Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01620

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01620

 

 

С.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01575 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.М-т холбогдох,

22,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т-, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2018 оны 07 дугаар сард А.М- надтай уулзаад Т.А- гэж хүнтэй хамтарч жоншны уурхай ажиллуулах гэж байна. Хоёулаа Т.А-той хамтаръя. Би Т.А-од 40,000,000 төгрөг өгсөн байгаа. Чи одоо 40,000,000 төгрөг гаргахад болно гэж хэлсэн. Улмаар би өөрийн данснаас 6,200,000 төгрөг, эхнэр О.Ш-ийн данснаас 16,500,000 төгрөг, нийт 22,700,000 төгрөгийг А.М-ын өгсөн данс руу шилжүүлсэн. Би Т.А-той утсаар яриад, А.М- Т.А-од мөнгө өгөөгүй, мөнгө өгсөн гэж надад худлаа хэлснийг, Т.А-той биш Чингис гэх хүнтэй хамтарч ажиллан, надад ярьж байснаасаа өөр уурхай дээр ажиллаж байгааг нь мэдсэн. А.М-аас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөнгө нэхэхэд 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сард хувааж өгье гэж баталгаа бичиж өгсөн. Энэ хугацаанаас хойш ярих болгонд хөдөө явж байна, хот ороод өгье, удахгүй өгнө, 7 хоног хүлээчих, 10 хоног хүлээчих гэх хариу өгдөг байсан. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй байгаа учир А.М-аас 22,700,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

А.М- нь ямар нэгэн байдлаар С.Т-г хамтран ажиллахыг шаардаж албадсан, тулгасан зүйл байхгүй бөгөөд хамтран ажиллах боломжтой тухай хэлсэн. С.Т- өөрөө шийдвэр гаргаж хамтран ажиллахаар олборлолтын үйл ажиллагаатай холбоотой дараахь шилжүүлгүүдийг хийсэн байна. 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.Энхцэцэг нь 5750290084 тоот данс руу түлшний мөнгө 1,200,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Жамъян 5022960946 тоот данс руу 5,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр н.Түвшинтөрийн 5037321721 тоот данс руу экспо машины түрээс 5,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Шүрэнтогосын 5952102210 дансанд 500 000 төгрөгийг бензин гэсэн утгатайгаар, 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр н.А-гийн 2028289288 дансанд 8,400,000 төгрөгийг Экска урьдчилгаа гэсэн утгаар, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр н.Түвшинтөрийн 5037321721 дансанд 1,600,000 төгрөгийг машины түрээс гэсэн утгаар тус тус шилжүүлсэн. Дээрх мөнгийг А.М- аваагүй бөгөөд ямар нэгэн байдлаар А.М- эргэн төлнө гэсэн үүрэг хүлээгээгүй. Тус ажил амжилттай, ашигтай байвал оруулсан хөрөнгийн хэмжээгээр ашиг авна, алдагдалтай ажиллавал мөн л оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх нь бүх л бизнесийн үндсэн ойлголт. А.М-ын хувьд ч хөрөнгө оруулалт хийсэн боловч ашигтай ажиллаагүй, өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ хариуцлага хүлээгээд л явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.М-аас 22,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх, 60 дугаар зүйлийн 60.1 дэх, 56 дугаар зүйлийн 56.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 271,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-аас улсын тэмдэгтийн хураамжинд 271,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу А.М-, С.Т- нар нь н.Ариунболд гэх хүний жоншны уурхайд хөрөнгө оруулан хамтран ажиллаж ашиг олох зорилготойгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талд үнэлсэн гэж үзэж байна. Учир нь С.Т-, А.М- хоёрын хооронд бичсэн мессежээр А.М- нь хамтран ажиллах үүргийн хүрээнд шаардлагатай хөрөнгө оруулалтаа яаралтай хийж, ажлаа түргэвчлэхийг шаардаж байсан нь харагдана. Мөн А.М- нь хамтран ажиллах санал тавьсан учир боломж нь байсан бол С.Т-д төлөөд өгнө гэсэн сэтгэл байсан. Гэвч амжилтгүй ажиллаж А.М- өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээнд мөн алдагдал хүлээсэн.

Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4103 дугаар прокурорын тогтоол, дансны хуулга зэргээс С.Т-гийн нэхэмжлээд байгаа 22,700,000 төгрөгийг А.М- бус өөр этгээдүүдийн дансанд шилжүүлсэн, ямар үйл ажиллагаанд зарцуулагдсан, талаар гэрчийн мэдүүлэг баримтууд бүгд хэрэгт авагдсан.

С.Т-, А.М- нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, С.Т- ч хамтран ажиллах гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрдөг, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах үйл ажиллагааг А.М- эрхлэн явуулсан бөгөөд 22,700,000 төгрөгийг А.М- өөртөө аваад зарцуулаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огтоос байхгүй. Ийм учраас мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11 дэх хэсэгт заасны дагуу эрх, үүргийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр ижил тэнцүү хүртэх, хариуцлагаа хүлээх юм.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг бүхэлд зөрчсөн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ нь шийдвэрийн тогтоох хэсэгт нөлөөлөхгүй болно.

 

2. Нэхэмжлэгч С.Т- нь хариуцагч А.М-т холбогдуулан 2018 онд Жоншны уурхайд хамтран ажиллахаар ярилцаж, уг үйл ажиллагаанд шаардлагатай гэсэн үндэслэлээр хариуцагчийн нэр зааж дансыг нь өгсөн этгээдүүдэд өөрийн Хаан банкны 5133176568 тоот данснаас 1,200,000 төгрөг, эхнэр О.Ш-ийн Хаан банкны 5014034187 тоот данснаас нийт 16,500,000 төгрөг, шилжүүлгээр 5,000,000 төгрөг, нийт 22,700,000 төгрөгийг шилжүүлснийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч уг мөнгийг хүлээн аваагүй гэж маргажээ.

 

3. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч А.М-, Т.А- нар хамтарч жоншны уурхайд нэг тал нь мөнгөн хөрөнгө оруулах, нөгөө тал нь уурхайг ажиллуулах талаар тохиролцсон гэсэн бол, хариуцагчийн тайлбараас хамтран ажиллахаар тохиролцсон гэх гэрээний талууд тодорхойгүй байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээг байгуулж буй бол гэрээнд оролцогч талууд тодорхой байх учиртай.

 

3.1. Түүнээс гадна үйл ажиллагаа хариуцах этгээд нь тодорхой бус, бусад этгээдийг нэхэмжлэгч С.Т- танихгүй гэсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

4. Нэхэмжлэгч нь 22,700,000 төгрөгийг хариуцагч А.М-ын нэр заасан дээр дээр дурдсан иргэдэд шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг А.М- нь С.Т-д буцаан төлөхийг амлаж, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөрөнгө оруулалт мөнгө буцаан төлөх тухай нэртэй баримтыг үйлдэж өгсөн уг баримтад Хэнтий аймгийн Бэрх тосгонд Жоншт тулга нөхөрлөл дээр хамтран ажиллах, хамтран хөрөнгө оруулалт бүтэлгүйтсэн учир оруулсан 22,000,000 төгрөгийг 2 хуваан төлөх, гарах эрсдэлийг бүрэн хариуцахаар тохирсон гэх агуулга тусгагдсан. Иймд А.М-ыг уг мөнгөн хөрөнгийг авсан гэж дүгнэнэ.

 

5. Иймд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн 22,700,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс гаргуулахаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2022/01575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ