Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00293

 

 

 

 

 

      2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00293

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж, 12-р байр, 9б тоотод оршин суух А  овогтой Б  Х  /РД:ХД74061415/

 

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоотод оршин суух Д   овогт Б  Н /РД:ЦЕ81000902/-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

            Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х , өмгөөлөгч Д.Т , хариуцагчийн төлөөлөгч Ц.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авав.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч Б.Х , түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/000929 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00358 дугаар тогтоолоор Бадарч овогтой Н , Б  овогтой Х  нараас 172 473 029 төгрөг гаргуулан Даймонд Финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Б.Х , Б.Н  нарын төлбөрт Б.Н ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот орон сууц, гаражийн хамт 209 850 200 төгрөгөөр үнэлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 70 хувиар буюу 146 895 1401 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан 209 850 200 төгрөгийн үнэлгээ нь хэтэрхий нэг талыг барьсан, зах зээлийн үнэлгээнээс илтэд доогуур үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит бус үнэлгээ болсон байна гэж үзэж байна. Уг байр нь зах зээлийн ханшаар 350-360 орчим саяын үнэ ханштай, авто зогсоол дангаараа 30 орчим сая төгрөгийн үнэтэй байхад илт доогуур үнэлж, бидний хөрөнгийг үнэгүйдүүлснийг зөвшөөрөхгүй байна. Мөн үнэлгээ хийсэн Хөрөнгө эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй байхад мэргэжлийн бус байгууллагаар үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан ...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... гэж заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргасан ба үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 929 дүгээр шийдвэрээр Б.Н , Б.Х  нараас 172.473.029 төгрөгийг гаргуулж “Даймонд Финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17290585 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, тус газрын 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3/17168 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Н , Н.Мөнгөлдэй, Н.Дэнзэндэмбэрэл нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21а дүгээр байрны 62 тоотод байрлах орон сууц, гражийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17290585/9 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17290585/03, 04 тоот тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Н , Н.Мөнгөлдэй, Н.Дэнзэндэмбэрэл нарт үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4/15305, 15303 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 209.850.000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудад утсаар мэдэгдсэн. Мөн 4/18170 дугаар албан бичгийг Б.Х т 2018.11.01-ний өдөр шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн нэхэмжпэгч нарын үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжпэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.               

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х , Б.Н  нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 21а байрны 62 тоотод байрлах орон сууц болон автозогсоолыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь гомдлоо 2018 оны 11 сарын 07-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/000929 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 07-ны өдрийн 146 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 358 дугаар тогтоолоор Бадарч овогтой Н , Б  овогтой Х  нараас 172 473 029 төгрөг /улсын тэмдэгтийн хураамжийн 1 015 238 төгрөг орж тооцсон дүн/ гаргуулан Даймонд Финанс ББСБ-д олгохоор, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Тус газар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн 17290585/9 тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах орон сууц, 66 тоот авто зогсоолыг битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 17290585/03, 04 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахаар төлбөр төлөгч Б.Х , Б.Н  нарт 2018 оны 9 дүгээр сарын 14-нд, 9 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдэгдлийг хүргүүлсэн ч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 245 дугаар тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргаар ойролцоо 3 хөрөнгийг харьцуулж орон сууцны нэгж талбайн жишиг үнийг 2 131 700 төгрөгөөр тооцон нийт 191 850 200 төгрөгөөр, автозогсоолыг 18 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 209 850 200 төгрөгөөр үнэлжээ.

Нэхэмжлэгч нар нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй, түүнчлэн зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа хэдий ч энэ талаараа нотолж чадаагүй байна.

 

Тодруулбал, Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байх ба тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2015.12.18-2018.12.18 хүртэл олгосон бичилт хийгджээ.

Иймд хариуцагч нь төлбөрт хураасан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээр хийлгэсэн...” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Х , Б.Н  нарын хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1-р хороо, Наран хотхон, 21А байр, 62 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Y-2206009687 дугаарт бүртгэлтэй, орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2018/14289 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ