Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00771

 









 2022        04          08                                      181/ШШ2022/00771 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр МД ХК-тай 2106005310001 дугаартай Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, мөн өдөр 21211116100601 дугаартай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-г тус тус нэг жилийн хугацаатай байгуулж холбогдох төлбөрийг төлсөн. Даатгуулагч Б.Б нь даатгалын зүйл болох 0196УНМ улсын дугаартай автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө жолоодож Улаанбаатар хотоос Эрдэнэт хотын чиглэлд явж байхдаа буюу Төв аймгийн Жаргалант сумын нутагт нойтон цас ихээр орж зам халтиргаатай болсон, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан зэрэг нөхцөл байдлын улмаас уруу замд зорчих хөдөлгөөн хийж байх явцдаа зогсох хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас машин гулгаж онхолдсон. Ингээд автомашин онхолдсон тухай мэдээллийг даатгагчид мэдэгдэж, замын машинд дайгдан Төв аймгийн Жаргалант сумын Цагдаагийн хэсэгт очиж согтуурлын тестийг өгч, тухайн шөнөдөө тээврийн цагдаагийн алба хаагчдын хамтаар эргэн очиж техникийн үзлэг шинжилгээ хийлгэх гэсэн боловч цас ихээр орсон байсан, харанхуй болсон учраас зураг тод гарахгүй зэрэг шалтгаан нөхцлөөс болж тээврийн цагдаагийн алба хаагчдын шаардлагын дагуу маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нь холбогдох үзлэг, шинжилгээг хийлгэж, эрх бүхий албан тушаалтан нь магадлагааг гарган өгсөн. Ингээд даатгалын зүйлийг ачилтын машинаар ачуулан Улаанбаатар хотод тээвэрлэн оруулж ирсэн даруйд даатгалын ажилтанд мэдэгдэж тухайн ажилтан автомашины зургийг бүрэн авч, төлөөлүүлэгчээс холбогдох тайлбар авч тэмдэглэл үйлдээд явсан. Үүний дараагаар даатгагчид хандан хохирол барагдуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд МД ХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21/1161 дугаартай даатгуулагч Б.Б танаа гэх нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичиг ирсэн бөгөөд, үүнд: Даатгагчийн саналаар гэрээг цуцалсан байна-гэх хариу өгч, хохирол барагдуулахаас татгалздаг.

Төлөөлүүлэгч Б.Б нь тус шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэл болгон Санхүүгийн зохицуулах хороонд үүсээд буй маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хүсэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан. Гомдолд холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо шалгалтын ажиллагааг хийж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 9/4193 дугаартай хариуг МД ХК-д гэрээ цуцлагдсан эсэх нь тогтоогдохгүй байна даатгалын гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн байдаг. Төлөөлүүлэгч Б.Б нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн талаар даатгагчтай холбогдоход Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр ингэж гардаггүй, даатгалын тухай хууль шинэчлэгдсэн, та хуурамч тохиолдол бий болгосон байж болзошгүй санагдаж байгаа шалгуулна. Өнөөдөр хохирол барагдуулах эсэх хуралд оруулж шийдвэр гаргана, бид хохирол барагдуулахаас татгалзаж байна гэсэн хариуг тус тус өгч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй байна.

Төлөөлүүлэгч Б.Бгийн тухайд даатгалын зүйлд хохирол учирсан тохиолдолд өөрт үүсч болох санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн даатгалыг хариуцагчтай байгуулж өндөр үнийн дүн бүхий даатгалын хураамж төлсөөр байтал тохиолдол болж хохирол барагдуулах болоход даатгагч МД ХК нь учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, гэрээ цуцлагдсан байсан гэж татгалзаж байгаа нь өөрөө огт үндэслэлгүй, ёс зүйгүй, хууль бус бөгөөд гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх гэсэн арга заль гэж үзэж байна.

Иймд хариуцагч МД ХК-аас 01*** УН* улсын дугаартай автомашинд буюу даатгалын зүйлд учирсан хохиролд 49,595,996 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч МД ХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Э.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Б.Б нь манай компанитай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М.Энхцацралын өмчлөлийн 01*** УН* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж нийт 1,237,766 төгрөгийн хураамж төлөхөөр тохиролцон даатгалын гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулахад даатгуулагч 10,000 төгрөгийн урьдчилгаа хураамж төлсөн бөгөөд гэрээнд заагдсан нөхцлийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс cap бүр 136,500 төгрөгийн хураамжийг нийт 9 сарын хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон.

Гэтэл даатгуулагч 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хураамжид 10,000 төгрөг төлснөөс хойш гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, cap бүр төлөх хураамжийн төлөлтөө хийгээгүй. Даатгагч талаас даатгуулагчийг хураамжаа төлөх талаар хугацаа хоцорсон даруйд мэдээлэл хүргэхэд төлнө, дансаа явуулчих" гэсний дагуу мессежээр дансны мэдээлэл хүргүүлж байсан боловч даатгуулагч төлөлтөө хугацаандаа төлөөгүй. Иймд Даатгалын гэрээний 6.2.3-т заасны дагуу даатгуулагч хураамжаа төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй 30 хоног хэтэрсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийн дагуу гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон.

Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Баянбулаг, 3-р багийн нутагт шороон замд Б.Б нь 01*** УН* улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөр хүссэн материал бүрдүүлж ирүүлснийг судлаад даатгагчаас нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Учир нь:

1. Даатгалын гэрээний 6.2-т Гэрээ нь дараах тохиолдолд хугацаанаас өмнө дуусгавар болно. Үүнд: 6.2.3-т Даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн гэж заасан бөгөөд даатгуулагч даатгалын хураамжаа гэрээнд заасан хугацаанд төлөлгүй даруй 3 сарын хугацаа өнгөрсөн байсан бөгөөд даатгагчаас гэрээний үүргээ биелүүлж хураамжаа шилжүүлэхийг сануулсаар байтал гэрээний үүргээ биелүүлээгүй тул бидний хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан нөхцлийн дагуу гэрээ дуусгавар болсон.

2. Даатгуулагч Даатгалын гэрээний 9. Даатгуулагчийн эрх, үүрэг 9.6-д Даатгуулагч нь даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөх, төлөлтийг хянах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний 4. Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд 4.10-т Даатгуулагч дараах нөхцөлүүдийг хангаагүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол с) Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх, мөн Иргэний хуулийн 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй мөн Даатгалын тухай хуулийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.

Иймд Б.Бгээс даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2106005310001 дугаартай Тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.12.03-ны өдрийн 9/4193 дугаар албан бичиг, Б.Баттулгийн Хаанбанкны депозит дансны хуулга, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2021.12.20-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, үнэлгээний тайлан, фото зураг, Таван богд ХХК-ийн нэхэмжлэх, Жимобайл ХХК-ийн 2022.04.07-ны өдрийн 01/2919 дугаар албан бичиг, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022.04.08-ны өдрийн 04/189 дугаар албан бичиг, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн кассын орлогын ордер, 2021.10.03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Б.Бгийн гадаад паспортын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас гүйлгээний баримтийг шүүхэд шүүхэд нотлох баримаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар тус шүүхийн шүүгчийн 2022.02.15-ны өдрийн 1753 дугаар захирамжаар МД ХК-иас гаргуулан авсан СD дуу бичлэг, МД ХК-иас гаргаж өгсөн СD дуу бичлэгт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл үйлдэж нотлох баримт бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МД ХК-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 28ы өдрийн 2106005310001 тоот Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын гэрээ дуусгавар болсон, хураамжийг осол болсноос хойш төлсөн, даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн гэж маргаж байна.

 

2. Б.Б нь МД ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28ы өдрийн 2106005310001 тоот Сонголт -Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнэг жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн Тоёота Ланд крузер 200 маркийн JТМНX05J604063838 арлын дугаар бүхий 2014 онд үйлдвэрлэгдсэн, 01*** УН* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж 1,237,766 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Сонголт -Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Даатгалын хураамж төлөх хуваарь-ийн дагуу даатгуулагч Б.Б нь 2021.06.28-ны өдөр 10,000 төгрөгийг төлж, 2021.07 сараас 2022 оны 03 сар хүртэл хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр 136,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр даатгалын хураамжид 1,365,000 төгрөгийг төлжээ.

 

Гэрээний 6.2, 6.2.3-т даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн бол гэрээ дуусгавар болохоор заасан байна.

Хариуцагч МД ХК нь нэхэмжлэгч Б.Бг 2021 оны 7, 8, 9 сарын хураамжийг хуваарийн дагуу төлөөгүй тул дээрхи заалтын дагуу гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

Гэрээний 6.2.3 дахь заалт нь даатгуулагчийн хураамж төлөх үүргийн зөрчилтэй холбоотойгоор даатгагч талд гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах эрх олгосон заалт байх тул даатгагч МД ХК нь гэрээнээс татгалзах болон гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг шалгах нь зүйтэй байна.

 

3.1. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.

Мөн талуудын байгуулсан Сонголт -Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 10.2, 10.2.6-д Даатгагч нь гэрээний 6.2.3-т заасны дагуу гэрээг цуцлахдаа, гэрээ цуцлагдсан талаарх мэдэгдлийг мессежээр гэрээнд бичигдсэн утасны дугаараар эсхүл Даатгуулагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн албан ёсны хаягаар хүргүүлэх бөгөөд даатгуулагч тухайн хаяг дээрээ байхгүй байгаагаас үүдэн гарах хариуцлагыг даатгуулагч өөрөө хүлээнэ гэж тохиролцжээ.

 

МД ХК нь 2021.08.23-ны өдөр даатгуулагч Б.Бгийн 98116116 дугаарын утсанд Таны даатгалын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна. Та 136,500 төгрөгийг Хаан банкны 5038055519 дансанд шилжүүлнэ үү гэсэн мэдэгдэл /хх-32, 73х/-ийг хүргүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу уг мэдэгдлээр МД ХК-ийг гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч МД ХК нь дээрхи хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагч Б.Бд даатгалын хураамж төлөх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй, даатгалын гэрээ цуцлагдсанаар үүсэх үр дагаврын талаар бичгээр мэдэгдээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээг цуцлагдсан, дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3.2. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад ...даатгалын гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн шийдвэр гаргасан байна. /хх-5х/ Санхүүгийн Зохицуулах хорооны энэхүү шийдвэр нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай биш хариуцагчид бас үүрэг болгосон шинжтэй байхад хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй.

 

3.3. Талуудын даатгалын гэрээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад хариуцагч МД ХК-иас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Бд 1,365,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлд хамааралгүй байна. /хх-64х/

 

4. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан.

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг 3-р багийн нутагт Тоёота Ланд крузер 200 маркийн 01*** УН* улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдсон зам тээврийн осол гаргасан, уг зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд 48,095,996 төгрөгийн хохирол учирсан болох нь Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхдалайн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-76х/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-7-9х/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас Тоёота Ланд крузер 200 маркийн 01*** УН* улсын дугаартай автомашинд хохирол учирсан байдал нь Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-гээр тохиролцсон замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл-ийн с/ онхолдох даатгалын тохиолдолд хамаарч байна. /хх-4х/

Ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 48,095,996 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад талууд маргаагүй бөгөөд үнэлгээний ажлын хөлс 1,500,000 төгрөгийг Б.Б төлсөн болох нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн кассын орлогын ордероор тогтоогдож байна. /хх-75х/

 

5. Хариуцагч МД ХК нь даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр маргаж байна.

5.1. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2.Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж заасан.

Даатгуулагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18:16 минутад даатгалын хураамжид 1,365,000 төгрөгийг төлж /хх-6х/, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 19 минутад осол болсон тухай МД ХК-д мэдэгдсэн болох нь Хаан банкны дансны хуулга /хх-6х/, тус шүүхийн 2022.03.18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-42-48х/ зэргээр тогтоогдож байна.

Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхдалайн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-нд 2021 оны 10 дугаар сарын 02-ний шөнө зам тээврийн осол болсон талаар бичигдсэн байх тул даатгалын хураамж төлөгдөхөөс өмнө даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.2. Сонголт -Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт жолооч хурд хэтрүүлэх, улаан гэрлээр уулзавар нэвтрэх, урсгал сөрсний улмаас үүссэн хохирол-д даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар талууд тохиролцож, мөн гэрээний 7.19-т хурд хэтрүүлэх - мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр даатгуулагч хурдны тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн нь тогтоогдсоныг гэж, мөн 7.20-т хурдны тогтоосон хязгаар- суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км, хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх үед цагт 50 км, тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин цагт 80 км, хорооллын дотор цагт 20 км гэж тайлбарласан байна.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхдалайн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-д Тоёота Ланд крузер 200 маркийн 01*** УН* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь нойтон цас ихээр орж зам халтиргаатай болсон, мөн үзэгдэх орчин хязгаарлагдсан, уруу замд зорчих хөдөлгөөн хийж байх явцдаа зогсох хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас машин гулгаж онхолдсон гэж тайлбарлаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын тодорхойлолт /хх-74х/-ыг нотлох баримтаар гаргасан.

Эдгээр баримт, тайлбараас үзэхэд Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчснийг улмаас зам тээврийн осол гаргасан нь тогтоогдож байх тул гэрээний 4.6-д заасан жолооч хурд хэтрүүлсэний улмаас үүссэн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: гэрээний 4.6-д заасан жолооч хурд хэтрүүлэх гэдгийг гэрээний 7.19, 7.20-т зааснаар ойлгохоор тодорхойлсон бөгөөд уг тодорхойлолт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасантай нийцсэн байх бөгөөд уг заалтыг зөрчсөний улмаас Зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч МД ХК-ийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөр 49,595,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Б.Б нь даатгалын нөхөн төлбөрийн талаар хариуцагч МД ХК-тай 2021.12.14, 15-ны өдрүүдэд утсаар ярьсан болох нь ярианы бичлэг бүхий СД-д шүүхээс 2022.03.18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29, 35-39х/-ээр тогтоогдож байгаа бөгөөд уг баримт нь талуудын маргаан бүхий үйл баримтад хамааралгүй, мөн Б.Б нь урьд ижил нөхцөл байдлаар даатгалын нөхөн төлбөр авсан гэх баримт /хх-57-63х/-ууд нь талуудын маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хариуцагч МД ХК-иас 49,595,996 /дөчин есөн сая таван зуун ерөн таван мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,929 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХК-иас 405,929 /дөрвөн зуун таван мянга есөн зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА