Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00769

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00769

 

 

 

“В р ” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “В р ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч С.З д холбогдох, дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 3,916,782.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: С.З нь ... тоотын өмчлөгч, оршин суугч бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг зөрчиж, СӨХ-ны болон нийт оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, 2020 оны 04-12 сар, 2021 оны 01-08 сарыг дуусталх хугацааны СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөр болох 3,916,782 төгрөгийг төлөөгүй болно.

Иймд хариуцагч С.З гоос СӨХ-ны засвар, үйлчилгээний зардал 3,916,782 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох төлбөрийг “В р ” СӨХ-нд төлөх ёстой гэсний дагуу уг төлбөрт нийт 1,413,154 төгрөгийг төлсөн. Гэтэл 4 сарын хугацааг хамарсан гэх 1,413,154 төгрөг нь тухайн хугацаанд гарсан зардлаас хэд дахин давсан шинжтэй төлбөр төлөгдсөн байсныг би холбогдох санхүүгийн тооцоонд үндэслэн мэдсэн бөгөөд улмаар “В р ” СӨХ-нд цаашид дундын өмчлөлийн ашиглалт, үйлчилгээний зардал болох СӨХ-ны төлбөрийг бууруулах хангалттай үндэслэл байгаа талаар хэлж, холбогдох тооцооллуудыг хамтран гаргасан. Гэвч уг төлбөр хураамжийг боломжит хэмжээнд нь хүртэл бууруулаагүй болохоор би тухайн цагаас эхлэн СӨХ-ны гэх төлбөрийг төлөхөө зогсоож, холбогдох шаардлагуудыг тавьсаар ирсэн боловч дээрх СӨХ нь уг орон сууцны борлуулагч “У” ХХК-тай хамааралтай байдлаар үйл ажиллагаа явуулах, СӨХ-ны төлбөр, хураамжийг тогтоохдоо борлуулагч компанийн захирал Ц.О гэх хүний заавраар тогтоох зэргээр хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаас давсан, түүнд ямар ч хамааралгүй зардлуудыг санхүүжүүлсэн төлбөр хураамжийг надаар төлүүлэх гэж нэхэмжилж байгааг би огт хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.З гоос 3,916,728 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “В р ” СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “В р ” СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,619 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.З гоос улсын тэмдэгтийн хураамжид 77,619 төгрөгийг гаргуулан нэхэмлэгч “В р ” СӨХ-нд олгосон.   

 

  1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

          а. “В р ” СӨХ-ны хариуцаж буй орон сууцнууд нь 2019 оны 11 сард ашиглалтад орсон нийт 4 блок 155 айлын орон сууц гэдэг дээр талууд огт маргадаггүй бөгөөд анхдугаар хурлын тэмдэглэлд “Ирвэл зохих 80 сууц өмчлөгчдөөс биечлэн ирсэн 58 хүн, итгэмжлэлээр оролцсон 3 хүн, нийт саналын эрхтэй 61 хүн оролцож 76.25 хувийн ирц бүрдсэн тул хурал эхлэв” гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл уг хуралд 155 айл ирвэл зохих ёстой юу 80 айл буюу сууц өмчлөгч ирвэл зохих юм уу гэдгийг бүрэн тогтоолгүй, 61 хүн оролцсоныг 76.25 хувийн ирцтэй гэж тооцоолж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2, 9.3, 9.5-д хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан байдаг. Шүүх хуулийн дээрх зохицуулалтаар тус СӨХ-ны бүх гишүүдийн хурлын ирцийг хэрхэн тооцож байгаа, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралдаа оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн санал нь хичнээн гишүүний санал байх ёстой эсэхэд хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

          б. Аливаа сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаж байгаа бол “Холбооны дүрэм”-ийн төслийг СӨХ байгуулах анхдугаар хурлаар хэлэлцүүлж, батлуулах ёстой байдаг. Гэтэл анхдугаар хурлын хэлэлцэх асуудалд холбооны үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох дүрмийг хэлэлцэж, батлах асуудлыг багтаагаагүй буюу огт хэлэлцээгүй болох ньтус хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр тус СӨХ нь дүрэмтэй гэх боловч уг дүрмээ нотлох баримтаар гаргаж өгөөгүйг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг зохицуулж буй хуулийн 6.2-т “Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална”, 6.1.6-д “сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам” зэргийг бүх гишүүд дүрмэндээ хэрхэн тусгасан эсэхийг тогтооход ач холбогдолтой баримт юм. Холбооны дүрэмд заасан зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой журмыг үзэх зайлшгүй шаардлага нь анхдугаар хурлын тэмдэглэлд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний тогтмол зардал 166,630, дундын өмчлөлийн хэрэглээний хувьсах зардал 650 төгрөг байна гэж тусгагдсан байна. Харин анхдугаар хурлын 0 тогтоол-д нэг м.кв тутамд 650 төгрөг байна хэмээн зөрүүтэй байдлаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл тогтмол зардал гэдэгт юу юу багтаж байгаа вэ, хувьсах зардалд юу юу багтаж байгаа вэ, м.кв буюу талбай нь байшингийн нийтийн эзэмшлийн нийт талбайн хэмжээ юм уу нийтийн эзэмшлийн бус СӨХ-ны гишүүний өөрийн өмчлөлийн орон сууцны нийт талбайн хэмжээ юм уу гэдэг нь ойлгомжгүй буюу хавтаст хэрэгт байгаа баримтууд илтэд зөрүүтэй байдаг.

          в. СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулсан хуулийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад 2020 оны 05 сарын 22, 2021 оны 06 сарын 20-ны өдрийн СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоолоор өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн шийдвэр болсон байхад анхан шатны шүүх хуулийн энэхүү заалтыг огт хэрэглэхгүй нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

          г. СӨХ-ны төлбөр, хураамж гэх өндөр дүнтэй мөнгө буюу 300,000,000 гаруй төгрөгт олон шаардлагагүй, үндэслэлгүй зардлууд багтсан байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.2.7-д “байшин болон харуул хамгаалалтын асуудал”-ыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх талаар тусгасан байдаг. Гэтэл СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Зоригт нь 2020 оны 10 сарын 01-ний өдөр “Харуул хамгаалалтын гэрээ”-г “Мөнх апачи” ХХК-тай байгуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж хийсэн гэрээ буюу бүх гишүүдийн хурлаар огт хэлэлцээгүй асуудлыг дур мэдэн гэрээ байгуулж, уг зардлыг СӨХ-ны гишүүдээр буюу хариуцагч С.З гоор төлүүлэх гэж нэхэмжилж байна.

          д. Мөн хариуцагч С.З гоос нэхэмжилж буй төлбөрийн харгалзах хугацаанд Ковид-19 цар тахлаас хамааралтай хууль тогтоомжуудын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайн цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон нийгмийн даатгалын шимтгэл зэрэг төлбөрүүдийг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлсөн зэргийг шүүх огт анхаарч үзээгүй болно.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2019 оны 11 сард 80 айл байснаас бүх гишүүдийн хурлын зарыг тараахад 61 хүн цугларч, хурлаа хийж шийдвэр, тогтоол гарсан ба хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Хариуцагч тал өмчлөгдөөгүй байсан бүх орон сууцыг оруулж 155 айлын саналын эрхтэй гэж үзэж хувь хэмжээг тооцсон. Хариуцагч С.З нь 2019 оны 12 сар, 2020 оны 01-04 саруудад дундын өмчлөлийн зардлыг төлсөн, анхны хуралд оролцож хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ба үүнтэй маргадаггүй. Үүнээс хойш төлбөр төлөөгүй шалтгаанаа СӨХ-ны төлбөр өндөр тогтоогдсон, төлбөрийг бууруулбал төлөх боломжтой гэж тайлбарладаг. Гэтэл хуульд зааснаар бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны төлбөр, дундын өмчлөлийн зардлыг тогтоосон тохиолдолд эсрэг саналтай байсан хэдий ч биелүүлэх үүрэгтэй. Ковид-19 цар тахал, ирц гэх зэрэг шалтгааны улмаас СӨХ нь дахин бүх гишүүдийн хурлаа хийгээгүй ба хамгийн сүүлд бүх гишүүдийн хурал зарлагдсан боловч ирц хүрээгүй. Иймд дундын өмчлөлийн зардлын үнийн дүнг бууруулах асуудлыг хэлэлцээгүй. Ковид-19 цар тахлын үед СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн шийдвэрүүдээр зардлыг бууруулсан ба нэг шийдвэрт нь хариуцагч гарын үсгээ зурсан. 2019 оны 11 дүгээр сарын бүх гишүүдийн хурал хүчинтэй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоно. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг явуулж “В р ” СӨХ үүсгэн байгуулагдсантай холбоотой баримтыг гаргуулан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “В р ” СӨХ хууль ёсны дагуу байгуулагдсан гэж дүгнэсэн. Хэргийн 101 дүгээр талд авагдсан тэмдэглэлээс үзвэл, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын тооцооллыг сууц өмчлөгчдөд танилцуулсны дараа хэлэлцүүлж, оршин суугчид саналаа хэлсний үндсэн дээр зардлуудыг санал хурааж баталсан. Хариуцагч талаас хэлэлцэх асуудлын дараалалд тусгаагүй байсан гэж гомдол гаргадаг ба үүнийг нь хурлын тэмдэглэлийг бүрэн уншаагүй гэж ойлгохоор байна. Учир нь хэлэлцэх асуудлын дараалалд оршин суугчдын анхдугаар хурал зохион байгуулах, СӨХ байгуулах, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл сонгох асуудлууд багтсан. СӨХ байгуулна гэдэгт хуульд заасан журмын дагуу дүрмээ тогтоож, холбогдох асуудлуудаа шийдвэрлэх ажлууд орох ба үүгээр дүрэм батлагдсан. Мөн 2020, 2021 оны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн тогтоолуудыг хариуцагч мэдэж байсан ба гарын үсэг зурж, хяналт тавьж байсан. Гэтэл шүүхийн шатанд маргахаар хяналтаа хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгч талаас гайхаж байна. 2019 оны 03 дугаар тогтоолоор шаардах эрх үүссэн ба, 2020, 2021 оны тогтоолыг үндэслэхгүй гэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Харуул хамгаалалтын асуудлыг бүх гишүүдийн хурлаа хэлэлцээгүй гэж хариуцагч маргадаг боловч бүх гишүүдийн хурлаар харуул хамгаалалт, ашиглалтын зардал зэргийг хэлэлцсэн ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.3-т заасны дагуу холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэл, бүх гишүүдийн хурлын шийдвэрт нийцүүлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрмээр олгосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах нь гүйцэтгэх захирлын эрх, үүрэгт хамаарна. Ковид-19 цар тахалтай хамааралтайгаар СӨХ-ны төлбөрийг багасгаагүй гэж маргадаг. Нэхэмжлэлээс үзвэл 2020 оноос хойш тогтмол зардал буурсан, мөн цахилгаан дулаантай холбоотойгоор чөлөөлсөн хэсгээс бусад зөрүү төлбөрийг нийтийн эзэмшлийн талбайд хувааж оршин суугчиддаа хуваарилан төлүүлж байгаа. Улсаас чөлөөлсөн төлбөрийг нэхэмжлээгүй. СӨХ-ны дүрэмдээ ашиглалтын зардлыг яаж хуваарилах журмыг тогтоох ёстой гэдэг. Гэтэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3, 147.4 дэх хэсэгт зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж хуулиар тодорхойлсон. Иймд хариуцагчийн эзэмшиж байгаа 213 м.кв талбайг хувьсах зардлын 650 төгрөгт үржүүлж тооцох нь үндэслэлтэй. Нэхэмжлэхдээ талбайн м.кв тогтмол ашиглалт, цахилгааны тариф, ковид-19 цар тахлын үеийн хөнгөлөлтийн зөрүү халаалт, усны тариф, гарааш, засвар үйлчилгээ, нийт төлбөл зохих гэж гаргасан тул задаргаа байхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн тайлан тавьдаггүй гэх гомдол гаргасан байдаг. Тайлан нь “В р ” СӨХ-ны оршин суугчид байдал homebook системд тавигддаг ба энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарладаг. Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд сууц өмчлөгчийн үүргийг заасан, хариуцагч нь сууц өмчлөгч гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул энэ үүргээс нь чөлөөлөхгүй байхыг хүсье гэв.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч “В р ” СӨХ нь хариуцагч С.З д холбогдуулан 2020 оны 04-12 сар, 2021 оны 01-08 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 3,916,782.46 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...СӨХ-ны төлбөр нь бодит зардлаас хэтэрсэн, тус СӨХ-ны харьяалдаг орон сууцууд 155 айл өрхтэй байтал анхдугаар хуралд 61 сууц өмчлөгч оролцож, хуульд зааснаас доогуур ирцтэйгээр СӨХ-ны төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, 2020 оны 05, 06 саруудад Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан шийдвэрээр СӨХ-ны төлбөрийг өөрчилсөн нь буруу, анхдугаар хурлаар СӨХ-ны дүрмийг хэлэлцэж батлаагүй, анхдугаар хурлын тэмдэглэл, тогтоолд зардлын дүн зөрүүтэй тусгагдсан, харуул хамгаалалтын гэрээг СӨХ-ны гүйцэтгэх захирал дур мэдэн байгуулсан...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 1, 42, 114-118/

 

  1. Хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэл нь сууц өмчлөгчийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

 

3.а. Нэхэмжлэгч “В р ” СӨХ нь Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 476, 477, 478, 479 дугаар байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус СӨХ-г эрх бүхий байгууллага анх 2019 оны 12 сарын 24-ний өдөр бүртгэн гэрчилгээ олгож, улмаар 2021 оны 07 сарын 26-ны өдөр гэрчилгээний хугацааг сунгаж, шинэчлэн олгосон, мөн хариуцагч С.З нь тус СӨХ-ны харьяалдаг 477 дугаар байрны 11 тоот хаягт оршин суудаг болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 93, 3/

 

3.б. “В р ” хотхоны оршин суугчид 2019 оны 11 сарын 30-ны өдөр бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, анхдугаар хуралд орох ёстой 80 гишүүнээс 58 хүн биечлэн, 3 хүн итгэмжлэлээр, нийт 61 хүн буюу 76.25%-ийн ирцтэйгээр Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын тогтмол зардлыг 166,630 төгрөг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хувьсах зардлыг 1 м.кв тутам 650 төгрөг, авто гараашийн төлбөрийг 30,000 төгрөгөөр тус тус тогтоосон нь хэрэгт авагдсан “В р ” СӨХ-ны анхдугаар хурлын протокол, анхдугаар хурлын 19/01-2, 19/02-2, 0 тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хх 96, 45, 46, 47/

 

“Тус хотхон нь 2019 онд ашиглалтад орсон, тухайн цаг үед нийт 155 айлын орон сууцанд 80 айл өрх оршин сууж байсан” гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй. Хэрэв “155 айл өрх буюу сууц өмчлөгч оршин сууж байсан, ирц хүрээгүй” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч тал уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох үүрэгтэй.

Иймд тус СӨХ-ны 2019 оны 11 сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд хүрсэн гэж үзнэ.

 

3.в. Хариуцагч тал нь “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хувьсах зардал нь анхдугаар хурлын тэмдэглэл болон тогтоолд зөрүүтэй тусгагдсан” гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэгт дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн өмчилж буй орон сууцны тоо, талбайн хэмжээг харгалзах агуулгатай зохицуулсан байх тул “1 м.кв тутам 650 төгрөгөөр тооцох”-оор шийдвэрлэсэн анхдугаар хурлын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг буруутгах боломжгүй.

 

          3.г. Хариуцагч нь “СӨХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн хамтарсан хурлын 2020 оны 05 сарын 22-ны 00/00 тоот тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 20-ны өдрийн 00/00 тоот тогтоолоор СӨХ-ны төлбөрийн хэмжээг өөрчилсөн нь буруу” гэж тайлбарлаж байх боловч тухайн үед өөрөө зөвшөөрч, 2020 оны 05 сарын 22-ны өдрийн 00/00 тоот тогтоолд Хяналтын зөвлөлийн гишүүний хувиар гарын үсгээ зурсан байна.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа нэг  үндэслэлээ “СӨХ-ны төлбөр нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаас давсан” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна өмнө дурдсан Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн 2020 оны 00/00 тоот тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 00/00 тоот тогтоолоор тус тус 2019 оны бүх гишүүдийн хурлаас тогтоосон СӨХ-ны төлбөрийг “бууруулж” шийдвэрлэсэн, энэ нь сууц өмчлөгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тул хариуцагчийн дээрх татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал нь уг бууруулсан дүнгээр холбогдох цаг хугацааны СӨХ-ны төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

 

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд гүйцэтгэх захирал эрхэлнэ” гэж, мөн зүйлийн 12.4.2-т гүйцэтгэх захирал нь “...орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах” эрхтэй гэж заасан байх тул тус СӨХ-ны гүйцэтгэх захирал нь бусадтай “Харуул хамгаалалтын гэрээ” байгуулсныг буруутгах боломжгүй.

 

          4.а. Сууц өмчлөгч буюу хариуцагч нь тус СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна” гэж заасны дагуу хуралдуулахыг шаардах, 13 дугаар зүйлийн 13.1.4-т “засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

 

          5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 77,619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                                    

 

               ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                              Д.НЯМБАЗАР

мөн