Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01298

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01298

 

О.Б, Г.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/00783 дугаар шийдвэртэй

О.Б, Г.Н нарын нэхэмжлэлтэй Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Аны нэхэмжлэлтэй О.Б, Г.Н бидэнд холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13775 дугаар захирамжаар биднээс 133 686 552 төгрөгийг гаргуулж Аанд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Аны шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Бид тухайн төлбөрийг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан төлж амжихгүй санхүүгийн хүнд нөхцөлд орсон бөгөөд О.Б миний өмчлөлийн төлбөрт хураагдсан, ХУД 13 хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 м.кв талбай газрыг, мөн О.Б, Г.Н бидний өмчлөлийн төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 6 хороо, 5 дугаар байрны 00 тоот 18 мкв талбай бүхий орон сууцыг тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар ажиллагаа явагдсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч бидний өмчлөлийн 700 м.кв талбай газрыг 9,800,000 төгрөгөөр, мөн 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4-151/20937 болон 4-151/20938 дугаартай мэдэгдлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Баттүшиг бидэнд танилцуулсан. Тус орон сууц болон өмчлөлийн газрыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж энэхүү үнийн дүнгийн 70%-ийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгч бидэнд илт хохиролтой байна. Өөрөөр хэлбэл тухайн бидний өмчлөлийн хөрөнгөнд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй үнэлгээний тайлангаа гаргасан болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дэх хэсэгт заасны дагуу бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянмодот ХХК болон Голден пэйж Аудит ХХК нараар хийлгүүлсэн эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4-151/20937 мөн 4-151/20938 дугаартай мэдэгдлээр танилцуулсан О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэгдсэн, 00 хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 мкв талбай бүхий газрыг 9,800,000 төгрөгөөр үнэлсэн, мөн О.Б, Г.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 5 байрны 00 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшигийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13775 дугаар захирамжаар О.Б, Г.Н нараас 133,686,552 төгрөг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.Б, Г.Н нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гардуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Бага тойруу 5 дугаар байрны 00 тоот, 18 мкв талбай бүхий орон сууц, эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 мкв талбай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч О.Б, Г.Н нарын хариуцагч Нт холбогдуулан гаргасан О.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэгдсэн, 00 хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 мкв талбай бүхий газрыг 9,800,000 төгрөгөөр, О.Б, Г.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 5 байрны 00 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцыг 93,882,478 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч О.Б, Г.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын давж заалдах гомдлын агуулга: ... Нэхэмжлэгч О.Б, Г.Н бидний өмчлөлийн төлбөрт хураагдсан, эрхийн улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэгдсэн ХУД 13 хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 м.кв талбай газрыг, О.Б, Г.Н бидний өмчлөлийн төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 6 хороо, 5 дугаар байрны 00 тоот 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч бидний өмчлөлийн 700 м.кв талбай газрыг 9 800 000 төгрөгөөр, тус 18 м.кв талбай орон сууцыг 93,882,478 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн мөн тайланд хэд хэдэн алдаа дутагдал гарсан, мөн хөрөнгийн үнэлгээний тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1.4-т /хууль тогтоомжид нийцсэн байх../ заалтыг зөрчин үнэлгээ тогтоосон байна. Шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон заалт нь өөрөө ямар нэгэн үндэслэлгүй буюу гомдол гаргах хугацааг заасан заалт байна. Тус заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө хууль хэрэглээний хувьд буруу байна гэж үзэж байна. Мөн шүүхээс үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршил, шинж чанар, онцлох нөхцөл байдлыг судалж үзээд нэхэмжлэгч би үнэгүй.мн мэдээллийн сайтаас хайж эх сурвалж буюу линкийг тусгаж шүүхэд холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй буюу энэ талаар тайлбарласан боловч Шүүх хурал нэхэмжлэгчгүйгээр мөн хангалттай нотлох баримтгүйгээр явагдаж шийдвэрлэгдсэн байдаг. Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ дагалдах эд хөрөнгүүдийг үнэлээгүй, зах зээлийн үнэд нийцүүлээгүй, судлаагүй хөрөнгийн үнэлгээг харьцуулан гаргасан эд хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй, Харьцуулсан эд хөрөнгө нь ашиглах, эзэмших, өмчлөх эрхтэй хөрөнгөтэй харьцуулсан гэдэг нь тодорхойгүй, тайландаа тусгаагүй талаар шүүх хурал дээр авч хэлэлцээгүй байдаг. Үүгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч О.Б, Г.Н нар нь Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна. /хх.1-2, 55/

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13775 дугаар захирамжаар О.Б, Г.Н нар А ХХК-д тохиролцсон хуваарийн дагуу 133,686,552 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх.57-58/

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2020/10636 дугаар захирамжаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тул захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байна. /хх.59-60/

6. Н 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 20281022/04, 20281022/05 тоот тогтоолуудаар О.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн, 13-р хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 мкв талбай бүхий газар, О.Б, Г.Н нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 5 байрны 00 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжлэн, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 20281022/09 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан байна. /хх.63-79/

7. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч О.Б, Г.Н нар барьцаа хөрөнгө болох орон сууцыг 226,800,000 төгрөг, газрыг 25,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч А ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх.78-80/

8. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/278 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор барьцааны газрыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг тогтоолгохоор Баян модот ХХК-ийг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/275 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор орон сууцны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал болгох доод үнийг тогтоолгохоор Голден пэйж аудит ХХК-ийг тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх.86, 107/

9. Баян модот ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...Хан-Уул дүүргийн, 13-р хороо, Ш 0000 гудамжны 00 тоот 700 мкв талбай бүхий газрын зах зээлийн үнэлгээг 9,800,000 төгрөгөөр, /хх.90-106/ Голден пэйж аудит ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайландаа ...Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 5 байрны 00 тоот, 18 мкв талбай бүхий орон сууцын зах зээлийн үнэ цэнийг 93,882,478 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /хх.107-122/

10. Шинжээчээр томилогдсон Баян модот ХХК, Голден пэйж аудит ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ нотолсон баримт, хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО