Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/01555

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2022/01555 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-*** дүүргийн 00 дугаар хороо, Р хорооллын 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух Х овогтой Л.М /ЦД00000000/

 

Хариуцагч: ***-*** дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хэсэг, хан хиллс 000 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух Б овогтой Л.Э /УХ00000000/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 165 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч И.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Хариуцагчийн өмгөөлөгчЮ.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Л.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 180 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 15 000 000 төгрөгөөр багасгаж, 165 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: И.М миний бие Л.Этай анх 2017.12.15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 130 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2018.06.15-ны өдөр хүртэл зээлдүүлэн зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, мөнгөө дансаар шилжүүлсэн. Мөн бид 2020.03.10-ны өдөр уулзаж Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хийж үндсэн төлбөр болон хүүг нийтдээ 200 000 000 төгрөг байхаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн барьцаанд хариуцагчийн өмчилдөг ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, с оргил 0000 гудамж, 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлалтай 140,7 м.кв дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан байсан боловч 2021.04.02-ны өдөр хариуцагч Л.Э байраа барьцаалбараас чөлөөлөн авч банкинд барьцаалан зээл авч өр төлбөрөө төлье гэсэн хүсэлтээр барьцаалбараас чөлөөлөн өгч үлдэгдэл төлбөрийг багасгаж 180 000 000 төгрөг болгосон боловч байраа барьцаанаас чөлөөлүүлж аваад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 165 000 000 төгрөгийг хариуцагч Л.Эгаас гаргуулан өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 130 000 000 төгрөгийг манай хүргэн ах Мөнхдаваа зээлж авсан бөгөөд хүлээн авсан зээлийн хэмжээ 120 000 000 төгрөг. Үүнээс 105 000 000 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн. Үлдэх 15 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: 2017.12.15-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017.12.15-ны өдрийн Барьцааны гэрээ, И.Мын Х.Бны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.03.10-ны өдрийн 347 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, 2020.03.10-ны өдрийн 348 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, И.Мын ***-*** дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, И.Мын цахим иргэний үнэмлэхний хуулбар, 2022.03.10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-10, 32-33 ху/

 

4. Хариуцагчаас: 2022.02.23-ны өдрийн 322 дугаартай итгэмжлэл, 2022.03.28-ны өдрийн 586 дугаартай итгэмжлэл, Д.Мгийн Х.Бны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.04.25-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 27, 42, 47-49, 65 ху/

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х.Б ХХК-иас 2022.05.16-ны өдрийн 29/3173 дугаартай лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 82 ху/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Л.Эд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 165 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 180 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 15 000 000 төгрөгөөр багасгаж, 165 000 000 төгрөг гаргуулахаар шаардах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: И.М, Л.Э нарын хооронд 2017.12.15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 130 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2018.06.15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, мөнгөө дансаар шилжүүлсэн. 2020.03.10-ны өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулж, үндсэн төлбөр болон хүүг 200 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, с оргил 0000 гудамж, 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлалтай 140.7 м.кв дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан байсан боловч 2021.04.02-ны өдөр хариуцагч Л.Э байраа барьцаалбараас чөлөөлөн авч банкинд барьцаалан зээл авч өр төлбөрөө төлье гэсэн хүсэлтээр барьцаалбараас чөлөөлөн өгч үлдэгдэл төлбөрийг багасгаж 180 000 000 төгрөг болгосон боловч байраа барьцаанаас чөлөөлүүлж аваад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй өдийг хүрч байна. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 35 000 000 төгрөг төлсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт 165 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Харицагч Л.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: 130 000 000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан боловч 120 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь дансны хуулгаар нотлогдоно. Үлдэх 10 000 000 төгрөгийг Д.Б авсан. Зээлийн эргэн төлөлтөнд 105 000 000 төгрөг төлсөн. Иймд үлдэх 15 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн /шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4,5 дугаарт дурдагдсан/ баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигч 2017.12.15-ны өдөр 130 000 000 төгрөгийг 2018.06.15-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн хэмжээгээр алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан.

 

4.2 Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Л.Э ***-*** дүүргийн 00 дүгээр хороо, стадион оргил 00000 гудамж, 000 дугаар байр, 000 тоот хаягт байрлалтай 140.7 м.кв дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан.

4.3 Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2019.07.08-ны өдөр 70 000 000 төгрөг, 2020.09.25-ны өдөр 35 000 000 төгрөг, нийт 105 000 000 төгрөг төлсөн.

 

4.4 2021.04.02-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг барьцаанаас чөлөөлж, зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 180 000 000 төгрөг болгохоор харилцан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг үйлдсэн, зээлийн эргэн төлөлтөнд 105 000 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин зээлийн тооцоолол, хүлээн авсан зээлийн мөнгөн хөрөнгийн хэмжээ зэрэгт маргаантай.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2017.12.15-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригийн илэрхийлэл болж, гарын үсгээр баталгаажсан, хүчин төгөлдөр гэрээ байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д хамаарах иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба зээлдэгч зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.1 Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан байна.

 

Зохигч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн хэмжээг 130 000 000 төгрөг, 120 000 000 төгрөг гэж маргаж байх ба бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч И.Мын эзэмшлийн Х.Бин дахь 0000000000 дугаарын дансны хуулга, Л.Э эзэмшлийн Х.Бин дахь 5041108954 дугаарын дансны хуулгаар 2017.12.15-ны өдөр зээлдүүлэв гэх утгатай 120 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн болох нь нотлогдож байна. /хх 5,48 ху/

 

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хэмжээг 120 000 000 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд нийцэх ба гэрээний 1 дүгээр заалтад талууд нэг сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байх тул талууд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүүгийн хэмжээг тогтоосон гэж үзнэ.

 

Тодруулбал, талууд 2017.12.15-ны өдөр 6 сарын хугацаатай 120 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор нөхцөл тохирсон зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2018.06.15-ны өдөр дууссан байх тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээл 120 000 000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 28 800 000 /1 сарын хүү 4 800 000 төгрөг/ төгрөгийн үндсэн үүрэг гүйцэтгэхээр байна.

 

6.2 Түүнчлэн, талууд гэрээний 3 дугаар зүйлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийг тохиролцсон байх ба зээлдэгч 2018.06.15-ны өдрөөс 2019.07.09-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн үндсэн үүрэг 148 800 000 төгрөгийн алданги 74 400 000 төгрөгийг нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч үндсэн зээл 120 000 000, зээлийн хүү 28 800 000 төгрөг, алданги 74 400 000 төгрөг, нийт 223 200 000 төгрөг төлөхөөс 105 000 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 118 200 000 төгрөгийг хариуцагч Л.Эгаас гаргуулан нэхэмжлэгч И.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үнийн дүн 200 000 000 төгрөгөөс төлөгдсөн 35 000 000 төгрөгийг хасч 165 000 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч тухайн гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээнд хамаарахгүй юм. Учир нь:

 

Тооцоо нийлэх гэрээ нь талуудын хооронд бий болсон харилцаанаас үүссэн олон шаардлагыг нэгтгэн нийт дүнг тогтоох харилцааг зохицуулах тул зээлийн гэрээний тооцоо нийлсэн нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрх зүйн харилцаанд хамаарахгүйг тайлбарлах нь зүйтэй.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогтой Л.Э /УХ00000000/-аас 118 200 000 /нэг зуун арван найман сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х овогтой Л.М /ЦД00000000/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 800 000 /дөчин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгаас 748 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Мт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ