Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2022/00783

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 04 11 181/ШШ2022/00783

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б

Нэхэмжлэгч: Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, НШШГГт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б, Г.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хасбанкны нэхэмжлэлтэй О.Б, Г.Г бидэнд холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13775 дугаар захирамжаар биднээс 133 686 552 төгрөгийг гаргуулж Хасбанканд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Хасбанкны шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Бид тухайн төлбөрийг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төлж амжихгүй санхүүгийн хүнд нөхцөлд орсон бөгөөд О.Б миний өмчлөлийн төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн ХУД 13 хороо, шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 м.кв талбай газрыг, мөн О.Б, Г.Г бидний өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 хороо, 5 дугаар байрны 36 тоот 18 мкв талбай бүхий орон сууцыг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар ажиллагаа явагдсан байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч бидний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай газрыг 9,800,000 төгрөгөөр, мөн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4-151/20937 болон 4-151/20938 дугаартай мэдэгдлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Баттүшиг бидэнд танилцуулсан. Тус орон сууц болон өмчлөлийн газрыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж энэхүү үнийн дүнгийн 70%-ийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгч бидэнд илт хохиролтой байгаа тул гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тухайн бидний өмчлөлийн хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байдаг. Үүнд бидний өмч цаашлаад амьдрал яригдаж байгаа тул хэт доогуур үнэлсэн энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх ямар ч боломж алга байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дэх хэсэгт заасны дагуу бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянмодот ХХК болон Голден пэйж Аудит ХХК нараар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус үнэлгээнүүд нь бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн, төлбөр төлөгч бидний эрх ашгийг шууд хохироож байна.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/20937 мөн 4-151/20938 дугаартай мэдэгдлээр танилцуулсан О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, ХУД 13-р хороо, Шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 мкв талбай бүхий газрыг 9,800,000 төгрөгөөр үнэлсэн, мөн О.Б, Г.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байрны 36 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13775 дугаар захирамжаар О.Б, Г.Г нараас 133,686,552 төгрөг гаргуулж Хасбанк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.Б, Г.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Бага тойруу 5 дугаар байрны 36 тоот, 18 мкв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 мкв талбай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/20938, 4-15/20937 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 13775 дугаар захирамж, 2020.08.20-ны өдрийн 743 дугаар гүйцэтгэх хуудас, 2021.10.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Баянмодот ХХК болон Голден пэйж Аудит ХХК нарын хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 13775 дугаар захирамж, 2020.08.20-ны өдрийн 743 дугаар гүйцэтгэх хуудас, 2022.08.20-ны өдрийн 10636 дугаар захирамж, 2020.10.21-ний өдрийн 20281022 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, 2020.11.02, 2021.03.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2х, 2020.11.02-ны өдрийн 20281022/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.03.03-ны өдрийн 20181022/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2021.03.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2х, 2021.10.07-ны өдрийн 20281022/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.07-ны 20281022/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол 2х, 2021.10.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.03.03-ны өдрийн 20281022/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.08-ны өдрийн итгэмжлэл, 2021.10.07-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.10.07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, О.Б, Г.Г нарын үнийн санал, Хасбанк ХХК-ийн 2021.10.13-ны өдрийн 2б/3230 дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн 4-151/20938 дугаар албан бичиг, 2021.10.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн 4-151/20937 дугаар албан бичиг, 2021.10.20-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2021.10.20-ны өдрийн шинжээчээр оролцоох татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээ тодруулсан тэмдэглэл, 2021.10.20-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан баримт, Баянмодот хөрөнгийн үнэлгээний компанийн 2021.10.20-ны өдрийн 02-21/48 дугаар итгэмжлэл, 2021.10.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.10.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан 15х, 2021.10.20-ны өдрийн 10/275 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2021.10.20-ны өдрийн шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх тодруулсан тэмдэглэл, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан 13х, 2021.11.08-ны өдрийн 12-36 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.10-ны өдрийн 4-151/21598 дугаар мэдэгдэл, 2021.11.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2х, зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б, Г.Г нар нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч О.Б, Г.Г нар нь газар болон орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, үнийн дүнгийн 70%-ийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгч бидэнд илт хохиролтой байна гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

 

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн 4-151/20938 тоот, 4-151/20937 тоот Мэдэгдэл-үүдээр төлбөр төлөгч О.Б, Г.Г нарт үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг мэдэгдэж, 2021.10.29-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулсан байна. /хх-5-6, 10-38х/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д шүүхэд гомдол гаргах хугацааг 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гэж тодорхойлсон бөгөөд 55.3-д шийдвэр гүйцэтгэгчийг хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахыг үүрэгжүүлсэн тул төлбөр төлөгч О.Б, Г.Г нарыг үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна. О.Б, Г.Г нар нь 2021.10.29-ний өдөр үнэлгээний тайлантай танилцаж, шүүхэд 2021.11.03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-2 ар тал, 5-6, 11, 27, 83-85х/

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13775 дугаар захирамжаар О.Б, Г.Г нараас 133,686,552 төгрөг гаргуулж Хасбанк ХХК-д олгожээ. /хх-57-58х/

3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, ХУД 13-р хороо, Шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 мкв талбай бүхий газар, О.Б, Г.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байрны 36 тоот, 18 мкв талбай бүхий орон сууц зэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20281022/04, 20281022/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-уудаар битүүмжилж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20281022/09 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Зохигч энэ талаар маргаагүй. /хх-63-79х/

 

4. НШШГГ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцуулах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч, өмчлөгч О.Б, Г.Г нар нь орон сууцаа 226,800,000 төгрөгөөр, газраа 25,000,000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн саналаа өгсөн, уг үнийн саналыг төлбөр авагч Хасбанк ХХК нь зах зээлийн бодит үнээс хэт их, үндэслэлгүй үнэлгээ гэж тайлбарлан шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. /хх-80-82х/

Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна. /хх-93х/

 

5. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу шинжээчээр Баянмодот ХХК, Голден пэйж Аудит ХХК нарыг томилж, шинжээч Баянмодот ХХК нь О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, ХУД 13-р хороо, Шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 мкв талбай бүхий газар, бетонон хашаа зэргийн зах зээлийн үнийг 9,800,000 төгрөг болохыг, шинжээч Голден пэйж Аудит ХХК нь О.Б, Г.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байрны 36 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнийг 93,882,478 төгрөг болохыг тус тус тогтоосон байна. /хх-86-122х/

НШШГГ нь шинжээч Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнролом, шинжээч Голден пэйж Аудит ХХК-ийн үнэлгээчин С.Оюунгэрэл нараас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллийг тодруулж, шинжээчээр томилох тухай тогтоолыг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг хариуцлагыг тайлбарласан болох нь Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-87-88, 108-109х/

Шинжээч С.Цэвээнролом, С.Оюунгэрэл нар нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх-106, 120/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, газар, орон сууцны үнэлгээг тогтоохдоо өртөгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан зах зээлийн хандлагын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч үнэлжээ. Мөн Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй газар, орон сууцтай ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо 3-4 худалдахаар зарлагдаж байгаа газар, орон сууцны үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.  

 

6. Нэхэмжлэгч О.Б, Г.Г нар нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Б, Г.Г нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан газар, орон сууцны үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч О.Б, Г.Г нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-22********** дугаарт бүртгэгдсэн, ХУД 13-р хороо, Шинэ суурьшил 1-16/в гудамжны 11 тоот 700 мкв талбай бүхий газрыг 9,800,000 төгрөгөөр, О.Б, Г.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5 байрны 36 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч О.Б, Г.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА