Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/00859

 








 

 

2022        04           15                                      181/ШШ2022/00859

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Н-д холбогдох,

Гэм хорын хохиролд 2,436,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагч Л.Н, иргэдийн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн 07-84УБЗ улсын дугаартай PRADO 150 маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын гол замаар шулуун явж байтал зүүн гар талаас буюу Богд-Арын уулзварын зүүн талын туслах замаас иргэн Л.Н нь 69***УБ* улсын дугаартай AURIS маркийн суудлын автомашинаар чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж иргэн О.Бийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийж, иргэн Л.Нг гэм буруутай болохыг Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгийн актаар тогтоосон.

Иргэн О.Б нь өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгө Эстимэйт ХХК-иар хийлгэхэд 7,143,600 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн бөгөөд энэхүү үнэлгээний дагуу Мөнххада ХХК-ийн Тоёото төвийн засвар үйлчилгээний хэлтэст автомашиндаа үзлэг хийлгүүлэхэд засварын зардал нь нийт 7,171,133 төгрөг болох талаар 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1277 дугаартай нэхэмжлэхийг гаргаж өгсөн болно. Дээрх хөрөнгийн үнэлгээний компанийн тайлан, засварын газрын нэхэмжлэх зэргийг үндэслэн иргэн Л.Нгийн даатгуулсан байгууллага болох Практикал даатгал ХХК-иас Төрийн банкан дахь О.Бийн 102300506011 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба Л.Н нь одоог хүртэл засвар хийлгэхэд шаардлагатай үлдэгдэл төлбөр болон үнэлгээний компанид төлсөн төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа юм.

Иймээс Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлангийн 10-т Буруутай эзнээр хохирол төлүүлэх, даатгалаас нөхүүлэхэд үнэлгээг ашиглана гэж заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд иргэн Л.Н нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож иргэн О.Бийн эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Нгаас Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээгээр үнэлэгдсэн засвар хийлгэхэд шаардлагатай төлбөрийн үлдэгдэл болох 2,143,600 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 293,000 төгрөг, нийт 2,436,600 төгрөгийг иргэн Л.Нгаас гаргуулж өгнө үү.

Иргэн О.Бийн хувьд тархины харвалт өгсөн бөгөөд эмчилгээний үр дүнд биеийн байдал хэвийн болж, зөвхөн ярианы чадвар бүрэн сэргээгүй байгаагаас бус Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан шаардлагыг хангаж байгаа тул тээврийн хэрэгслээ жолоодож, замын хөдөлгөөнд хэвийн оролцсоор байна. Иргэн О.Бийн эрүүл мэндээс шалтгаалж зам тээврийн осол гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг осолд нэхэмжлэгч иргэний эрүүл мэндийн байдал нөлөөлсөн талаарх ямар ч үйл баримт байхгүй.

Иргэн О.Б нь 2015 онд үйлдвэрлэгдсэн 07***УБ* улсын дугаартай PRADO 150 маркийн суудлын автомашиныг 74,500,000 /далан дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн буруутай үйлдлээс өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй Хөрөнгө Эстимэйт ХХК-иар хийлгэхэд 7,143,600 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Хариуцагчийн хувьд үнэлгээний тайланг хэт өндрөөр тогтоосон гэж амаар тайлбарлаж байгаагаас бус үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болоод Олон улсын стандартын чухам аль хэсэг, зүйлийг зөрчиж илт үндэслэлгүй үнэлгээ гаргасан талаар тодорхой тайлбар өгөөгүй. Түүнчлэн дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг иргэн Л.Н хүлээн зөвшөөрсөн учраас хариуцагчийн гэрээт даатгалын байгууллага болох Практикал даатгал ХХК-иас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч иргэнд шилжүүлсэн. Ингээд иргэн О.Б нь өөрт учирсан хохирлыг бүрэн арилгаж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч иргэн Л.Н нь төлбөр төлөхөөс зайлсхийж, янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор өнөөдрийг хүртэл засвар хийлгэхэд шаардлагатай үлдэгдэл төлбөр болон үнэлгээний компанид төлсөн төлбөрийг төлж барагдуулахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Auris маркийн УБХ6939 дугаартай автомашинаараа Баянгол дүүргийн Богд-Арын зүүн талын уулзварын туслах замаас төв замын урагшаа чиглэсэн урсгалын замд орохоор автомашины жолооч нартай зохицон, төв замын хойшоо болон урагшаа чиглэсэн замын хөдөлгөөний автомашинууд зогсож өгөн хөдөлгөөнд оролцож байсан. Гэтэл хойшоо чиглэсэн урсгалын нэгдүгээр эгнээ харагдах орчинд хоосон байсан байтал гэнэт дунд оврын суудлын автомашин нь хурдтай гарч ирэн миний автомашины баруун урд гэрлэн хэсгийг зүүн хажуу талаараа шүргэн осол гаргасан.

Осол гарсны дараа тус тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь машинаасаа гарч ирээд чиний машиныг харсангүй гэж хэлсэн. О.Б нь цагдаа болон даатгалын ажилтанд өөрийгөө илэрхийлэн ярих чадваргүй байсан тул эхнэр нь өмнөөс нь бүгд мэдүүлгийг өгч байснаас харахад гэрэлтэй өдрийн цагт зам дээр эргэж байгаа автомашиныг харах чадваргүй эрүүл биш байсан гэж дүгнэж байна. Энэ талаар дуудлагаар ирсэн замын цагдаагаас тодруулахад Тархины харвалт өгсөн хүн юм байна гэж хэлсэн.

Тээврийн хэрэгсэл жолоодох бүрэн чадвартай биш байтал замын хөдөлгөөнд оролцож байсан тул О.Бийг уг авто осолд мөн буруутай гэж үзэж байна. Иймд өөрийн тодорхой буруутай үйлдэлдээ зохих хариуцлага хүлээх ёстой бөгөөд төлбөрийн зарим хэсгийг хариуцах учиртай.

Миний машины гэрэл хагарч, зүүн урд хэсэг зурагдаж, хонхойсон эвдрэлд хохирлын үнэлгээ хийхдээ Да хүрээ захын хуучин гэрлийн үнэ, монгол засварчинтай авто засварын газруудын дундаж ханшаар үнэлгээ хийж 900,0 мянган төгрөгөөр тогтоосон байтал миний машинаас бага хохиролтой, бага зурагдаж, хонхойсон байдалтай байгаа тус тээврийн хэрэгслийн хохирлыг 7,1 сая төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ын үнэлгээ хэт өндөр үнэ болон нэг талд илт үйлчилсэн байгааг харуулж байна. Иймд Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг харахад үнэлгээний аргачлалыг хослуулаагүй, жишиг үнийг харьцуулаагүй, зөвхөн Мөнххада ХХК-ын өндөр үнэлгээтэй нэхэмжлэлээр үнэлгээг тогтоосон, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.8, 9.3.10, 9.3.11-д заасан тусгах шаардлагатай мэдээлэл, мэдэгдлийг тусгагдаагүй, тайлангийн бүрдлийг хангахгүй байгаа учир үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүхээс томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэж үнэлгээ хийсэн байгаа.

Зах зээлийн жишгийн аргаар үнэлэхэд Улаанбаатар дахь дундаж засварын газарт засуулах, зах зээлд худалдаалж буй дундаж үнээр хохирлыг үнэлж, тус тээврийн хэрэгслийг засуулахад Практикал даатгал ХХК-аас олгосон 5,0 сая төгрөгт багтаан засагдах боломжтой гэж үзэж байгаа.

Иймд О.Бийн буруутай үйлдэл авто осол гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн эргэлт хийгээд дуусаж байгаа тээврийн хэрэгслийг хараагүй, өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул гэм хорын хохирол 2,143,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 293,000 төгрөг, нийт 2,436,600 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.А дүгнэлтдээ: Хариуцагч зам тээврийн хөдөлгөөнд оролцож осол гаргасан нь тогтоогдон баримтаар нотлогдсон учир нэхэмжлэгч талын эвлэрэн төлөх дүнгээр эвлэрэх нь зүйтэй юм байна гэж бодож байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч талаас Тээврийн цагдаагийн албаны 2020.10.23-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Практикал даатгал ХХК-ийн Автотээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн маягт, даатгалын тохиолдол ослын бүртгэл, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлэгийн маягт, фото зураг 2х, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 2х, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл 2х, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020.10.26-ны өдрийн 8875 дугаар үнэлгээний тайлан, Мөнххада ХХК-ийн нэхэмжлэх, О.Бийн дансны хуулга, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн кассын орлогын ордер, А.Ганбаатарын дансны хуулга, 69***УБ* улсын дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, зам тээврийн осол /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч талаас фото зураг 2х-ыг гаргаж өгсөн. шүүх журмаар автотээврийн үндэсний төвөөс 69***УБ* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.02.16-ны өдрийн 95 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Л.Нд холбогдуулан гэм хорын хохиролд 2,436,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлээс 1,951,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 485,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Л.Нг AURIS маркийн 69***УБ* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэн зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгчийн Prado150 маркийн 07-84УБЗ улсын дугаартай автомашинд хохирол учруулсан гэх үндэслэлээр шаардлага гаргасныг хариуцагч, эс зөвшөөрч, нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл жолоодох бүрэн чадвартай биш байтал замын хөдөлгөөнд оролцож байсан тул уг авто осолд мөн буруутай, автомашинд учирсан хохирлын үнэлгээ хэт өндөр, зах зээлийн дундаж үнээр үнэлээгүй, зарим эд хөрөнгийг засварлах боломжтой байхад солихоор үнэлсэн мөртлөө засварлах байдлаар үнэлгээнд оруулсан гэж маргаж байна.

 

2. Иргэдийн төлөөлөгч Д.А нь хариуцагч зам тээврийн хөдөлгөөнд оролцож осол гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч талын эвлэрэх дүнгээр эвлэрэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг шүүх дараахи үндэслэлээр хүлээн авлаа.

 

3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

3.1. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.Б өөрийн өмчлөлийн Prado150 маркийн 07-84УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын гол замаар шулуун явж байтал зүүн гар талаас буюу Богд-Арын уулзварын зүүн талын туслах замаас Л.Н AURIS маркийн 69***УБ* улсын дугаартай автомашиныг жолоодон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 заалтыг зөрчиж, иргэн О.Бийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, уг зам тээврийн ослын зөрчилд Л.Нг 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байдал, зам тээврийн осол /даатгалын тохиолдол/-ын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-5-8, 121-126х/

 

3.2. Хариуцагч Л.Н нь дээрхи зөрчлийг гаргасан гэм буруутай талаараа маргаагүй боловч О.Бийг өдрийн цагт зам дээр эргэж байгаа автомашиныг харах чадваргүй, цагдаа болон даатгалын ажилтанд өөрийгөө илэрхийлэн ярих чадваргүй, тархинд нь цус харвалт өгсөн хүн учраас тээврийн хэрэгсэл жолоодох бүрэн чадваргүй гэх үндэслэлээр авто осолд мөн буруутай гэж маргаж байна.

О.Бт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан шаардлагыг хангасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг олгосон болох нь жолоочийн үнэмлэх, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээллээр тогтоогдож байна. /хх-12, 14х/

О.Бийн хариуцагч Л.Нгийн автомашиныг хараагүй гэх байдал, биеийн эрүүл мэндийн байдал нь дээрхи зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Л.Н нь энэ татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул О.Бийг зам тээврийн осолд буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

3.3. Л.Н нь AURIS маркийн 69***УБ* улсын дугаартай автомашины эзэмшигч бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-13, 15, 61-62х/

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай, тээврийн хэрэгслийг эзэмшигч тул О.Бийн автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

4. Зам тээврийн ослын улмаас О.Бийн өмчлөлийн Prado150 маркийн 07-84УБЗ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020.10.26-ны өдрийн дүгнэлтээр 7,143,600 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-16х/

Практикал даатгал ХХК-иас Л.Нтай байгуулсан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ-ний дагуу хохирлын нөхөн төлбөрт О.Бт 5,000,000 төгрөг төлсөн болох нь Практикал даатгал ХХК-ийн Автотээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрийн маягт, Даатгалын тохиолдол ослын бүртгэл, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, ослын үеийн фото зурагууд, О.Бийн Төрийн банкны дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-7-11, 18х/

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Б автомашинд учирсан хохирлын үлдэгдэл 2,143,600 төгрөгийг, Хөрөнгө Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд төлсөн 293,000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардсан байна.

 

5.1. Хариуцагч Л.Н Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг хохирлыг хэт өндөр тогтоож, зах зээлийн дундаж үнээр үнэлээгүй гэж маргасан тул шүүх хариуцагч Л.Нгийн хүсэлтийг хүлээн авч, шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж зам тээврийн ослын улмаас О.Бийн Prado150 маркийн, 07-84УБЗ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг тогтоолгоход шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь автомашинд учирсан хохирлыг 6,658,000 төгрөг болохыг тогтоосон. /хх-94-111х/

 

5.2. Нэхэмжлэгч тал Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээний талаар маргаагүй уг үнэлгээгээр хохирлыг тооцоход татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

 

5.3. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд ...Солих эд ангийн зах зээлийн үнэ хэсэгт зүүн хойд хаалга-ыг солихоор хаалганы үнийг тусгаж, Эд анги засах ажлын хөлс хэсэгт зүүн хойд хаалгыг задлаж, угсрах ажлын хөлсний зардлыг тусгасан байх тул хариуцагч Л.Нгийн үнэлгээний тайланд автомашины зүүн хойд хаалга-ыг солихоор болон засварлах байдлаар давхардуулан тусгасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.4. Иймд О.Бийн Prado150 маркийн, 07-84УБЗ улсын дугаартай автомашинд учирсан хохирол 6,658,000 төгрөгнөөс даатгалаар төлөгдсөн 5,000,000 төгрөгийг хасч үлдэх 1,658,000 төгрөгийг хариуцагч Л.Нгаас гаргуулах үндэслэлтэй байна.

5.5. Мөн нэхэмжлэгч О.Б нь Хөрөнгө Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхээр 293,000 төгрөгийн зардал гаргасан болох нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн кассын орлогын ордер, ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагч Л.Нгаас 293,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Л.Нгаас 1,951,000 төгрөгийг гаргуулж О.Бт олгож, нэхэмжлэлээс 485, 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Шинжээчийн ажлын зардлын тухайд,

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11441 дугаар захирамжаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 100 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд Нэхэмжлэх ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасан.

Нэхэмжлэлийн шаардлага болох 2,436,600 төгрөгийн 1,951,000 төгрөгийг хангасан буюу 75% хувийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 100,000 төгрөгийн 75% хувийг буюу 75,000 төгрөгийг хариуцагч Л.Нд, үлдэх 25% буюу 25,000 төгрөгийг нэхэмжлэгч О.Бт хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Нгаас 1,951,000 /нэг сая есөн зуун тавин нэгэн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгож, нэхэмжлэлээс 485,600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч Л.Нгаас 75,000 /далан таван мянган/ төгрөгийг, нэхэмжлэгч О.Бээс 25,000 /хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,935 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 46,166 /дөчин зургаан мянга нэг зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Г.ЭНХЦЭЦЭГ