Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01575

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/01575

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * хотхон, * гудамж * дугаар байр, * тоот хаягт оршин суухС.Т /РД:ФЖ*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо,* хороолол, * дүгээр байр, * тоотод оршин суух А.М /РД: РЮ*/-д холбогдох

22 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч С.Т, түүний өмгөөлөгч Т.З,

хариуцагчийн төлөөлөгч М.С, өмгөөлөгч Ц.Ж

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Т хариуцагч А.Мт холбогдуулан 22 700 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Мтай танилын холбоотой байсан 2018 оны 7 дугаар сард А.М надтай уулзаад Т.А гэж хүнтэй хамтарч жоншны уурхай ажиллуулах гэж байна. Хоёулаа Т.Атой хамтаръя. Би Т.Аод 40 000 000 төгрөг өгсөн байгаа. Чи одоо 40 000 000 төгрөг гаргахад болно гэж хэлсэн. Улмаар би өөрийн данснаас 6 200 000 төгрөг, эхнэр О.Шийнхээ данснаас 16 500 000 төгрөгийг нийт 22 700 000 төгрөг А.Мын өгсөн данснууд руу шилжүүлсэн. Дараа би Т.Атой утсаар яриад А.М Т.Аод мөнгө өгөөгүй, мөнгө өгсөн гэж надад худлаа хэлснийг, Т.Атой биш н.Ч гэх хүнтэй хамтарч ажиллан, надад ярьж байснаасаа өөр уурхай дээр ажиллаж байгааг нь мэдсэн. А.Маас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө нэхэхэд 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сард хувааж өгье гэж баталгаа бичиж өгсөн. Энэ хугацаанаас хойш ярих болгонд хөдөө явж байна, хот ороод өгье, удахгүй өгнө, 7 хоног хүлээчих, 10 хоног хүлээчих гэх хариу өгдөг байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй байгаа учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу иргэн А.Маас 22 700 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: С.Т, А.Маас Т.Атой хамтарч жонш олборлолт хийхээр тохиролцож шилжүүлсэн 22 700 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.М нь ямар нэгэн байдлаар С.Тг хамтран ажиллахыг шаардаж албадсан, тулгасан зүйл байхгүй бөгөөд ийм ажил дээр хамтран ажиллах боломжтой тухай хэлсэн. С.Т өөрөө шийдвэр гаргаж хамтран ажиллахаар олборлолтын үйл ажиллагаатай холбоотой дараах шилжүүлгүүдийг хийсэн байна. 2018.04.09-ний өдөр Д.Э нь ******* тоот данс руу түлшний мөнгө 1 200 000 төгрөг, 2018.02.08-ны өдөр Д.Ж *********тоот данс руу 5 000 000 төгрөг, 2018.08.25-ны өдөр Т **** тоот данс руу экспо машины түрээс 5 000 000 төгрөг, 2018.01.09-ний өдөр Ш* н **** дансанд 500 000 төгрөгийг бензин гэсэн утгатайгаар, 2018.03.08-ны өдөр Ариунаагийн 2028289288 дансанд 8 400 000 төгрөгийг Экска урьдчилгаа гэсэн утгаар, 2018.08.30-ны өдөр Түвшинтөрийн **** дансанд 1 600 000 төгрөгийг машины түрээс гэсэн утгаар тус тус шилжүүлсэн. Дээрх мөнгийг А.М аваагүй бөгөөд ямар нэгэн байдлаар А.М эргэн төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй. Тус ажил амжилттай ашигтай байвал оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг авна, алдагдалтай ажиллавал мөн л оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх нь бүх л бизнесийн үндсэн ойлголт. А.Мын хувьд ч хөрөнгө оруулалт хийсэн боловч ашигтай ажиллаагүй, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээгээд л явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2020.12.12-ны өдрийн мөнгө буцаан төлөх тухай баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг, 2019.10.31-ний өдрийн прокурорын тогтоол, 2022.02.01-ний өдрийн шүүгчийн захирамж ./хх-ийн 6-15/

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Тгийн * дугаараас А.Мын *дугаарт бичсэн мессэж, Содгэрэл Тэлмэн фэйсбүүк мессэнжер хаягнаас Bayar A Bayar хаягт харилцан бичсэн мессэж хэсэгт үзлэг хийж, тэмдэглэлийг хавсаргав.

5. Шүүхийн санаачилгаар 2019.10.31-ний өдрийн 4103 дугаар Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолыг гаргуулж авсан болно./хх-ийн 52-54/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.Маас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө нэхэхэд 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сард хувааж өгье гэж баталгаа бичиж өгсөн. Энэ хугацаанаас хойш ярих болгонд хөдөө явж байна, хот ороод өгье, удахгүй өгнө, 7 хоног хүлээчих, 10 хоног хүлээчих гэх хариу өгдөг байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй байгаа учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардаж байна гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дээрх мөнгийг А.М аваагүй бөгөөд ямар нэгэн байдлаар А.М эргэн төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй. Тус ажил амжилттай ашигтай байвал оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг авна, алдагдалтай ажиллавал мөн л оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх нь бүх л бизнесийн үндсэн ойлголт. А.Мын хувьд ч хөрөнгө оруулалт хийсэн боловч ашигтай ажиллаагүй, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээгээд л явж байгаа. гэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Б.Мын мэдүүлэг, мессежэнд хийсэн үзлэг зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар ярилцаж, улмаар нэхэмжлэгч С.Т нь нийт 22 700 000 төгрөгийг, хариуцагч А.Мын даалгаснаар бусдад шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгууд болон гар утасны мессэж, фэйсбүүк мессэнжерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Т өөрийн Хаан банкны * тоот данснаас 1 200 000 төгрөг, эхнэр О.Шийн Хаан банкны * тоот данснаас нийт 16 500 000 төгрөг, шилжүүлгээр 5 000 000 төгрөг, нийт 22 700 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлах бөгөөд уг мөнгийг шилжүүлэх болсон шалтгааныг хариуцагч тал Жоншны үйлдвэр хамтран ажиллуулахаар тохиролцсон. Уг мөнгийг би аваагүй гэж тайлбарлаж байх ба гэрч Б.М ...Манай найз Баяраа мөнгө өгөх ёстой гээд бид хоёр очиж уулзахад Б гэх найз нь ажил бүтэхгүй байна, бүтэхээр мөнгийг чинь өгнө санаа зоволтгүй гэж хэлээд мөнгийг 2 хувааж төлнө гэж бичиг хийж өгч байсан гэж мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний агуулгаар тохиролцоо хийгдэж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хариуцагч А.Мын даалгавараар, нэхэмжлэгч С.Т нь нэр бүхий хүмүүсийн дансруу шилжүүлсэн байх боловч гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцоогүйгээс нэхэмжлэгч нь оруулсан мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж эхэлснээр, маргаан үүссэн байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч С.Тг Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно. гэснээр гэрээнээс гарсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч А.М нь 22 700 000 төгрөгийг буцаан өгөх талаар болон тухайн хөрөнгө оруулсан эрсдлээс гарах үр дагаврыг бүрэн хариуцаж, төлж дуусгахаар 2020 оны 12 сарын 12-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн байх ба уг баримтыг хавтаст хэргийн 6 дугаар талд ирүүлсэн байна.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжилээгүй талаар хэн аль маргахгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэснээр шаардах эрхтэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Маас 22 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 271 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ