616,539 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 8,705,480 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны ус, цахилгаан болон хогны төлбөрт 939,844 төгрөгийг, 8 дугаар сарын 25-аас 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх 6 хоногийн түрээсийн төлбөрт 580,645 төгрөг, алдангид 90,000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг, тоног төхөөрөмж ашигласны төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 6,610,489 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Ганцолмон нь гэрээний зүйл болох 800 м.кв талбайг эзэмшиж, ашиглаж байсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тулд нэхэмжлэгч нь энэ хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөр төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь үүнийгээ хүлээн зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны ашиглалтын зардал, түрээсийн төлбөр, алдангид нэхэмжилсэн 1,610,489 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч тал үндэслэлгүйгээр цуцалсан байх тул нэхэмжлэгчээс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 1 сарын түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна.

 

Мөн тоног төхөөрөмж ашигласны төлбөр гэж 2,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч ямар тоног төхөөрөмжийг ашигласан болох, уг ашигласны төлбөр гэх 2,000,000 төгрөгийг хэрхэн тооцоод байгаа нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримтыг хэрэгт өгөөгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,610,489 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Амури Оргил ХХК нь нэхэмжлэгч Ш.Ганцолмонгийн 1 боодолдоо 5 ширхэгтэй нийт 10 боодол /нийт 50 ширхэг/ хавтан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байх ба түүнийг нэхэмжлэгчид өгөхөд татгалзах зүйлгүй гэснийн дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Амури Оргил ХХК-иас 1,616,539 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ганцолмонд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,705,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.Ганцолмонгоос 1,610,489 төгрөгийг гаргуулан хариуцагч Амури Оргил ХХК-д олгож, үлдэх 5,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,690 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,717.82 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Амури Оргил ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40,815 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ганцолмонд, нэхэмжлэгч Ш.Ганцолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид 40,718 төгрөгийг гаргуулан хариуцагч Амури Оргил ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА