Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01624

 

 

 

 

 

 

 

 

 

 

И.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01555 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Э д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 165,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э , хариуцагчийн өмгөөлөгч Ю.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: И.М миний бие Л.Э тай анх 2017 оны 12 сарын 15-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд гэрээг нотариатаар баталгаажуулсан. Мөн бид 2020 оны 03 сарын 10-ны өдөр уулзаж Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийж үндсэн төлбөр, хүү нийт 200,000,000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн барьцаанд хариуцагчийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 140.7 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалсан боловч 2021 оны 04 сарын 02-ны өдөр хариуцагч Л.Э нь байраа барьцаалбараас чөлөөлөөд банкинд барьцаалан зээл авч өр төлбөрөө төлье гэсэн хүсэлт гаргасны дагуу байрыг барьцаалбараас чөлөөлөн өгч үлдэгдэл төлбөрийг багасгаж 180,000,000 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч байраа барьцаанаас чөлөөлүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагчаас 165,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 130,000,000 төгрөгийг манай хүргэн ах Д.М зээлж авсан бөгөөд хүлээн авсан зээлийн хэмжээ 120,000,000 төгрөг юм. Үүнээс 105,000,000 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн. Үлдэх 15,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Э гаас 118,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,058,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э гаас 748,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.М т олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Талууд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. Харин Монгол улсад зах зээлийн хямрал гарч, мөнгөний хомсдол үүсч байсан бөгөөд 2019 онд дэлхий нийтэд гарсан Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ байдалд дүгнэлт хийлгүйгээр зээлийн хүү болон алдангийг өндөр дүнгээр тогтоосон явдал нь хариуцагч талд хүнд тусаж байна.

4.б. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд зээлийн хүүний хэмжээг 3 хувиар тогтоосон, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зээлийн хүү болон алдангийг багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Талууд зээлийн хүү, алдангийг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан. Зээлийн хүү нь иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд тогтсон зах зээлийн жишиг хүүнээс багаар буюу сарын 4 хувиар тогтоосон. Үүнийг хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэхгүй. Анзын хувьд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн. Анзын хэмжээ илт их гэдэг нь хуульд заасан хэмжээ буюу гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувиас их байхыг ойлгоно. Иймд алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан зохицуулалт нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газарт хамааралтай.

Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч И.М нь хариуцагч Л.Э д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 180,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж ...зээл 130,000,000 төгрөг, хүү 31,200,000 төгрөг, алданги 80,600,000 төгрөг, нийт 241,800,000 болж байх боловч 165,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарлажээ.

Хариуцагч Л.Э нь дээрх шаардлагаас 15,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 165,000,000 төгрөгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...зээлийг хүргэн ах Д.М авсан, 105,000,000 төгрөг төлсөн тул 15,000,000 төгрөг үлдсэн... гэж тайлбарлан маргажээ.

 

3.   Талууд 2017 оны 12 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч И.М нь 130,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Л.Э нь зээл, зээлийн хүүг 2018 оны 06 сарын 15-ны өдөр буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх 3/

Зээлийн гэрээнд ...зээлийг Л.Э гийн Хаан банк дахь 0000000000 тоот данс руу шилжүүлнэ... гэж заасан бөгөөд үүний дагуу зээлдүүлэгч И.М аас 2017 оны 12 сарын 15-ны өдөр 120,000,000 төгрөгийг Л.Э гийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь холбогдох Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх 5/

Иймд ...зээлийг хүргэн ах Д.М авсан... гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Э нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг харилцан тохиролцсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүргийг хүлээнэ. Зээлийн гэрээнд зааснаас өөр дансанд шилжүүлсэн нийт 10,000,000 төгрөгийг Л.Э д зээлдүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийг тооцоход зээл 120,000,000 төгрөг, 6 сарын хүү 28,800,000 төгрөг, алданги 74,400,000 төгрөг, нийт 223,200,000 төгрөг болж байна.

Зээлдэгчийн зүгээс 2019 онд 70,000,000 төгрөг, 2020 онд 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч талын гаргасан алданги багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал, анх зээлийн гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгөөс бага мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, зээлийн хүү өндөр /жилийн 48 хувь/, зээлдэгчийн зүгээс нийт 105,000,000 төгрөгийг буцаан төлсөн, мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулах боломжтой.

Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүрэг зээл 120,000,000 төгрөг, 6 сарын хүү 28,800,000 төгрөг, алданги 37,200,000 төгрөг, нийт 186,000,000 төгрөг болохоос хариуцагчийн төлсөн 105,000,000 төгрөгийг хасч, үлдэх 81,000,000 төгрөгийг хариуцагч Л.Э гаас гаргуулан нэхэмжлэгч И.М т олгох нь зүйтэй.

 

5. Харин зээлийн хүүг багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж зохицуулсан ба анхан шатны шүүхэд хариуцагч талын зүгээс зээлийн хүү илт хохиролтой тогтоогдсон гэж маргаагүй.

Түүнчлэн, хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасан ...зэээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэсэн зохицуулалт нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамааралтай, тус маргаанд хамааралгүй зохицуулалт болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01555 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...232.6-д... гэснийг ...232.6, 232.8 дахь хэсэгт... гэж, ...118 200 000 /нэг зуун арван найман сая хоёр зуун мянган/ төгрөг... гэснийг ...81,000,000 төгрөг... гэж, ...үлдэх 46 800 000 /дөчин зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг... гэснийг ...үлдэх 84,000,000 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...748 950 төгрөг... гэснийг ...562,950 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 748,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР