Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2022/01291

 

 

 

 

 

 

2022 07 08 210/МА2022/01291

 

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 08ы өдрийн 181/ШШ2022/00771 дугаар шийдвэртэй, Б.Б гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХК холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М ХК -тай 2106005310001 дугаартай сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, мөн өдөр 21211116100601 дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг тус тус нэг жилийн хугацаатай байгуулж холбогдох төлбөрийг төлсөн. Даатгуулагч Б.Б нь даатгалын зүйл болох 0196-УНМ улсын дугаартай автомашиныг 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө жолоодож явахад цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан зэрэг нөхцөл байдлын улмаас уруу замд гулгаж онхолдсон. Энэ талаар даатгагчид мэдэгдэж, тухайн ажилтан автомашины зургийг бүрэн авч, даатгагчид хандан хохирол барагдуулах тухай хүсэлт гаргасан боловч даатгагч гэрээг цуцалсан хариу өгч, хохирол барагдуулахаас татгалзсан. Уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Уг гомдлыг шалгах ажиллагаа хийж гэрээ цуцлагдсан эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Төлөөлүүлэгч Б.Б нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн талаар даатгагчтай холбогдоход Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр ингэж гардаггүй, Даатгалын тухай хууль шинэчлэгдсэн, хохирол барагдуулахаас татгалзаж байна гэсэн хариуг тус тус өгсөн. Гэрээ цуцлагдсан байсан гэж татгалзсан нь үндэслэлгүй, ёс зүйгүй, хууль бус бөгөөд гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх гэсэн арга гэж үзэж байна. Иймд хариуцагч М ХК -аас учирсан хохиролд 49,595,996 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагч Б.Б нь манай компанитай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 01-96 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж нийт 1,237,766 төгрөгийн хураамж төлөхөөр тохиролцон даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч 10,000 төгрөгийн урьдчилгаа хураамж төлсөн бөгөөд гэрээнд заагдсан нөхцлийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс cap бүр 136,500 төгрөгийн хураамжийг нийт 9 сарын хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэтэл даатгуулагч 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хураамжид 10,000 төгрөг төлснөөс хойш гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, cap бүр төлөх хураамжийн төлөлтөө хийгээгүй. Даатгагч талаас даатгуулагчийг хураамжаа төлөх талаар хугацаа хоцорсон даруйд мэдээлэл хүргэхэд төлнө, дансаа явуулчих" гэсний дагуу мессежээр дансны мэдээлэл хүргүүлж байсан боловч даатгуулагч төлөлтөө хугацаандаа төлөөгүй. Иймд Даатгалын гэрээний 6.2.3-т заасны дагуу даатгуулагч хураамжаа төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй 30 хоног хэтэрсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлийн дагуу гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Баянбулаг, 3 дугаар багийн нутагт шороон замд Б.Б нь 01-96 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нөхөн төлбөр хүссэн материал бүрдүүлж ирүүлснийг судлаад даатгагчаас нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь даатгалын гэрээний 4.10, 6.2, 6.2.3, 9.6, 4.10 болон Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээхгүй бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иймд Б.Б гээс даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХК -иас 49,595,996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,929 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХК -иас 405,929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Даатгагч нь гэрээг дуусгавар болсон тул нөхөн төлбөр олгох үүрэг дуусгавар болсон гэж маргадаг. Учир нь Б.Б анх даатгалын гэрээг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулахдаа 10,000 төгрөгийн урьдчилгаа төлж байгуулсан. Үлдэгдэл 1,237,776 төгрөгийг 9 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цаг 19 минутад осол болсон тухай цагдаад мэдэгдсэн бөгөөд үүнээс 3 цагийн өмнө буюу тус өдрийн 18 цаг 16 минутад 1,365,000 төгрөгийг М ХК -ийн данс руу шилжүүлсэн нь осол болсноос хойш даатгалын хураамж шилжүүлсэн гэх хэд хэдэн эргэлзээг төрүүлсэн. Учир нь даатгалын үлдэгдэл хураамж 1,237,776 төгрөг байхад 1,365,000 төгрөгийг шилжүүлсэн нь осол болж сандарсан байсныг илтгэх, мөн тухайн өдөр хариуцагчийн зүгээс хураамж нэхэж холбогдоогүй байхад гэнэт төлбөр шилжүүлсэн, мөн гадаадаас ирээд шууд хөдөө явах замд осол болсон гэж худал мэдүүлсэн. Мөн шүүх М ХК нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Б гийн 98116116 дугаарын утсанд Таны даатгалын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна. Та төлбөрөө төлнө үү гэх мэдэгдлийг мэдэгдэл гэж үзээгүй бөгөөд Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт даатгуулагч Б.Б д нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй, даатгалын гэрээ цуцлагдсанаар үүсэх үр дагаврын талаар бичгээр мэдэгдээгүй байх тул гэрээг цуцлагдсан дуусгавар болгосн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Даатгагчаас тогтоож өгсөн нэмэлт хугацаанд даатгуулагч хураамжаа төлөөгүй бол үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээгээр тохиролцсон болон тогтоосон нэмэлт хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Хариуцагчийн зүгээс Б.Б д нэмэлт хугацаа өгсөн гэж үзэх бүрэн боломжтой. Б.Б гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хураамж төлөлт хийх ёстой байсан. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт 15 хоногийн хуулийн хугацааг тоолбол 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусч байхад 26 хоногийн нэмэлт хугацааг олгосон байна. Мөн Б.Б гийн 98116116 дугаарын утсанд мэдэгдэл хүргүүлснийг бичгээр мэдэгдлээ хүргүүлсэнд тооцох боломжтой байна. Учир нь гэрээний 10.2.3-т мэдэгдлийг мессежээр утасны дугаараар эсхүл иргэний үнэмлэх дээрх албан ёсны хаягаар хүргүүлнэ гэж байгаа. Даатгагчийн хувьд энэ сонгох зохицуулалтаас мессежээр утасны дугаараар гэх аргыг сонгож мэдэгдлээ илгээсэн. Тэгэхээр даатгуулагч нь хураамж төлөх үндсэн үүргээ зөрчсөний улмаас даатгагч цуцлах эрхээ хэрэгжүүлж үүнийгээ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.Б гийн 98116116 дугаарын утсанд мэдэгдэл илгээх замаар илэрхийлсэн тул гэрээ нь даатгагчийн санаачилгаар цуцлагдаж, дуусгавар болсон. Ийнхүү үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш гарсан асуудалд даатгагч хариуцлага хүлээх үүрэггүй. Осол нь хурд хэтрүүлсэн буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 12.1-д заасныг зөрчсөний улмаас үүссэн бөгөөд шүүх гэрээг дуусгавар болоогүй гэж үзсэн бол гэрээний 4.6-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл бүрдсэнийг үндэслэлгүй гэж үзсэнд мөн гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч компаниас нэхэмжлэгчид даатгалын хураамжийг төлөхгүй бол үүсэх үр дагаврын талаар тайлбарладаг байсан нэхэмжлэгч ойлгож дансаа явуулдаг байсан гэж худал тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдох үйл баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч компаниас мэдэгдэлдээ таны даатгалын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн байна, 136,500 төгрөгийг хаан банкны тоот дансанд шилжүүлнэ үү гэсэн мессэжийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн гар утсанд илгээсэн. Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт гэрээгээр тохирсон хугацаанд даатгалын хураамжийг төлөөгүй бол шаарлага, мэдэгдлийг 15 хоногийн хугацаанд ирүүлж, даатгагч нь даатгуулагчид бичгээр мэдэгдэх ёстой. Гэрээний 10.2.6-т энэ талаар заасан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Даатгуулагч байгууллагын илгээсэн мессэж зөвхөн төлбөр төлөхийг шаардсан. Шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан үүргийг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмлэгчийг өмнө нь хариуцагч байгууллагад ажиллаж байсан гэж тайлбарласан боловч өөртөө ижил нөхцөл байдлын даатгалын төлбөр авсан гэх баримт хэргийн 57-63 дугаар талд авагдсан боловч уг маргаанд хамааралгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан 1,237,776 төгрөгийг төлөх ёстой байхад 1,365,000 төгрөгийг осол болсны сандраад нэхэмжлэгч буруу төлсөн гэж тайлбарласан. Уг даатгал багц даатгал буюу албан журмын даатгалын хамт байдаг, тээврийн хэрэгслийн даатгал нь 1,272,336 төгрөг, албан журмын даатгал нь 92,664 төгрөг нийт 1,365,000 төгрөг болж байгаа учраас нэхэмжлэгч нийт үнийн дүнг хариуцагч байгууллагын дансанд шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хууль заасан шаардлагын дагуу нэхэмжлэгчид надад итгэмжлэл олгосон. Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбар хамаарахгүй. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын ажилтантай холбогдож даатгалын төлбөрийг боломжтой үедээ бүхэлд нь нэг удаа төлж болох уу гэж асуухад болно гэсэн хариу өгсөн учраас төлбөрийг бүхэлд нь төлсөн. Хариуцагч компани осол болсон цаг хугацааг тухайн өдрийн 21 цаг 19 минутад болсон гэж худал тайлбарлаж гомдолд тусгасан. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т тодорхой тайлбарлаж дүгнэсэн гэв. Миний бие осол болсон өдөр хэргийн газар очсон, тухайн өдөр цас, бороо холилдож орсон, зам даваа халтиргаатай байсан мөн нэхэмжлэгч өөрийн автомашинд 3 настай, 2 сар хүрээгүй хүүхэдээ суулган Эрдэнэ хотод байрлах өөрийн ажил руу зорчиж байсан. Нэхэмлэгч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хэтрүүлж жолоодоогүй талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан зэрэг нөхцөл байдлын улмаас уруу замд гулгаж онхолдсон. Энэ талаар даатгагчид мэдэгдэж, тухайн ажилтан автомашины зургийг бүрэн авч, даатгагчид хандан хохирол барагдуулах тухай хүсэлт гаргасан боловч даатгагчийн саналаар гэрээг цуцалсан хариу өгч, хохирол барагдуулахаас татгалзсан. Уг шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Уг гомдлыг шалгах ажиллагаа хийж гэрээ цуцлагдсан эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Төлөөлүүлэгч Б.Б нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн талаар даатгагчтай холбогдоход Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр ингэж гардаггүй, Даатгалын тухай хууль шинэчлэгдсэн, хохирол барагдуулахаас татгалзаж байна гэсэн хариуг тус тус өгсөн. Гэрээ цуцлагдсан байсан гэж татгалзсан нь үндэслэлгүй, ёс зүйгүй, хууль бус бөгөөд гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх гэсэн арга гэж үзэж байна. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж мөн нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 49,595,996 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М ХК -тай сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн Тоёота Ланд круйзер 200 маркийн 01-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, 1,365,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд, сар бүрийн 28-ны өдөр 136,500 төгрөг төлөх хуваарийг гэрээнд тусгажээ. /хх-4/

Даатгуулагч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Төв аймгийн Жаргалант сум, Баянбулаг 3 дугаар багийн нутагт шороон замд тус тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна. Үүний улмаас автомашинд 48,095,996 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх7-10, 62-63/

Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтны 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаагаар ...Тоёота Ланд круйзер 200 маркийн 01-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ. /хх-76/

4. Нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтэд хариуцагч 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20/1009 дугаар албан бичгээр даатгалын гэрээний хураамжаа даатгалын тохиолдлын дараа төлсөн болох нь нотлогдож байх тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн байх ба даатгагчийн дээрх шийдвэрийг даатгуулагч эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар тус хорооны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9/4193 дугаар албан бичгээр гэрээ цуцлагдсан талаарх мэдэгдлийг даатгуулагчид мэдэгдээгүй, албан ёсны хаягаар хүргүүлээгүй, гэрээ цуцлагдсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн байна. /хх-5, 59/

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.

Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 6.2.3-т даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн бол гэрээ дуусгавар болно, мөн гэрээний 10.2.6-д даатгагч нь гэрээний 6.2.3-т заасны дагуу гэрээг цуцлахдаа гэрээг цуцлагдсан талаарх мэдэгдлийг мессэжээр гэрээнд бичигдсэн утасны дугаараар эсвэл даатгуулагчийн иргэний үнэмлэх дээрх бичигдсэн албан ёсны хаягаар хүргүүлэх бөгөөд даатгуулагч тухайн хаяг дээрээ байхгүй байгаас үүдэн гарах хариуцлагыг даатгуулагч өөрөө хүлээнэ гэж тус тус харилцан тохиролцжээ. /хх-4/

5. Шүүх хариуцагч М ХК нь дээрх хуульд заасан болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцалсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болохоо нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр даатгуулагчид даатгалын төлбөр төлөх хугацаа хэтэрсэн гэх мэдэгдэл хүргүүлсэн нь гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон агуулгатай байх ба гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

6. Анхан шатны шүүх Хөрөнгө Эстимэйт ХХК-аас тогтоосон автомашинд учирсан хохирлын үнэлгээг үндэслэн даатгалын нөхөн төлбөрт 48,095,996 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 49,595,996 төгрөгийг хариуцагч М ХК -аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, даатгалын гэрээ дуусгавар болсон, хураамжийг осол болсноос хойш төлсөн тул нөхөн төлбөрийг олгохгүй гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН