Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 618

 

“П О Э Э” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00301 дугаар шийдвэртэй,

“П О Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Д Р” ХХК--д холбогдох, гэрээний үүрэгт 112 517 070 төгрөг гаргуулах,

Гэрээний улмаас учирсан хохиролд 83 592 667 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа: “Д Р” ХХК- нь”П О Э Э” ХХК--тай 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 52017/026 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 45 470 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 580 төгрөг, 10 000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 480 төгрөг, 41 650 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1 580 төгрөгөөр тус тус тооцож зээлээр худалдан авахаар тохиролцсон. Тус компани зээлээр худалдан авсан түлшнээс 75 011 380 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа ба үнийн дүнг баталгаажуулж тооцоо нийлсэн актыг үйлдсэн.

Худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт “төлбөрийг 10 дугаар сарын 01-ний дотор төлнө” гэж заасан, гэрээний 6.2 дахь хэсэгт захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдод нийлүүлэгч хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар тооцож алданги нэхэмжлэх эрхтэйг заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түлш авсан болон үнийг бүрэн төлөөгүйд маргадаггүй, харин түлш доголдолтой байсан гэж маргадаг бөгөөд талууд гэрээндээ түлшийг хүлээлцэх бүрт шалгаж авна гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч шалгаж авах үүрэгтэй байтал нийлүүлсэн түлш доголдолтой талаар мэдэгдсэн зүйлгүй, ямар нэгэн албан бичиг ирүүлэх болон бусад байдлаар мэдэгдээгүй. Гэрээний 5.1.-т гэрээний үнэ буюу төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасан журмаар төлөх үүрэгтэйг, 5.6-д захиалагч Даймонд рөүд ХХК нь барааны чанарыг Шатахуун хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, MNS4633-2006 стандартын дагуу шалгаж хүлээн авах үүрэгтэйг, 10.3.-т нэмэлт гэрээ болон гэрээний бусад хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй гэж, 10.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал, гэрээг дуусгавар болгох, хугацаанаас өмнө цуцлах тухай мэдэгдэл, гэрээтэй холбогдон нөгөө талдаа гаргаж буй аливаа санал, мэдэгдэл хүсэлтийг бичгээр үйлдэж 3-аас доошгүй хоногийн өмнө гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсвэл биечлэн хүргүүлснийг хүчинтэйд тооцоно гэжээ.

“Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-д”П О Э Э” ХХК--ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан, гэрээний дагуу түлш худалдан авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргадаггүй. Хариуцагчаас  төлбөр төлөөгүй хоногт ногдох алдангийн нийт хэмжээ нь үндсэн төлбөр болох 75 011 380 төгрөгийн 50 хувиас илүү байх тул Иргэний хуульд зааснаар 50 хувиар тооцсон. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг хойшлуулж байгаа тул гэрээний төлбөрийн үлдэгдэл 75 011 380 төгрөг, түүний алданги 37 505 690 төгрөг, нийт 112 517 070 төгрөгийг “Д Р” ХХК--иас гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Д Р” ХХК--ийн зүгээс нэхэмжлэгч талтай уулзах оролдлого удаа дараа хийж байсан ч “Паломино ойл энд энержи ХХК” бодитоор оршин байх хаяггүй, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй мэт ойлгомжгүй байдалтай байсан. Нэхэмжлэгчээс чанаргүй түлш нийлүүлсний хохирол нэхэмжлэхээр эрэн сурвалжилсан, мөн захирал, хариуцах хүмүүстэй уулзаж саналаа хүргүүлж байсан. Нэхэмжлэгч чанарын шаардлага хангахгүй түлш нийлүүлж гэрээний үүргээ зөрчин ажил зогсоосноос хойш харилцаагаа тасалж алга болсон. Гэтэл энэ хугацааны алданги тооцон нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

“Д Р” ХХК- гэрээний 1.1. нийлүүлэгч нь гэрээнд заасан тодорхойлолт, чанар үзүүлэлт, тоо хэмжээ бүхий стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр заасан ёсоор төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхийн тулд “Паломино ойл энд энержи ХХ”К-тай дээрх гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасан нийлүүлэгч талын нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний чанар нь газрын тосны бүтээгдэхүүний стандарт, техникийн нөхцөлд нийцсэн, тавигдах шаардлагыг хангасан байх чанарын шаардлагад нийцээгүй 19 650 литр түлшийг 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн тул 12 580 литр түлшийг нэхэмжлэгч буцаан авч явсан, уг түлшээр цэнэглэсэн түрээсийн техникүүд тодорхой хэмжээгээр эвдэрч, ажил үйлчилгээг тогтвортой явуулахад саад учирч, цаашид цэнэглэх түлшгүй болж, улирлын чанартай хийгддэг зам барилгын ажил сул зогсоход хүрсэн. Эвдэрсэн техник, төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг засуул зэрэгт ихээхэн хохирол учирсан.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д нийлүүлэгч нь Монгол улсын стандарт, чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд нийлүүлэх үүрэгтэй бөгөөд чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус бүтээгдэхүүн нийлүүлснээс шалтгаалж захиалагч хүлээн авсан чанаргүй бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч чанаргүй түлшний асуудлаас болж манайтай холбоо бариагүй цаг хугацааны төлбөр, чанаргүй түлшнээс учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч харилцан нэхэмжлэхгүй байхаар ярилцсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдагч”П О Э Э” ХХК- биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлээгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч манайд учирсан хохирлыг барагдуулаагүй, энэ талаар тохиролцон ярилцаж байсан хүн нь тухайн компанийг төлөөлөн гэрээ, хэлцэл хийх эрхгүй байсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо.”П О Э Э” ХХК--тай байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ”-нд гүйцэтгэх захирал П.Одмаа гарын үсэг зурсан, Компанийн тухай хуулиар гүйцэтгэх захирлын үүргийг хязгаарласан тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзнэ. П.Одмаа гэдэг хүн олдохгүй байгаа, байсан бол ийм нэхэмжлэл гаргахгүй, тэд өөрөөр ярьдаг. Иймээс нэхэмжилж буй 112 517 070 төгрөгийн шаардлагыг хэргсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:”П О Э Э” ХХК--ийн хариуцлагагүйгээс “Д Р” ХХК--д их хэмжээний хохирол учирсан. 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ”-ний үүргээ 2 тал ердийн нөхцөлд дагаж мөрдөж байсан ч 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн 19 650 литр түлш чанарын асуудал илэрч 12 580 литр түлшийг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Чанарын шаардлага хангахгүй түлшээр цэнэглэснээс түрээсээр ажиллуулж байсан техникүүд ажиллахгүй болж зогссон.

Түрээсээр техник ажиллуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд сул зогссон техникүүдийн түрээсийн төлбөрт 48 066 677 төгрөг төлсөн. Чанаргүй шатахууны улмаас туслан гүйцэтгэгч “Намо бридж” ХХК-д 35 526 000 төгрөгийн хохирол учирсныг манай компаниас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч зөрчлөө арилгах хугацаа байсан ч хохирлыг барагдуулаагүй тул чанаргүй түлшний улмаас эвдэрсэн техникүүдийн сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт “Д Р” ХХК--ийн төлсөн 48 066 677 төгрөг, “Намо бридж” ХХК-ийн нэхэмжилсэн 35 526 000 төгрөг, нийт 83 592 667 төгрөгийг”П О Э Э” ХХК--иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч манай нийлүүлсэн түлшний биет байдлын доголдлын улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн боловч хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй. Учир нь нийлүүлсэн түлш доголдолгүй байсан. Хариуцагчийн хувьд доголдлын талаар нотлох баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгч түлш нийлүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын шаардлага хангасан шинжилгээний бичигтэй нийлүүлдэг. Гэрээний 5.6 дахь хэсэгт зааснаар худалдан авагч түлшийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгаж хүлээн авах, 5.2 дахь хэсэгт зааснаар барааны чанарыг шалгасны үр дүнд доголдол, дутагдалтай гэж үзвэл нийлүүлэгчид даруй мэдэгдэж, гомдол гаргах эрхтэй байсан.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар хөрөнгө хүлээж авах үед доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан эсвэл хөрөнгө хүлээж авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан. Гэрээний 5.5 дахь хэсэгт мөн адил бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ доголдол, дутагдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээж авсан бол учирсан хохирлыг захиалагч өөрөө хариуцахаар тодорхой заасан. Хариуцагч нь нэгэнт хүлээгээд авсан түлшээ доголдолтой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэг шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр  удаашруулах зүйл хийж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”Д Р” ХХК--иас 68 117 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч”П О Э Э” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 400 000 төгрөг болон нэхэмжлэгчээс 83 592 667 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862 714 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 913 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Р” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 498 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчаас 20 000 литр түлшийг буцаасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 13-нд хариуцагчид 20 000 литр түлш хүргэсэн бөгөөд хариуцагч түүний 7 420 литр түлшийг авч хэрэглэж, үлдэх 12 580 литр түлшийг буцаасан талаар хэргийн 48 дахь талд авагдсан баримтад тодорхой тусгагдсан. Мөн хариуцагчийн тайлбарт”П О Э Э” ХХК- нь 19 650 литр түлш 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлж 12 580 литр түлшийг буцаан авч явсан гэж тайлбарласан байдаг.

Шүүх хуралдааны явцад хариуцагч тал дээрх тайлбартаа буцаасан түлшийг нийлүүлсэн огноог буруу бичсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн түлшний асуудал болохыг тодруулж тайлбарласан. Мөн шүүгч нь хариуцагчийн төлөөлөгчөөс буцаасан түлшний хэмжээ хэд болохыг асуухад 12 580 литр түлш гэж хариулсан нь тэмдэглэлд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, бид 20 000 литр түлш хүргэснээр хариуцагч 12 580 литр түлш буцааж, үлдэгдэл 7 420 литр түлшийг хэрэглэсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож, зохигчид энэ талаар огт маргаагүй. Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчид буцаасан түлшний хэмжээ 12 580 литр атал 20 000 литр түлш буцаасан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, буцаан авсан түлшний үнийг хариуцагчаас шаардаагүй байхад шаардсан мэтээр нэхэмжлэлийн шаардлагаас төлбөрийг хасч тооцсон нь буруу.  

Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 45 470 литр түлш, 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3 000 литр түлш, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 38 650 литр түлш, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 7 420 литр түлшний төлбөрийн нийт үлдэгдэл 67 305 580 төгрөг гэж тооцож, төлбөрийн тооцоог харуулах зорилгоор “Тооцоо нийлсэн акт”, “Харилцагчийн дэлгэрэнгүй хуулга”-ыг гаргаж, нэхэмжилсэн нийт 75 011 380 төгрөгийн төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг гарган тайлбарласан. Эдгээрээс үзвэл 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 20 000 литр түлшнээс 7 420 литр түлш нийлүүлсэн тул үнийн 10 657 821 төгрөг нэхэмжилсэн, харин  буцаан авсан 12 580 литр түлшний төлбөрөө нэхэмжлээгүй юм. Иймд шүүх нэхэмжлэлээс 20 000 литр түлш буцаасан гэж дүгнээд түүний үндсэн төлбөр 29 600 000 төгрөг, алданги 14 800 000 төгрөг, нийт 44 400 000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтөх боломжтой.

 

Нэхэмжлэгч”П О Э Э” ХХК- нь хариуцагч “Д Р” ХХК--д холбогдуулан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт нийт 112 517 070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргаж, гэрээний улмаас учирсан хохирол гэх 83 592 667 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр талууд ЭС2017/026 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний хавсралтаар нийт 97 120 литр түлшийг захиалагч “Д Р” ХХК--д нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн түлшний төлбөрт  152 449 600 төгрөгийг төлөх, нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүн хүлээлгэн өгөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.01 хувийн алданги захиалагчид төлөх, харин захиалагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэхийн үнийн дүнгээс 0.2 хувийн алданги тооцохоор харилцан үүрэг хүлээж, гэрээг баталгаажуулсан байна. /1хх9-13/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан буюу өөрийн компанийн гаргасан тооцоо нийлсэн акт болон зарлагын баримт, харилцагчийн зарлагын дэлгэрэнгүй зэрэгт үндэслэж “Д Р” ХХК--д 2017 оны 8 дугаар сарын 05-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 99 760 литр буюу 143 504 653 төгрөгийн үнийн дүн бүхий түлш нийлүүлснээс хариуцагчийн төлсөн 68 493 273 төгрөгийг хасч үлдэгдэл 75 011 380 төгрөгийг, гэрээнд заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн тооцож 37 505 690 төгрөг, нийт 112 517 070 төгрөг гэж тодорхойлжээ. /1хх14, 45-53/

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ”П О Э Э” ХХК- нь биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлээгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул шаардаж буй төлбөрийг төлөхгүй, гэрээ байгуулсан этгээд хэлцэл хийх эрхгүй гэж тайлбарлан, нийлүүлсэн чанаргүй түлшний улмаас эвдэрсэн техникүүдийн сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт төлсөн гэх 48 066 677 төгрөг, туслан гүйцэтгэгч “Намо бридж” ХХК-д учруулсан засвар, үйлчилгээний зардал 35 526 000 төгрөг, нийт 83 592 667 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. /1хх79-143/

 

Талууд дээрх газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээн авсан түлшнээс буцаасан 12 580 литр түлш болон 7 420 литр түлшийг авч хэрэглэсэн эсэх талаар болон хүлээлгэн өгсөн гэрээний зүйлийн чанар, биет байдлын доголдлын талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн  262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 литр түлшний үнийг, алдангийн хамт нийт 44 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийт 68 117 070 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэргийн баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх,”П О Э Э” ХХК--ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “20 000 литрийн буцаалт, “Д Р” ХХК--иас 12 580 литр түлш хүлээлгэн өгөв,  хэрэглэсэн 7 420 литр” гэх бичвэр бүхий нотлох баримтыг буруу үнэлжээ. Өөрөөр хэлбэл, “12 580 литр түлшийг худалдагч буцаан авсан” нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд, “20 000 литр түлшийг нийт хүлээн авсан түлшнээс буцаасан гэж нэхэмжлэлийн шаардлагаас 44 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. /1хх 48 дугаар тал/

 

Дээрх баримтад тусгагдсан “хэрэглэсэн гэх 7 420 литр” түлшний үнийг нэхэмжлэгч нэхэмжилсэн бөгөөд хариуцагч тухайн өдрийн 20 000 литр түлшнээс 12 580 литр түлшийг нийлүүлэгчид буцааж, үлдэх 7 420 литр түлшийг хэрэглэсэн гэж тайлбарласан, уг тайлбар нь бусад баримтаар нотлогдсон байхад шүүх 20 000 литр түлшний төлбөрийг бүхэлд нь нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь буруу болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Д Р” ХХК--иас нийлүүлсэн түлшний үнэнд нийт 112 517 070 төгрөгийг гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Хариуцагчаас гаргуулах төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/00301 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Д Р” ХХК--иас нийлүүлсэн түлшний төлбөрт нийт 112 517 070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,”П О Э Э” ХХК--иас 83 592 667 төгрөгийг гаргуулах тухай “Д Р” ХХК--ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч “Д Р” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 498 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг, “хариуцагч “Д Р” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 720 535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч”П О Э Э” ХХК- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА