Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 619

 

Б.Х-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00293 дугаар шийдвэртэй, Б.Х-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГ-т холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/000929 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00358 дугаар тогтоолоор Б.Н-, Б.Х- нараас 172 473 029 төгрөг гаргуулан “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Х-, Б.Н- нарын төлбөрт Б.Н-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот орон сууц, гараашийн хамт 209 850 200 төгрөгөөр үнэлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 70 хувиар буюу 146 895 141 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл ирүүлсэн.

Тус  газраас гаргасан 209 850 200 төгрөгийн үнэлгээ нь хэтэрхий нэг талыг барьсан, зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн хууль зүйн үндэслэлгүй, бодит бус үнэлгээ болсон гэж үзэж байна. Уг орон сууц нь зах зээлийн ханшаар 350-360 сая орчим төгрөгийн ханштай, авто зогсоол дангаараа 30 сая орчим төгрөгийн үнэтэй байхад илт доогуур үнэлж, бидний хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн үнэлгээ хийсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй байхад мэргэжлийн бус байгууллагаар үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг үндэслэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 929 дугаар шийдвэрээр Б.Н-, Б.Х- нараас 172 473 029 төгрөгийг гаргуулж “Даймонд Файнанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17290585 дугаар тогтоолоор үүсгэн, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/17168 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Н-, Н.Мөнгөлдэй, Н.Дэнзэндэмбэрэл нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21а дүгээр байрны 62 тоотод байрлах орон сууц, гараашийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17290585/9 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17290585/03, 04 тоот тогтоолоор хураасан.

Өмчлөгч Б.Н-, Н.Мөнгөлдэй, Н.Дэнзэндэмбэрэл нарт үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4/15305, 15303 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнэ тогтоолгоход 209 850 200 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудад утсаар мэдэгдэн, 4/18170 дугаар албан бичгээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Х-т шуудангаар хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нар нь үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн зэргийг харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х-, Б.Н- нарын хариуцагч НШШГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй, орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Х-, Б.Н- нарын төлбөрт Б.Н-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Наран хотхон 21А-62 тоот орон сууц, гараашийн хамт 209 850 200 төгрөгөөр үнэлж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 70 хувиар буюу 146 895 140 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан 209 850 200 төгрөгийн үнэлгээ нь хэт нэг талыг барьсан, зах зээлийн үнэлгээнээс хамаагүй доогуур үнэлсэн, хууль зүйн үндэслэлгүй, бодит бус үнэлгээ болсон гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Н-ийн өмчлөлийн маргаан бүхий хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол үйлдсэн бөгөөд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилсон.

Гэтэл шинжээчээр томилогдсон эрх бүхий этгээд болох “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас аваагүй, харин даатгалын хохирлын үнэлгээ хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан нь хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрөл биш бөгөөд эрхгүй этгээд гэж үзэж байна. Үнэлгээ хийсэн этгээд нь н.Мөнхтуяа гэх хувь хүн, Сангийн яамнаас авсан тусгай зөвшөөрөл нь иргэн н.Мөнхтуяа гэх хүнд олгогдсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн н.Мөнхтуяаг хөрөнгийн үнэлгээчнээр томилоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шүүхийн шийдвэрт үг, үсгийн болон найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Б.Х-, Б.Н- нар нь хариуцагч НШШГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-2206009687 дугаар бүртгэлтэй, орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Х-, Б.Н- нараас нийт 172 473 029 төгрөгийг гаргуулж, “Даймонд файнанс ББСБ” ХХК-д олгох, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 929 дугаар шийдвэрт үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 40-51/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө буюу 90 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хураах ажиллагааг гүйцэтгэжээ. /хх 65,68,69/

 

Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал авахаар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Б.Х-, Б.Н-, өмчлөгч Н.Мөнгөлдэй, Н.Дэнзэндэмбэрэл нарт баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн байх боловч хэн аль нь тогтоосон хугацаанд тодорхой санал ирүүлээгүй байна./хх71, ар тал/

 

Улмаар, төлбөр авагч 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр НШШГ-т хандаж хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хараат бус мэргэжлийн үнэлгээчин томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар, хариуцагч байгууллага 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон тогтоол гаргаж тус байгууллагын үнэлгээчин Р.Мөнхтуяад гардуулсан байна. /хх73,74/

 

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нийт 209 850 200 төгрөгөөр үнэлж, тайланг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид ирүүлснийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, дээрх үнэлгээний 70 хувиар буюу 146 895 140 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн байна. /хх86/

 

Төлбөр төлөгч Б.Х-, Б.Н- нар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгох талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ, шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй бөгөөд Р.Мөнхтуяа гэж хувь хүн үнэлгээ тогтоосон, түүнчлэн барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон байна. /хх76/ Мөн үнэлгээ хийсэн Р.Мөнхтуяа нь тухайн үнэлгээний компанийн ажилтан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий эрхийн гэрчилгээтэй болох нь тогтоогджээ. /хх84/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар буюу зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад уг хэрэгт хамааралгүй этгээдийн нэр бичигдсэн, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, шүүгчийн захирамжийн дугаар, түүний агуулга буруу ташаа бичигдсэн байгааг залруулах боломжтой.

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэгч Б.Х-, Б.Н- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн...” гэснийг “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн...” гэж залруулан өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөх байтал 140 400 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00293 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг ...” гэснийг “нэхэмжлэгч Б.Х-, Б.Н- нарын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70 200 төгрөгийг...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн...” гэснийг “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА