Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00412

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00412

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *, * хотхонд байрлах ВС СӨХ /РД:*/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * амт, ВС хотхон, * дугаар байр, * тоот хаягт оршин суух С.Зд холбогдох

 

СӨХ-ны төлбөр 3 916 782.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Ж.Б

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч В СӨХ нь хариуцагч С.Зд холбогдуулан СӨХ-ны төлбөр 3 916 782.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

  1. С.З нь Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * амт, ВС хотхон, * дугаар байр, * тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд хуульд заасныг зөрчиж СӨХ-ны нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. СӨХ-ны зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул С.Згоос СӨХ-ны 2020 оны 4-12 сар, 2021 оны 1-8 сарын төлбөр 3 916 782.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.З, түүний өмгөөлөгч Ж.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хан-Уул дүүргийн * дүгээр хороо, **дугаар байрны *тоот хаягт байрлах байрандаа 2019.11 сард нүүн орж, амьдарч эхэлсэн цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн өмчлөлд байгаа сууцны зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрөө бүрэн хэмжээгээр Х ХХК, БХХК-уудад төлсөөр ирсэн. Харин дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох төлбөрийг ВС сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой гэсний дагуу уг төлбөрт нийт 1 413 154.2 төгрөгийг төлсөн. Гэтэл миний өнгөрсөн хугацаанд төлсөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбоотой зардал 4 сарын хугацааг хамарсан гэх 1 413 154.12 төгрөг нь тухайн хугацаанд гарсан зардлаас хэд дахин давсан шинжтэй төлбөр төлөгдсөн байсныг би холбогдох санхүүгийн тооцоонд үндэслэн мэдсэн бөгөөд улмаар тус СӨХ-д цаашид дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардал болох СӨХ-ны төлбөрийг бууруулах хангалттай үндэслэл байгаа талаар хэлж, холбогдох тооцооллуудыг хамтран гаргасан. Гэвч уг төлбөр хураамжийг боломжит хэмжээнд нь хүртэл бууруулаагүй болохоор би тухайн цагаас эхлэн СӨХ-ны төлбөрийг төлөхөө зогсоож, холбогдох шаардлагуудыг тавьсан ирсэн боловч дээрх СӨХ нь уг орон сууцны борлуулагч Улз буянт пропертиз ХХК-тай хамааралтай байдлаар үйл ажиллагаагаа явуулах, СӨХ-ны төлбөр, хураамжийг тогтоохдоо борлуулагч компанийн захирал Ц.Оюунчулуун гэх хүний заавраар тогтоох зэргээр хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаануудыг явуулсаар байгаа юм. Миний зүгээс бусад сууц өмчлөгчдийн болон СӨХ-ны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон ямар ч үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байхад энэ СӨХ болон түүний томилсон ажилтнууд нь борлуулагч компанитай хамааралтай асуудлаар тэдний байр суурийг илэрхийлэн намайг болон миний эхнэр, бага насны хүүхдүүдийг минь элдвээр дарамталж, амьдран суудаг орон байрандаа нэвтрэх эрхийг минь хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн өмчлөлийн орон сууцаа өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхүүдийг минь удаа дараа зөрчиж биднийг хохироож байна. Иймд Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаас давсан, түүнд ямар ч хамааралгүй зардлуудыг санхүүжүүлсэн төлбөр хураамжийг надаар төлүүлэх гэж нэхэмжилж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.12.10-ны өдрийн 19/04 дүгээр хурлын тогтоол, 2020 оны 1 сараас 2021 оны 8 сар хүртэлх СӨХ-ны нэхэмжлэл, 2019 оны 11 сараас 2021 оны 8 сарыг дуусталх авлагын тооцоо, 2020.08.19-ний өдрийн 20/24 дүгээр шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2020.11.27-ны өдрийн 20/31 дүгээр албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2021.06.24-ний өдрийн 21/07 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2020.01.14-ний өдрийн 20/10 дугаар гэрээ /нотлох баримтын шаардлага хангаагүй/ /хх-3-4, 7-33/

 

4. Хариуцагч талаас татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, 2019.11.30-ны өдрийн 19/01-02 дугаар хурлын тогтоол, 2019.12.10-ны өдрийн 19/02-2 дугаар хурлын тогтоол, 2019.11.30-ны өдрийн 19/03 дугаар хурлын тогтоол, 2020.05.22-ны өдрийн 20/01 дугаар хурлын тогтоол, 2021.06.20-ны өдрийн 21/03 хурлын тогтоол, 2021 оны 5 сар, 2020 оны 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайлан, 2021 оны 9 сарын шилэн дансны гүйлгээ, 2021 оны 1-6 дугаар улирын харилцах дансны гүйлгээ /хх-43-53/

 

5. Хариуцагч талын хүсэлтээр 2021.06.24-ний өдрийн 21/07 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2020.08.19-ний өдрийн 20/24 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2020.11.27-ны өдрийн 20/31 дугаар албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2019-2021 оны СӨХ-ны төлбөрийн задаргаа, 2020.05.22-ны өдрийн 20/01 дугаар хурлын тогтоол, 2021.06.20-ны өдрийн 21/03 дугаар хурлын тогтоол, 2021 оны 5 сар, 2020 оны 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн тайлан, татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгж байгууллагын тодорхойлолт, 2019.12.10-ны өдрийн 1 дүгээр хөдөлмөрийн гэрээ, 2021.11.19-ний өдрийн 2666 дугаар шүүхийн шийдвэр, 2020.12.13-ны өдрийн 21/31 дүгээр хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, СӨХ-ны 2020.10.01-ний өдрийн 01/03 дугаар харуул хамгаалалтын гэрээ, 2019.11.30-ны өдрийн хурлын протокол, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. /хх-75-105/

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

С.З нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын амт, ВС хотхон, 477 дугаар байр, 11 тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд хуульд заасныг зөрчиж СӨХ-ны нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. СӨХ-ны зүгээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна гэж тайлбарлажээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох төлбөрийг ВС сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой гэсний дагуу уг төлбөрт нийт 1 413 154.2 төгрөгийг төлсөн. Гэтэл миний өнгөрсөн хугацаанд төлсөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбоотой зардал 4 сарын хугацааг хамарсан гэх 1 413 154.12 төгрөг нь тухайн хугацаанд гарсан зардлаас хэд дахин давсан шинжтэй төлбөр төлөгдсөн байсныг би холбогдох санхүүгийн тооцоонд үндэслэн мэдсэн бөгөөд улмаар тус СӨХ-д цаашид дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардал болох СӨХ-ны төлбөрийг бууруулах хангалттай үндэслэл байгаа талаар хэлж, холбогдох тооцооллуудыг хамтран гаргасан. Гэвч уг төлбөр хураамжийг боломжит хэмжээнд нь хүртэл бууруулаагүй болохоор би тухайн цагаас эхлэн СӨХ-ны төлбөрийг төлөхөө зогсоож, холбогдох шаардлагуудыг тавьсан ирсэн боловч дээрх СӨХ нь уг орон сууцны борлуулагч Улз буянт пропертиз ХХК-тай хамааралтай байдлаар үйл ажиллагаагаа явуулах, СӨХ-ны төлбөр, хураамжийг тогтоохдоо борлуулагч компанийн захирал Ц.Оюунчулуун гэх хүний заавраар тогтоох зэргээр хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаануудыг явуулсаар байгаа юм.

 

4.    Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч В СӨХ нь .. онд үүсгэн байгуулагдаж, 2021 оны 7 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба тус дүүргийн Засаг даргаас 21/41 дугаар гэрчилгээ олгогдсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хуулийн дагуу байгуулагдсан СӨХ болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч С.З нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 477 дугаар байр, 11 тоотод байрлах орон сууцны өмчлөгч болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба сууц өмчлөгч нь В СӨХ-ны удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр 4477 дугаар байрны 11 тоотын засвар үйлчилгээний зардалд 3 916 782 төгрөг төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь СӨХ-ны дээрх зардлыг заавал төлөх үүрэгтэй байдаг ба СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах, үйлчилгээний асуудлын талаарх маргаан нь тусдаа асуудал, харилцан тооцох үүрэг биш юм.

 

, ы хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.З нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч С.З нь СӨХ-ны засвар үйлчилгээний зардлыг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн

 

6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1-д зааснаар нэхэмжлэгч В СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77 619 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Згоос 3 916 728.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В СӨХ-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хос сондор СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 77 619 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Згоос улсын тэмдэгтийн хураамжинд 77 619 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ