Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2019/00301

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2019/00301

Улаанбаатар хот

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: П ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д ХХК /РД:5529891/-д холбогдох

112.517.070 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХКнь П ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 52017/026 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 45.470 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1580 төгрөг, 10.000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1480 төгрөг, 41.650 литр дизель түлшийг 1 литрийн үнэ нь 1580 төгрөгөөр тус тус тооцож худалдан авахаар тохиролцсон.

Д ХХКнь зээлээр худалдан авсан түлшнээс 75.011.380 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх үнийн дүнг баталгаажуулж талууд тооцоо нийлсэн актыг үйлдсэн болно.

Худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт ...төлбөрийг 10 дугаар сарын 01-ний дотор төлнө гэж заасан бөгөөд мөн гэрээний 6.2 дахь хэсэгт захиалагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдод нийлүүлэгч хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар тооцож, алданги нэхэмжлэх эрхтэй тухай заасан.

Хариуцагч Д ХХКнь П ХХК-иас түлш авсан талаар болон түлшний үнийг бүрэн төлөөгүй талаараа маргадаггүй, түлш доголдолтой байсан гэж маргадаг. Зохигчдийн хооронд хийсэн гэрээн дээр түлшийг хүлээлцэх болгондоо шалгаж авна гэж бичсэн байгаа тул Д ХХКнь шалгаж авах үүрэгтэй байсан. Нийлүүлсэн түлш доголдолтой байсан талаар эргэж мэдэгдэж байсан зүйлгүй, Д ХХКмэдэгдэж байсан гэдэг боловч нэхэмжлэгчид ямар нэгэн албан бичиг энэ тэр ирж байгаагүй

Гэрээний 5.1.-т гэрээний үнэ буюу төлбөрийг гэрээний 3 дугаар зүйлд заасан журмаар төлөх үүрэгтэй гэж, 5.6-д захиалагч /Даймонд рөүд ХХК/ нь барааны чанарыг СХЗҮТ Зөвлөлийн баталсан Шатахуун хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, MNS4633-2006 стандартын дагуу шалгаж, хүлээн авах үүрэгтэй гэж, 10.3.-т нэмэлт гэрээ болон энэхүү гэрээний бусад хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй гэж, 10.4-т Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал, гэрээг дуусгавар болгох, хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдэл болон гэрээтэй холбогдон нэг талаас нөгөө талдаа гаргаж буй аливаа санал, мэдэгдэл хүсэлтийг бичгээр үйлдэж 3-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа гэрээнд заасан хаягаар баталгаат шуудангаар эсвэл биечлэн хүргүүлснийг хүчинтэйд тооцно гэж тус тус заасан.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд П ХХК ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан, гэрээний дагуу түлш худалдан авсан бөгөөд энэ гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргадаггүй юм.

Даймонд рөүд ХХК-ийн төлбөр төлөөгүй хоногт ногдох алдангийн нийт хэмжээ нь үндсэн төлбөр болох 75.011.380 төгрөгийн тавин хувиас давсан байх тул Иргэний хуульд заасан алдангийн дээд хэмжээ болох тавин хувиар алданги нэхэмжилж байна.

Хариуцагч компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулж, төлбөр төлөөгүй.

Иймд Худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 75.011.380 төгрөг, түүний алданги 37505690 төгрөг нийт 112.517.070 төгрөгийг Даймонд рөүд ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Даймонд рөүд ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын удирдлагуудтай уулзах оролдлого удаа дараа хийж байсан ч П ХХК бодитоор оршин байх хаяггүй, үйл ажиллагаа явуулж байгаа эсэх нь тодорхойгүй, хариуцах эзэнгүй мэт ойлгомжгүй байдалтай байсан.

Бид нэхэмжлэгч компаниас чанаргүй түлш нийлүүлсний хохирлыг нэхэхээр удтал хайж эрэн сурвалжилсан бөгөөд захирал болон хариуцагч нэртэй хүмүүстэй нь уулзаж саналаа хүргүүлж байсан. Гэтэл нэхэмжлэгч компани чанарын шаардлага хангахгүй түлш нийлүүлж гэрээнд заасан үүргээ зөрчин манай ажлыг гацааснаас хойш манай компанитай харилцаагаа тасалж удаан хугацаанд алга болсон бөгөөд бид дээр дурьдсанаар асуудлаа шийдвэрлүүлэхээр хайж байсан.

П ХХК нь өөрсдөө холбоогоо тасалж, олдохгүй байсан цаг хугацаандаа алданги тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компанитай харилцан гэрээ байгуулж байсан удирдлагууд нь энэ талаар маргахгүй болов уу гэж найдаж байна.

Д ХХКнь гэрээний 1.1-д нийлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан тодорхойлолт, чанар үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх... гэж заасны дагуу төлөвлөсөн ажилаа гүйцэтгэхийн тулд чанарын шаардлага хангасан түлш авахаар П ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Гэтэл нэхэмжпэгч компани нь дээрх зорилго болон гэрээний 2.1-д Нийлүүлэгч талын нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний чанар нь газрын тосны бүтээгдэхүүний стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн түүгээр тавигдах шаардлагыг хангасан байх гэж заасан чанарын шаардлагад нийцээгүй 19,650 литр түлшийг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлж /12,580 литр түлшийг нэхэмжлэгч буцаан авч явсан/, уг түлшээр цэнэглэсэн манай компанийн түрээсэлж байсан техникүүд бүгд тодорхой хэмжээгээр эвдэрч, ажил үйлчилгээгээ тогтвортой явуулахад саад учирч, цаашид цэнэглэх түлшгүй болж, манай улирлын чанартай хийгддэг зам барилгын ажил гацаж сул зогсоход хүрч байсан. Мөн эвдэрсэн техник, төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтлийг засуулж Даймонд рөүд ХХК-д ихээхэн хохирол учирсан.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д Нийлүүлэгч нь Монгол улсын стандарт, чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцлөөр, гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй болон зориулалтын бус газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлснээс шалтгаалж .... Энэ тохиолдолд захиалагч нь хүлээн авсан чанаргүй газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан байна.

П ХХК чанаргүй түлшний асуудлаас болж манай компанитай холбоо барихгүй цаг хугацаа алдагдуулсан бөгөөд сүүлд захирал П.Одмаа гэх хүнтэй нь уулзаж ярилцахад төлбөр, алданги нэхэмжлээгүй бөгөөд харин чанаргүй түлшний асуудлаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч харилцан нэхэмжлэхгүй байхаар ярилцаж байсан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдагч болох П ХХК биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтэгдэхүүн нийлүүлээгүй буюу хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул Д ХХКнь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь манай компанид учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа бөгөөд, энэ талаар тохиролцож ярилцаж байсан хүн нь тухайн компанийг төлөөлөн гэрээ, хэлцэл хийх эрхгүй байсан нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо.

П ХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг гүйцэтгэх захирал Одмаа гэж гарын үсэг зурсан байгаа, компанийн тухай хуулиар гүйцэтгэх захирлын үүргийг хязгаарласан байдаг, тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан гэж үзэж байна. Одоо энэ Одмаа гэдэг хүн олдохгүй байгаа юм.Одмаа Мөнхжаргал нар байсан бол ийм нэхэмжлэл гаргахгүй байсан байхаа, тэд өөрөөр ярьдаг юм.

Иймээс П ХХК-ийн нэхэмжилж буй 112.517.070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

П ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж Даймонд Рөүд ХХК-д их хэмжээний хохирол учирсан. Бидний хооронд 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээнд заасан үүргээ 2 тал ердийн нөхцөлд дагаж мөрдөж байсан ч 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр П ХХК-ийн нийлүүлсэн 19.650 литр түлшнээс чанарын асуудал илэрч техникүүдийн үйл ажиллагаа зогссон ба 12.580 л түлшийг П ХХК-д буцааж өгсөн.

П ХХК-ийн худалдсан чанарын шаардлага хангахгүй түлшээр цэнэглэсний улмаас Даймонд рөүд ХХК-ийн түрээсээр ажиллуулж байсан машин техникүүд ажиллахгүй болж зогссон.

Манай компани техникүүдийг түрээсээр ажиллуулахын тулд энэ хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд сул зогссон техникүүдийн түрээсийн төлбөрт нийт 48.066.677 төгрөг төлсөн ба тус чанаргүй шатахууны улмаас манай туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Намо бридж ХХК-д 35.526.000 төгрөгийн хохирол учирсныг манай Даймонд рөүд ХХК-иас нэхэмжилж байгаа болно.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. П ХХК-д дээрх зөрчилөө арилгах хугацаа байсан ч манай компаний хохирлыг барагдуулаагүй өнөөдрийг хүргэсэн.

Иймд П ХХК-ийн нийлүүлсэн чанаргүй түлшний улмаас эвдэрсэн техникүүдийн сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт Даймонд рөүд ХХК-ийн төлсөн 48.066.677 төгрөг, Намобридж ХХК-ийн манай Даймонд рөүд ХХК-аас нэхэмжилсэн 35.526.000 төгрөг, нийт 83.592.667 төгрөгийг П ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн түлшний биет байдлын доголдлын улмаас учирсан хохирол хэмээн үзэж, нэхэмжлэл гаргасан байна.

Гэвч тус нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн түлш доголдолгүй байсан. Хариуцагчийн зүгээс хөрөнгийн доголдлын талаар нотлох баримт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч компани нь түлш нийлүүлэхдээ нийлүүлж буй түлш нь Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын шаардлага хангасан болохыг харуулсан шинжилгээний бичигтэй нийлүүлдэг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийн нийлүүлсэн түлш доголдолтой хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч түлш доголдолтой байсныг нотлох баримт байхгүй байна.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч нь түлшийг зохих стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгасны үндсэн дээр хүлээж авах, 5.2 дахь хэсэгт заасны дагуу барааны чанарыг шалгасны үр дүнд доголдол, дутагдалтай гэж үзвэл энэ талаар нийлүүлэгч буюу нэхэмжлэгчид даруй мэдэгдэж, гомдол гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2 дахь заалтуудад хөрөнгө хүлээж авах үедээ хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан эсвэл хөрөнгө хүлээж авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах тухай заасан.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээний 5.5 дахь хэсэгт мөн адил бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ түүний доголдол, дутагдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол учирсан хохирлыг захиалагч буюу хариуцагч өөрөө хариуцах тухай тодорхой заасан.

Иймд Д ХХКнь нэгэнт хүлээж авсан түлшийг доголдолтой хэмээн үзэж, үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Даймон Рөүд ХХК-ийн зүгээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулах зүйл хийж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний үүрэгт 112.517.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д ХХКнь нэхэмжлэгчийг биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан бүтэгдэхүүн нийлүүлээгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч П ХХК нь гэрээний хавсралт 1,2,3-д заасан хэмжээ, үнэ бүхий дизель түлшийг /45470 литр буюу 71.842.600 төгрөгийн,10.000 литр буюу 14.800.000 төгрөгийн, 41.650 литр буюу 65.807.000 төгрөгийн/ нийлүүлэх хариуцагч Д ХХКнь гэрээгээр тохирсон үнэ болох нийт 152.448.600 төгрөгийг П ХХК -д төлөх үүргийг тус тус хүлээн, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 9-13-р хуудас/

Дээрх гэрээний 1.2.3-т заасны дагуу энэ хүү гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж, мөн гэрээний хавсралт 1-ээр 45470 литр түлшийг 71.842.600 төгрөгөөр, хавсралт 2-оор 41.650 литр түлшийг 65.807.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирсон талаар болон гэрээний хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10.000 литр түлшийн 14.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож хавсралт 3-ийг үйлдсэн талаар талууд маргаагүй болно./хх-ийн 9-13-р хуудас/

Худалдагч П ХХК нь худалдан авагч Д ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 62Б байрны 68 тоот 62,36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

Дээрх гэрээгээр худалдагч П ХХК нь худалдан авагч Даймонд рөүд ХХК-ийг дизель түлшний үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг /дизель түлшийг/ шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл худалдагч П ХХК нь худалдан авагч Даймонд рөүд ХХК-д дизель түлшийг худалдахаар, худалдан авагч төлбөр /түлшний үнэ/-ийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д ХХКийг гэрээгээр тохирсон барааг хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд авсан барааны үнэ нийт 143.504.653 төгрөг төлөхөөс 68.493.273 төгрөгийг төлж үлдэгдэл 75.011.380 төгрөгийг төлөөгүй байгаа гэж нэхэмжилсэн. /хх-ийн 47-53-р хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 6.2.-т гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэхийн үнийн дүнгээс 0,2%-ийн алданги төлнө гэжээ.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6., талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2.-т заасны дагуу алданги тооцох үндэстэй байх тул хугацаа хэтрүүлсэн худалдан авагч нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-иар алданги төлөх нь зүйтэй.

Худалдан авагч Д ХХКнь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр худалдагч П ХХК д 20.000 литр түлшийг буцаалт хийж, 7420 литр түлшийг хэрэглэсэн гэсэн тэмдэглэлүүдийг хийсэн талаар талууд маргадаггүй болно.

Зохигчид тухайн өдөр тэмдэглэгдсэн хэрэглэсэн 7420 литр гэсэн түлш нь 20.000 литр түлшнээс хасагдаж 12580 литр түлшийг худалдагч буцаан авсан гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 48-р хуудас/ Өөрөөр хэлбэл буцаалт 12580 л гэж тэмдэглэх байсан гэж үзнэ.

Дээрх бүхнээс үзэхэд хариуцагч /худалдан авагч/ Д ХХКнь нэхэмжлэгч /худалдагч/ П ХХК-ийн нэхэмжилж буй 75.011.380 төгрөгнөөс 29.600.000 /20.000 литр х 1480 төгрөг = 26.600.000/ төгрөгийг хасаж үлдэх 45.411.380 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч П ХХК нь гэрээнд заасан хугацаанд дизель түлшийг хариуцагч буюу худалдан авагчид нийлүүлсэн байхад худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6. болон гэрээнд заасны дагуу алданги тооцох үндэстэй.

Иймд хариуцагч Даймонд рөүд ХХК-иас Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45.411.380 төгрөгийг алданги 22.705.690 төгрөгийн хамт нийт 68.117.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.

ХОЁР: Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д ХХКнь нэхэмжлэгч П ХХК-д холбогдуулан чанаргүй түлшний улмаас техникүүд эвдэрсэн, сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт 83.592.667 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч П ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч П ХХК, хариуцагч Даймонд Рөүд ХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээний

2.1.-д энэхүү гэрээний дагуу нийлүүлэгч талын нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний чанар нь Монгол улсын стандарт MNS 216:2006 / дизель түлшний техникийн шаардлага/, болон техникийн нөхцөлд нийцсэн, түүгээр тавигдах шаардлагыг хангасан байна гэж,

2.2.-т захиалагч /худалдан авагч/ нь нийлүүлэгч /худалдагч/-ийн нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүнээс ачилтын явцад болон ачигдахын өмнө дээж авч, шинжилгээ хийлгэнэ...гэж,

5.4.-т захиалагч /худалдан авагч/ нь худалдан авсан барааны чанарыг шалгасны үр дүнд чанар стандарт, тоо хэмжээтэй холбогдсон доголдол, дутагдлын талаар хангалттай үндэслэл байгаа бол энэ талаар нийлүүлэгчид /худалдагчид/ даруй мэдэгдэж гомдол гаргах эрхтэй гэж,

5.5.-т захиалагч /худалдан авагч/ нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээж авах үедээ түүний доголдол, дутагдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан ... бол учирсан хохирлыг захиалагч /худалдан авагч/ өөрөө хариуцна гэж,

5.6-д захиалагч /худалдан авагч/ нь барааны чанарыг СХЗҮТ зөвлөлийн баталсан Шатахууны хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, MNS:4633-2006 стандартын дагуу шалгаж хүлээн авах үүрэгтэй гэж тус тус заажээ. /хх-ийн 9,10-р хуудас/

Хариуцагч Даймонд Рөүд ХХК-нь 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээнд заасан дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд түлш чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тухай бүр нь шалгаж, чанар, үзүүлэлт нь стандарт шаардлага хангаагүй тохиолдолд гомдол гаргаж шалгуулж байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Даймонд рөүд ХХК-ийн туслан гүйцэтгэгч Намо бридж ХХК-ийн техник хэрэгсэлүүд нь нэхэмжлэгч П ХХК-ийн худалдсан чанаргүй түлшний улмаас эвдэрч сул зогссон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Д ХХКнь нэхэмжлэгч П ХХК-ийн худалдсан чанаргүй түлшний улмаас техникүүд эвдэрч сул зогсон, бусдын техникийг түрээсээр ашиглаж, хохирол учирсан гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлага, тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ

Иймд П ХХК-ийн нийлүүлсэн чанаргүй түлшний улмаас эвдэрсэн техникүүдийн сул зогссон хугацааны түрээсийн төлбөрт Даймонд рөүд ХХК-ийн төлсөн 48.066.677 төгрөг, Намобридж ХХК-ийн манай Даймонд рөүд ХХК-иас нэхэмжилсэн 35.526.000 төгрөг, нийт 83.592.667 төгрөгийг П ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч П ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Luce Yannick Alain-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал Luce Yannick Alain гэж, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Т/49-д гүйцэтгэх захирал Yannick А. Luce /Яник А.Люс/ гэж бичсэнийг 2 өөр этгээд гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4., 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 68.117.070 /жаран найман сая нэг зуун арван долоон мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44.400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, П ХХК-иас 83.592.667 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862714 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575913 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 498.535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ч.ИЧИНХОРЛОО