Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2022/00567

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 21 181/ШШ2022/00567

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ОТ ХХК д холбогдох,

Гуравдагч этгээд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г, Х.П, АФ ХХК, М.Очиржанцан, ХТТ ТББ, Ч.У нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээний зүйл болох оффисын талбайн дутсан төлбөрт 158,796,282 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ОТ ХХК болон О.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 м.кв талбай бүхий 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай гражуудыг ОТ ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Б.Өлзийцэрэн, гуравдагч этгээд АФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, өмгөөлөгч Т.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Х болон ОТ ХХК нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээгээр Ү-22********** дугаарт бүртгэгдсэн, Улаанбаат ар хот, Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө хаягт байрлах 26 дугаар байрны 07 дугаар давхрын 1028 м.кв талбайтай оффис, 8 давхрын 178.65 м.кв талбайтай оффис болон зоорийн давхрын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар бүхий нийт 106.3 м.кв талбайтай зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийг О.Х худалдан авсан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг ОТ ХХК-ийн шаардлагын дагуу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн боловч тус компанийн шат шатны хүнд суртлаас болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 3 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр О.Х өөрийн нэр дээр хүлээн авсан.

Улмаар албан ёсны тусгай зөвшөөрөл бүхий АД ХХК-аар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талбайд хэмжилт хийлгэхэд 7 давхрын оффисийн талбай 130.88 м.кв, 8 давхрын оффисийн талбай 21.85 м.кв-аар тус тус, нийт 152.73 м.кв дутсан.

Тиймээс худалдан авагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдагчид хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргасан, худалдагч нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдлын шаардлагын хариуг ирүүлсэн бөгөөд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдсан байсан тул 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээ-ний зүйл болох оффисийн талбайн дутсан төлбөрт 158,796,282 төгрөгийг ОТ ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

О.Х миний бие ОТ ХХК-аас Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26 дугаар байрны 7 давхрын 1028 м.кв талбайтай оффис, 8 давхрын 178.65 м.кв талбайтай оффис болон зоорийн давхрын 2, 3, 4, 5, 6, 7 дугаарын 106.3 м.кв талбайтай авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,365,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болно.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Англи улсын стандарт Чартеред банкны барьцаанд бүртгэлтэй бөгөөд төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны дотор урьдчилан төлсний дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, бидний төлсөн мөнгөөр зээлийн төлбөрийг төлж барьцаанаас чөлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч буюу миний өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг ОТ ХХК-аас тавьсан. Бидэнд тайлбарласнаар ОТ ХХК-ийн бүх хөрөнгө нь зээлийн барьцаанд бүртгэлтэй бөгөөд ямар ч төрлийн хөрөнгийг худалдсан энэ процессыг мөрддөг, гэрээ хэлцлүүд нь стандарт байдаг, дунджаар 14 хоног зарцуулагддаг, хамгийн ихдээ 3 сарын хугацаа зарцуулагдана гэж тайлбарласан юм.

Гэрээний төслийг үзэхийг хүсэхэд гэрээний төлбөр урьдчилан төлөгдөх учраас онцгой зохицуулалт байхгүй, өмчлөл шилжүүлэх тухай стандарт нөхцөлтэй л гэрээ, одоо үзүүлэх боломжгүй, мөнгөө төлтөл байгууллагын нууц гэж тайлбарласан. Үнэхээр ч төлбөрийг урьдчилан төлж буй учир тусгайлан тохирох онцгой зүйл бидний харилцаанд үүсэхээргүй санагдсан. Нотариатч дээр байдаг энгийн гэрээ байгуулна гэж ойлгосон.

Миний бие ОТ ХХК-аас өмнө нь аливаа хөрөнгө худалдан авч байгаагүй, ерөөсөө тухайн компанитай эрх зүйн харилцаанд орж байгаагүй. Монгол улсын хамгийн том аж ахуйн нэгжийн нэг, дэлхийн хэмжээний компанийн ажилтнуудад итгэж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,365,100,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн төлж төлбөрийн даалгаврын нэг хувийг ОТ ХХК-д өгсөн.

Нэгэнт төлбөрийг бүрэн төлсөн тул нотариатч дээр очиж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хүсэхэд миний мэдээллийг гэрээний загварт дуусгахад хугацаа хэрэгтэй, эргэн мэдэгдэнэ гэж хэлээд бидний уулзалт өндөрлөсөн. Би энэ хугацааг нэг өдөр буюу маргааш нь намайг дуудна гэж ойлгож тэдний оффисийг орхисон.

Гэтэл маргаашаас нь эхлээд үл ойлгогдох үйл явдлууд эхэлсэн. Надтай байгуулах гэрээ яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Азийн зам ХХК гэх байгууллагаас эрх шилжүүлсэн, миний бие шилжүүлэн авсан гэрээ байгуулах эсхүл надад итгэмжлэл олгох шаардлагатай гэж ОТ ХХК-ийн ажилтнууд ярьж эхэлсэн. Үл таних дугаараас надтай холбогдож зуучлалын үйл ажиллагаа хийсэн тодорхойлолт авмаар байна гэж холбогдох болсон.

Миний бие манай хамт олон Азийн зам ХХК гэх байгууллагыг огт мэдэхгүй, тухайн компанитай ямар ч гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, ОТ ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад ямар ч зуучлалын үйлчилгээ аваагүй, аливаа борлуулагчтай холбогдож байгаагүй.

Учир нь үл ойлгогдох асуудлуудыг тайлбарлахыг ОТ ХХК-аас шаардаж удирдах түвшний ажилтнуудтай хэд хэдэн уулзалт болсон.

Энэ уулзалтуудаар:

1. ОТ ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө нь хэд хэдэн удаа дуудлага худалдаанд оруулсан нь амжилтгүй болсон буюу худалдан авагч олдоогүй болох нь

2. Биднээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж шаардсан 1,365,100,000 төгрөг нь сүүлийн дуудлага худалдаанд ялагч Азийн зам ХХК гэх байгууллагын дуудлага худалдаанд өгч ялагч болсон үнэ болох нь

3. Дуудлага худалдаанд ялагч нь төлбөрийг төлж чадахгүй гэсэн бөгөөд төлбөр төлөх эцсийн өдөр нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байсан бөгөөд надаар тухайн ялагчийн оронд төлбөрийг төлүүлсэн нь

4. ОТ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар зуучлагчтай гэрээ байгуулсан бөгөөд зуучлагч нь надаар тодорхойлолт зуруулж төлбөр авах гэж байсан нь тус тус тодорхой болсон.

Өөрөөр хэлбэл хөрөнгө худалдах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ОТ ХХК-ийн ажилтнууд бүлэглэн үгсэж бусадтай зуучлалын гэрээ байгуулах замаар хувь хүртдэг нь илэрхий бөгөөд энэ үйл ажиллагаанд нь миний бие өртсөн нь тодорхой болсон. Би ямар ч мэдээлэлгүйгээр ОТ ХХК-ийн зарласан дуудлага худалдаанд оролцож, хүний өмнөөс мөнгө төлж хохирогч болсон нь тодорхой болсон.

Тухайн оны 05 дугаар сарын 09-ний өдөр манай хамт олон өөрсдийн үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсний 5 жилийн ой тохиож байсан. Энэ ойгоороо өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөтэй болох, хүүхдүүдэд зориулсан программ хангамж кодчлолын үйл ажиллагаа эхлүүлж, үйл ажиллагаагаа тэлэх үндсэн зорилгыг бид өмнөө тавьсан байсан. Хамтран ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудаас ч биднийг дэмжихээ илэрхийлсэн байсан юм.

Бид ОТ ХХК-тай анх уулзахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлээр авах боломжтой тухайгаа тодорхой ойлгуулсан боловч тэд зөвшөөрөөгүй юм. Харилцагч банкнаас бидэнд үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсны дараа барьцаалан зээл олгож болно гэж мэдэгдсэний дагуу хувь хүмүүсээс өндөр хүүтэй богино хугацаатай зээл татаж 1,365,100,000 төгрөгийг бүрдүүлсэн байсан.

Бидний хувьд буцахад хэт оройтсон байсан. Хүүний зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байхад ОТ ХХК-ийн ажилтнуудын тарьсан будлианаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх ажиллагаа эхлээ ч үгүй байдаг. Хэрэв гэрээг буцаах тохиолдолд бидэнд үүссэн зээлийн хүүний хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь сунжирсан маргаан дагуулах нөхцөл үүссэн. Бидэнтэй уулзсан удирдах ажилтан гэрээгээ байгуулж аль аль талаа маргаанаас сэргийлэхийг санал болгож байсан.

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ОТ ХХК намайг дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээний төсөл бүхэлдээ буюу бүтэн 20 хуудас ОТ ХХК-г ямар ч хариуцлага хүлээхгүй, хариуцлагаас чөлөөлж буй тухай заалттай гэрээ байсан. Мөнгөө түрүүлээд төлсөн надад ямар ч хэлцэл хийх нөхцөл байгаагүй. Гэхдээ гэрээний Ерөнхий зүйлийн А хэсэгт ...Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны Залуучуудын өргөн чөлөө хаягт байрлах 26 дугаар байрны 07 дугаар давхрын 1028 м.кв талбайтай оффис, 8 давхрын 178.65 м.кв талбайтай оффис болон зоорийн давхрын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар бүхий нийт 106.3 м.кв талбайтай зогсоол, нийт 6 авто зогсоолын хамт гэж, тодорхойлолт хэсгийн 2.1-т мөн яг ижил утгаар маш тодорхой зохицуулалт туссан байсан. Гэрээнд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээнд яг энэ хэмжээгээр аливаа зөрүүгүйгээр бичигдсэн байсан.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эди хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тодорхойлдолд үнэн зөв гэж тооцно гэж тодорхой зохицуулсан.

2018 оны 5 сарын 9-нд гэрээ байгуулна гэж намайг дуудсан боловч гэрээнд ОТ ХХК гарын үсэг зураагүй. Үүссэн нөхцөл байдлыг намжаах зорилгоор намайг гарын үсэг зуруулаад өөрсдөө гэрээгээ аваад үлдчихсэн. Гэрээний хугацаа хэсгийн 3.1-т Энэхүү гэрээ нь гэрээнд аль нэг талын хамгийн сүүлд гарын үсэг зурсан өдөр (гэрээ хүчин төгөлдөр болох өдөр гэх)-өөс эхлэн хүчин төгөлдөр болж заавал биелэгдэх... гэж тодорхой заасан байна. Энэхүү гэрээнд ОТ ХХК-ийг төлөөлөх этгээд 2018 оны 5 сарын 18-ны өдөр гарын үсэг зурсан гэдэг нь ОТ ХХК-аас ирүүлсэн цахим шуудан /[email protected]/-aap нотлогдох бөгөөд гэрээ нь 2018 оны 5 сарын 22-ний өдөр нотариатчаар гэрчлэгдсэн нь нотариатчийн тамганы огнооноос харагдана. Нхх 127x1 Өөрөөр хэлбэл ОТ ХХК-ийн 2018 оны 5 сарын 9-ний өдөр надад хөрөнгийг хүлээлгэж өгсөн гэдэг нь огт үндэсгүй зүйл юм. Хүчин төгөлдөр болоогүй гэрээний дагуу аливаа зүйл хүлээж авах ямар ч үндэслэлгүй.

ОТ ХХК-аас би тухайн үл хөдлөх хөрөнгөнд нэвтрэх түлхүүрийг авсан боловч тэд надад өмчлөх эрхийг шилжүүлээгүй, гэрээг өгөөгүй, албан бичиг ч олгоогүй юм. 2018 оны 5 сарын 9-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгөнд нэвтэрч үзэхэд тэд нүүхдээ оффисыг бүрэн сүйтгэсэн байсан. Тааз, ханаар татсан кабелуудыг авахдаа урсан, хананд суулгасан төхөөрөмжүүдийг салгахдаа цөмлөсөн, эвдсэн. Халаалт, хөргөлтийн төхөөрөмжүүдийг салгаж авч явсан. Ариун цэврийн өрөө бөглөрсөн, бохир нь хальсан. Гал тогоо байсан хэсгийг бүрэн сүйтгэсэн байсан. Барилгад бидний төлөвлөсөн үйл ажиллагааг явуулахад ямар ч боломжгүй, зайлшгүй засвар хэрэгтэй болсон байсан.

Бидэнд гэрээ ч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч, албан бичиг ч байгаагүй учир засварын ажил эхлүүлэх байтугай, ашиглалтын үйлчилгээний гэрээ ч байгуулж болохгүй байсан. ОТ ХХК-ийн удаа дараагийн биднийг хуурсан үйлдлээс шалтгаалан засварын ажилд нэмэлт хөрөнгө гаргах ч эх үүсвэр, итгэл байхгүй болсон байсан. Засварын ажил хийх зуныг бид ОТ ХХК-ийн ажилтнуудтай хөөцөлдөж өнгөрөөсөн. Бидний утсыг ч авахаа байсан, уулзахаар очиход гарч ирдэггүй, бие бие рүүгээ түлхэж хуурамч утасны дугаар өгч байсан.

Арай гэж уулзахад үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөөгүй гэж ам таглана. Ингэсээр 2018 оны 7 cap гартал үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл 2018 оны 6 сарын 20-ны өдөр дуусгавар болсныг бид олж мэдсэн. Тэд биднээс нуусан байсан.

Энэ бүхэн тодорхой болоход бидний тэвчээр дууссан. 2018 оны 7 сарын 19-нд асуудлыг шүүхэд шилжүүлэх, тэдний авлигын асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлэх захидал бичиж байж бид 2018 оны 7 сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. /1 хх 138х/

Гэрчилгээг шилжүүлж авмагц засварын ажлыг эхлүүлэхээр талбайн хэмжилт хийсэн бөгөөд ийнхүү хэмжилтээр 7 давхрын оффисын хэсэг бүх булан тохойг оруулаад 130,88 м.кв-аар, 8 давхрын оффисын хэсэг 21,85 м.кв талбайгаар дутсан. Миний худалдаж авсан нийт талбайн 12 хувь нь огт байгаагүй, оргүй алга болсон.

ОТ ХХК гэрээний Тодорхойлолт хэсгийн байгаа байдлаар нь, байгаа газарт нь нөхцөлийг зааж өөрсдийгөө хариуцлага хүлээхгүй гэжээ. Энэ хэсгийг уншвал зөвхөн барилгын дотор тохижилт, нөхцөлийн тухай заалт болохоос, талбайн дутуу зохицуулалт ерөөсөө биш юм. Энэ хэсэгт барилгын талбай дутуу байж болно гэсэн ганц ч гипотез байхгүй. Тухайн заалт дотор хөрөнгийн чанар, нөхцөлийн талаар гэж маш тодорхой туссан байна. Миний бие шинээр баригдсан барилга худалдаж аваагүй. Тиймээс чанар болон доторх нөхцөл нь тодорхой хэмжээгээр элэгдсэн байх нь ойлгомжтой юм. Иймээс тухайн элэгдлийг л би зөвшөөрсөн болохоос талбайн дутуу байх тухай огт зөвшөөрөөгүй. Энэ заалт талбай дутуу байж болох тухай агуулгатай гэж надад уншигдахаар бичигдээгүй, тэгэж тайлбарлах ч боломжгүй. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-т Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж тодорхой заасан.

Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь эдийн засгийн утгаараа үнэ цэнээ хадгалах хамгийн тогтвортой хөрөнгө оруулалтад тооцогддог. Учир нь цаг хугацааны хүчин зүйлд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний гол нөхцөл болох талбайн хэмжээ, байрлалд өөрчлөлт ордоггүй шинж чанартай. Энэ ч утгаараа англи хэлэнд үл хөдлөх хөрөнгийг real estate /жинхэнэ хөрөнгө/, immovable asset гэсэн нэршлийг ашигладаг юм. Гэтэл ОТ ХХК цаг хугацааны хүчин зүйлийн нөлөөлөлд орох засвар тохижилтын харилцааг зохицуулсан заалтыг үндэслэж талбайн хэмжээ дутаасны хариуцлагаас зугатаж байгаа нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Бид Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд хүсэлт илгээж энэ үл хөдлөхтэй холбоотой мэдээллийг авах гэсэн боловч өмчлөгчийн зөвшөөрлөөр өгнө гэсэн үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэгдсэн надад мэдээлэл өгөхөөс татгалзсан жигтэй хэрэг болсон. /1хх 232x1 Энэ шүүхийн маргаан эхэлснээс хойш шүүхийн журмаар тухайн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг татаж үзэхэд ОТ ХХК нь энэ барилгын талбай дутуу болохыг мэдэж байсан нь тодорхой байна.

Тодруулбал, ОТ ХХК нь АММ ХХК нэртэй байхдаа 2004 оны 10 сарын 22-ны өдөр Сеул Модерн Хаузинг ХХК-тай Ажлын байр худалдаж авах, түрээслэх тухай гэрээ байгуулахдаа 7 давхарт доод тал нь 1292 м.кв талбайтай, 8 давхарт доод тал нь 800 м.кв талбайтай, 6 автомашины зогсоолтой үл хөдлөх хөрөнгийг захиалсан нь гэрээний 1.1 -т тодорхой туссан байна. /Іхх 170х/ Энэ гэрээний гүйцэтгэлийн дагуу 2006 оны 02 сарын 21-ний өдрийн 000170145 дугаарт гэрчилгээний, улсын бүртгэлийн Ү-22********** дугаар хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр нийт 1304,65 м.кв талбайтай гэсэн гэрчилгээг АММ ХХК-д олгосон баримт байна. Их.х 159x1 Энэ гэрчилгээнд заасан талбайн хэмжээ алдаатай байгааг засуулах тухай АММ ХХК-ийн 2007 оны 10 сарын 22-ны өдрийн 2020/9 дугаарт албан бичиг хэрэгт авагдсан байна. /Іхх 162х/ Гэхдээ энэ бичигт хэмжилтийг хавсаргаагүй. Тэд бас л нуусан. Яагаад ч юм мэдэхгүй, ямар нэгэн учир шалтгаанаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн алба аливаа нотолгоо шаардахгүйгээр АММ ХХК-ийн ирүүлсэн албан бичигт заасан хэмжилтээр нь 7 давхрын 1028 м.кв, 8 давхрын 178,65 м.кв, зогсоолын 106,3 м.кв гэж бүртгэсэн гэрчилгээг 2007 оны 10 сарын 25-ны өдөр олгосон нь миний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ юм. /1хх 185х/

Энэ баримтаар маш тодорхой нотлогдож байгаа үйл баримт нь ОТ ХХК надад үл хөдлөх хөрөнгө зарахдаа талбайн хэмжээ нь бага гэдгийг мэдэж байсан. Тэд энэ нөхцөл байдлаа нуусан. Нуухын тулд үл хөдлөх хөрөнгийн үнийг урьдчилж авсан. Гэрээний төслийг тулгаж байгуулсан. Ийнхүү тулгахдаа дутуу... гэсэн өнчин үгийг доторх заслын тухай мэтээр хавчуулж хариуцлагаас зугтахыг хичээж байна.

Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-т Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж тодорхой заажээ.

Би энэ байгууллагыг арай ч ийм өчүүхэн зорилготой гэж бодохгүй байна. Гэхдээ энэ байгууллагын хангамжийн хэсэгт олон жил бугшсан маш том хар нүх байна. Ийм газар байгуулсныхаа хариуцлагыг энэ байгууллага өөрөө хүлээх ёстой.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах ... шаардлага гаргах эрхтэй гэж зохицуулсан. Тиймээс миний бие оффисын талбайн дутсан төлбөрөө нэхэмжилж байна.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээ-ний зүйл болох оффисын талбайн дутсан төлбөрт 152.73*1,039,719=158,796,282 /нэг зуун тавин найман сая долоон зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч ОТ ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч О.Хд олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ОТ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө, түүний өмгөөлөгч Д.Б, Б.Ө нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Хтэй байгуулсан Оффис болон зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээний-ний ерөнхий зүйлийн А хэсэгт заасны дагуу ОТ ХХК нь хөрөнгийг байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдсан, харин D хэсэгт зааснаар худалдан авагч болон О.Х нь хөрөнгийг тухайн гэрээнд заасан Компанийн санал болгосон Байгаа байдлаар нь байгаа газарт нь нөхцөлийн дагуу худалдан авсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт тодорхойлсноор байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдах худалдан авах гэдэг нь Компани нь хөрөнгийг Хөрөнгийн чанар, нөхцөлийн талаар амаар болон бичгээр ямар нэгэн баталгаа гаргахгүйгээр худалдах, Худалдан авагч нь тэрхүү баталгааг шаардахгүй мөн уг хөрөнгийг худалдан авахад байгаа болон байсан аливаа эвдрэл, согог, дутуу, ажиллагаагүй болох ажиллагаа муутай эд анги түүнчлэн бүх доголдлыг хүлээн зөвшөөрч тухайн хөрөнгийг байгаагаар нь худалдан авахыг хэлнэ гэж тодорхойлсон.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчид гэрээг байгуулахын өмнө хөрөнгийг өөрийн биеэр очиж үзэж эрхийг, шалгах хугацааны хамтаар олгосон. Оюу Толгойн ХХК нь гэрээний Ерөнхий зүйлийн А-д заасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 1,241,000,000 /НӨАТ ороогүй дүн/ төгрөгөөр худалдсан түүнээс биш тухайн үл хөдлөх хөрөнгийг талбайн нэгж үнээр үнэлж худалдаагүй болно. Ийнхүү иргэн О.Х нь тухайн нөхцөлөөр хөрөнгийг худалдан авахыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан, хөрөнгийг шилжүүлэн авсан.

Хариуцагч ОТ ХХК нэхэмжлэгч О.Хтэй 2018 оны 05 сарын 09-ний өдөр Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээний 4.1-д зааснаар ....худалдан авах нийт үнийн дүн нь НӨАТ ороогүйгээр 1 241 000 000 төгрөг болно, мөн гэрээний Ерөнхий зүйлийн А-д ... үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь тус бүр нь 17.67 м.кв талбай бүхий нийт 106.3 м.кв талбайтай 2,3,4,5,6,7 дугаартай гаражын зориулалттай нийт 6 зогсоолын хамт байгаа байдлаар нь байгаа газарт нь , гэрээний 2.6-д байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдах худалдан авах гэдэг нь компани нь хөрөнгийн чанар, нөхцөлийн талаар амаар болон бичгээр ямар нэг баталгаа гаргахгүйгээр худалдах, худалдан авагч нь тэрхүү баталгааг шаардахгүй мөн уг Хөрөнгийг худалдан авахад байгаа болон байсан аливаа эвдрэл, согог, дутуу, ажиллагаагүй болон ажиллагаа муутай эд анги түүнчлэн бүх доголдлыг хүлээн зөвшөөрч тухайн Хөрөнгийг байгаагаар нь худалдан авахыг хэлнэ" гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 1 241 000 000 төгрөгөөр /НӨАТ ороогүй дүн/ үнэлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 -д гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь Оффис болон зогсоол худалдах- худалдан авах гэрээний нөхцөлүүдийг харилцан хүлээн зөвшөөрснөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

Оффис болон зогсоол худалдах-худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай хөрөнгийг талбайн нэгж үнээр үнэлж худалдаагүй байхад нэхэмжлэгч 2018 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээгээр оффис болон зоорийн давхрын зогсоолыг нэгж талбайн хэмжээгээр үнэлж худалдан авсан мэтээр тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагч ОТ ХХК /хуучнаар АММ ХХК/ Баянзүрх дүүргийн 1 хороо 26 дугаар байрны 7, 8 дугаар давхар болон 2-7 дугаар зогсоолууд бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг 2007 оны 10 сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн 000038589 дугаарын гэрчилгээнд 1028 м.кв, 178.65 м.кв болон 103.65 м.кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Сөүл Модерн Хаузинг ХХК-д захиалан бариулж худалдан авсан. Хариуцагч ОТ ХХК 2007 оны 10 сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн 000038589 дугаарын гэрчилгээнд бичигдсэн эд хөрөнгөнүүдийг гэрчилгээнд бичигдсэн хэмжээгээр нь нэхэмжлэгч О.Хтэй 2018 оны 05 сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Оффис болон зогсоол худалдах-худалдан авах гэрээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь ОТ ХХК /хуучнаар АММ ХХК/ нэр дээр улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000038589 дугаартай гэрчилгээнд заасан хэмжээтэй ижил бөгөөд хариуцагч ямар нэгэн байдлаар хэмжээг дутаасан зүйл огт байхгүй болно.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө. 26-р байрны 7 давхарт байрлах 1028 м.кв талбайтай оффис, 8 давхарт байрлах 178.6 м.кв тайлбайтай оффис. мөн зоорийн давхарт байрлах 106.3 м.кв талбайтай 6 зогсоолууд болох хөрөнгө нь 2018 оны 05 сарын 09-ний өдөр гэрээ байгуулахад барьцаанд байсан. Хөрөнгө барьцаанд байснаас шалтгаалан барьцаанаас суллахад хугацаа шаардагдах тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ тодорхой хугацааны дараа гарахыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч Оффис болон зогсоол худалдах-худалдан авах гэрээний Ерөнхий зүйлийн С-д Худалдан авагч нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Залуучуудын өргөн чөлөө, 26-р байрны 7 давхарт байрлах 1028 м.кв талбайтай оффис, 8 давхарт байрлах 178.6 м.кв талбайтай оффис, мөн зоорийн давхарт байрлах 106.3 м.кв талбайтай 6 зогсоолууд болох хөрөнгө нь барьцаанд байгааг мэдэж байгаа бөгөөд хөрөнгийг барьцаанаас суллах зөвшөөрөл авах. барьцаанаас суллах, хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхэд доод тал нь 3 сарын хугацаа зарцуулагдахыг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа гэж тусгасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг 2018 оны 07 сард шилжүүлэн өгсөн.

Харин нэхэмжлэгч өөрсдийн байгууллагын ойн өдөр үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж эхлэх засварын ажил нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсны дагуу хариуцагчаас 2018 оны 05 сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг суллан түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-д худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно" гэж зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авсан.

Хэрэв үл хөдлөх эд хөрөнгөөс үүдэлтэй хохирол үүссэн гэж үзсэн тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээх асуудлыг талууд харилцан тохиролцож Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд заасан. Тус зүйлийн 5.1.1 -д Компани хөрөнгийг Байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдаж байгаа бөгөөд Компани нь худалдан авагчид үнийн санал өгөхөөс өмнө болон гэрээг байгуулахын өмнөхөн Хөрөнгийг өөрийн биеэр очиж үзэж, шалгах хангалттай хугацаа болон боломж олгосон бөгөөд Худалдан авагч нь Хөрөнгийг өөрийн биеэр очиж үзсэн буюу үзэх боломж олгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс компани хөрөнгийг байгаа байдалд нь ямар ч баталгаа өгөхгүй болно. Иймд компани нь хөрөнгийн эзэмшил нь худалдан авагчид шилжсэний дараа Хөрөнгөнд үүсэх аливаа эвдрэл, гэмтэл, хохирол, түүнтэй холбогдох засвар, даатгал бусад эрсдэлийг компани хариуцахгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээ байгуулахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзэх, өөрөө буюу мэргэжлийн байгууллагаар шалгуулах хангалттай боломж, хугацаа олгож, байгаа байдлаар" нь байгаа газарт нь худалдан авахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн хүсэлт, и-мэйлийг үндэслэн гэрээ байгуулсан тул хөрөнгө нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн өдрөөс эхлэн уг хөрөнгөтэй холбоотой бүх эрсдэл, хариуцлага нэхэмжлэгчид шилжсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ОТ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ОТ ХХК хариуцагч О.Хтэй 2018 оны 05 сарын 09-ний өдөр Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч ОТ ХХК хариуцагч О.Хд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь тус бүр нь 17.67 м.кв талбай бүхий нийт 106.3 м.кв талбайтай 2,3,4,5,6,7 дугаартай гаражийн зориулалттай нийт 6 зогсоолын хамт байгаа байдлаар нь нийтэд нь Нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүйгээр 1 241 000 000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч О.Х 2018 оны 04 сарын 16-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр нийт 1 365 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Оюутолгой" ХХК-нд төлснөөр ОТ ХХК нь О.Хд 2018 оны 05 сарын 09-ний өдөр Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээний хавсралт-2 т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь 106.3 м.кв талбайтай 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай гараж бүхий эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Хаан үнэлгээ ХХК-аар хийлгэж, 2018 оны 5 дугаар cap болон 2021 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээг гаргасан. Тус хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсанаар 2018 оны 05 дугаар сарын байдлаар контор үйлчилгээний (оффисын) зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 метр квадратын үнэлгээ 2 570 500 төгрөг нийт 3 101 694 000 төгрөг, нэг гаражийн үнэлгээ нь 15 529 000 төгрөг нийт 93 174 000 төгрөг, хамтдаа нийтдээ 3 194 867 640 төгрөгийн үнэлгээтэй байна.

2021 оны 07 дугаар сарын байдлаар контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 1 метр квадратын үнэлгээ нь 4 077 578 төгрөг буюу нийт 4 920 210 000 төгрөг, нэг гаражийн үнэлгээ 27 122 500 төгрөг буюу нийт 162 735 000 төгрөг, хамтдаа нийт 5 082 945 000 төгрөгийн үнэтэй гэсэн үнэлгээ гарсан байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дагуу хариуцагч нь 2018 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн үнээс 2 дахин бага, 2021 оны 07 сарын байдлаар 3 дахин бага үнээр худалдан авсан гэдэг нь нотлогдож байна.

ОТ ХХК нь нэхэмжлэгч О.Хд Ү-22********** дугаартай Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь тус бүр нь 17.67 м.кв талбай бүхий нийт 106.3 м.кв талбайтай 2,3,4,5,6,7 дугаартай гаражийн зориулалттай нийт 6 зогсоолын хамт тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс хямдаар худалдсан байхад тэрээр Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд тус компаниас нэмж дутуу талбайн үнэ 158 796 282 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний Хуулийн 243.1-д заасан ...худалдагч худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэсэн үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. Худалдан авагч тухайн үед дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан авахдаа байгаа байдлаар нь хүлээн авахаа илэрхийлж, зах зээлийн ханшнаас илүү хямд ханшаар худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, тодорхой хэсгийг нь бусдад худалдсаныхаа дараа тус компаниас дутуу талбайн үнэ гэж 158 796 282 төгрөг нэхэмжилж байгааг Иргэний Хуулийн 243.1-д заасан худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авах үүргээ зөрчсөн, 206.1-д заасан ...үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд ОТ ХХК-ийн зүгээс Иргэний Хуулийн 227.7-д ...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 225.1-д ...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205.1-д ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй заасны дагуу 2018 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч О.Хтэй байгуулсан Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг буцаан шилжүүлж авах шаардах эрхээ хэрэгжүүлж байна.

Иргэний Хуулийн 227.1, 225.1, 205.1-д заасны дагуу ОТ ХХК болон Оюунбилэг овогтой Хаш-Эрдэнэ нарын хооронд 2018 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан Оффис болон зогсоол худалдах худалдан авах гэрээ-r цуцалж, Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь 106.3 м.кв талбайтай 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай гражуудыг ОТ ХХК-ний нэр дээр буцаан шилжүүлэхийг О.Хд даалгаж өгнө үү гэв.

 

О.Х шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, өмгөөлөгч Т.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ болох 1,241,000,000 /нэг тэрбум хоёр зуун дөчин нэгэн сая/ төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан дүнгээр 1 365 100 000 /нэг тэрбум гурван зуун жаран таван сая нэг зуун мянган/ төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн төлж, төлбөрийн даалгаврын нэг хувийг Оюу-толгой ХХК-д өгсөн. Мөн 2018 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч О.Хтэй байгуулсан Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т Худалдан авагч энэхүү гэрээний 4.1-т заасан төлбөрийг НӨАТ-ыг нэмж бүгдийг бүтнээр нь төлж Компанийн хаан банк дахь 5601001018 тоот төгрөгийн дансанд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн буюу гэрээний үүргээ худалдан авагч гүйцэтгэсэн талаар оруулсан байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах 26-р байрны 7, 8 давхрын оффис, зоорийн давхар дахь 2, 3, 4, 5, 6, 7 дугаартай зогсоолын хамт түүнд нэвтрэх түлхүүрийг 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 ..Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэсний дагуу худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл буюу түлхүүрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан тул худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байна.

Иймд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ үнэнч, шударгаар биелүүлсэн.

Иймд Оюу-толгой ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 227.1-д ...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 225.1-д ...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй , 205.1-д ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй заасны дагуу 2018 оны 05 сарын 09-ний өдор нэхэмжлэгч О.Хтэй байгуулсан Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг буцаан шаардан авах эрхээ хэрэгжүүлж байна гэжээ.

Хариуцагч Оюу-толгой ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, мөн энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар 2018 оны 05 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч О.Хтэй байгуулсан Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзахын тулд нэхэмжлэгч буюу худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 болон 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар үнэнч, шударгаар биелүүлчихсэн. Ямар нэгэн үүргийн зөрчил гаргаагүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь хоёр талын гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ огт гүйцэтгээгүй байх, аль эсвэл үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн байхыг шаардана. Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхгүй.

Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байх тул сөрөг нэхэмжлэлд дурьдснаар хариуцагч гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд АФ ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үйлчилгээ конторын зориулалттай улсын бүртгэлийн 000742407 дугаартай үл хөдлөх 191.1 метр квадрат талбайтай хөрөнгө, мөн зоорийн давхарт байрлах 2 автомашины зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг манай компани иргэн Д.Баасанхүүгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулан 470.000.000 /дөрвөн зуун далан сая / төгрөгөөр худалдан авсан.

Манай компани иргэний хуульд заасан арга хэрэгслээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлж, худалдагч талд төлбөрийг шилжүүлэн тус үл хөдлөх хөрөнгөнүүдийг өөрийн нэр шилжүүлэн авсан ба манай компанийн хувьд тус үл хөдлөх хөрөнгөнүүдийг шударгаар, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан шударга өмчлөгч юм. Иргэн Д.Баасанхүүтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, тус гэрээг үгүйсгэх няцаах ямар нэгэн үндэслэл байхгүй манай компани иргэн Д.Баасанхүүтэй гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчимд тулгуурлан Улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэн, хуульд заасан гэрээг бичгээр байгуулж, төлбөрийг шилжүүлж тус үл хөдлөх хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шударгаар олж авсан болно.

Түүнчлэн одоо Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа О.Хаш-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагчаар ОТ ХХК оролцож буй иргэний хэрэг нь манай байгууллага тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаас өмнөх асуудал ба манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ёсгүй хэмээн үзэж байна.

Хариуцагч болон нэхэмжлэгч нарын маргааныг харахад метр квадратын зөрүүтэй байдлаас үүссэн мөнгийг нэхэмжилсэн байгаа байдал шударгаар үл хөдлөх хөрөнгийг олж авсан манай компанид ямар ч хамааралгүй гэж үзэж байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас ОТ ХХК болон О.Х нарын хооронд байгуулсан Оффис болон зогсоол худалдах, худалдан авах тухай гэрээ, гэрээний хавсралт /33х/, Улсын бүртгэлийн Ү-2204017130 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, АД ХХК-ийн хэмжилт хийсэн дүгнэлт /6х/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8/1632 дугаар албан бичиг, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо торресд хандсан гомдол /2х/, ОТ ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5107/lgg дугаар албан бичиг /2х/, О.Хаш-Эрдэнийн хаан банкны дансны хуулга, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /3х/, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 154 дугаар Зээлийн гэрээ, Батлан даалтын гэрээ /4х/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /2х/, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /2х/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /2х/, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-20180416-01 дугаар Зээлийн гэрээ /2х/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-20180716-01-А дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.

Харицагч талаас ОТ ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3205/1 дугаар албан бичиг, О.Хаш-Эрдэнийн Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авах тухай хүсэлт, Хаан банкны 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19/1401 дугаар Тодорхойлолт, ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо торресд хандсан гомдол /2х/, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн О.Хэс Ж.Батмөнхөд олгосон итгэмжлэл, О.Хаш-Эрдэнийн ОТ ХХК-ийн хангамжийн хэлтэст Гэрээний төсөлд санал хүргүүлэх тухай баримт, НӨАТ-ын баримт, Стандартчилал, хэмжил зүйн газрын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал /10х/, Хаан үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /39х/, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний талаарх баримт /2х/ зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.

Шүүхийн журмаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл болсон Худалдах худалдан авах гэрээ болон түүний хавсралтууд, түүнд хавсаргасан бүх баримт материал, Улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг /118х/, Стандарт, хэмжил зүйн газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11/225 дугаар албан бичиг, АД ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /2х/, Барилгын хөгжлийн төв, АД ХХК-ийн хооронд байгуулсан Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, Стандартчилал, хэмжил зүйн газар-ын шалгалт тохируулгын гэрээ, О.Хаш-Эрдэнийн [email protected] болон [email protected] хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /23х/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/509 албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн гэрчилгээ /7х/, Г.Энхболдын [email protected] цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /23х/, Г.Энхболдын гэрчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл /5х/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 болон 8 давхар мөн зоорийн давхрын 2-7 дугаартай зогсоолд байршилтай контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 07 сарын 25-ны өдөр О.Хаш-Эрдэнийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэгдэж гэрчилгээ гарснаас хойш 7, 8 давхар болон зоорийн давхрын 2-7 тоот зогсоолыг хэдэн хэсэг болгон хуваасан эсэх, хуваасан хэсгүүд нь гуравдагч этгээдэд шилжсэн талаарх баримт буюу худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээнүүд болон түүний хавсралтууд баримт мэдээлэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /72х/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Б.Г /РД:ЦБ87042313/, Х.П /РД:УХ75122537/, АФ ХХК /РД:5630975/, М.Очиржанцан /РД:ИЕ80093071/, ХТТ ТББ /РД:8160716/, Ч.У нарыг оршин суух хаягийн лавлагаа /9х/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Ч.Уийн оршин суух хаягийн лавлагаа зэргийн бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ний зүйл болох оффисын талбайн дутсан төлбөрт 158 796 282 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, ОТ ХХК болон О.Х нарын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 мкв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 мкв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 мкв талбай бүхий 2, 3, 4 , 5, 6 ,7 дугаартай гражуудыг ОТ ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

 

Шүүх нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээний зүйл болох оффисын талбайн хэмжээ дутсан учир зөрүү төлбөр болох 158 796 282 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, хөрөнгийг байгаа байдлаар нь байгаа газарт нь нийтэд нь үнэ тогтоож худалдсан, талбайг 1 мкв-аар үнэлж худалдаагүй, оффисын талбайг хэмжих стандарт байхгүй гэж маргаж байна.

 

1. ОТ ХХК нь О.Хтэй 2018.05.09-ны өдөр Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхарт байрлах 106.3 м.кв талбайтай 6 зогсоолууд зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүйгээр 1 241 000 000 төгрөгөөр худалджээ. /1-р хавтаст хэргийн 5-37 хуудас/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч О.Х 2018 оны 04 сарын 16-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр нийт 1 365 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Оюутолгой" ХХК-нд төлсөн /2-р хх-20, 108х/-өөр ОТ ХХК нь О.Хд 2018 оны 05 сарын 09-ний өдөр Оффис болон зогсоолуудад нэвтрэх түлхүүрийг хүлээлгэн өгч, худалдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байсныг барьцааны гэрээ дуусгавар болсноор 2018.06.20-ны өдөр чөлөөлөгдөж, О.Хаш-Эрдэнийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарсан байна. /1-р хавтаст хэргийн 22, 38х, 2-р хавтаст хэргийн 20-36, 107-108, 239 хуудас/

 

3. О.Х нь 2018.7.30-ны өдөр АД ХХК-иар хэмжилт хийлгэхэд 7 давхрын талбайгаас 130.88 м.кв, 8 давхрын талбайгаас 21.85 м.кв, нийт 152.73 м.кв дутсан гэх үндэслэлээр дутсан талбайд илүү төлсөн төлбөр болох 158.796.282 төгрөгийг буцаан гаргуулах гомдлын шаардлагыг 2018 оны 10 сарын 15-ны өдөр ОТ ХХК-д гаргаж, ОТ ХХК нь 2018.11.14-ны өдөр гомдлыг үндэслэлгүй гэх хариуг өгчээ. /хавтаст хэргийн 39-49 хуудас/

 

Талуудын маргааны зүйл нь гэрээний зүйл болох худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой эсэх, өөрөөр хэлбэл, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг дутуу хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж байна.

 

4. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

 

4.1. Гэрээний Ерөнхий зүйлийн А-д Компани нь өөрийн өмчлөлийн одоогоор барьцаанд байгаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Ү-22********** дугаартай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхрын 1028 м.кв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 м.кв талбай бүхий оффис мөн зоорийн давхар дахь тус бүр нь 17.67 м.кв талбай бүхий нийт 106.3 м.кв талбайтай 2,3,4,5,6,7 дугаартай гаражын зориулалттай нийт 6 зогсоолын хамт байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдах хүсэлтэй байгаа, D-д Худалдан авагч нь барьцаанд байгаа дээрхи хөрөнгийг Энэхүү гэрээнд заасан Компанийн санал болгосон байгаа байдлаар нь байгаа газарт нь нөхцөлийн дагуу худалдан авах хүсэлтэй байгаа-г тус тус илэрхийлжээ.

Мөн худалдан авагч О.Х нь 2018.04.23-ны өдрийн Гэрээний төсөлд санал хүргүүлэх тухай хүсэлтдээ гэрээний төслийн 2.6-д заасан байгаа байдлаар нь байгаа газарт нь гэх нөхцөлийг зөвшөөрч, саналаа илэрхийлсэн байна. /2-р хавтаст хэргийн 84-85, 68 х/

Мөн гэрээний 2.6-д Байгаа байдлаар нь Байгаа газарт нь худалдах худалдан авах гэдэг нь Компани нь хөрөнгийг Хөрөнгийн чанар, нөхцөлийн талаар амаар болон бичгээр ямар нэг баталгаа гаргахгүйгээр худалдах, худалдан авагч нь тэрхүү баталгааг шаардахгүй мөн уг Хөрөнгийг худалдан авахад байгаа болон байсан аливаа эвдрэл, согог, дутуу, ажиллагаагүй болон ажиллагаа муутай эд анги түүнчлэн бүх доголдлыг хүлээн зөвшөөрч тухайн Хөрөнгийг байгаагаар нь худалдан авахыг хэлнэ гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын Хөрөнгө-ийг байгаа байдлаар нь байгаа газарт нь гэж тохиролцсон нөхцөлийг тайлбарлавал үл хөдлөх хөрөнгүүдийг бодит байгаа байдлаар нь худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Хөрөнгүүдийг бодит байгаа байдлаар нь худалдах, худалдан авахаар тохиролцох нөхцөл нь худалдан авагч тухайн хөрөнгийг үзсэн, харсан, мэддэг байх нөхцөлд хэрэгжих боломжтой бөгөөд Гэрээний 5.1.1-д ...компани нь худалдан авагчид үнийн санал өгөхөөс өмнө болон гэрээг байгуулахын өмнөхөн Хөрөнгийг өөрийн биеэр очиж үзэж, шалгах хангалттай хугацаа болон боломж олгосон бөгөөд Худалдан авагч нь Хөрөнгийг өөрийн биеэр очиж үзсэн буюу үзэх боломж олгогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Компани нь Хөрөнгийн байгаа байдалд нь ямар ч баталгаа өгөхгүй болно гэж заажээ.

Худалдан авагч О.Х гэрээ байгуулахаас өмнө тухайн хөрөнгийг биечлэн үзэж, танилцсан болох нь гэрч Г.Энхболдын мэдүүлэг, фото зурагуудаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 84-104, 3-р хавтаст хэргийн 71-76 хуудас/

 

4.2. Нэхэмжлэгч О.Х нь гэрээний 2.6-д Байгаа байдлаар нь Байгаа газарт нь худалдах, худалдан авах гэдгийг хөрөнгийн чанар болон доторх нөхцөл нь тодорхой хэмжээгээр элэгдсэн, доголдолтой байж болохыг тохиролцсон заалт болохоос талбайн хэмжээ дутуу байж болно гэсэн заалт биш гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасны дагуу талууд Хөрөнгийн талбайн хэмжээ буюу мкв-ыг тусгайлан тохиролцсон эсэхийг тогтоох нь маргаанд чухал ач холбогдолтой байна.

 

Гэрээний 2.1-д гэрээний зүйл буюу Хөрөнгө гэж энэхүү Гэрээний Ерөнхий зүйлийн А болон Хавсралт 1-д дурдсан ОТ ХХК-ийн өмчлөлийн одоогоор барьцаанд байгаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хорооны Залуучуудын өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах 26-р байрны 7 давхарт байрлах 1028 м2 талбайтай оффис, 8 давхарт байрлах 178.65 м2 талбайтай оффис, мөн зоорийн давхарт байрлах 106.3 м2 талбайтай 6 зогсоолуудыг хэлнэ гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч тал нь энд тодорхойлсон м2 талбай бүхий хөрөнгийг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал нь үгүйсгэж, гэрээнд Хөрөнгө-ийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн буюу гэрчилгээнд бичигдсэн байдлаар тодорхойлсон болохоос дээрхи м2 талбайг хүлээлгэж өгөхөөр тохиролцоогүй гэж маргаж байна.

2018.05.09-ны өдөр Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-нд талбайн хэмжээ буюу мкв-ыг гол нөхцөл болгон тохиролцсон талаар тодорхой заагаагүй байх тул Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасны дагуу талууд Хөрөнгийн талбайн хэмжээ буюу мкв-ыг тусгайлан тохиролцсон эсэхийг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрээ байгуулахаас өмнө О.Х нь 2018.04.23-ны өдөр гэрээний төсөлд санал хүргүүлсэн боловч талбайн хэмжээ /м2/ талаар санал гаргаагүй, О.Х нь 2018.04.16-ны өдөр хөрөнгийн үнэ 1,365,100,000 төгрөгийг бүрэн төлсөн, О.Хаш-Эрдэнийн ОТ ХХК-тай харилцсан и-мэйлд талбайн хэмжээний талаар дурдагдаагүй байна. /2-р хавтаст хэргийн 84-85, 68, 20, 1-р хавтаст хэргийн 118-140х/

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудыг Хөрөнгийн талбайн хэмжээ буюу мкв-ыг тусгайлан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч О.Х нь Хөрөнгийн талбайн хэмжээ буюу мкв-ыг тусгайлан тохиролцсон гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

ОТ ХХК /тухайн үед Айвонху майнз Монголия инк ХХК нэртэй байсан/-ийн 2007.10.25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 185 хуудас/-нд хөрөнгийг тодорхойлсон байдал, 2018.05.09-ны өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-ний 4.1-д ...хөрөнгийн худалдан авах нийт үнийн дүн нь НӨАТ ороогүйгээр 1,241,000,000 төгрөг гэж 1 мкв талбайн хэмжээгээр бус, бүхэлд нь үнэ тогтоосон байдал, Хөрөнгө-ийг байгаа байдлаар нь байгаа газарт нь худалдах, худалдан авах нөхцөлийг гол нөхцөл болгож тохиролцсон байдал, О.Х тухайн хөрөнгийг үзэж, судалж, бодит байгаа байдлаар нь худалдан авахаар үнийг төлсөн байдал, гэрч Г.Энхболдын мэдүүлэг, и-мэйлээр харилцсан байдал, үнэ төлсөн байдал зэргийг харьцуулан дүгнэж, талуудыг талбайн хэмжээг гол нөхцөл болгон тохиролцоогүй, гэрээнд Хөрөнгө-ийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байдлаар тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байдлаар тодорхойлж, үнийг бүхэлд нь тогтоож, эд хөрөнгийг бодит байгаа байдлаар нь худалдах, худалдан авах нөхцөлийг гол нөхцөл болгож тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

6. Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1.Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

6.1. ОТ ХХК /тухайн үед Айвонху майнз Монголия инк ХХК нэртэй байсан/ нь Сөүл Модерн Хаузинг ХХК-тай 2004.10.22-ны өдөр Ажлын байр худалдаж авах, түрээслэх тухай гэрээ-г байгуулж, гүйцэтгэгчийн барьж буй барилгын 7-р давхарт доод тал нь 1,292 мкв ажлын талбай, 8-р давхарт доод тал нь 800 мкв ажлын буюу ашигтай талбай, гараж дотор доод тал нь 6 автомашин зогсох зай зэргийг худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд Сөүл Модерн Хаузинг ХХК нь Контор үйлчилгээний Бизнес мэдээллийн төв-ийн барилга байгууламжийг 79-86 дугаартай зураг төслөөр 2003 оны 9 сараас барьж, 2005 оны 12 сарын 14-ны өдөр дуусган Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2006 оны 1 сарын 27-ны өдрийн 21/2006 дугаар актаар ашиглалтад оруулж, гэрээний дагуу ОТ ХХК /тухайн үед Айвонху майнз Монголия инк ХХК нэртэй байсан/ нь Баянзүрх дүүргийн 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-26 байрны 701, 803 тоот конторын зориулалттай 1304,65 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг 2006.02.21-ны өдөр авсан байх боловч худалдан авсан талбайн хэмжээг 1304,65 мкв гэж буруу бичсэн гэх үндэслэл /1-р хх-162х/-ээр залруулах мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж, Баянзүрх дүүргийн 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26 дугаартай барилгын 7, 8, зоорийн давхарт байршилтай контор үйлчилгээ гаражийн зориулалттай 1028 м,кв, 178.65 мкв, болон 106,3 мкв талбайтай 2-7 тоот зогсоол зэргийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг 2007.10.25-ны өдөр авчээ. /1-р хавтаст хэргийн 142-185, 2-р хавтаст хэргийн 217-218 хуудас/

ОТ ХХК /тухайн үед Айвонху майнз Монголия инк ХХК нэртэй байсан/-ийн 2006.02.21-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд автозогсоолуудыг өмчлөх эрхийг оруулаагүй байх бөгөөд 2007.10.25-ны өдөр олгосон гэрчилгээнд автозогсоолуудын өмчлөх эрхийг оруулан, талбайн хэмжээг тодруулсан өөрчлөлтийг оруулсан байна. /1-р хавтаст хэргийн 159, 185, 2-р хавтаст хэргийн 217-218 хуудас/

Айвонху майнз Монголия инк ХХК-ийн 2017.10.22-ны өдрийн Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт /хх-162х/-д Сөүл Модерн Хаузинг ХХК хүсэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байгаа гэх үндэслэл нь ОТ ХХК-ийг худалдсан буюу улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг ихэсгэх байдлаар өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

6.2. ОТ ХХК нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 мкв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 мкв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 мкв талбай бүхий 2, 3, 4 , 5, 6 ,7 дугаартай гражуудын өмчлөгч /1-р хх-185х/-өөр 2006 онд улсын бүртгэлд бүртгүүлэн тогтмол эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр ашиглалтын зардлыг төлдөг байсан болох нь ашиглалтын зардал төлсөн баримт /4-р хавтаст хэргийн 3-4 хуудас/-аар тогтоогдож байна.

 

6.3. Оффис буюу ажлын байрны зориулалттай байрны барилгын талбай, ажлын байрны зориулалттай барилгын доторх талбайг тооцох аргачлалын талаар стандарт байхгүй болох нь Стандарт, хэмжил зүйн газрын 2019.03.15-ны өдрийн 11/225 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 116 хуудас/

АД ХХК нь 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилга зохион байгуулалтын зураг төсөл-ын тусгай зөвшөөрөлтэй /1-р хх-111-114х/, Дүгнэлтэд талбайг хэмжихдээ MNS:3-113:1986 стандартын шаардлага хангасан хуваарьт уртын хэмжих хэрэгсэл-ээр хэмжилт хийснийг дурдсан, хэмжилт хийх хэрэгсэл /Лазерметр/ нь тохируулгын гэрчилгээтэй болох нь Стандартчилал, хэмжил зүйн газрын Шалгалт тохируулгын гэрчилгээ-гээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 39-44, 115 хуудас/,

Иймээс гэрээний зүйл болох Оффисын зориулалттай барилгын талбайн хэмжээг анх /2004-2007 онд/ хэрхэн тооцож тогтоосон нь тодорхойгүйгээс гадна АД ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон аргачлал нь стандартаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байх тул АД ХХК-ийн дүгнэлтээр гэрээний зүйл болох оффисын зориулалттай барилгын талбайн хэмжээг дутуу гэж үзэх боломжгүй байна.

 

6.4. Хариуцагч ОТ ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-22********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ гэрчилгээнд бичигдснээс зөрүүтэй /дутуу/-г мэдсэн буюу мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч О.Хаш-Эрдэнийн гэрээний Байгаа байдлаар нь Байгаа газарт нь худалдах, худалдан авах тохиролцоо хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

7. ОТ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах үйл ажиллагааг тогтмол эрхэлдэггүй, гэрээний нөхцөлийг олон тооны гэрээ хэлцэлд зориулан урьдчилан тогтоосон гэж үзэх үндэслэлгүй тул О.Хтэй байгуулсан 2018.05.09-ны өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн гэрээний Хөрөнгө-ийг байгаа байдлаар нь, байгаа газарт нь худалдах, худалдан авах нөхцөлийг талууд тохиролцож тогтоосон тул нэхэмжлэгч талын гэрээний ерөнхий зүйлийн D хэсэг, 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт тус тус заасан байгаа байдлаар нь, байгаа газарт нь гэх заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ОТ ХХК-ийг гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу талбай хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч О.Х нь оффисын талбайн дутсан төлбөрт 158 796 282 төгрөгийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

ОТ ХХК нь нэхэмжлэгч О.Хд холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 мкв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 мкв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 мкв талбай бүхий 2, 3, 4 , 5, 6 ,7 дугаартай гражуудыг ОТ ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /3-р хавтаст хэргийн 55-56 хуудас/

10. ОТ ХХК нь Хөрөнгө-ийг зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр худалдсан байтал нэмж дутуу талбайн үнэ 158,796,282 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авсан эд хөрөнгийг хүлээн авах үүргээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр дээрхи сөрөг шаардлага гаргасныг О.Х эс зөвшөөрч, гэрээний зүйлийг хүлээн авч, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн гэж маргаж байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

11. О.Х нь худалдан авсан эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 мкв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 мкв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 мкв талбай бүхий 2, 3, 4 , 5, 6 ,7 дугаартай гражууд зэргийн үнийг 2018 оны 04 сарын 16-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр нийт 1 365 100 000 төгрөгийг нэхэмжлэгч Оюутолгой" ХХК-нд төлсөн /2-р хх-20-36, 108х/, 2018 оны 05 сарын 09-ний өдөр Оффис болон зогсоолуудад нэвтрэх түлхүүрийг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр О.Х өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна. /1-р хавтаст хэргийн 22-38 хуудас/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

12. Худалдан авагч О.Х нь худалдагч ОТ ХХК-ийн санал болгосон, гэрээний 4.1-д заасан тохиролцсон үнээр Хөрөнгө-ийг худалдан авсан тул хариуцагчийн зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр худалдсан гэх тайлбар талуудын маргаанд хамааралгүй байна. Мөн нэхэмжлэгч О.Х нь гэрээтэй холбоотой шаардлага гаргасныг гэрээний үүргийн зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

13. Худалдан авагч О.Х 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-гээр хүлээсэн үүргүүдээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тул хариуцагч ОТ ХХК нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг цуцлах, мөн гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Иймд О.Хд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүрэг үүсэхгүй тул хариуцагч ОТ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. О.Х нь өөрийн өмчлөлийн Залуучуудын өргөн чөлөө, 26 дугаартай барилгын 7, 8 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг /мкв-ыг/ АД ХХК-ийн хэмжилтын дагуу өөрчилж, хэд хэдэн хэсэг болгон тус бүрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан бусдын өмчлөлд шилжүүлсэн байдал нь талуудын маргаанд хамааралгүй юм. /1-р хавтаст хэргийн 220-250, 2-р хавтаст хэргийн 1-19 хуудас/

 

15. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Монгол Улсын Стандарт MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал нь талуудын маргаанд хамааралгүй тул үнэлэхгүй орхив.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон тул зохигчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын төсвийн орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Хаш-Эрдэнийн хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан гаргасан оффисын талбайн дутсан төлбөрт 158 796 282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОТ ХХК-ийн нэхэмжлэгч О.Хд холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Оффис болон зогсоол худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөөнд байрлах, 26 дугаар байрны 07 давхрын 1028 мкв талбай бүхий оффис, 8 давхрын 178.65 мкв талбай бүхий оффис, мөн зоорийн давхрын 106.3 мкв талбай бүхий 2, 3, 4 , 5, 6 ,7 дугаартай гражуудыг ОТ ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Хаш-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 951,940 төгрөгийг, хариуцагч ОТ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,983,450 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА